Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/03476/И |
Дугаар | 210/МА2024/00351 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/00351
Д.Ж-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03772 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХК, Д.Б нарт холбогдох, автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.Ж миний бие Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашиныг 53,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаа 25,000,000 төгрөгийг төлөөд үлдэх 28,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 30-ны өдөр Х ХК-аас зээл авч өмчлөх эрхтэй болсон. Х ХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулснаар **** УБМ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ банкны нэр дээр бүртгэгдсэн. Би өөрийн автомашины зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн зээлээс 9,000,000 төгрөг төлсөн, 19,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2022 оны 07 сард надтай хамт амьдарч байсан Д.Б нь миний зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлж банкны барьцаанаас гаргаж авсан. Тухайн үед Д.Б нь 2 талаасаа мөнгөө нийлүүлээд машин оролцуулж байр зарна гэж байсан ба Б.З-тай түүний ярьснаар наймаа хийхээр болж би банкинд Б.З-гийн нэр дээр машин шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн юм. Гэтэл Б.Б ярьсан наймаа бүтэлгүй боллоо гэж хэлсэн ба ...багын найзаасаа **** УБМ машиныг барьцаалаад З,000,000 төгрөгийн зээл авмаар байна, машин миний нэр дээр байвал надад итгэж мөнгө зээлдүүлэх байх, би 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасныг бодоод чи машинаа миний нэр рүү шилжүүлээд өгчих... гээд байсан. Х ХК нь өмнө би Д.Б-тай хамт очиж Б.З-гийн нэр дээр машин шилжүүлэхийг зөвшөөрч байсан болохоор шууд Д.Б-ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч Авто тээврийн үндэсний төвд хандсан нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Х ХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчиж, Д.Б нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.2, 406.1-д заасныг зөрчиж миний өмчлөлийн **** УБМ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгүүлсэн байна. Иймд Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч Х ХХК, Д.Б- нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х ХК хариу тайлбартаа: Д.Ж- нь банктай 2021 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ/ВСС210729020-2 тоот автомашины зээлийн гэрээ, Ф/ВСС210729020-2-2 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г тус тус байгуулсан ба 2022 оны 07 сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 25-ны өдөр автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.З-гийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу банк 7/412-222 дугаартай албан тоотыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хаяглан Д.Ж-д өөрт нь хүлээлгэн өгсөн, тэрээр гарын үсэг зурж, баталгаажуулж авсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сарын 29-ний өдөр банкны салбарт Д.Б-тай хамт ирж автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу банкнаас 2022 оны 09 сарын 29-ний өдөр 7-412/344 дугаартай албан тоотыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хаяглан нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, тэрээр гарын үсгээ зурж, авсан. Банк албан тоотыг зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн гаргаж өгдөг бөгөөд зээлдэгч нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т өөрөө хүргэж өгөх үүргийг 2021 оны 07 сарын 30-ны өдрийн ЗГ/ВСС210729020-2 тоот гэрээний 11.1.2-д зааснаар хүлээдэг. Өөрөөр хэлбэл, банкнаас өмчлөх эрх шилжүүлэх албан тоотыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлдэггүй. Иймд Д.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагаас Х ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Б- хариу тайлбартаа: Д.Ж- нь намайг өөрийнх нь **** УБМ улсын дугаартай автомашиныг залилсан гэж үзээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие Д.Ж-ын хүсэлтээр түүнээс авах ёстой байсан авлага болон зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, тус тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон талаарх санхүүгийн баримтуудыг гаргаж өгсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Х ХК-иас зээлдэгч Д.Ж-ын хүсэлтийн дагуу **** УБМ тээврийн хэрэгслийг миний өмчлөлд шилжүүлсэн. Би ямар нэгэн байдлаар Х ХХК-д нөлөөлсөн, тэднийг хуурах байдлаар тээврийн хэрэгслийг өөрт шилжүүлж аваагүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Ж-аас авлагаа авахаар хандахад тэрээр тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлж, энэ машиныг аваад надаас сал гэж шахалт үзүүлсэн тул түүний хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Гэтэл өөрийн давуу байдлыг ашиглан тээврийн хэрэгслийг буцаан авах зорилгоор цагдаагийн байгууллагад худал гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр хуулийн байгууллагуудад хандаж байна. Тус тээврийн хэрэгслийг хадгалж байсан газраас үл таних 3 этгээдтэй хамтран миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэн, дээрэмдэж авч явсан гэмт хэргийн талаарх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан үйл баримтууд худал, гүтгэлгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар хариуцагч Д.Б-ад Lexus RX350 маркийн цагаан өнгийн, **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Ж-ын нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ын хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулж Д.Ж-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Д.Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч Д.Ж- бусадтай бүлэглэн миний биед халдаж, автомашиныг дээрэмдэн авч явсан талаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар гаргаж өгсөн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн тодорхойлолтыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой байна.
