Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгч: О.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Цад холбогдох 1822004090017 тоот хэргийг 2019 оны 1 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1970.06.02-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р баг “Зайрмагт”-д нутаглаж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ70060278/ Боржгин овогт Овлогийн О.Ц  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

               Прокурорын 2019.01.22-ны өдрийн 9 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Зайрмагт” гэх газарт хохирогч Б.Лын цээж, бугалга хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-65-67/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Б.Лын: 2018.12.12-ны өдөр гэртээ ээж А.Бадамгарав, төрсөн ах Б.Лхагвадорж, төрсөн дүү Б.Ц, дүүгийн хүүхэд болох П.Балжинням, манай сумын иргэн Цэнд нарын хамт байх байхад 17 цагийн үед миний төрсөн дүү Б.Энхсайханы нөхөр О.Ц гаднаас гэрт орж ирээд Б.Цтай маргалдаад эхэлсэн. Тэгэхэд Лхагвадорж ах гэрээс аваад гарсан. Тэгээд гэрийн үүдэнд маргалдаад зогсож байснаа О.Ц гэнэт гэрийн үүдний зүүн талын жижиг цонхыг хагалаад гаднаас ороод ирсэн. Тэгээд би хажуугаар нь зөрөөд гарах гэтэл О.Ц миний зүүн гар болон зүүн суга руу хутгалчихсан. Тэгээд би гэрээс гараад гадаа сууж байтал Лхагвадорж ах гэр лүү орох гээд явж байхаар нь Лхагвадорж ахад хандаж О.Ц намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирж сумын эмнэлэгт хүргэсэн. гэх мэдүүлэг /хх-13-14/

- Гэрч Б.Цын: Би 2018.12.12-ны өдөр 16 цагийн үед Гурвансайхан сум 4-р баг “Шанд” гэх газар байх гэртээ төрсөн ээж А.Бадамгарав, миний төрсөн ах Б.Лхагвадорж, Б.Л, манай дүү Б.Цэрэнпагамын хүү болох Ц.Балжинням, манай сумын 4-р багийн иргэн Цэнд нарын хамт байж байсан чинь гаднаас О.Ц ирээд гэрийн хаалга нээгээд зогсоод байсан. Тэгээд О.Ц надад хандаж аврага малчин багтахгүй байна уу гэхээр нь гэрт орооч гэж хэлсэн чинь орохгүй зогсоод байсан. Тэгээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь битгий гэрт хэрүүл хийгээд бай гэсэн чинь гэнэт над руу дайраад миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь гэрт байсан хүмүүс салгасан. Тэгээд маргалдаад гэрийн үүдэнд гадаа гарсан юм. Тэгсэн чинь бид нар луу хашигчиад дайраад байсан. Гэнэт манай сумын иргэн Цэнд гэх хүний бүсэнд байсан хутгыг булааж аваад гаднаас гэрийн үүдний зүүн талын жижиг цонх хагалж орж ирээд гэрийн баруун хойд талд байсан миний төрсөн ах Б.Лыг гэрийн шалан дээр сууж байгаад босох гээд байж байхад нь О.Ц хутга бариад далайгаад байсан. Тэгэхээр арай хутгалчихгүй байх гэж бодсон чинь манай ах Б.Л О.Ц намайг хутгалчихлаа гэж хэлэнгүүт О.Ц над руу хутга бариад дайрсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь бариад авсан тэгсэн чинь нэг гараараа намайг заамдааад нөгөө хутагтай гараараа миний бие рүү чичлээд байсан. Тэгээд миний нүдийг сохлоно, чамайг ална гээд байсан. Тэгэхээр нь хутгатай гарыг нь би бариад авсан чинь миний гарын хурууг зүсчихсэн. Би хутгатай гарынх нь бугуйнаас бариад авсан чинь О.Цын гарнаас цус гараад байсан. Би О.Цад хандаж хутгаа газар тавь гээд хэлсэн чинь хутга газар тавьсан. Тэгтэл гаднаас манай ах Б.Л орж ирээд би үхлээ гээд байхаар нь харсан чинь Б.Лын зүүн гар, зүүн суга орчимоор цус болчихсон байсан. Бид нар их сандарсан. Тэгээд ах Б.Льг гэрээс авч гараад гадаа байсан машинд суулгаад сумын төв рүү эмнэлэг рүү явах гэтэл машин руу чулуу шидээд жолооч талын арын хаалганы цонх хагалчихсан. Тэгээд бид цаашаа явсан. Тэгтэл сумьн түргэний машинтай хэсгийн төлөөлөгч болон эмч нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-16-17/

