Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00566

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00566

 

Д.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00482 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.А ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ т холбогдох,

Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, ** байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03413 дугаар захирамжаар Д.Н нь "П ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 112,397,916.33 төгрөг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.Нын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот хаягт байршилтай 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220400**** дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдөр албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн.

Гэтэл дээрх барьцаа үл хөдлөх эд хөрөнгө нь Д.А миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө ийм байдалд хүржээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00591 дугаар захирамжаар Д.А ыг Баянзүрх дүүргийн, 12 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот, 36 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосон ба холбогдох гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нээсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс рүү хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай албан бичгийг илгээсэн байдаг.

Гэтэл намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч гэдгийг мэдсээр байж хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсөн бөгөөд хамтран өмчлөгч надад огт мэдэгдэж, тайлбар аваагүй.

Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөрөнгийн эрх сэргээх тогтоолоор Ц.Ж өмчлөгч болсон. Дуудлага худалдаанд Д.А ыг өмчлөгчийн хувьд оролцох эрхийг хязгаарласан. Ц.Ж т өмчлөх эрх шилжүүлсэн тогтоол нь Д.А ын эрх ашгийг хөндөж байгаа ба түүнийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биелэгдэх ёстой.

Иймд хамтран өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр хийгдсэн ажиллагаанууд болох албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн "Өмчлөх эрх шилжүүлэх тухай" 4/2 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03413 дугаар захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах, 36 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хурааж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны үнэлгээний тайлангаар 100,402,400 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Д.Н нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн асуудал дууссан тул талуудад мэдэгдэж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ 100,402,400 төгрөгийн 70 хувь болох 70,281,680 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад ялагчаар Ц.Ж гэх хүн 142,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж ялсан.

Мөн төлбөр төлөгч Д.Нын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон.

Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн тогтоолоор дуудлага худалдааны ялагч Ц.Ж т өмчлөх эрхийг шилжүүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоол хүчин төгөлдөр гэдгийг 3 шатны шүүх тогтоосон. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр албадан ажиллагаа хийгдэж, орон сууцыг Ц.Ж т хүлээлгэн өгсөн.

Анхны албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч, төлбөр авагч, дуудлага худалдааны оролцогч нар оролцсон бөгөөд энэ үед уг ажиллагааг Д.А т мэдэгдэх үндэслэлгүй юм.

Хуульд заасны дагуу төлбөр төлөгч Д.Нт холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь төлбөр авагч Д.А ын гүйцэтгэх баримт бичгээс өмнө бүртгэгдсэн дарааллын дагуу ажиллагаа явагдсан.

Иймд төлбөр төлөгч Д.Нын үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг баримтлан хариуцагч НШШГГ т холбогдох албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, ** байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00591 дугаар захирамжаар төлбөр төлөгч Д.Нт холбогдуулан 101/ГХ2023/00499 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02- 2**/5414 дугаар албан бичгээр Д.А ыг дээрх 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж хүргүүлсэн.

Гэтэл хариуцагч нь Д.Наас П ХХК-д төлбөр гаргуулан олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх орон сууцыг албадан чөлөөлж, өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Ц.Ж т шилжүүлсэн.

НШШГГ нь өмчлөгчөөр Ц.Ж ыг бүртгэж, төлбөр авагч Д.А т холбогдох гүйцэтгэх баримт бичгийг биелүүлэх боломжгүй болохоо нэхэмжлэгч Д.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, улмаар гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2 шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн.

4.2. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь төлбөр авагч Д.А ын гүйцэтгэх баримт бичигт ажиллагааг явуулж орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж болохоор шийдвэр гаргасан атлаа удалгүй Ц.Ж т шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа нь 2 гүйцэтгэх баримт бичигт зэрэг ажиллагаа явуулсан. Хариуцагч нэг үл хөдлөх хөрөнгийг 2 хүний өмчлөлд шилжүүлж болохоор ажиллагаа хийсэн, уг шийдвэрээ хууль зөрчсөн, шилжүүлэх боломжгүй болохоо төлбөр авагч Д.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн баримт огт байхгүй байхад анхан шатны шүүх хуульд заасны дагуу дараалал харгалзан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГ т холбогдуулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, ** байр, ** тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03413 дугаар захирамжаар Д.Наас 112,397,916.33 төгрөг гаргуулж П ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Д.Нын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ** байр, ** тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204004505 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх 54-**/.

3.1. Дээрх захирамж, холбогдох гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГГ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Д.Нын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч шинжээчээр зах зээлийн үнэ цэнийг 100,402,400 төгрөг болохыг тогтоолгосон /хх 58, 63, 70-76/.

Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр оруулахад 142,000,000 төгрөгийн үнийн саналаар оролцогч Ц.Ж ялагч болсон.

Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/2 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Ж т шилжүүлсэн /хх 104-107, 111/.

3.2. Мөн хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380411/17 дугаар тогтоолоор дээрх орон сууцнаас төлбөр төлөгч Д.Ныг албадан гаргахаар шийдвэрлэж, орон сууцны өмчлөгч Ц.Ж т 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх 128, 135/.

3.3. Төлбөр төлөгч Д.Нын гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 617 дугаар магадлалаар,

анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 101/ШШ2022/036** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2023/001** магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 115-123/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00591 дугаар захирамжаар Д.А ыг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204004505 дугаартай 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоожээ. /хх 6-7/

4.1. Ийнхүү хамтран өмчлөгчөөр тогтоолгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03413 дугаар захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

4.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ** байр, ** тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204004505 дугаартай, 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгосон, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг хуульд нийцсэн болохыг тогтоосон байна.

Иймд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тогтоогдсон нь урьд хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа, орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааны талаар түүнд мэдэгдэх үүргийг хариуцагч хүлээхгүй.

4.3. Төлбөр авагч П ХХК болон Д.А нарын төлбөр төлөгч Д.Нт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас төлбөр авагч П ХХК-ийн гүйцэтгэх хуудасны дагуу орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг эхэлж явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасанд нийцнэ гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.4. Анхан шатны шүүх дээр дурдагдсан үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ өгсөн эрх зүйн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нийцжээ.

4.5. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 4/2 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, ** байр, ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дүгнэлт өгсөн бөгөөд Д.А ыг хамтран өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