Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 68

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням

Иргэний нэхэмжлэгч Б.Золзаяа

Гэрч И.Сарантуяа

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1821002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 12 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорнод аймгийн, ам бүл, хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын баг оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар  шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 1 сар 29 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл гэх, ЖЭ регистрийн дугаартай, У овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр амйгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Дамдинсүрэнгийн төрсөн ах Ч.Дамдиндорж, төрсөн дүү Ч.Батчадраа нарт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгож, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд энэ хэрэгт яагаад яллагдагчаар татагдаж, шүүхийн өмнө шүүгдэгчээр зогсож гэм буруутай гэж үзэж байгаа талаар маш их гайхаж байна. Тухайн үеийн нөхцөл байдал шүлхийтэй байсан. 9 дүгээр сард Дамдинсүрэн төлөөлөгчийн ирсэн бичиг байдаг. Тэр бичгийг тухайн үед цохоод үржлийн албанд үүрэг, чиглэл өгсөн, энийг судлаад эргээд хариу өг гэж хэлсэн. Хариугаа нэхэхэд шүлхийтэй байгаа учир түр хойшлуулах зүйтэй байсан гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 26-нд шүлхий өвчний хорио цээр дэглэм тавигдсан. Үхэр өөрөө маш мэдрэмтгий шүлхийн өвчлөлөөр хамгийн түрүүнд хүрдэг амьтан. Энэ жилийн төлөвлөгөөт ажил жилдээ багтааж дуусах ёстой тэр үед цас ороогүй байсан учир тээвэрлэх, зөөхөд асуудал байхгүй. Эрүүл бүсээс эрүүл бүс рүү өгье. Өмнө ямар ямар сумдуудад өгч байсан юм бэ? Гурванзагалаас ийм бичиг ирсэн байна. Яагаад өгч байгаагүй юм. Тэгвэл энэ удаад бүх сумдад эрх тэгш хандаж Гурванзагал  суманд өгөх нь зүйтэй. Нэгэнт санал хүсэлт ирсэн, бусад суманд нь яагаад ирүүлээгүй юм бэ? гэж асуухад ихэнх сумдуудаар шүлхий гарсан, дандаа голомттой, Халхгол, Булган, Матад голын урдах бүгд голомттой байсан. Хойд сумдад бас тухайн үед шүлхий гарсан байсан. Эрүүл бүсээс эрүүл бүс рүү өгье. Бүгдэд нь адил өгье гэж бодож дэмжиж чиглэл өгсөн. Тэрнээс би яг энийг өг гэж гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би байхгүй. Миний бие дааж гаргасан шийдвэр биш байтал энэ хэргийг над руу чиглүүлж явуулж байгаад би гомдолтой байна. Анх яагаад гомдол гарсан юм бэ? Би Гурванзагал сумын хоёр иргэнд өгч байгааг Сарантуяатай адил тухайн үед төрсөн ах дүү гэдгийг мэдээгүй байсан. Тухайн сумын холбогдох албан тушаалтангууд өөрсдөө гэрээ байгуулж, төрсөн ах дүү нарт өгч байгааг мэдсээр байж өгөөд, сүүлд ашиг сонирхлын хуулийн дагуу болохгүйн байна гээд эргүүлээд манайх руу өгсөн байдаг. Ийм процесс яваад дуусаж байхад, анх гомдол гаргаж, ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдгийг илрүүлсэн иргэн Батмөнхийн өргөдөл хэрэгт байхгүй. Энийг хавтаст хэргээс сугалаад авчихсан. Батмөнх анх гаргасан өргөдлөө өөрөө надад авчирч өгсөн материал нь байна. Авлигатай тэмцэх газраас хариу өгсөн тоот хүртэл нь байна. Би шүүх хуралдаанд оролцуулах саналтай байсан боловч Батмөнхийн охин сэтгэцийн өвчтэй, эмчлүүлэх шаардлага гараад Улаанбаатар хот явахаас өөр аргагүй болоод явсан. Энэ материалаа боломжтой бол та шүүхэд өгөөрэй шүүх хүлээж авах байлгүй дээ гээд үлдээгээд явсан. Албан ёсны эх баримт нь хүртэл байна. Надад хамааруулаад, миний гаргасан шийдвэр биш, миний гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарсан юм байхгүй, зөвхөн тэр ажлын хэсэг хуралдаад шийдсэн асуудал, зөвхөн сум сонгоод явуулсан асуудлыг нутагтаа очоод завхруулсан хүмүүс нь байсаар байтал над руу чиглүүлж намайг яллагдагчаар татсанд маш их гайхаж байна. Өөр тайлбар алга гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн үед төсөл сонгон шалгаруулаагүй. Авлигатай тэмцэх газраас дуудахад мэдсэн. Гурванзагал сум өөрсдөө үхрээ буцаая гэсэн санал гаргаад буцаасан. Дараа нь манайд ирээд сонгон шалгаруулалтын дагуу Хэрлэн суманд 16 үхрээ өгсөн. Одоогоор бол нэхэмжлэх зүйл байхгүй. Үхрийн эзэмшигч нь солигдоод явдаг болохоос данс бүртгэл нь манайд бүртгэлтэй явдаг гэв.

Гэрч И.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оноос эхлээд сүүний төрлийн аж ахуй нэгж байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Жил бүр эргэн төлөлтийг нь аваад, малчдыг сонгон шалгаруулж суманд нь эрхийг шилжүүлж, сум нь малчдаа сонгоод манай газраас өөрсдийнхөө зардлаар ирж авдаг. Тэгээд 3-5 жилийн дараа буцаагаад тухайн тамгын газартаа хүлээлгэж өгдөг. Тухайн сум 2 малчин сонгон шалгаруулаад сумаас манайх руу нэрийг ирүүлээд 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хөдөө аж ахуйн хэсэг дээрээс ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн гэв.

Гэрч И.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны төсөл сонгон шалгаруулахаар манай албаны даргаар ажиллаж байсан Д.Наранхүү нь газрын дарга Б дээр орж танилцуулахад шүлхий өвчинтэй байгаа хойшлуулъя гэсэн. 2017 оны 12 дугаар сард шүлхий өвчний хорио цээр дуусахад Б дарга оны өмнө багтаагаад өг, хаанаас санал ирсэн юм гэхээр нь Гурванзагал сумаас санал ирсэн гэдгийн хэлсэн. Энэ нь Гурванзагал сумаас аймгийн Иргэдийн хуралд сонгогдсон Ч.Дамдинсүрэнгээс ирүүлсэн албан бичиг байсан. Энэ албан бичигт дарга цохолт хийгээд ирсэн саналд нь Гурванзагал суманд нь өг гэсний дагуу ажлын хэсэг байгуулагдаад журмынх нь дагуу сумыг сонгож ажилласан. Харин яагаад энэ хоёр хүн ирээд авсан гэдгийг мэдэхгүй байна. Дарга бол малаа цуглуул гэсэн үүргийг амаар өгсөн тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр малыг сумдаас цуглуулж мөн энэ 2 хүнд малыг нь өг гэж амаар үүрэг өгсөн тул Наранхүү дарга бид 2 Гурванзагал сумаас иргэн Ч.Дамдиндорж, Д.Батчадраа нарт малыг ачуулах ажлыг зохион байгуулсан. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б дарга тухайн өдөртөө малыг хамт ачилцсан. Би аймгийн төвд байгаа 8 үхрийг ачуулсан бөгөөд Наранхүү дарга Чойбалсан суманд байсан 8 үрхийг нэг малчинд нь ачуулж өгсөн. Малыг хүлээлгэж өгөхдөө жагсаалт гаргаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж байхдаа иргэний үнэмлэхийг нь хуулбарлаад хавсаргасан. Гэтэл овог нь адилхан байхаар нь тэр өдөртөө газрын дарга Б.Б-д нэг овогтой юм байна шүү дээ гээд танилцуулахад одоо малаа хонуулаад явах вээ тэр чигээр нь ачуулъя гээд явуулсан. Ийм л асуудал болсон. Энэ нь журмаараа бол манай газар төсөл сонгон шалгаруулах ёстой гэдгийг би мэднэ. Энэ талаараа ч газрын даргыг түр орлон үүрэг гүйцэтгэгч Б.Б-д танилцуулсан боловч даргын өгсөн үүргийн дагуу төсөл сонгон шалгаруулахгүйгээр ирсэн 2 хүнд нь өгсөн. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б энэ 2 хүний нэрийг өгсөн. Дарга өөрөө тухайн сумаас төсөл ирсэн гээд 2 хүний нэр нь байна гэж хэлсэн шүү дээ. Тэрнээс манай газарт ямар ч төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. ... Би Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарыг мэдэхгүй. Би эдгээр хүмүүс хоорондоо төрсөн ах, дүү нар гэдгийг нь мэдэхгүй. Би Дамдинсүрэнг нь аймгийн Политехникийн сургуульд мэдээлэл хариуцсан ажилтан байсан гэдгээр нь мэднэ. Бусад хүмүүсийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч Д.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ихэнх суманд малын шүлхий өвчин гарсан тул Гурванзагал сумаас санал ирсэн байсан. Ингээд ажлын хэсгийн хурал дээр Гурванзагал сумыг сонгосон. Өмнө нь төсөл сонгон шалгаруулалт явагддаг байсан ч 2017 онд сонгон шалгаруулалт явагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Д.Наранхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байхад манай газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь энэ хоёр хүнд өгсөн гэсэн үүргийг амаар өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үхэрнүүдийг цуглуулаад өдөртөө Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарт өгсөн. Журмаараа бол Чойбалсан, Хэрлэн, Булган, Баянтүмэн сумдаас үхэрнүүдийг татсан бөгөөд энэ 4 сумынхаа аль нэг суманд хэрэгжүүлэх ёстой байсан. Би тухайн үед ингэж болохгүй ээ, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой, сайн үнэлэгдсэн төсөлд үхэр өгөх ёстой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Ч.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би энэ талаар  аймгийн Хөдөө аж ахуйн газарт төслийг Гурванзагал суманд хэрэгжүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтийг албан бичгээр 2017 оны 09 дүгээр сард хүргүүлсэн. Б.Б Гурванзагал суманд төсөл хэрэгжээгүй юм байна, бололцоотой гэсэн. Одоо шүлхий гарсан хорио цээртэй байгаа учраас боломжгүй гэсэн хариу амаар өгсөн. ... 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Б даргатай аймгийн шуурхай хурал дээр уулзахдаа албан тоотын хариу юу болсон, хорио цээр тавигдсан биз дээ гэхэд Б дарга хорио цээр тавигдсан гэсэн. Ингээд удаагүй Б дарга над руу яриад хүнээ явуулаад малаа ав гэхээр нь би өөрийн төрсөн ах Ч.Дамдиндорж, төрсөн дүү Ч.Батчадраа хоёрыг утсаар дуудаж, мал ав гээд тус бүр 8 толгой малыг манай ах, дүү хоёрт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

-Ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаал /хх-ийн 35/

-Үхэр хүлээлгэн өгсөн комиссын акт /хх-ийн 36-37/

-Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны А/16 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх-ийн 38-39/

-Хээлтүүлэгч үхэр олгох гэрээ /хх-ийн 40-45,47/

-Гурванзагал сумын Засаг даргаас Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-д ирүүлсэн албан тоот /хх-ийн 50/

-Мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхэр үржүүлэхэд мөрдөх журам /хх-ийн 33-34/

- Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/58 тоот эрх шилжүүлэх тухай захирамж, захирамжийн хавсралт /хх-ийн 31-32/,

-Мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхэр үржүүлэхэд мөрдөх журам /хх-ийн 33/

-Хүнс хөдөө аж ахуйн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 73/

-Дансны хуулга, холбогдох баримтууд  /хх-ийн 80-97/

-Гомдол гаргагч Батмөнхтэй уулзсан тэмдэглэл / хх-ийн / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийн сонгон шалгаруулалтыг явуулахгүй Гурванзагал суманд уг төслийг өгүүлэхээр ажлын хэсгийг хуралдуулж Гурванзагал сумыг сонгох шийдвэр гаргуулж, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүйг мэдсээр байж уг ажлын хэсгээс гаргасан шийдвэрийг /хурлын тэмдэглэл/ үндэслэж Гурванзагал суманд төслийн үхрийг өгүүлэх шийдвэр гарган 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Гурванзагал сумын харьяат Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт 6500000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б-ы гэрчээр өгсөн: “...Би энэ журам зэргийг уншаагүй, миний буруугаас болоод төсөл сонгон шалгаруулалтгүй иргэнд мал олгогдсон байна. Би хариуцлагаа хүлээхэд болон байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, мөн яллагдагчаар өгсөн: “...Өмнө нь мэдүүлэг өгчихсөн учраас одоо мэдүүлэх зүйл байхгүй. Би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Тухайн 16 тооны малыг иргэдийн хүсэлтээр буцаан аваад төсөл сонгон шалгаруулалтаар малыг 4 сумдад тараагаад өгчихсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/, гэрч С.Галбадрахын өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр санагдаж байна. Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас Мах, Сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч хүлээлгэн өгсөн комиссын акт 2 хуудас, Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарт үхэр хүлээлгэн өгсөн Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсгийн актын хамт Мал эмнэлэг, үржлийн тасаг дээр ирсэн байсан. Ингээд гэрээ, эргэн төлөгдөх хуваарийг мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч Батбүргэд хийж, би Засаг даргын тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулсан. Тухайн иргэдийг дуудаж авчраад гарын үсэг зуруулсан. Манай суман дээр ямар ч төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, хөдөө аж ахуйн газар дээрээс ч төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байхад иргэн Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарт тус бүр 8 тооны нийт 16 үхэр хүлээлгэж өгсөн байсан. Нэгэнт Хөдөө аж ахуйн газраас өгчихсөн юм чинь гээд гэрээ байгуулаад ажиллаж байхад энэ асуудлаар гомдол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч И.Сарантуяагийн өгсөн: “...2017 оны төсөл сонгон шалгаруулахаар манай албаны даргаар ажиллаж байсан Д.Наранхүү нь газрын дарга Б дээр орж танилцуулахад шүлхий өвчинтэй байгаа хойшлуулъя гэсэн. 2017 оны 12 дугаар сард шүлхий өвчний хорио цээр дуусахад Б дарга оны өмнө багтаагаад өг, хаанаас санал ирсэн юм гэхээр нь Гурванзагал сумаас санал ирсэн гэдгийн хэлсэн. Энэ нь Гурванзагал сумаас аймгийн Иргэдийн хуралд сонгогдсон Ч.Дамдинсүрэнгээс ирүүлсэн албан бичиг байсан.  Энэ албан бичигт дарга цохолт хийгээд ирсэн саналд нь Гурванзагал суманд нь өг гэсний дагуу ажлын хэсэг байгуулагдаад журмынх нь дагуу сумыг сонгож ажилласан. Харин яагаад энэ хоёр хүн ирээд авсан гэдгийг мэдэхгүй байна. Дарга бол малаа цуглуул гэсэн үүргийг амаар өгсөн тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр малыг сумдаас цуглуулж мөн энэ 2 хүнд малыг нь өг гэж амаар үүрэг өгсөн тул Наранхүү дарга бид 2 Гурванзагал сумаас иргэн Ч.Дамдиндорж, Д.Батчадраа нарт малыг ачуулах ажлыг зохион байгуулсан. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б дарга тухайн өдөртөө малыг хамт ачилцсан. Би аймгийн төвд байгаа 8 үхрийг ачуулсан бөгөөд Наранхүү дарга Чойбалсан суманд байсан 8 үрхийг нэг малчинд нь ачуулж өгсөн. Малыг хүлээлгэж өгөхдөө жагсаалт гаргаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж байхдаа иргэний үнэмлэхийг нь хуулбарлаад хавсаргасан. Гэтэл овог нь адилхан байхаар нь тэр өдөртөө газрын дарга Б.Б-д нэг овогтой юм байна шүү дээ гээд танилцуулахад одоо малаа хонуулаад явах вээ тэр чигээр нь ачуулъя гээд явуулсан. Ийм л асуудал болсон. Энэ нь журмаараа бол манай газар төсөл сонгон шалгаруулах ёстой гэдгийг би мэднэ. Энэ талаараа ч газрын даргыг түр үүрэг гүйцэтгэгч Б.Б-д танилцуулсан боловч даргын өгсөн үүргийн дагуу төсөл сонгон шалгаруулахгүйгээр ирсэн 2 хүнд нь өгсөн. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б энэ 2 хүний нэрийг өгсөн. ...Тэрнээс манай газарт ямар ч төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. ... Би Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Д.Мөнхбаярын өгсөн: “...ихэнх суманд малын шүлхий өвчин гарсан тул Гурванзагал сумаас санал ирсэн байсан. Ингээд ажлын хэсгийн хурал дээр Гурванзагал сумыг сонгосон. Өмнө нь төсөл сонгон шалгаруулалт явагддаг байсан ч 2017 онд сонгон шалгаруулалт явагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч Д.Наранхүүгийн өгсөн: “...төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байхад манай газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь энэ хоёр хүнд өгсөн гэсэн үүргийг амаар өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үхэрнүүдийг цуглуулаад өдөртөө Ч.Батчадраа, Ч.Дамдиндорж нарт өгсөн. Журмаараа бол Чойбалсан, Хэрлэн, Булган, Баянтүмэн сумдаас үхэрнүүдийг татсан бөгөөд энэ 4 сумынхаа аль нэг суманд хэрэгжүүлэх ёстой байсан. Би тухайн үед ингэж болохгүй ээ, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой, сайн үнэлэгдсэн төсөлд үхэр өгөх ёстой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Ч.Дамдинсүрэнгийн өгсөн: “...би энэ талаар  аймгийн Хөдөө аж ахуйн газарт төслийг Гурванзагал суманд хэрэгжүүлж өгөөч ээ? гэсэн хүсэлтийг албан бичгээр 2017 оны 09 дүгээр сард хүргүүлсэн. Б.Б Гурванзагал суманд төсөл хэрэгжээгүй юм байна, бололцоотой гэсэн. Одоо шүлхий гарсан хорио цээртэй байгаа учраас боломжгүй гэсэн хариу амаар өгсөн. ... 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Б даргатай аймгийн шуурхай хурал дээр уулзахдаа албан тоотын хариу юу болсон, хорио цээр тавигдсан биз дээ гэхэд Б дарга хорио цээр тавигдсан гэсэн. Ингээд удаагүй Б дарга над руу яриад хүнээ явуулаад малаа ав гэхээр нь би өөрхийн төрсөн ах Ч.Дамдиндорж, төрсөн дүү Ч.Батчадраа хоёрыг утсаар дуудаж, мал ав гээд тус бүр 8 тооны малыг манай ах, дүү хоёрт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ болон Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/58 тоот эрх шилжүүлэх тухай захирамж, захирамжийн хавсралт /хх-ийн 31-32/, мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхэр үржүүлэхэд мөрдөх журам /хх-ийн 33/, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаал /хх-ийн 35/, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч үхэр  хүлээлгэн өгсөн комиссын акт /хх-ийн 36-37/, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны А/16 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх-ийн 38-39/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 169-170/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Албан тушаалын буюу авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Б нь эрх бүхий албан тушаалтуудаас төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр зөвхөн Гурванзагал суманд өгч болохгүй гэдгийг танилцуулсаар байхад /урьд нь Хүнс, Хөдөө аж ахуйн газарт төсөл сонгон шалгаруулалт хэвийн явагдаж байсан/ тушаал гарган ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийг хуралдуулж, уг ажлын гишүүдэд нөлөөлж, улмаар  Гурванзагал сумыг сонгох шийдвэр гаргуулсан /хурлын тэмдэглэл/, улмаар төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйг мэдсээр байж Гурванзагал суманд хүлээлгэн өгөх шийдвэрийг гарган /2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал/, энэ шийдвэрийн дагуу ажлын хэсэгт орсон гишүүдээс акт үйлдэж, Гурван загал сумын харьяат Ч.Дамдиндорж, Д.Батчадраа  нарт 16 толгой үхрийг /6500000 төгрөг үнэ бүхий/ хүлээлгэн өгснөөс гадна хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих бусад сумдын иргэд, байгууллагын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүний дээрх үйлдэл эрх мэдэл, албан тушаалын буюу авлигын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Прокурорын яллах дүгнэлтэд ...төслийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг ...гэж тусгасан байх боловч Хэрлэн сумын үнэлгээний комисс тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр 16 толгой үхрийн үнэлгээг 6500000 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ үнэлгээгээр 6500000 төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд  дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч У овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-ы ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР