Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 19

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц

Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гэд холбогдох 1822003480135 тоот хэргийг 2018 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1986.03.17-нд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, Тэвшийн говь ХХК-д галч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 2-3 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЗ86031710/ Н.Г нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 10 сарын 16-аас 10 сарын 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ё.Чийн гэрт нэвтрэн орж, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд: 2018 оны 10 сард айлын 2 давхар байшингийн баруун талын вакум цонхыг нь модоор хагалж, цонхоор нь ороод зурагт авсан. Түрүү үеийн 32 инчийн зурагт байсан. Гэрт нь хүн байгаагүй. Хүнээс хямдхан зурагт авлаа гэж эцэг, эхдээ хэлээд зурагтаа их гэртээ авч очоод тавьсан. Тэгсэн чинь манай дүү зурагт авч яваад цагдаад баригдаад, хураалгачихсан байсан. Тэгээд би өөрөө хэргээ хүлээсэн гэж мэдүүлэв.

- Шүүгдэгч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”Би 2018 оны 10 сарын 16-ны өдрийн  орой хойд талын овоо руу гараад архиа ганцаараа уусан. Тэр архины тал нь асгарсан байсан. Тэгээд архиа ууж дуусаад наашаа буцаад алхаж байтал Дашваанжил колонкын баруун талд байрлалтай нэг байшин байхаар нь гадна талд нь очиход гэр дотор нь ямар нэгэн хүн байхгүй,  харанхуй байсан. Цонхоор нь хартал сарны гэрэлд дотор нь хар өнгийн 32 инчийн зурагт байгаа харагдсан. Тэгэхээр нь гадна талд байсан модоор вакум цонхыг нь хагалаад дотогшоо ороод ганц зурагт аваад гарсан. Тэгээд шууд аавындаа ирээд “хүнээс хямдхан зурагт авлаа” гэж ээждээ хэлээд хулгайлсан зурагтаа орхиод гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь зурагтаа авах гээд очтол зурагт байгаагүй.  Манай дүү Отгонсүх согтуудаа уг хулгайлсан зурагтыг барьж яваад цагдаад хураалгасан байсан. Надад ямар нэгэн зорилго байгаагүй,  зурагт байхаар нь гэртээ аваачиж тавьмаар санагдаад уг зурагтыг хулгайлсан юм. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-27-29/

- Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 10 сарын 15-ны өглөө Улаанбаатараар дамжиж Хөх хот руу сургуулийн хүүхдээ эргэчихээд буцаад 2018.10.17-ны орой Дундговь аймаг дээрх гэртээ иртэл хүүхэд манай байшинд хулгай орж Самсунг маркийн хар өнгийн 32 инчийн зурагт алдагдсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-11-12/

- Гэрч Ж.Өлзийдүүрэнгийн “Би Боржигоны 15-1 тоотод гэртээ байж байгаад Дашваанжил газын замын эсрэг талд байх Сакура цэцэрлэгт байх ээжийндээ очиж байшинд нь гал түлэх гээд өнөөдөр 17 цаг 30 минутын үед иртэл цонх нь хагархай байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-13/

- Гэрч Ц.Оюунчимэгийн /Н.Гийн эх/ “Манай хүү Н.Г нь 2018 оны 10 сарын 16-ний шөнө 23 цагийн үед намайг унтаж байхад гаднаас том хар зурагт аваад ороод ирсэн. Юу юм бэ гэж асуухад хүнээс худалдаж авсан юмаа гэж хэлээд гараад явсан. Өглөө нь би зурагтны гадуур нь ягаан өнгийн даавуу хийж гэрийн ар талын амбаарт хийж Н.Отгонсүхээс нуусан. Тэгээд би хөдөө гэр лүүгээ бэр охин Байгальтай хамт Дэлгэрцогт сумаас хойш хөдөө Голио гэх айлынд очоод иртэл манай хүү Н.Отгонсүх нь амбаарт байсан зурагт аваад гарсан байсан. Надад юм хэлээгүй хүнээс худалдаж авсан гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Тэр шөнө ганцаараа согтуу ирсэн. Н.Г нь 2018 оны 10 сарын 16-ны өглөө Очгэрэл гэдэг хүнтэй пиво уусан. Тэгээд Говийн галд галч хийдэг, ажил дээрээ согтуу очсон. Тэгсэн чинь Алтантөгс гэдэг хүн ирээд аваад явсан гэж хамт ажилладаг хүн Сугарням нь манай охин Уранчимэгт хэлсэн байсан ” гэх мэдүүлэг /хх-16/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн 2018.10.18-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн №148 дугаартай актад “ 32 инчийн LCD зурагт -500000 төгрөг, 40х70 см хэмжээтэй вакум цонх -70000 төгрөг” гэжээ /хх-21/

-Хохирогч Ё.Чийн “алдагдсан зүйл болох зурагт болон хагарсан цонхныхоо төлбөрийг барагдуулж авсан. Одоогоор ямар нэгэн гомдол саналгүй” гэжээ /хх-22/

 

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогч Ё.Чэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хариу мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

               Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 10 сарын 16-аас 10 сарын 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ё.Чийн байшинд цонхыг нь хагалан орох замаар нэвтрэн  орж, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт хулгайлан бусдад 570000 төгрөгийн хохирол учруулсан нь орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Н.Г нь хулгайлсан зурагтыг биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-7/, хагарсан цонх болон зурагт хулгайлсан үйлдэлдээ гэмшиж нийт 300000 төгрөг хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн ба хохирогчоос 2019.01.07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ё.Ч миний бие хулгайд алдсан зурагтын төлбөрийг Н.Гээс бүрэн гүйцэт авсан ба одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй тул ял шийтгэлийг нь хөнгөн өнгөрүүлж өгнө үү. Цонхны төлбөрийг мөн барагдуулсан. Энэ хүнээс одоо авах зүйл байхгүй төлбөрийг бүрэн барагдуулсан тул хоорондоо эвлэрсэн болно” гэжээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн  1.9 дэх хэсэгт зааснаар “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “иргэний нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар “шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж тус тус заажээ. Хуулийн энэ заалтыг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирлоо бүрэн барагдуулсан шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул энэ үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

              Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

              Шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг байна.

              Иймд хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн хохирогч нь эвлэрэх хүсэлт гаргасан хэдий ч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

              Түүнчлэн шүүгдэгч Н.Гийн төрсөн эцэг Д.Нэргүй хүнд өвчтэй болох нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн харъяа багийн Засаг даргын тодорхойлолт, эмчлэгч эмчийн тодорхойлолт /хх-52-53/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах үндэслэл болохгүйг шүүгдэгч Н.Г, түүний эцэг Д.Нэргүй болон ар гэрийнхэнд нь тайлбарлая.

              Харин шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч “гомдолгүй” гэж эвлэрэх санал гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл болж байна.

               Шүүгдэгч Н.Г нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.06.18-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан байна. /хх-40-43/ Шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-37-38/ тогтоогдож байна.

               Иймд шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Г нь ялгүй болсон байна.

               Шүүгдэгч Н.Г нь ялгүй болсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “гомдолгүй” гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.

               Дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

               Шүүгдэгч Н.Гийн ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх тухай” улсын яллагчийн хүсэлтийг хангаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гийг цагдан хорих шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Н.Гийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Гэд 1 /нэг/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Н.Гэд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч хохирлоо бүрэн барагдуулсан шалтгаанаар иргэний нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж, хохирогч Ё.Чийн “зурагт хулгайд алдсантай холбоотой хохирол гаргуулах тухай” иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    
  5. Шүүгдэгч Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид хулгайлсан зурагтыг буцааж хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг арга хэмжээн дээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ажлын 5 өдрийн дотор Дундговь аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Н.Б-д; шүүгдэгч Н.Гийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэж, хүлээлгэн өгөхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай. 

                          

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    С.С