Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 198

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц, Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид.... зарлан хуралдуулна” хэмээн заасан ба Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар хурлын тэргүүлэгчид зарласан. Тухайн өдөр хурал болоогүй байхад Монгол Улсын ерөнхий сайд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 дугаар захирамж гаргасан нь дараах байдлаар хууль бус байна. Үүнд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “…аймгийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зарласан хуралдаан болоогүй тул О.Б-г аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Мөн заалтад “Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасан. Гэтэл анхдугаар хуралдаан болоогүй тул нэр дэвшигч гэсэн ойлголт бий болох боломжгүй юм. Уг хууль бус захирамж нь ажлаа чөлөөтэй сонгох эрхийг маань зөрчиж байх бөгөөд уг захирамж хүчингүй болсноор зөрчигдсөн эрх маань сэргэх юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү. ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/143 тоот албан бичгээр ирүүлсэн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоолыг үндэслэн О.Б-г Дундговь аймгийн Засаг даргаар томилох захирамж гаргасан бөгөөд уг захирамж хууль зүйн үндэслэлтэй юм. 

Түүнчлэн О.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Авилгатай тэмцэх газрын дүгнэлтээр уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 23 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв. 

Гуравдагч этгээд О.Б тайлбартаа: “О.Б миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжаар Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон. 

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар зарласан боловч тухайн өдөр хуралдаан болоогүй байхад Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамж гаргасан нь хууль бус гэж нэхэмжлэл гаргасан. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “.... аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухай Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж тус тус заасан. 

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар О.Б миний биеийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр болж Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох баримтын хамт хүргүүлсэн байдаг. 

Иймээс дээрх хуульд заасан журмын дагуу хууль ёсны тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамж гарсан бөгөөд энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн хууль бус захирамж гэж үзэхгүй байна. 

Түүнчлэн Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хууль ёсны тогтоол бөгөөд хууль бус гэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй юм. Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолтой ямар нэгэн байдлаар маргаагүй байж хууль ёсны тогтоолыг үндэслэн гарсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжтай маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн анхдугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор О.Б-г аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжаар түүнийг Засаг даргаар томилжээ.

Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.О нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан товлогдсон хугацаандаа болоогүй” нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна”, 26 дугаар зүйлийн 26.2 “…аймгийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Дундговь аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилно” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “....Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилно” гэж тус тус тухайн шатны Хурлын санал болгосноор аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилохоор заасан. Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолыг мөн өдрийн 2/143 тоот албан бичгээр Ерөнхий сайдад хүргүүлсэн, нэр дэвшигч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-26.5.5–д заасан хуулийн шаардлагыг хангаж байсан гэж үзээд Засаг даргаар томилсон байх тул Ерөнхий сайдын шийдвэр хуульд нийцсэн байна. Тодруулбал эрх бүхий этгээдээс хуулиар тогтоосон журмаар нэр дэвшүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан этгээдийг Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан атлаа Ерөнхий сайдын захирамжийн хууль зүйн үндэслэлд маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан, түүнээс гарсан шийдвэр хууль бус гэж тайлбарладаг, гэвч хууль бус гэж үзэж буй, эрхийг нь зөрчсөн гэх захиргааны актын талаар буюу Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, түүнээс гарсан шийдвэрийн талаар нэхэмжлэлийг харьяалах шүүхэд нь хуульд заасан журмын дагуу гаргаагүй.  

Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан товлосон хугацаандаа болсон эсэх үндэслэлээр анхдугаар хуралдаан болон түүнээс гарсан шийдвэрүүд хууль бус болохыг тогтоолгохоор тухайн Хуралд холбогдуулан харьяалах нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй атлаа энэ үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан Засаг даргыг томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй юм.

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хуралдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,  уг хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан иргэн С.У Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гарган, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.У нэхэмжлэлээсээ татгалзсанаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 117/ШШ2017/0003 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Ийнхүү Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан С.У нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч С.О-г дээрх агуулгаар нэхэмжлэл гаргахыг хязгаарлахгүйн дээр С.О-н хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн болохгүй.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь заалтаар тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болно.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд, тухайлбал Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргах тул Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх харьяалал зөрчин дүгнэн шийдвэрлэх боломжгүй. 

Энэ үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах хуульд заасан эрхийг хязгаарлахгүй юм. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, нэмэгдүүлсэн шаардлагаар хэрэг /үүсгэж/ хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хуульд гомдол гаргахаар заасан тул захирамжийг бичгээр /шийдвэрээс тусад нь/ гаргасан болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлий 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.О-с Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА