| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00011/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Г.Х
Хохирогч Ц.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 1822004000015 тоот хэргийг 2019 оны 1 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1994.02.20-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг “Ар дэрс”-д нутаглаж байгаа гэх урьд ял шийтгэлгүй, /РД:ЗК94022011/ Б.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын 2019.01.14-ний өдрийн 5 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Хонгорын улаан шанд” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Г И.Б нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-73-75/
Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би И.Б нь миний төрсөн эгч байгаа юм. 12 сарын 4-нд Балжинням гэх хүн манай эгчийнд айлд агсам тавиад байхаар нь 60 настай хүнд яагаад агсам тавьдаг юм гээд орж очиход өөдөөс салаавч гаргаад зогсож байсан. Яаж байгаа юм, миний дүү гээд би өшиглөсөн нь үнэн. Мэндийн зөрүүгүй намайг зодоод чирч гаргаад айж сандрахын эрхэнд би халдсан. Энэ муу гуйлгачин гээд намайг хэл амаар доромжилсон. Хохирол эм, тарианы 200000 төгрөг гарсан. Цаашдаа эм, тариа хийлгэх хэрэгтэй, үүнийгээ энэ хүнээс гаргуулмаар байна. Одоо гомдол, санал байхгүй гэж мэдүүлэв.
Хохирогч И.Бгийн: 2018 оны 12 сарын 4-ний өдрийн 01 цагийн үед унтах гээд хэвтсэн чинь манай гэрийн гадаа чанга хөгжим тачигнуулсан машин ирээд зогссон. Удалгүй манай гэрийн хаалгыг чангаар балбасан. Хувцсаа өмсөөд хаалгаа нээтэл манай гэрээс хойд зүгт байдаг Балжка гэж дууддаг залуу архи уучихсан гэрт орж ирээд манай гэрийн баруун орыг харснаа “Эрдэнэдоо хаана байна архи уух гэсэн юм” гэж надад хэлсэн. Би тэр үед нь аав шигээ хүнтэй архи уухнуу гэж хэлэхэд миний өөдөөс” Эрдэнэдоо архи ууна, банзал Доотой архи ууна, би танай нөхрийг алах гэж ирсэн юм” гэж согтуу байдалтай хэлсэн. Би яасан юу болсон юм гэхэд “танай нөхөр чинь манай ээжийг хэл амаар доромжилсон байна” гэхээр нь наад үгээ хэлдэг хүнд л хэл гэхэд намайг гэрийн зүүн хойд хэсэгт миний өмсөж байсан хувцасны энгэрээс заамдаж аваад татаад намайг газар унагаасан. Тэр үед гэрт гаднаас О гэдэг орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байсан. Тэгтэл манай хажуу айлын Ганбат орж ирээд та нар ярилцаж болдоггүй юм уу гэж хэлтэл Ганбатын өөдөөс чи муу айлын зарц боолд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд Ганбат Балжкаг хөлөөрөө өшиглөсөн чинь О гэдэг залуу чи манай дүүг зоддог хэн бэ гээд гэж хэлээд Ганбатыг гэрийн баруун орон дээр аваачсан. Хажуунаас нь Балжка гэдэг залуу Ганбатыг нүүр нүдгүй гараараа цохиж, өшиглөөд байсан. Тэгж байгаад тэр 2 Ганбатын гэрээс аваад гарсан. Би араас нь гараад салгах санаатай та нар хэл амаа ололцож болдоггүй юмуу гэж хэлэхэд Балжка танай зарцыг яасан ч яадаг юм гэж хэлээд зодоод байсан. Ганбатыг газар унагаад өшиглөөд байсан. Тэгж байхад нь Балжкаг галын хутгуураар нуруун дунд нь цохьсон чинь тэр Балжка гэдэг залуу миний гараас хутгуурыг булааж аваад миний зүүн гаранд цохьсон. Би газар унаад Балжкагаас зугтаагаад үүдний амбаар руу ороход Балжка миний араас үүдний гишгүүрний мод шидсэн байсан нь миний ар нурууг оносон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-10-11/
- Яаралтай тусламжийн хуудсанд: Ц.Г 2018.12.04-ний өдрийн 05 цаг 10 минутад яаралтай тусламжид ирсэн. Шөнө 01 цагийн үед 2 хүн зодолдоод салгах гэж хооронд нь орж их зодуулсан. Гол зовиур: толгой өвдөнө, дотор муухайрна. Шийдвэрлэсэн байдал: хөмсөгний шархыг цэвэрлэж, 2 ширхэг оёдол тавьж, цэвэр боолт хийв” гэжээ /хх-24-25/
- Шинжээчийн 2018.12.05-ны өдрийн 180200359 тоот дүгнэлтэд: Ц.Гын биед тархи доргилт, зүүн хөмсөг, доод уруулын салст, амны дотор салстад шарх, баруун зүүн чихний дэлбэн, зүүн чихний цэцэг, зүүн хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард хэсэг, цээж аюулхай, нуруу, баруун шуу, баруун мөр, зулайн зүүн хэсгийн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-22/
- Хохирогч Ц.Г шүүх эмнэлэгт үзүүлэхдээ авахуулсан гэрэл зургууд /хх-22/
- Шинжээчийн 2018.12.05-ны өдрийн 180200357 тоот дүгнэлтэд: И.Бгийн биед нуруу орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-30/
- Гэрч Л.Саранчимэгийн “Намайг гараад очиход манай нөхрийг зодохоо болиод өндөр биетэй улаан цамцтай залуу манай нөхрийг заамдаж бариад зодсон байдалтай зогсож байсан. Би тэр залуугаас нөхрөө салгах санаатай очсон чинь хажуу талд нь зогсож байсан намхан биетэй шар залуу намайг тэр хоёрт ойртуулалгүй миний хэвлий, хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. Би тэр залуугаас зугтаагаад явсан. Тэгж байгаад тэр хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-16/
- Гэрч Ё.Оын: 21 цагийн үед би эхнэрийн тоёота аксио маркийн автомашиныг жолоодоод хөдөө гэр лүүгээ явах гэж байгаад төрсөн эгчийн хүү болох Балжиннямыг утсаар нь хаана байгааг нь мэдэхээр асуухад айрагт айлд байна гэж хэлсэн. Би тэр хаяганд нь очоод Балжиннямыг аваад хөдөө гэр лүүгээ гарсан. Балжинням пиво уусан гэж байсан. Согтолт нь гайгүй байсан. Тэгээд замдаа явж байсан чинь Балжинням замаараа айлд бууя ярих юм байна гэж хэлсэн. Ингээд Эрдэнэдоо гэдэг айлын гадаа очиж машинаа гэрийнх нь урдаас очоод зүүн хойд зүг рүү харуулаад зогсоосон. Балжинням тэр айл руу түрүүлээд орсон. Дараа нь би 5 орчим минутын дараа би тэр айлд орсон чинь Балжинням тэр айлийн гэрийн баруун орны зүүн талд нь зүүн тийш хараад И.Б гэдэг хүнтэй маргалдаад байж байсан. Би И.Б гуайтай мэндлээд ойрд тааралдаагүй гээд үнсүүлчихээд Балжиннямыг явъя гэж хэлээд гэрийн зүүн орон дээр И.Б гуайн урд талд орон дээр сууж байсан чинь гэрт гаднаас нэг хүн орж ирээд Балжинням дээр очоод Балжиннямыг газар сууж байхад нь нүүрэнд нь хөлөөрөө өшиглөөд авсан. Тэр хоёр гэрийн баруун орон дээр зууралдаад эхэлсэн. Би тэр хоёр дээр очоод би голоор нь ороод би тэр хүнийг Балжиннямын дороос нь тэр хүнийг татаж гаргаад тэр хоёрын голоор орсон. Миний хажуугаар Балжинням орж ирээд тэр хүнийг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд гэрийн баруун урд хэсэгт зууралдаад нэг нэгэн дээрээ давж унаад сүүлдээ зууралдсаар байж байгаад гэрийн урд хэсэгт очсон. Тэгтэл Балжиннямыг түрүүлж өшиглөсөн хүн гэрээс мөлхөж гэрээс гарч зугтасан. Араас нь Балжинням гарсан. Би гарсан. И.Б гуай гарсан. Тэгээд Балжинням гэрийн баруун урд хэсэгт дахиж тэр хүнийг барьж авсан. Тэгэхээр нь тэр хоёрын дундуур ороод байж байсан чинь араас И.Б гуай гартаа хутгуур бариад Балжиннямыг цохиж эхэлсэн. Би эргэж хараад И.Б гуайд би одоо энийг аваад явлаа гэж хэлсэн. Тэр хоёрын дундуур ороод тэр залууг зугтаалгаад эргэж харсан чинь Балжиннямм И.Б гуай руу дайраад хутгуурыг нь булааж авсан. И.Б гуай газар унаж байгаа харагдсан. Тэр үед машины гэрлээс хол энэ үйл явдал болсон болохоор чухам И.Б гуайг цохьсон үгүйг нь мэдэхгүй байна. Тэр үед Балжиннням миний энд тэнд гараад надад гүйцэгдэхгүй байсан. Тэгж байгаад би Балжиннямыг явъя гэж хэлээд машинд суулгаад би эргэж И.Б гуайн гэрт ороод уучлалт гуйсан. И.Б гуай надад дуугүй наадахаа аваад далдар гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-19-20/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонгорын улаан шанд” гэх газарт нутаглах иргэн И.Бгийн нөхөр өөрийнх нь ээжийг муу хэлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар И.Бг түлхэж унаган агсамнасан, түүний зүй бус үйлдлийг болиулах шаардлага тавьсан иргэн Ц.Гыг “айлын зарц боолд хамаагүй” гэж хэдэрлэн догшин хэрцгий авирлан зодсоны улмаас Ц.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч И.Б, Ц.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Саранчимэг, Ё.О нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь үл ялиг зүйлээр шалтаглан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, шөнө оройн цагаар ахмад хүнтэй хэрүүл маргаан өдөж, зодсон, түүний зүй бус үйлдлйиг зогсоох шаардлага тавьсан хүнийг “зарц боол” гэж доромжлон, догшин хэрцгий авирлан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Гын бие махбодид учирсан гэмтлийг “Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Г “ажил төрөл болон мөнгө төгрөгийн асуудлаас болоод одоо болтол нарийн шинжилгээ хийлгэж амжаагүй. Толгой байнга өвдөж байгаа” гэж мэдүүлсэн болно.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүүсэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Ц.Гын бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон байхад хохирогч өнөөдрийг хүртэл бүрэн эдгэрээгүй, зовуурьтай байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ талаар хохирогчид тайлбарлаж өгөхөд “дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлсэн, нэмэлт баримт шүүхэд гаргаж өгөөгүй ба улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Б хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.Г нь шүүгдэгч Б.Баас шаардах эрхтэй байна.
Хохирогч Ц.Г нь шүүхэд “нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа. эмнэлэгт үзүүлэх боломж, цаг зав гараагүй” гэж мэдүүлсэн ба ийнхзз зайлшгүй шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.Харин өмнө нь хийлгэсэн эм тарианд зарцуулсан нийт 155101 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө шүүгдэгч Б.Баас хохирогч И.Бд 100000 төгрөг, хохирогч И.Ганбатад 200000 төгрөг өгсөн гэж хохирогч хүлээн зөвшөөрсөн болно. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан И.Б, Ц.Г нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийн бхйдлаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бусдыг “боол, зарц” гэж тохуурхан доромжилж, олон удаагийн цохилтоор бие махбодид нь шаналал, зовуур үүсгэн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байдлыг харгалзан хуульд заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1500000 төгрөгийн торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч И.Бд 100000 төгрөг, хохирогч Ц.Гад 200000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч И.Б, Ц.Г нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Ц.Г, И.Б нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Б.Бын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.С