Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1457

 

 

“ХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 26.856.428 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.720.303 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х, ХХХХ, ХХХ, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч: "ХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани "ХХХХХ" ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү судалгааны гэрээний гол нөхцөл нь гэрээнд заасан хугацаанд захиалагчийн санал болгосон 7 категорийн зах зээлийн нөхцөл байдлыг судалж, зөвлөмж, дүгнэлт гаргуулах, дараа оны бизнес төлөвлөгөөг батлахад ашиглах зорилготой байсан. Тус гэрээний дагуу "ХХХХХ" ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 40 хоногийн дотор буюу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх байсан. Тэдний зүгээс судалгааг гэрээний хугацаандаа амжихгүй болсон тул хугацааг сунгах санал тавьсны дагуу харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт гэрээгээр талууд судалгааны ажлын үр дүнг эцсийн байдлаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлцэхээр тохиролцсон. Гэвч дээрх хугацаанд тайлангаа дуусаагүй бөгөөд хүлээлгэж өгөхгүй байсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тайлангийн урьдчилсан явцын талаар танилцахад хүсэлт шаардлагын дагуу бүрэн мэдээлэл агуулаагүй, мэдээллийн хамрах хүрээ дутуу, тоо томъёолол буруу, тооцоолсон судалгааг дутуу авсан, буруу шивсэн, судалгааны үндсэн шаардлага буюу аргачлалын дагуу судалгааг аваагүй, тайлан дүгнэлт нь баримтгүй, мэдээлэл хоорондын уялдаа холбоог тодорхойлоогүй, хугацаа хэтэрч бид дараа оны бизнес төлөвлөгөөг батлах үе шатуудад ашиглах хэрэгцээ байхгүй болсон, гүйцэтгэл нь гэрээгээр тавигдсан шаардлагад нийцээгүй хангалтгүй зэргийг үндэслэн нэг талын санаачлагаар энэхүү гэрээний 3.7-д заасны дагуу манай тал гэрээг цуцалсан болно. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17.429.808 төгрөг, судалгааны ажил гүйцэтгэх гэрээний 3.7 болон 5.4-т заасны дагуу торгууль 3.195.464 төгрөг, 5.1-т заасны дагуу алданги 6.231.156 төгрөг, нийт 26.856.428 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч "ХХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч ХХХХХХХ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Таван богд интернэшнл" ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/53 тоот судалгааны ажил гүйцэтгэх гэрээ болон тус гэрээнд 2 удаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хамтран ажилласан. Гэтэл "ХХ" ХХК-ийн зүгээс дээрх гэрээний дагуу бидний хийсэн судалгааны ажлыг хугацаа хэтэрч ашиглах хэрэгцээ байхгүй болсон, хүсэл шаардлагын дагуу бүрэн мэдээлэл агуулаагүй, мэдээллийн хамрах хүрээ дутуу, тoo томъёолол буруу, судалгааг дутуу авсан, буруу шивсэн, судалгааны үндсэн шаардлага буюу аргачлалын дагуу судалгааг аваагүй, тайлан дүгнэлт нь баримтгүй, мэдээлэл хоорондын уялдаа холбоог тодорхойлж гаргаагүй, гүйцэтгэл нь гэрээгээр тавигдсан шаардлагад нийцээгүй, хангалтгүй гэсэн үндэслэлүүдээр үгүйсгэсэн.

