Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч: Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч С.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д

Шүүгдэгч: Э.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Жид холбогдох 1822002840148 тоот хэргийг 2019 оны 2 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 2000.06.27-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг “Хажуу худаг”-т нутаглаж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗА00262719/ Э.Жнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

               Прокурорын 2019.02.12-ны өдрийн 16 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Э.Ж нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бын биед халдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-195-197/

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

- Яллагдагч Э.Жийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Адаацаг сумын төвд Э.Пүрэврагчаа бид хоёр хэсэг найзууд болох У.Сүхцэрэн, Т.Цэрэндорж, Очирпүрэв, Г.Очирваань нартай тааралдсан. Тэгээд бид нар хөдөө явах гэж байсан болохоор хүнсний дэлгүүрээс хоёр ширхэг том савтай пиво аваад сумын төвийн хойно байдаг Соёмбо нэртэй овоон дээр орой 21 цагийн үед гараад авсан пивоо ууж сууж байгаад миний мотоциклын ацан голын боолт суларсан байхаар нь сумын төвөөс түлхүүр олж боолтыг нь чангалах санаатай мотоциклио унаад ганцаараа доошоо буусан. Тэгээд би явж байтал замын хажууд үл таних хоёр залуу явж байснаа намайг хажуугаар нь гараад өнгөрөхөд надад хандаж “дайрах нь ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт пиво ууж байсан найз нар дээрээ эргэж хүрч очоод “урд хэдэн залуучууд томроод байна” гэж хэлээд мөн хамт пиво ууж сууж байсан Э.Пүрэврагчаад хандаж миний ард сундалчих гэж хэлсэн. Тэгээд Э.Пүрэврагчаа бид хоёр хамтдаа мотоцикльтой доошоо уруудаж байтал өөдөөс О.Оргилболд гарч ирсэн. Тэгэхээр нь О.Оргилболдод хандаж “Араар суучих” гэж хэлсэн. Тэгэхэд О.Оргилболд Э.Пүрэврагчаагийн араар суугаад бид гурав замд таарсан үл таних хоёр залуутай уулзахаар мотоциклоо унтраагаад бууцгаасан. Тэгээд би Б.Наранчулууныг цохих гээд хүрч очиход Б.Наранчулуун гэх хүүхэд цохиулахгүй гэсэн байх, миний өмсөж явсан дээлийн энгэрээс барьж яваад тонгорох шиг болсон. Тэгээд бид хоёр газар давхралдаж унасан. Тэгэхэд овоон дээр хамт пиво ууж байсан У.Сүхцэрэн, Т.Цэрэндорж, Очирпүрэв, Г.Очирваань нар хүрч ирэхэд Б.Анхбаяр, Б.Наранчулуун нар гэр рүүгээ зугтаагаад явсан. Тэгээд бид нар араас нь гэрт нь хүрч очоод гэрт байсан үл таних 4 залуутай муудалцсан. Би сүүлд Б.Б гэж мэдсэн, хүний зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Б.Бын зүүн нүдний хөмсөг язарсан байсан. Миний зүүн нүд цус хурсан байсан. Надад учирсан гэмтэл нь Б.Наранчулуунтай дээр доороо орох үед үүссэн байх. Ө.Өнөрсайхан гэдэг хүний зүүн шанаа шалбарсан байсан. Ө.Өнөрсайханд үүссэн гэмтэл нь тухайн зодооны улмаас үүсээгүй байх“ гэх мэдүүлэг /хх-109-110/

- Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би юу болж байна, яаж байна хүүхдүүд минь больцгоо гэхэд юу гээд байгаа хөгшин төгцөг вэ гээд нэг нь заамдаад бариад авахад хажуугаас тас буугаад явчихсан. Тэрүүхэн хугацаанд ухаан балартсан. Гэрт орсон талаар нь мэдээгүй. Гэрт ороод гэр доторх юм бутраачихсан байсан. Би сүүлд нь мэдсэн. Гэрийн баруун урд талд очоод ухаан балартаад нэг мэдэхэд нүүр ам нил цус болчихсон байсан. Буцаж орж ирээд нойлын цаасаар дараад байж байтал цагдаатай эд нар буцаж ирээд явсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан” гэж мэдүүлэв.

- Гэрч У.Сүхцэрэнгийн : ... гэрээс баруун урагш Жанцандорж Буянтогтохыг заамдаад авсан байдалтай бас Буянтогтох, Пүрэврагчаа хоёр хүрз булаацалдаад байж байхаар нь очоод салгатал Жанцандорж Буянтогтохын нүүр рүү нь нэг удаа цохисон чинь Буянтогтох зугтаагаад гүйгээд яваад өгсөн. ... Буянтогтохын зүүн нүдний дээд талд шалбарсан юм шиг харагдаж байсан“ гэх мэдүүлэг /хх-29-31/

- Гэрч Ө.Өнөрсайханы: 21 цагийн үед унтахынхаа өмнө гэрээс гарч бие засахаар гарахдаа өөрсдийнхөө хийж байгаа дулааны шугамын трассны бетоны тагыг баруун хөлөөрөө өшиглөж тээглээд биеийнхээ баруун талаар газарт унасан юм.  Тэгээд гэрээс холгүй бие засчихаад эргээд гэрт ороод орондоо хэвтэж байтал миний цээж орчимд болон баруун талаар хөндүүрлээд мөн хацар зулгарсан, шугамын трасны бетоны тагийг баруун хөлөөрөө өшиглөсний улмаас баруун хөлний эрхий хуруу бас өвдөөд байсан. Тэгээд гэрт Б.Бтой хэвтэж байтал надтай хамт ажиллаж байсан залуу яг тэр үед бие засах гээд гарсан байсан. Наранчулуун нарыг хүмүүс туулгаад байна гээд гэрт орж ирцгээсэн. Тэгээд гэрт, гадаагүй биднийг зодсон. Тухайн асуудал болоход тэр хүүхдүүдийн нэг нь миний  бөгсөн бие рүү 2 удаа өшиглөсөн. Миний биед учирсан хөнгөн гэмтэл нь уг асуудал болохоос өмнө үүссэн байсан гэмтэл юм. Надад учирсан гэмтлийг хэн нэгэн хүн учруулаагүй. Зодоон болсны дараа Б.Бын зүүн хөмсөг орчимд нь язарсан байсан. Буянтогтох ах хэлэхдээ хүрзээр цохьсон гэж хэлж байсан“ гэх мэдүүлэг /хх-50-51/

- Адаацаг сумын эрүүл мэндийн төвийн их эмч С.Лхагвасүрэнгийн үзлэгийн тэмдэглэлд: Ds: толгойн гэмтэл, 2 хөмсөгний хооронд зүсэгдсэн шарх, цаашид гэмтлийн эмчид үзүүлэх” гэжээ /хх-69-70/

- Гэрч С.Лхагвасүрэнгийн: 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 22 цаг 14 минутанд дуудлага аваад 22 цаг минутанд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд үзлэг эхэлсэн. Балдорж овогтой Буянтогтох 53 настай эрэгтэй толгой манарч өвдөнө, хоёр хөмсөгний гол гүнзгий зүсэгдсэн шархтай байсан, өвчтөнд 4 оёдол тавиж анхан шатны тусламж үзүүлсэн. Хүмүүст зодуулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-39-40/

- Яаралтай тусламжийн хуудсанд: Б.Б нь 2018.08.29-ний өдрийн 19 цаг 30 минутад яаралтай тусламжид ирсэн. Хүрзээр цохиулсан гэх. Хэсэг газрын үзлэгээр: 2 нүдний зовхи хавдсан, зүүн нүдний дээд зовхи шархтай, шарханд оёдол тавьсан. Ds: гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт, цээжний битүү гэмтэл гэжээ /хх-72-73/

- Шинжээчийн 2018.08.31-ний өдрийн 180200269 тоот дүгнэлтэд: Б.Бын биед тархи доргилт, зүүн хөмсөгний дотор буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-71/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Э.Ж нь 2018 оны 8 сарын 20-ны өдөр Э.Пүрэврагчаа, У.Сүхцэрэн, Т.Цэрэндорж, Очирпүрэв, Г.Очирваань нартай архидан согтуурч, овооноос бууж явахад нь тааралдсан 17 настай Наранчулууныг “замд хөндөлслөө, томорлоо” гэх шалтаг хэлж, бусдыгаа өдөөн турхирч, Адаацаг суман дахь шугам сүлжээний ажил хийж байсан ажилчид руу дайран довтолж, үл таних Б.Быг нүүрэн тус газарт нь хүрзний ишээр цохиж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,  мөн “Их говийн түлш” ХХК-ийн эзэмшлийн 48-46 УНВ улсын дугаартай Бонго-3 маркийн автомашины хоёр дугуйг хутгаар хатгаж хагалан бусдад 80000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-14-15/, Б.Наранчулуун /хх-49/, Б.Анхбаяр /хх-21/, гэрч Ө.Өнөрсайхан /хх-50-51, У.Сүхцэрэн /хх-27-28/,  иргэний нэхэмжлэгч Д.Баясгалан /хх-133-134/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-71/, яаралтай тусламжийн хуудас /хх-72-73/, эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-53-54/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх баримтууд болон гэрч У.Сүхцэрэн, насанд хүрээгүй гэрч Б.Наранчулуун, гэрч Ө.Өнөрсайхан, гэрч Б.Анхбаяр, яллагдагч Э.Пүрэврагчаа, О.Оргилболд нарын мэдүүлэг /хх-34-36, 41-42, 49, 50-51/ зэрэг баримтыг шинжлэн судалж үзэхэд Э.Ж нь хамт архи уусан Э.Пүрэврагчаа, О.Оргилболд нарыг уриалан дагуулж, ямар ч шалтгаангүйгээр дагуулан, бүлэглэн, бусдыг хэл амаар өдөж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд бага хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн зарим шинжийг агуулсан болох нь тогтоогдож байна.

Гэвч хэргээс үзэхэд Э.Ж, Э.Пүрэврагчаа, О.Оргилболд нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мэдүүлэг авах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болох нь прокурорын тогтоол, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-140-158/

Прокурорын 2019 оны 1 сарын 24-ний 01, 02 дугаар тогтоолоор  яллагдагч Э.Ж, Э.Пүрэврагчаа, О.Оргилболд нарын үйлдэл  Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан “танхайрах” зөрчлийн шинжтэй гэх үндэслэлээр Э.Пүрэврагчаа, О.Оргилболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн үндэслэлээр Э.Жид холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосон  байна. /хх-188-193/  Эдгээр тогтоолд гомдол гаргах эрх бүхий хэн нэгэн оролцогчоос гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Шүүгдэгч Э.Жид холбогдох хэрэгт шалгавал зохих асуудлыг бүгдийг шалгаж тогтоосон, нэмж хийлгэх ажиллагаа байхгүй байна. Мөн хохирогч Б.Б өөрийг нь цохиж гэмтэл учруулсан хүнийг нэрлэж  заагаагүй боловч шүүгдэгч Э.Ж “би цохьсон” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Тодруулбал: шүүгдэгч Э.Жид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөхөөр прокурорт буцаах шаардлагагүй, Э.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Э.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Жийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бын бие махбодид тархи доргилт, зүүн хөмсөгний дотор буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна /хх-71/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Э.Ж хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг болон зайлшгүй зардлыг урьдчилан төлөхийг шүүгдэгч Э.Жоос шаардах эрхтэй байна.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 320000 төгрөг, Улаанбаатар хотын компьютер томографийн зураг авахуулсан зардал – 280000 төгрөг, унааны зардал- 32000 төгрөгийг Э.Жоос нэхэмжилнэ гэж байсан ба одоо Э.Жоос эмчилгээний зардалд 800000 төгрөгийг хүлээж авсан. Э.Жоос эмчилгээний зардалтай холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Харин би Адаацаг суманд “Их говийн түлш” ХХК-тай тохиролцон 10 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажиллаж байсан ба энэ хэргийн улмаас гэрээгээ дуусгаагүй, 5 сая төгрөгийн ажил дутуу хийгдсэн. Энэ ажлын хөлсөө нэхэмжилнэ” гэж мэдүүллээ.  

Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч Б.Б нь бусадтай хамтарч хувираа 10 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Урьдчилгаа 5 сая төгрөг аваад эцэг хүү хоёр 1500000 төгрөгийг аваад үлдсэнийг нь нөгөө 2 хүндээ өгсөн байдаг. Цаашид үргэлжлүүлэн ажилласан бол 1500000 төгрөгөө авах ёстой байсан. Үүнийгээ нэхэмжилнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас болоод дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргалаа.

Хэргээс үзэхэд хохирогч Б.Быг 2018 оны 10 сарын 3-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, /хх-12-13/ хуульд заасан дээрх эрх, үүргийг тайлбарлан өгсөн болох нь тогтоогдож байна.

Хохирогч нь хэдийгээр хуульд зааснаар иргэний нэхэмжлэл гаргах, өөрт учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй боловч уг шаардлагаа нотлох баримтаа гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Хохирогч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн “олох ёстой байсан орлого нэхэмжилсэн” иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б нь шаардлагатай гэж үзвэл хожим шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

Харин “эмчилгээний зардалд 800000 төгрөгийг хүлээн авсан, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн тайлбарыг хүлээн авч, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 Хэргээс үзэхэд “Их говь түлш ХХК”-ийг  иргэний нэхэмжлэгчээр 2018 оны 12 сарын 20-ны өдөр тогтоож, /хх-132/ хуульд заасан дээрх эрх, үүргийг тайлбарлан өгсөн болох нь тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч компанийн захирал “48-46 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн болохоор энэ асуудалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Харин Б.Б, Б.Анхбаяр, Б.Наранчулуун, Ө.Өнөрсайхан нартай 10 сая төгрөгөөр тохиролцож ажил хийлгэхээр болсон. Тэгээд 2018.08.28-ны өдөр энэ хүмүүс бусдад зодуулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажил гүйцэтгэх чадваргүй болсон. Дараа нь өөр компаниар 12800000 төгрөгөөр гэрээ хийж ажлаа дуусгасан. Ажил тасалдуулсаны хохирол гэж 8300000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлжээ. /хх-134/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч компани шүүгдэгч Э.Жтой харилцан тохиролцож, хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, санал гомдолгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх-181/ ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас 3 сая төгрөгийг иргэний нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгч эвлэрсэн гэж мэдүүлсэн болно.  

Иймд шүүгдэгч Э.Жоос гэм хорын төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч “Их говь түлш” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, ямар ч маргаангүйгээр төлж барагдуулсан болох нь дээрх дурьдсан баримтаар байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.       

Шүүгдэгч Э.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлбөргүй болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Б нь өөрийн ажилд зориулж гагнаж бэлтгэсэн гэх “188 см урттай хүрз”-ийг буцааж авах хүсэлттэй гэх тул хохирогчид эгүүлэн олгохоор шийдвэрлэлээ.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Э.Ж нь иргэний нэхэмжлэгч компанийн эзэмшлийн гэх 48-46 УНВ улсын дугаартай Бонго-3 маркийн автомашины хоёр дугуйг хутгаар хатгаж хагалсны улмаас бусдад 80000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул уг үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ж нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдэлдээ хэрэглэсэн “ажлын хэсэг нь 12 см урт,  хүрэн модон даруулгатай, төмөр бариултай, нийт 22 см урт” эвхдэг хутгыг зөрчил шалган шийдвэрлэх материалд хавсаргуулахаар цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Э.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуут овогт Энх-Амгалангийн Жанцандоржид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд Э.Жоор сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч Э.Жид мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Э.Жоос эмчилгээний зардал нэхэмжилсэн хохирогч Б.Бын нэхэмжлэл, гэм хорын төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч “Их говь түлш” ХХК-ын нэхэмжлэлийг иргэний хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Б.Бын олох ёстой байсан орлого 1500000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Э.Жийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Жийн “2018.08.28-ны өдөр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулж, шийдвэрийн хувийг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хураагдаж ирсэн хүрзийг хохирогч Б.Бод эгүүлэн олгож, хутгыг зөрчил шалган шийдвэрлэх материалд хавсаргуулахаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүрзийг хохирогч Б.Бод буцаан өгч, хутгыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, баримтыг Э.Жид холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Б-д даалгасугай.  

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С