Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 77

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Иргэдийн төлөөлөгч Ч.Үржинханд

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Н холбогдох 182 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 19 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл ,  насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн  сумын  дүгээр баг  гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖГ регистрийн дугаартай, А овогт Б.Н.

            Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт оршин суух Ш.Буянбатын гэрийн гадаа иргэн А.Бямбабаатарын хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Бямбабаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөдөө гэртээ байж байгаад гэрээс урд зүгт нутагладаг Гандолгор гэх айлд ирж нутгийн үалуучуудтайгаа хамт 1 шил 0.75 граммын архи, 2.5 литрийн савлагаатай 3.4 пиво хувааж уучихаад орой 21 цаг өнгөрч байхад хүргэн ах Буянбатын гэрт нутгийн 5 залуутай  ирсэн. Тэгээд ахын гэрт 2.5 литрийн савлагаатай пиво, дахин нэгээс хоёрыг ууж, нэг шил архи задлаад юм яриад сууж байхад Н согтуурхаж намайг үзье, гарах уу? гэж хэлэхээр нь би дагаад гэрээс гарахад надад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд хэвлий рүү нэг удаа хутгалсан. ...би Н-г цохиж зодоогүй. Мөн хамт байсан хүмүүс цохиж зодоогүй...надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч М.Хэрлэнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бямбабаатар, Н хоёр хоорондоо маргалдаад Н үзье гадаа гаръя гэж хэлээд Бямбабаатартай барьцалдаад гэрээс гарч гэрийн үүдэнд Бямбабаатарыг нэг удаа хутгаар хатгахад Бямбабаатар намайг налаад унасан. ...архи согтууруулах ундаа уусан учир ярианаасаа болж маргалдаж Н, Бямбабаатарыг хутгалсан. Тэр хоёр өөр хүнтэй маргалдаагүй. Н Бямбабаатарыг цохиж зодоогүй. Н өөрөө хутгатай явж байсан. ...Н хутга нь одоо манай гэрийн үүдэнд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/

Гэрч Т.Сугаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Буянбатын гэрт ирж 2.5 литрийн пиво ууж байгаад гадаа гарч биеэ засаад зогсож байхад гэрээс хүмүүс гарч ирсэн. Улмаар Н, Бямбабаатарыг хутгаар хатгасан. ...Нг Бямбабаатар болон хамт байсан хүмүүс цохиж зодоогүй. ...хүлснээс хойш Н босоод явж байгаад нэг удаа газарт унасан. Удалгүй бид хэд гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Ш.Буянбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай гэрт 2.5 литрийн савтай пиво, архи гаргаж ирээд пивоо хувааж уугаад хоорондоо гэнэт маргалдаад Н, Бямбабаатарыг гараад ир үзье гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь бид нар араас нь гарахад Н гэх залуу Бямбабаатарыг хутгаар хатгасан. Улмаар Эрдэнэсайхан Н-ийн хутгыг нь булааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч Б.Мангалжав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бямбабаатар, Н хоёр гэр дотор хальт маргалдсан яг юу гэж хэлсэн болохыг санахгүй байна. Тэгээд гэрээс гарахаар нь араас нь гарахад Н, Бямбабаатарыг нэг удаа хутгалахад Бямбабаатар хойшоо унасан. Үүдэнд Н хутга барчихаад өөрийгөө ална, та нарыг ална гэж хэлээд хашгираад байхаар нь Лхагва, Сугаржаргал нар бариад дээрээс нь дарж байгаад гарыг нь ард нь боогоод орхисон. ...Н-г Бямбабаатар болон хамт байсан хүмүүс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 852 тоот дүгнэлтэд: “1.Ш.Бямбабаатарын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс болон нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 45/ гэжээ.

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/

-Шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/

-Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт оршин суух Ш.Буянбатын гэрийн гадаа хохирогч А.Бямбабаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн хэвлийн тус газар нь хутгаар хутгалж, биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс болон нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Б.Н-гийн гэрчээр өгсөн: “...Согтоод нэг сэргэхэд намайг Бямбабаатарыг хутгалчихсан гэж Хэрлэнцэцэг хэлсэн. Би гэрээс нь  удалгүй гараад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 23/, шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон, надад зургийг нь харуулсан хутга нь миний өөрийн эзэмшлийнх. Би тус хутгыг хэрэг болсон өдөр гэрийнхээ гадаа уурга тагнаалдаад хармаандаа хийгээд авч явж байсан. ...намайг хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/, түүнийг давхар нотолсон хохирогч А.Бямбабаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н согтуурхаж намайг үзье, гарах уу? гэж хэлэхээр нь би дагаад гэрээс гарахад надад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд хэвлий рүү нэг удаа хутгалсан. ...би Н-г цохиж зодоогүй. Мөн хамт байсан хүмүүс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч М.Хэрлэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбабаатар, Н хоёр хоорондоо маргалдаад Н үзье гадаа гаръя гэж хэлээд Бямбабаатартай барьцалдаад гэрээс гарч гэрийн үүдэнд Бямбабаатарыг нэг удаа хутгаар хатгахад Бямбабаатар намайг налаад унасан. ...архи согтууруулах ундаа уусан учир ярианаасаа болж маргалдаж Н, Бямбабаатарыг хутгалсан. Тэр хоёр өөр хүнтэй маргалдаагүй. Н-г Бямбабаатар цохиж зодоогүй. Н өөрөө хутгатай явж байсан. ...Н-гийн хутга нь одоо манай гэрийн үүдэнд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/, гэрч Ш.Буянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н, Бямбабаатарыг гараад ир үзье гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь бид нар араас нь гарахад Н гэх залуу Бямбабаатарыг хутгаар хатгасан. Улмаар Эрдэнэсайхан Н-гийн хутгыг нь булааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 852 тоот дүгнэлт /хх-ийн 45/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.Идэрбатаас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч А.Бямбабаатарын эрүүл мэндэд учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс болон нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол нь хутгаар хохирогчийн хэвлийн хөндий орчимд хутгалсан шүүгдэгч Б.Н-гийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүйгээс гадна  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх бүрэлдэхүүн  үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Н-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулбал зохино.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй /2700,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Н-ийн ЖГ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн хутга 1 /нэг/ ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Н-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4. Эрүүгийн 182 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй /2700,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн хутга 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Н-гийн ЖГ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ЭНХБААТАР

                   ШҮҮГЧИД                           Л.БАТЖАРГАЛ

                                                                  Х.САНЖИДМАА