Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00573

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00573

 

 

Б.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/05607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ц гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ТӨХК-д холбогдох,

Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар 31-ний өдрийн Б/65 дугаар тушаал, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолын тогтоох 1 дүгээр заалт болох удирдлага, зохион байгуулалтын бүтэц баталсан хэсэг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвшилцсөн шийдвэрээс нэхэмжлэгч Б.Ц г ажлаас чөлөөлсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, удаан жилийн нэмэгдэл болон сар, жилийн үр дүнгийн урамшуулал, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг гаргуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Намайг 2021 оны 11 дугээр сарын 30-ны өдөр Ковид-19 өвчний халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байхад А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор удирдлага зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар батлан Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажлын байрыг хассан.

Энэхүү хууль бус тогтоолд үндэслэж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн З дугаар хурлын тэмдэглэлийн дагуу зөвшилцсөн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ц намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх тогтоол, тэмдэглэлийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон цуцалсан нь хууль бус.

Учир нь, намайг эмнэлэгт хэвтэж байх үед гарсан тогтоолд үндэслэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн.

Намайг ажлаас халах үндэслэлээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-1/354 тоот албан бичиг ирүүлсэний дагуу тодорхой орон тооны давхардлыг арилган зардлыг хэмнэсэн гэж тайлбарладаг ч зардал хэмнэсэн зүйл огт байгаагүй.

Ажлын байранд дүгнэлт гаргах эрхийг дотоод аудиторт олгоогүй байтал өөрт олгогдоогүй эрхийг эдэлж дотоод аудитор ажлын байрны хууль бус дүгнэлтийг гаргасан.

Иймд А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 24 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалт болох компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай гэсэн хэсгийг, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №03 тоот зөвшилцсөн шийдвэрээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Ц г үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив гэх агуулга бүхий шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, удаан жилийн нэмэгдэл, сарын үр дүнгийн урамшуулал, жилийн ажлын үр дүнгийн урамшуулал, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны А-1/354 тоот албан бичгээр өгсөн албан даалгавар болон ажлын байрны эрх, үүргийн давхардлын талаарх компанийн дотоод аудиторын дүгнэлт зэргийг харгалзан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2021 оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан.

Нэхэмжлэгч Б.Ц г ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай урьдчилан мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж, 16,144,457.00 төгрөгийн тэтгэмж олгосон.

Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц гийн гаргасан хариуцагч А ТӨХК-нд холбогдох гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар 31-ний өдрийн Б/65 тоот тушаал, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 тоот тогтоолын тогтоох 1 дүгээр заалт болох удирдлага, зохион байгуулалтыг бүтэц баталсан хэсэг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот зөвшилцсөн шийдвэрээс нэхэмжлэгч Б.Ц г ажлаас чөлөөлсөн хэсгийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, удаан жилийн нэмэгдэл болон сар, жилийн үр дүнгийн урамшуулал, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь Засгийн газрын чиглэлийг үндэслэн ирүүлсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны А1/354 тоот албан бичгийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 24 дүгээр тогтоолоор компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, уг чиглэлийн дагуу нэхэмжлэгчийн орон тоог хассан гэх тайлбарыг гаргадаг.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй боловч хувь этгээдүүдийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаанд оролцож, гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй байтал уг чиглэлийн дагуу хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн гэрээний харилцаа нь иргэний эрх зүйн гэрээний нэгэн төрөл болох бөгөөд талууд гэрээг цуцлах, хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нь бусдаас үл хамаарах бөгөөд Засгийн газрын чиглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байна.

4.2. Гүйцэтгэх захирлын Б/65 дугаар тушаал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан. Гэтэл дээрх тогтоол, шийдвэр нь нэхэмжлэгчийг ковид-19 өвчний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.4-т заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчид адил чанарын өөр ажлын байр санал болгоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийн хүрээнд хуульд заасан журмыг хэрэглэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлсөн тушаал гарах үед нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Иймд шийдвэр үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч А ТӨХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар 31-ний өдрийн Б/65 дугаар тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолын тогтоох 1 дүгээр заалт болох удирдлага, зохион байгуулалтын бүтэц баталсан хэсэг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвшилцсөн шийдвэрээс нэхэмжлэгч Б.Ц г ажлаас чөлөөлсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, удаан жилийн нэмэгдэл болон сар, жилийн үр дүнгийн урамшуулал, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Б.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс А ТӨХК-ийн санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажил, албан тушаалд томилогдон ажилласан /1 хх 7-9/.

Харин А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ц г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ /1хх 40-41/.

3.1. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гарсан А ТӨХК-ийн дотоод аудиторын дүгнэлтэээр тус компанийн Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй давхардаж байгааг тогтоосон байна /1хх 37 /.

3.2. А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын орон тоог хассан /1хх 116-117/.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын орон тоог хассан учир нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ /2хх 47- 58/.

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.18-д зааснаар А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд компанийн бүтэц, орон тоог баталж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн давхардлыг харгалзан Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын орон тоог хассан гэж үйл баримтыг зөв тогтоож анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

3.3. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Ц гийн ажиллаж байсан Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлын орон тоо хасагдсан тул энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тухайн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар цуцалсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.1. Хэрэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Эрчим хүчний сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт А ТӨХК-д Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлөх тухай чиглэл өгсөн байна /1хх 108-109, 145/.

Гэхдээ А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл эрх хэмжээний хүрээнд тодорхой ажил, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийсэн байна.

Иймд хариуцагчийг дээрх төрийн эрх бүхий байгууллагуудын шаардснаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж дүгнэхгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

4.2. А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар ажил, албан тушаалаас нь чөлөөлөх үед нэхэмжлэгч Б.Ц нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болох нь ирц бүртгэсэн баримт, ажил хүлээлцсэн акт, гэрч Т.Ичинхорлоо, Б.Баярмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон /1хх 22-23, 29-36, 93-96/.

Иймд өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн, ажлын байрыг хадгалаагүй, өөр ажлын байр санал болгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/05607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжий тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