Бид энэхүү ажлыг "ХХ" ХХК-иас өгсөн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №1-т тусгагдсан "хэрэгцээт мэдээллийн жагсаалт"-ын дагуу судалгааны ажлын эхний үе шат болох асуулга анкетуудыг судалгааны онол арга зүйн дагуу мэргэжлийн хүрээнд боловсруулан "ХХ" ХХК-ийн судалгаа, төлөвлөлтийн менежер Х-т танилцуулахад тэрээр зөвхөн өөрийнхөө, судалгааны талаарх явцуу мэдлэг ойлголтын хүрээнд хандаж, асуулга анкетыг олон дахин засварлаж, хугацаа алдагдуулж байснаас судалгааны ажлын эхний үе шат болох судалгааны асуулга анкет бэлэн болох хугацааг ажлын 15 хоногоор алдагдуулсан. Бид дээрх хоногийн алдагдлын улмаас судалгааны ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжгүй болсноо "ХХ" ХХК-д мэдэгдсний дагуу хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сунган ажилласан. Гэвч манай зүгээс боловсруулсан асуулга анкетыг удаа дараа засварлаж өөрчилснөөс болж тэдний хүсэлтийн дагуу боловсруулсан анкетуудаар 5 000 гаруй хэрэглэгчдээс судалгааг авсны дараа, судалгааны үр дүнг нэгтгэн гаргах зорилгоор ашигладаг SPSS программд мэдээллийг кодлож оруулах процесс нь хүндрэлтэй аргаар буюу нэг бүрчлэн гараар шивж оруулах болсонтой холбогдуулан тайлан бэлтгэх хугацаа алдагдаж эхэлсэн тул энэ талаар Х-т хандаж, харилцан санал солилцсоны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 дахь удаагаа гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулан хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунган ажилласан. 2014 оны 11 дүгээр сарын 06-16-ны өдрийн хооронд судалгааны ажлын тайлангуудыг үе шаттайгаар Х-ийн хүсэлтээр и-мэйлээр явуулж, танилцуулсан.

Манай хийсэн судалгааны ажил нь зөвхөн тайлан төдийхөн зүйл биш бөгөөд "ХХ" ХХК-ийн үйл ажиллагаанд олон талын ач холбогдол бүхий судалгааны мэдээллийн сан бүрдүүлж тус байгууллагын маркетингийн бүхий л үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломжтой судалгааны ажил болсон юм. Судалгаанд ашиглах зорилгоор цуглуулсан анхдагч болон хоёрдогч бүх мэдээллийг эх хувиар нь "ХХ" ХХК нь хүлээж авсан учраас өмнө нь ч, цаашдаа ч ашиглах боломжтой үнэ цэнэтэй судалгаа баримт бичиг болсон. Энэхүү судалгааны ажлыг "ХХ" ХХК-ийн зөвхөн 2015 оны бизнес төлөвлөгөөнд ашиглах зорилгоор гүйцэтгээгүй. Бид судалгааны ажлыг захиалагчийн зүгээс батлан өгсөн ажил гүйцэтгэх гэрээний хавсралтын №1 дэх "хэрэгцээт мэдээллийн жагсаалт"-ын дагуу зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн судалгаа, харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа зэргийг иж бүрнээр нь хийж гүйцэтгэсэн учраас бүрэн мэдээлэл агуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Мэдээллийн хамрах хүрээ дутуу гэдгийг хэт өрөөсгөл ойлголт хэмээн үзэж байна. Учир нь судалгааны онол, арга зүйн хувьд зах зээлийн судалгаанд 3-5 жилийн тайлан мэдээллийг ашиглах нь хамгийн үр дүнтэй, бодит судалгаа болдог. Бид энэхүү гэрээт ажлын судалгааг 2011-2014 оны тоон мэдээллийг ашиглан гүйцэтгэсэн. Мөн хэрэглэгчийн судалгааны мэдээллийг 5000 гаруй хэрэглэгчээс авч бүрдүүлсэн бөгөөд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №1 дэх "хэрэгцээт мэдээллийн жагсаалт"-ын дагуу явагдсан. Судалгаанд олон төрлийн томъёолол ашигласан. Нийт 7 бүтээгдэхүүний зах зээлийн болон хэрэглэгчийн судалгаа хийсэн. Энэхүү хийсэн ажлууд дотроос 2 бүтээгдэхүүний /хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл/ зах зээлийн судалгааны хэсэгт "зах зээлийн багтаамж"-ийг тооцох томъёололд алдаа гаргасан байсныг бид 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон танилцуулга дээр олж харсан бөгөөд улмаар үүнийгээ засаж, тоо томъёоллын буруу тооцоололгүй болгож 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч тайланг эцсийн байдлаар хүлээлгэж өгөхөөс өмнө гаргасан алдаагаа засаж өгсөөр байтал тус ажлыг хүлээж авахдаа Х нь алдаатай хэмээн дүгнэсэн. Долоон бүтээгдэхүүний хэрэглэгчийн судалгааг бид нийт 5000 гаруй хэрэглэгчдээс авсан. Манай судлаач хэрэглэгчдээс зөвхөн үнэн бодит мэдээлэл авах үүрэгтэйгээс гадна судалгаанд оролцогч өөрөө хариулахаас татгалзсан бол асуултын хариуг заавал нэхэн авах эрхгүй. Судалгааны үр дүнг гаргахдаа нийт судалгааг авсан хэрэглэгчдийн тооноос бус зөвхөн хариулсан хариултын тооноос нь үр дүнг тооцож судалгааны бодит үр дүнг гаргадаг. Мөн