- Гэрч Ц.Балжиннямын: ... би гэртээ хувцас угаагаад байж байхад гаднаас О.Ц орж ирээд манай эгч Б.Цтай маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт эгч рүү дайраад барилцаад авахаар нь би очоод салгасан юм. Тэгээд О.Цыг гэрээс гаргаад гэрийн хаалгаа хаасан. Би их удалгүй гэрт байсан хувцас угаасан усаа асгах гээд гэрээс гартал О.Ц гэрийн үүдэнд зогсож байсан. Би усаа асгачихаад гэрлүү орох гээд явж байсан чинь О.Ц гэрийн үүдний жижиг цонх хагалчихаад цонхоор ороод явчихсан. Би гэр лүү гүйгээд орох гэтэл Б.Л ах гэрээс гарч ирээд О.Ц намайг хутгалчихлаа гээд хажуугаар зөрөөд гарсан. Би гэрлүү ортол Б.Ц эгчийг О.Ц дээрээс нь дараад суучихсан байж байхаар нь би очоод зүүн гарыг нь барьж аваад О.Цад хандаж та одоо зүгээр бай ингэж болохгүй гэж хэлэн тайвшруулаад баруун гарт нь байсан хутгыг нь гэрийн шалан дээр тавиулсан юм. Б.Ц эгч хутгатай баруун гарыг нь барьчихсан байсан. Би хутгыг нь гэрийн шалан дээрээс аваад манай эмээ болох Бадамгаравт өгсөн. Тэгээд байж байтал гаднаас гэрт Б.Л ах орж ирсэн. Би Б.Л ах руу харсан чинь дээл нь цус болчихсон байсан.  Тэгтэл ээжийн ах болох Лхагвадорж гэрээс урд зүгт байх овоон дээр гарч сумын төв рүү дуудлага өгчихөөд ирлээ гээд гэрт орж ирээд Лхагвадорж, Б.Ц нарын хамт Б.Л ахыг аваад сумын төв рүү суудлын жижиг тэргэнд суулгаад аваад явсан.  Гэрийн гаднаас сумын төв рүү явах гэж байхад О.Ц машины урдуур орчихоод машин руу чулуугаар шидээд байсан. Тэгээд гэрийн гаднаас хөдлөөд явж байхад замд явуулахгүй машины урдуур мотоцикльтой хориод зам дээр зогсоод байсан. Тэгээд байж байтал сумын эмнэлгийн машинтай эмч, хэсгийн төлөөлөгч нар ирээд О.Цыг аваад явсан. Бид нар түрүүлээд сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /хх-22/

- Яаралтай тусламжийн хуудсанд: Б.Л нь 2018.12.13-ны өдрийн 12 цаг 25 минутад яаралтай тусламжид ирсэн. Хүнд хутгалуулсан гэх. Хэсэг газрын үзлэгээр: цээжний зүүн талд дунд шугамаар 5, 6 дугаар хавирганы завсраар анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай. Шархны эргэн тойронд арьсны дор хий хурсан. Ds: цээжний зүүн талд хатгагдсан шарх” гэжээ /хх-30-31/

- Шинжээчийн 2018.12.18-ны өдрийн 190200011 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: цээжинд зүүн талын суганы дунд шугамаар 6-р хавирганы түвшинд зүүн доош ташуу 1.5 см шарханд 2 ширхэг зангилаат оёдол, зүүн гарын атгаалын ар дунд хэсэгт хөндлөн 1.8 см шарханд 3 ширхэг зангилаат оёдол, зүүн атгаалын дотор дээд ½-ын дунд хэсэгт 2.4 см шарханд 3 ширхэг зангилаат оёдол тавьж цэгцлэлт хийж боолт хийсэн байдалтай байв. Дүгнэлт: Б. Б.Лын биед цээж, бугалганд хатгагдсан шарх тогтогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2018.12.12-ны өдөр үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-28/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Зайрмагт” гэх газарт нутаглах иргэн О.Бадамгаравын гэрт ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэн, бусдын эрх, эрх чөлөөнд зэвсэг хэрэглэн халдаж, иргэн Б.Лын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн, хаалганых нь жижиг цонхыг хагалсан, мөн Б.Лын эзэмшлийн 69-60 УБВ улсын дугаартай Приус маркийн автомашины арын цонхны хаалтыг чулуу шидэж хагалах зэргээр танхайрсан болох нь хохирогч Б.Л /хх13-14/, гэрч Б.Ц /хх-16-17/, Ц.Балжинням /хх-22/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-28/, яаралтай тусламжийн хуудас /хх-30-31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Цын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч О.Ц хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.Л нь шүүгдэгч О.Цаас шаардах эрхтэй байна.

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хариу мэдэгдэж,шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Хохирогч Б.Лыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, /хх-11-12/ хуульд заасан дээрх эрхийг тайлбарлан өгсөн боловч хохирол төлбөртэй холбоотой баримт болон иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тухай иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Л нь шаардлагатай гэж үзвэл хожим шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

Шүүгдэгч О.Ц нь  Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001.02.01-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлээд 2 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “д” зааснаар ялгүй болсон байна.

Мөн шүүгдэгч нь 500000 төгрөгийг хохирогчид өгсөн гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй учир шүүх түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүйд тооцох үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгч О.Ц нь ялгүй болсон, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хүйтэн зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар их зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял  оногдуулахаар шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “улаан хүрэн өнгийн иштэй, нийт 20 см урттай” эвхдэг хутга хэнийх болох нь тодорхойгүй, хэн нэгэн нэхэмжлээгүй тул шууд устгах нь зүйтэй.

Хэргээс үзэхэд шүүгдэгч О.Ц нь иргэн Б.Цыг мөн зодсон боловч бие махбодид нь гэмтэл учраагүй байна. Энэ нь зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул эрх бүхий байгууллагад хянан шалгах ажиллагаа явуулахыг даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 34 дүгээр бүлэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Боржгин овогт Овлогийн О.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгин овогт Овлогийн О.Цад 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүгдэгч О.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Б.Л нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч О.Цын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

5. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч О.Цад анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эвхдэг хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч О.Цын “иргэн Б.Цын биед хохирол учруулахгүйгээр зодсон” гэх үйлдэлд зөрчил шалган шийдэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрийн хувийг түүнд холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргуулахыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.  

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С