5.2. Маргаан бүхий автомашиныг миний нэр дээр шилжүүлэх процесс анхнаасаа хууль зөрчсөн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг үүсгэх бөгөөд хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Би машиныг авахад зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
5.3. Нэхэмжлэгч Д.Ж- болон бидний хооронд дээрхээс гадна өмч хөрөнгө, өглөг авлага, зээлийн төлбөртэй холбоотой маргаан бий. Эдгээр асуудлаар миний бие цагдаад гомдол гаргасан бөгөөд холбогдох хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлыг шүүх иргэний журмаар шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт цугласан байхад шүүх үнэлэгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Эхний үндэслэл нь эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байхад шүүх авч үзээгүй гэсэн байна. Энэ талаар шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т дурдсан. Мөн автомашины төлбөрт 19,000,000 төгрөг төлснийг шүүх авч хэлэлцээгүй гэж гомдол гаргасан. Гэтэл хариуцагч нь 19,000,000 төгрөгөө буцаан нэхэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хариуцагчийн өмнөөс санаачлан шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Д.Б нь зуучлалын шимтгэлээ Д.Ж-ын дансаар авч байснаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж-ын Д.Б миний Хаан банкны дансыг ашиглаж байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй тул уг дансанд шилжүүлсэн зуучлалын шимтгэлийг Д.Ж авсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Д.Б нь Д.Ж-д 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэх байдлаа нотлох зорилгоор өөрийн эзэмшлийн ХААН банк ХК-ийн дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 01-ний өдрийн дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч Д.Ж уг дансны тодруулсан гүйлгээг хамтран амьдрах хугацаанд гаргасан хэрэглээний зардал болон өөрийн ашигласан мөнгийг надад өгсөн мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан. Хариуцагч Д.Б-ын ХААН банк ХК-ийн дансны хуулганд шар өнгийн тодруулагчаар тодруулсан 37 удаагийн зарлагын гүйлгээний ихэнх нь Д.Ж-д шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй, зарим гүйлгээний утга ойлгогдохуйц боловч эдгээр гүйлгээнүүдийг тухайн үед ямар зорилгоор хийснийг тодорхойлох боломжгүй гэж шүүх нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Х ХК, Д.Б- нарт холбогдуулан Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 37-38, 48-49/
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Х ХК, Д.Ж- нар 2021 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ/ВСС210729020-2 тоот Автомашины зээлийн гэрээ болон Ф/ВСС210729020-2-2 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулж, Х ХК нь 28,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, Д.Ж нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 42-44, 45-46/
3.2. ЗГ/ВСС210729020-2 тоот Автомашины зээлийн гэрээ-ний эргэн төлөлт 2022 оны 07 сарын 25-ны өдөр бүрэн төлөгдсөн, үүнээс 19,000,000 төгрөгийг Д.Б- төлсөн. /хх 1-2, 37-38, 48-49, 100/
3.3. Зээл бүрэн төлөгдсөнтэй холбоотойгоор Х ХК-ийн зүгээс Д.Ж-ын хүсэлтийг үндэслэн Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашиныг Б.З-гийн нэр дээр шилжүүлэх тухай албан бичгийг 2022 оны 07 сарын 25-ны өдөр, Д.Б-ын нэр дээр шилжүүлэх тухай албан бичгийг 2022 оны 09 сарын 29-ний өдөр тус тус Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хаяглан Д.Ж-д хүлээлгэн өгсөн. /хх 39, 40/
3.4. Үүний дагуу Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашин 2022 оны 09 сарын 29-ний өдөр Д.Б-ын өмчлөлд бүртгэгдсэн. /хх 34/
3.5. Д.Ж- нь Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашиныг 2023 оны 01 сарын 22-ны өдөр Д.Б-ын эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан авсан. /хх 47/
4. Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Ж нь банкны зээл оролцуулан автомашин худалдан авч, зээлийг буцаан төлсөн, уг зээлийг буцаан төлөхөд Д.Б-аас 19,000,000 төгрөг гарсан, үүнтэй холбоотойгоор Д.Ж нь автомашиныг Д.Б-ын өмчлөлд түр шилжүүлсэн, улмаар автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан авсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийсэн буюу Д.Ж нь автомашиныг Д.Б-ын өмчлөлд түр шилжүүлж, хожим уг хэлцлээсээ татгалзаж автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан авсан гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашины гэрчилгээг нэхэмжлэгч Д.Ж-ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Б-ад даалгаж, нэхэмжлэгч Д.Ж-аас 19,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б-ад олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтын дагуу ийнхүү шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Д.Ж-аас 19,000,000 төгрөг гаргуулах талаар хариуцагч Д.Б- сөрөг нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй.
6. Өмнө дурдсанчлан Х ХК нь Д.Ж-ын хүсэлтийн дагуу автомашиныг Д.Б-ын нэр дээр шилжүүлэх албан бичгийг үйлдэж, Д.Ж-д хүлээлгэн өгсөн байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х ХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний үүргээ шударгаар хэрэгжүүлсэн байна.
7. Эрүүгийн журмаар шалгагдаж буй гэх ...бусдад зодуулж, эд хөрөнгөө булаалгасан... тухай хэрэг нь зохигчдын хооронд үүссэн иргэний маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй учир хариуцагч Д.Б-ын гаргасан ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/03772 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Лексус АрИкс-350 /Lexus RX-350/ маркийн **** УБМ улсын дугаартай автомашины гэрчилгээг нэхэмжлэгч Д.Ж-ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Б-ад даалгаж, нэхэмжлэгч Д.Ж-аас 19,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б-ад олгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг... гэснийг ...422,950 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР