| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0057/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 57
2019 02 28 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч Б.Мягмарцэрэн
Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Л.Нид холбогдох эрүүгийн 1821007290005 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1983 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тус аймгийн Баяндун суманд цахилгааны монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 4-6 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................... регистрийн дугаартай, Бодонгууд овогт Л.Н.
Шүүгдэгч Л.Н нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Наран” гэх газар Б.Мягмарцэрэнтэй маргалдан түүнийг зодож, “зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Мягмарцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Төмөрөө ахтай гурвуулаа архи ууж байгаад тасарчихсан. Нэг мэдэхэд Л.Н манай гэрт гараараа нүүр рүү цохиж байсан. Гэртээ яаж ирснээ мэдэхгүй байна. Би эмчилгээнд явсан зардлаа нэхэмжилнэ. Надад эхлээд 2780000 төгрөг, сүүлд 160000 төгрөг өгсөн. Одоо 369000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Гэрч Т.Наташа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18-19 цагийн орчимд нөхөр маань согтуу орж ирсэн. Л.Н гэх ах мөн араас нь орж ирсэн. Мягмарцэрэн, Л.Н нар гэрт архи уусан. Мягмарцэрэн нь согтуурхаад над руу агсраад байхаар нь би хүүхдүүдээ дагуулаад гэрээсээ гарч ахындаа очсон. Ахынд хоночихоод хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд цонх хагархай, нөхөр маань цусандаа холилдсон хэвтэж байсан. Мөн толгой, нүүр, нүдгүй хавдсан, цус болсон хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад мэдэгдэж эмнэлэгт үзүүлсэн. Юу болсон талаар өөрөөс нь асуухад “Л.Н ахад зодуулсан, толгой дээрээс олон удаа цохисон, сүүлдээ болъё? гээд гуйсан чинь тэгвэл сөгд гэхээр нь сөгдөж мөргөж байгаад болиулсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлтэд: “1. Б.Мягмарцэрэнгийн биед зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зулгаралт, хүзүү, цээжний цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, бүсэлхийн 3-р /L3/ нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрхи гэмтлийн бүсэлхийн 3-р /L3/ нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зулгаралт, хүзүү цээжний цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 15-16/
-Хохирлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 25-37/
-Шүүгдэгч Л.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л.Н нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Наран” гэх газарт буюу хохирогчийн гэрт хохирогч Б.Мягмарцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мягмарцэрэн бид хоёр үлдсэн архиа уугаад сууж байтал Мягмарцэрэн нь ширээ цохиж босч ирээд намайг цохисон, тэгэхээр нь би бултаад босоод гэрээс нь гарах гэхэд Мягмарцэрэн үүдэн дээрээ очоод намайг гаргахгүй зогссон. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би гэрээс нь гараад зугтаасан чинь араас Мягмарцэрэн гүйж ирээд толгой хэсэг рүү нэг удаа цохисон, тэгээд би газарт унаад босоод ирсэн чинь Мягмарцэрэн цааш очоод гэрийнхээ цонхыг хагалсан. Ингээд би уурлаад Мягмарцэрэнг цохисон чинь газарт унахаар нь нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Мөн 2-3 удаа нүүр хэсэг рүү нь өшиглөсөн, дараа нь Мягмарцэрэнг босгож гэрт нь оруулж орхиод харьсан...“ гэж /хх-ийн 21-22/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Мягмарцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Нэг мэдсэн чинь Л.Н нь манай гэрт намайг гараараа нүүрэн хэсэг рүү цохиж байсан, тэгээд би цус нөжиндөө холилдох үед Л.Нид хандаж одоо болъё намайг битгий зодооч гэхэд Л.Н чи тэгвэл сөгд гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Л.Нийн урд сөгдөж суусан чинь Л.Н намайг зодохоо болиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч Т.Наташагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд цонх хагархай, нөхөр маань цусандаа холилдсон хэвтэж байсан. Мөн толгой, нүүр, нүд нь хавдсан, цус болсон хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад мэдэгдэж эмнэлэгт үзүүлсэн. Юу болсон талаар өөрөөс нь асуухад “Л.Н ахад зодуулсан, толгой дээрээс олон удаа цохисон, сүүлдээ болъё гээд гуйсан чинь тэгвэл сөгд гэхээр нь сөгдөж мөргөж байгаад болиулсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлт /хх-ийн 15-16/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Мягмарцэрэнгийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний ухархай ясны дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зулгаралт, хүзүү цээжний цус хуралт, зүүн завьжны дотор салстын цус хуралт, бүсэлхийн 3-р /L3/ нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл /хохирол/ нь шүүгдэгч Л.Нийн хохирогчийн толгой, нүүр, нүд рүү нь цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Нид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Хохирогч Б.Мягмарцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ноос эмчилгээний зардалд 369000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт цугларсан хохирлын талаарх баримтыг нэг бүрчлэн бодож тооцож хянаж үзэхэд нийт 3510512 төгрөгийн хохирлын баримт байх бөгөөд үүнээс 449900 төгрөгийн буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мянган сарнай” эмийн сангаас эм авсан 35800 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Дуб” ХХК-ийн үзлэгийн төлбөр 240000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мон медикал” эмнэлгийн үйлчилгээний төлбөр 78500 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төгс фарм” эмийн сангаас эм авсан 61100 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Төгс фарм” эмийн сангаас эм авсан 10400 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Төгс фарм” эмийн сангаас эм авсан 24100 төгрөгийн баримтууд нь давхардсан байх тул хэрэгсэхгүй болгох, мөн хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 230000 төгрөгийн унааны зардал буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баяндун сумаас ирсэн зардал 30000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ирсэн зардал 120000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн зардал 80000 төгрөгийн зардлууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй зөвхөн жолоочийн бичгээр гаргасан тодорхойлолт ирүүлсэн байх тул энэ талаархи дээрх нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх ба харин хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх, бусад 2830612 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч нь хохирогчид нийт 2940000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2940000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Нийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бодонгууд овогт Л.Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Нид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 2940000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Мягмарцэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас давхардсан 449900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, унааны зардал 230000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Л.Нийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР