Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/0156

 

 

 “Оймон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, хариуцагч татварын улсын байцаагч Б.Чимгээ, Б.Ундрал, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 817 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар магадлалтай, “Оймон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Оймон” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс манай компанийн 2010-2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, 169,667.8 мянган төгрөгийн зөрчилд 16,966.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,090.0 мянган төгрөгийн торгууль, 6,641.5 мянган төгрөгийн алданги, нийт 28,698.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь, манай компани “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-иас 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 128,758.7 мянган төгрөгийн, 7 дугаар сарын 30-ны өдөр 40,909.1 мянган төгрөгийн /нийт 169,667.8 мянга/ бараа худалдан авахад тус компаниас худалдан авалтын гүйлгээг баталгаажуулж 6053488, 6053470 дугаартай НӨАТ-ын падаан, зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримтад тамга, тэмдэг, гарын үсэг зурж өгсөн бөгөөд эдгээр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг тайланд тусгасан болно. “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-иас бараа худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь дээрх баримтуудаар тогтоогдох бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан НӨАТ-ыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцно” гэж заасны дагуу тухайн худалдан авалтад төлсөн төгрөгийг НӨАТ-ын тайланд хасаж тооцсон болно. Энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14-т заасантай нийцсэн үйлдэл бөгөөд хууль зөрчөөгүй болно. Татварын улсын байцаагч нь “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн НӨАТ-ын падааныг ашигласан гэх зөрчилд худалдан авагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын дагуу тус компанийн хуурамч падаан бичих, хий бичилт хийж байгаа талаарх мэдээллээр татвар төлөгчийг хангах үүрэг Татварын байгууллагад байгаа бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, шаардлагатай мэдээллээр хангаагүйгээс манай компанийн эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл бүрдсэн юм. Иймд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0006767 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7/3105 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-9885 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу “Оймон” ХХК-ийн 2010-2012 оны татвар төлөлт, тайлагнасан байдалд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтаар тус компани 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6053488 дугаартай НӨАТ-ын падаанаар 128,758.7 мянган төгрөгийн, 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 6053470 дугаартай НӨАТ-ын падаанаар 40,909.1 мянган төгрөгийн үнийн дүнтэй барааг “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-иас худалдан авсан мэтээр НӨАТ-ын тайланд тусган, төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан байсан нь тогтоогдсон. Иймд уг зөрчилд холбогдуулан акт үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон нь татварын холбогдох хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7 дахь хэсгийг баримтлан “Оймон” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0006767 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0006767 дугаар актаар тогтоосон 5,030.0 мянган төгрөгийн торгууль, 6,641.5 мянган төгрөгийн алдангийг  чөлөөлж, “Оймон” ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 16,966.8 мянган төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч “Оймон” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн татварын албанаас авсан бүртгэлийн дэвтэр бүхий НӨАТ-ын падаан, Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, бараа материалын зарлагын баримт, бэлэн мөнгө төлсөн санхүүгийн баримт нь тус компанийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байхад шүүх үнэлэхгүйгээр, орлогоо нууж, татвар санхүүгийн тайлан бүртгэлдээ тусгаагүй, татвар төлөхөөс зайлсхийсэн “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн захирал гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүнд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. Манай компани “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-тай “Бараа худалдан авах гэрээ” хийсний үндсэн дээр төлбөрийг шилжүүлэн, тамга тэмдэг бүхий орлого, зарлагын баримт, НӨАТ-ын падааныг авсан болно. Татварын албанаас авсан НӨАТ-ын падаан нь тухайн компанийн орлогод хяналт тавих, татварын тооцоолол хийх үнэт цаас төдийгүй, хэн нэгэн этгээд дураар хэвлэж, ашиглах боломжгүй байтал “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК нь бараа худалдаж өгсөн баримтаа үгүйсгэн, энэ асуудалд худалдан авагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК нь өөрөө НӨАТ-тай бараа худалдсан атлаа үүнийгээ орлогод тусгаж тайлагнаагүй, нуун дарагдуулж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг зөрчсөн байхад шүүхээс нэхэмжлэгчийг буруутган, хариуцлагыг ногдуулж байгаа нь үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч “Оймон” ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, тус компанийг 2011 онд “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 169,667.8 мянган төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийснээр тайлагнан төсөвт  төлөх тухайн татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж  2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 0006767 дугаар актаар 16,966.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,090.0 мянган төгрөгийн торгууль, 6,641.5 мянган төгрөгийн алданги, нийт 28,698.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

“Оймон” ХХК-иас “...2011 онд “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-иас 169,667.8 мянган төгрөгийн бараа худалдан авсан нь орлого, зарлагын баримтаар нотлогдох ба худалдагч тал өөрийн орлогын тайландаа дутуу тусгасан асуудалд худалдан авагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж марган, дээрх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

“Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК худалдааны зуучлал, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар 2007 онд байгуулагдсан, барилгын материалын худалдаа эрхэлдэггүй, цаашлаад 2011 онд “Оймон” ХХК-д 169,667.8 мянган төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдаагүй болох нь улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна 6053488, 6053470 тоот хий бичилттэй падааны асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Улсын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад “эрүүгийн хариуцлага хүлээлгэх хохирлын хэмжээнд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн, дээрх 6053488, 6053470 тоот НӨАТ-ын падаануудад худалдан авсан бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ бичигдээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ...-г тусгасан” гэсэнд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварын 6053488, 6053470 тоот падаанаар худалдан авалт бодитоор хийсэн эсэхээ эргэлзээгүй нотолж чадаагүй, “Оймон” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, тус компанийн татварын тайланд хийсэн хяналт шалгалтаар нотлогдоогүй тул хариуцагч татварын улсын байцаагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг үндэслэн акт үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан захиргааны хариуцлага болох торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хуулийн хүрээнд хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Харин Магадлалын “Тогтоох” хэсэгт маргаан бүхий актаар тогтоосон алдангийн хэмжээг “5,030.0” гэж цифрийн алдаа гаргасныг дурдаад “төлвөл зохих үнийн дүн” зөв байх тул хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН