Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00189

 

 

Л.Э*******, О.Ц*******, Э.О******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03583 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Э*******, О.Ц*******, Э.О******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х******* ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус цуцлах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг зээлийн гэрээний үүрэгт 94,662,221.73 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 94,674,221.73 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюу-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944725065 дугаар барьцааны гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан.

1.2. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны ЗГ/201944725065 гэрээний нэг сарын эргэн төлөлтийн мөнгөн дүн 2,500,000 төгрөг, харин 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээний нэг сарын эргэн төлөлт 6 сарын хугацаанд нэг сард 5,908,192 төгрөг, үүнээс хойш нэг сарын эргэн төлөлт нь 3,243,000 төгрөг төлөхөөр өөрчилсөн.

1.3. Зээлийн эргэн төлөлт хэт өндөр байгаагаас төлж чадахгүй гэдгээ хэлсэн боловч анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа хойшилж болохгүй учир ямар нэгэн аргаар төлөхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулна гэж хэлсний дагуу нэмэлт гэрээнд эхнэр бид хоёр гарын үсэг зурсан, харин охин Э.О******* хүлээн зөвшөөрөхгүй гэж нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй юм.

1.4. Зээлдэгч нар банкны зээлийг төлөхийн тулд бусдаас авсан өндөр хүүтэй зээл, зээлийн хүү нэхэгдээд санхүүгийн хэцүү байдалд ороод байна. Мөн зээлдэгч Л.Э*******ийн эрүүл мэндийн байдал 2021 оны 10 сараас хойш муудаж, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Хамтран зээлдэгч эхнэр О.Ц******* нь Улаанбаатар хотод 86 настай бие муу байгаа ээж *******г асарч байгаа, мөн хамтран зээлдэгч охин Б.О******* нялх хүүхдээ асарч, асрахын хажуугаар зөвхөн буудлын үйл ажиллагаа явуулж зөвхөн өдөр тутмын хэрэглээгээ хангаж байна. Дээрх байдлаас хөдөлмөр хийх чадваргүй болоод байгаа тул цайны газар, буудал үйл ажиллагаа явуулж ашиг олж чадахгүй нөхцөл байдал үүсч, цаашид банкны эргэн төлөлтийг төлж чадахгүй болсон.

1.5. Дээрх нөхцөл байдлын улмаас зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж чадахгүй, зээлдэгч нарын санхүүгийн чадвар муудаж, өр төлбөрт орсон ба цаашлаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт орох бодит нөхцөл байдал үүсээд байгаа талаар удаа дараа хэлж мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон нэмэлт гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн хариуг өнөөг хүртэл өгөөгүй байна.

1.6. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлдэгч Л.Э******* хамтран үүрэг гүйцэтгэгч Э.О*******, О.Ц******* нар нь Х******* ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлсэн.

2.2. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201944725065-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201944725065-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201944725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201444725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан.

2.3. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Зээлдэгч Л.Э*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.О*******, О.Ц******* нар нь ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлсэн.

3.2. Тус зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944725065 тоот барьцааны гэрээ байгуулж, Хэнтий аймгийн ******* сумын *******, *******ид , тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгө, Хэнтий аймгийн ******* сумын 1 баг, геологичид , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 200 /0.02/ м.кв /га/ худалдаа, үйлчилгээний зориулалттай газар /Э-/-ыг барьцаалсан.

3.3. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201944725065-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201944725065-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201944725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201444725065-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан байна.

3.4. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 15,680,136.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 80,801,098.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,758 төгрөг нийт 96,506,993.06 төгрөг төлж барагдуулсан. Төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

3.5. Иймд зээлдэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 84,319,863.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,329,825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,532.33 төгрөг нийт 94,662,221.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн нотариатын зардалд 12,000 төгрөг шаардаж байгаа ба нийт 94,674,221.73 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч Х******* ХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлголоо. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх боломжтой. Бид үндсэн зээлийн төлбөрт маргахгүй байгаа.

4.2. Харин банк зээлдэгч бидний эрх ашгийг хохироож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэлд өнөөдрийг хүртэл хариу өгөлгүйгээр хохироосон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож төлөхөд татгалзахгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нартай байгуулсан 2019.09.25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар зээлийн гэрээ болон ЗГ/201944725065-03 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус цуцалж, нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нараас зээлийн гэрээний үүрэгт 86 710 290.33 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-нд олгож, хариуцагч Х******* ХК-ийн илүү нэхэмжилсэн 7 951 931.40 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, Э.О*******, Л.Э******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000770 дугаартай, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг, Холбоо геологичид , тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Э*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э- дугаартай, Хэнтий аймаг, ******* сумын 2 дугаар баг, Холбоо геологичид , тоот хаягт байршилтай, 200 /0.2/ м.кв га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг, хариуцагч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 915.61 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 591 501 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-д олгож, хариуцагч Х******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нарт олгож, шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу банк болон зээлдэгч нарын зээлийн гэрээг цуцалсан байх бөгөөд тус хуулийн дагуу зээлийн гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т хариуцагчийг талуудын маргаж буй зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж дурдсан байх боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан тухай огт дурдаагүй бөгөөд талуудын маргаж буй 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаартай зээлийн гэрээ түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусах тухай хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнүүд дээр тодорхой дурдсан.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр зээлийн тооцоолол зогсоно" гэж дурдсан байх боловч үндсэн зээлийн хүү 2,384,057.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,369 төгрөгийг хэрхэн тооцоолж тасалбар болгосон нь тодорхойгүй алдаатай тооцоолол гаргасан байна.

6.4. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасны дагуу гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал буюу банк тогтоох тул банк сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан тул банк сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан огноогоор хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

6.5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж 7,951,931.40 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Э*******, О.Ц*******, Э.О******* нар нь Х******* ХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944725065 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944725065-03 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан байх ба хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 94,662,221,73 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

3.1. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944725065 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Х******* ХК нь 100,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.

 3.2. Талууд зээлийн гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээгээр үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хуримтлагдсан хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу нөхөн төлөхөөр болжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдалд нийцнэ. 

 

4. Зээлдүүлэгчийг гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болон зээлийн төлбөрийн үлдэгдэл, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн асуудлаар талууд маргаагүй, гэрээг хэдийнээс цуцлагдсан гэж үзэх асуудлаар маргажээ.

 5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгч Х******* ХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч нар үндсэн зээлийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч зээлийн хүү 7,951,931.40 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой.

 5.1. Талуудын байгуулсан гэрээний агуулга, талуудын харилцан хүлээх үүргээс үзвэл урт хугацаанд дахин давтагдах байнгын шинжтэй урт хугацааны харилцаа үүссэн байх ба уг гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал хугацааны өмнө цуцлаж болно. Нэхэмжлэгч нар нь эрүүл мэнд болон бусад хувийн шалтгааны улмаас санхүүгийн чадваргүй болсон үндэслэлээр дээрх гэрээг хугацааны өмнө цуцлах санал гаргасан ба хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсанд тооцно.

 5.2. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй тул хариуцагч нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч нар нь гэрээ цуцлагдсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 84,319,863.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,329,825.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,532.33 төгрөг нийт 94,662,221.73 төгрөг төлөх болох нь зээлийн дансны хуулга болон хүү тооцооллын баримтаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нар төлөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нараас зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,951,931 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Анхан шатны шүүх нотариатын зардал 12,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсныг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, Э.О*******, Л.Э******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000770 дугаартай, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг, Холбоо геологичид , тоот хаягт байршилтай, 288 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, Хэнтий аймаг, ******* сумын 2 дугаар баг, Холбоо геологичид , тоот хаягт байршилтай, 200 /0.2/ м.кв га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалжээ.

 Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар маргаагүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 гэж, 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж, 86,710,290.33 төгрөг гэснийг 94,674,221 төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 591,501 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-д олгож гэснийг нэхэмжлэгч Л.Э*******, Э.О*******, О.Ц******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 701,521 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-д олгож гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,181 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

Т.ГАНДИЙМАА