батлагдсан асуулга анкетад хэрвээ оролцогч "үгүй" гэсэн хариултыг сонгосон бол дараагийн асуултуудад хариулахгүй байх эрхтэй байхаар хийгдсэн. Тиймээс судалгаанд оролцогч асуулга анкетын бүх асуултад хариулах боломжтой юм. Судалгааг оролцогчоор бөглүүлэх болон судлаач өөрөө асуултаа асууж хариулт авах гэсэн аргачлалаар мэдээллийг цуглуулсан. Энэ нь маркетингийн судалгаанд ашигладаг голлох аргачлал учраас бид энэхүү аргачлалыг судалгаандаа ашигласан. Судалгааны үр дүнгийн тайлан дүгнэлтийг боловсруулахдаа холбогдох баримтыг ашиглаж гаргасан болно. Судалгааны үр дүнг боловсруулж тайлан бэлтгэхдээ захиалагч талын саналыг оруулсан бөгөөд бүхий л мэдээллүүд хоорондоо уялдаа холбоотой юм. Бидний зүгээс гэрээний 4.1-т заасны дагуу тус ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөөр байхад 02/53 тоот судалгааны ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т заасан "гүйцэтгэгч нь захиалагчаас өгсөн ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр хийсэн тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгч талтай харилцан тохиролцож хохирлын хэмжээг тодорхой болгож дүгнэлт гаргасны үндсэн дээр зөвхөн дүгнэлтэд заасан ажлыг үнэ төлбөргүйгээр дахин гүйцэтгэхийг шаардах эрхтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр гэрээг дангаар цуцалсан. Иймд "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч "ХХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Манай компани 2014 оны 11 дүгээр сарын 06-16-ны өдрийн хооронд гэрээнд заасан ажлын тайлангаа тус ажлыг хариуцан ажиллаж байсан "ХХ" ХХК-ийн судалгаа, төлөвлөлтийн мэргэжилтэн Х-т хүлээлгэн өгч танилцуулсан. Ингээд эцсийн байдлаар 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр судалгааны ажилд ашигласан бүхий л эх файл, материалуудыг хүлээлгэн өгсөн. Бидний зүгээс гэрээнд заасан ажлыг холбогдох онол, стандарт, шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн. Бид гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эцсийн байдлаар "ХХ" ХХК ажлыг хүлээн авсан. Манай компанийн зүгээс гэрээт ажилтай холбогдуулан удаа дараа албаны и-мэйлээр болон "ХХ" ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан судалгаа төлөвлөлтийн менежер Х-тэй байнгын харилцаа холбоотой ажилласан. Иймд "ХХ" ХХК-иас дутуу шилжүүлсэн 742.980 төгрөг, үлдэгдэл төлбөр 12.781.859 төгрөг, торгууль 3.195.464 төгрөг, нийт 17.720.303 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Судалгааны ажлыг эцсийн байдлаар 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эх файл болон материалуудыг хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. "ХХХХХ" ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгөөгүй нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд "ХХХХХ" ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, Гэрээнд заасны дагуу албан ёсоор ажил хүлээлцээгүй. "ХХХХХ" ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд тайлангаа дуусаагүй бөгөөд хүлээлгэж өгөхгүй байсан ба 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тайлангийн урьдчилсан явцын талаар танилцахад хүсэлт шаардлагын дагуу бүрэн мэдээлэл агуулаагүй, мэдээллийн хамрах хүрээ дутуу, тоот томъёолол буруу тооцоолсон, судалгааг дутуу авсан, буруу шивсэн, судалгааны үндсэн шаардлага буюу аргачлалын дагуу судалгааг аваагүй, тайлан дүгнэлт нь баримтгүй, мэдээлэл хоорондын уялдаа холбоог тодорхойлж гаргаагүй, гүйцэтгэл нь гэрээгээр тавигдсан шаардлагад нийцээгүй, хангалтгүй зэрэг байснаас үүдэн гэрээг цуцалсан. Гэрээний 3.7 болон 4.6-т заасны дагуу "ХХХХХ" ХХК нь ажлын 3 хоногийн дотор урьдчилан шилжүүлсэн төлбөр болон торгуулийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс энэхүү үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн. "ХХХХХ" ХХК-ийн зүгээс албан ёсоор судалгааны ажлын тайланг одоо хүртэл хүлээлгэн өгөөгүй, албан ёсоор ажил хүлээлцээгүй. Иймд "ХХХХХ" ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХ” ХХК-иас 2.556.360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24.300.068 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас 4.938.445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.195.463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ” ХХК-иас 55.851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 246.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 93.965 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас 1.407.500 төгрөг, хариуцагч ХХХ” ХХК-иас 1.407.500 төгрөгийг тус тус гаргуулж, Удирдлагын академид 540.000 төгрөг, ХХХ-д 2.275.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь судалгааны ажлыг хүлээн аваагүй, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танилцсан, хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 16-ны хооронд хүлээн авсан гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан, түүнтэй холбоотой баримтуудыг хүлээн авсан болох нь судалгааны ажлын мэдээллийн сангийн эх файлыг хүлээн авсан гэж шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д "Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх" үүрэгтэйг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэнгүй. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой болохыг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсоор байтал шүүх эдгээр баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ тухай нэхэмжлэгч тал 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 02/325 тоотоор хүргүүлсэн хариу тайлбартаа яагаад хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой болох талаар дэлгэрэнгүй дурдсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж заасан. Энэ дагуу ямар нэгэн доголдолгүй үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч хариуцагчид төлбөрийг шилжүүлэх байсан боловч доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлээгүй. Үр дүн гараагүй, ажлын гүйцэтгэл доголдолтой байсан нь нэхэмжлэгч буюу судалгааны ажлыг ашиглах байсан хэрэглэгч талын эрхийг маш ноцтойгоор зөрчсөн бөгөөд их хэмжээний хохирол хүлээсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчээс гэрээний 3.7-д "захиалагч нь гүйцэтгэгчийг энэхүү ажлыг гүйцэтгэх чадваргүй болохыг буюу ажлын графикийг удаа дараа зөрчсөн тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй, энэ тохиолдолд 5.4-д заасан торгууль төлөхийг шаардах эрхтэй" гэж зааснаар графикийг удаа дараа зөрчсөн, чадваргүй гэдэг нь хэрэгт авагдсан судалгааны баримтууд, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон” гэж дүгнэсэн атлаа ажил гүйцэтгэх хугацааг сунгах талаар талууд харилцан санал солилцож байсан тул хариуцагчийг ажлын графикийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний график бол ажлын үр дүнг эцсийн байдлаар доголдолгүй гүйцэтгэн хүлээлгэн өгөх хугацаа байсан. Гэвч алдаа дутагдалтай эцсийн бус хувилбараар ирүүлсэнийг цахим захидлуудад үндэслэн ажлын график зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч талын ирүүлсэн ажлын гүйцэтгэл алдаатай буруу байсныг засах, сайжруулах ажлын даалгавар өгч байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь судалгааны тайланг зах зээлийн, олон нийтийн санаа бодол нийгмийн судалгаа, нэр томъёоны тайлбар толь, үйлчилгээнд тавигдах Монгол улсын стандартыг /MNS ISO 20252:2012/ баримтлаагүй, тооцоолол буруу хийгдсэн, ойлгомжгүй, хамрах хүрээ дутуу, бүрэн мэдээлэл агуулаагүй, тоо томъёолол буруу тооцоолсон, судалгааг дутуу авсан, мэдээлэл хоорондын уялдаа холбоог тодорхойлж гаргаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Хариуцагч Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх /MNS ISO 20252:2012/ стандартыг ажил үйлчилгээндээ заавал дагаж мөрдөх ёстой. Урьдчилгаа төлбөрийн 60 хувийг хариуцагчид төлсөн. Гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээний 1.3-т заасны дагуу судалгааны ажлын үр дүн дараах үзүүлэлтийн дагуу хүлээж авна гэсэн байгаа. Уг үзүүлэлтийн дагуу судалгааны ажлын үр дүнг хүлээж аваагүй. Учир нь судалгаанд заасан үзүүлэлт бүрээр бид акт үйлдсэн байх ёстой. Гэвч ажлын үр дүнг хүлээж аваагүй, акт үйлдээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн ХХХХ, Х нарын мэйлээр харилцаж байсан баримтыг нотариатаар баталгаажуулж өгсөн. Нэхэмжлэгч талын зүгээс Х-ийн тухайн үед “ХХ” ХХК-тай харилцаж байсан мэйлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө нотариатаар батлуулахаар хүсэлт гаргасан боловч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд нотариатын үйлдэлд цахим мэдээлэл харилцааг батлахгүй гэсэн учраас баталгаажуулаагүй. Гэтэл “ХХ” ХХК-ийн зүгээс Нотариатын тухай хуулийг зөрчиж батлуулан өгсөн байсныг шүүх үнэлсэн. Шинжээчийн дүгнэлтүүдэд судалгааны тайланг боловсруулахдаа ашигласан мэдээллүүд алдаатай буруу гэж дүгнэсэн. Буруу мэдээлэлд үндэслэсэн судалгааны тайлан нь үндэслэлтэй гарах боломжгүй. Буруу судалгааг үндэслэсэн тайланг өөрийн үйл ажиллагаанд ашиглах дараа дараагийн зах зээлийн төлөвлөгөөнд ашиглах боломжгүй болсон. Ажлын үр дүн гараагүй тухайн баримт материалуудыг хүлээн авсан болохоос ажлын гүйцэтгэл, үр дүнгээр хүлээж авч чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг тогтоон, зохигчдын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзснаас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17.429.808 төгрөгийг буцаан гаргуулах, торгууль 3.195.464 төгрөг, алданги 6.231.156 төгрөг, нийт 26.856.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээний үүрэгт 8.133.908 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, ажил гүйцэтгэгч буюу “ХХХ” ХХК нь судалгааны ажил гүйцэтгэх, захиалагч буюу “ХХ” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авах, гэрээнд заасан графикийн дагуу нийт 31.954.648 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн, судалгааны ажлын тайлан болон хийсэн ажил нь шаардлага хангаагүй гэж тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үр дүн нь 7 бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны ажил байх бөгөөд хариуцагч “ХХХ” ХХК нь уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Удирдлагын академийн 2015 оны 10 дугаар сарын 21, Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан дүгнэлтээр тогтоогдсон тул гүйцэтгэсэн ажлын үр дүн гарсан гэж үзнэ.

Харин уг дүгнэлтүүдээр хариуцагчийг судалгааны ажлыг 70 гаруй хувьтай гүйцэтгэсэн нь тогтоогдож байх боловч ажлын үр дүнг ашиглах боломжтой тул бүхэлдээ доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Талууд судалгааны ажлыг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдээгүй боловч нэхэмжлэгч “ХХ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тайлантай танилцсанаар гарын үсэг зурсан гэж, хариуцагч “ХХХ” ХХК тайланг бүрэн эхээр нь файлаар болон бусад холбогдох баримтуудын хамт цаасаар авсан гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь судалгааны ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн гэрээнд судалгааны ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 40 хоногт багтаан гүйцэтгэх байсан ба талууд тохиролцож гэрээний хугацааг 2 удаа сунгаж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тохиролцсон, ажлын үр дүнг нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан тул гэрээний хугацааг хариуцагч 6 хоног хэтрүүлснийг яламгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т “Үүргийг ялимгүй зөрчсөн” бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17.429.808 төгрөг, торгууль 3.195.464 төгрөгийг хариуцагч ХХХ” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан ажлын хөлсний 70 хувийг хариуцагч шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн нэхэмжлэгчээс гэрээгээр тохирсон ажлын хөлс 31.954.648 төгрөгийн 70 хувь буюу 22.368.253 төгрөгөөс төлсөн 17.429.808 төгрөгийг хасч 4.938.445 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Гэрээний 5.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа үүргийн үнийн дүнгийн 10 хувийн торгуулийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тохиролцсоноос үзвэл талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нөгөө талдаа төлөх хохирлын хэмжээг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгуулийн хэмжээгээр тохирсон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй болно.

Гэрээний 3.7 дахь заалт нь захиалагчийн эрхэд хамаарах тул ажил гүйцэтгэгч нь үндэслэлээр захиалагчаас торгууль төлөхийг шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг /212 дахь тал/-т “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь судалгааны тайланг …Монгол Улсын стандартыг /MNS ISO20252:2012/ баримтлаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь алдаатай болсон боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж, мөн хуулийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан байгаа нь шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлсөн 304.143 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Д.ДАМДИН-ОД