Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч С.Б

Хохирогчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б, Д.Д

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 1922000040024 тоот хэргийг 2019 оны 2 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1988.01.22-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймаг Цогтцэций суманд Энержи ресурс ХХК-д хүнд даацын автомашины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг Багадалайн 2-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЗ88012219/ Б.Онь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

               1/ Холбогдсон хэргийн талаар:

 

               Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бусадтай архидан согтуурч, Дундговь аймгийн Луус сумын   соёлын төвийн гадаа буюу олон нийтийн газарт тамхи татахыг нь болиулах шаардлага тавьсан сумын хэсгийн цагдаа С.Бийн шаардлагыг биелүүлээгүй, биеэ зүй бусаар авч явсан учир сумын хэсгийн цагдаагийн албан байранд хүргэгдэн очсон, улмаар цагдаагийн албан өрөөнөөс хаалгыг нь эвдэртэл түлхэн гарч зугтаасан, түүнийг саатуулах гэсэн иргэн Ж.Ч, сумын хэсгийн төлөөлөгч С.Б нар эсэргүүцэн зугтаж явахдаа гадаа гэрлийн шонг өшиглөн унагаасан, мөн хэсгийн төлөөлөгч С.Быг эсэргүүцэн ноцолдож байхдаа хавирч унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл гаргасан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч С.Бийн “Би 2018 оны 12 сарын 28-ны өдөр Луус сумын соёлын төвийн бүжгийн зааланд байж байхад гаднаас "Б.О тамхи татаад хашгираад орж ирсэн” тэгэхээр нь би очиж уулзах гээд явж байтал хаалгаар буцаад гараад явсан би араас нь гараад очтол гадаа хаалганы дэргэд “тамхи татаад зогсож байхаар нь олон нийтийн газар тамхи битгий татаад бай гэсэн чинь Б.О тамхиа татаад өөдөөс тамхины утаагаа үлээгээд байхаар нь боль гэсэн боловч шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд би Б.Ог согтуу байсан болохоор бас шаардлага биелүүлэхгүй болохоор нь хэсгийн байранд очие гээд машинд суу гэж хэлсэн боловч миний шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь биеийн хүч хэрэглэж машинд суулгаад хэсгийн байранд авч ирсэн. Би машинд Б.Ог суулгах гэж байхдаа машины хаалганд нүүрээ цохьсон. Тэрнээс болоод миний баруун талын нүдний доод талд урагдаад цус гараад байсан болохоор хэсгийн байранд эмнэлгийн сувилагч дуудаж боолт хийлгэж байхад Б.О өрөөний хаалгыг түлхээд нугасаар нь салгаж эвдээд гараад явсан араас нь төлөөлөгч С.Б гараад явсан. Тэгээд би араас нь гадаа гараад очтол С.Б, Б.О хоёр зууралдаад хэвтэж байхаар нь би очоод С.Быг салгаад С.Б бид хоёр Б.Ог гавлаад хэсгийн байранд оруулж ирсэн. Тэгэхэд төлөөлөгч С.Бын хөл нь доголсон байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/

- Хохирогч С.Б шүүх хуралдаанд өгсөн : 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын залуучуудын шинэ жил болж байсан. Орой 20 цагийн үед сумын цагдаа С.Б над руу би соёлын төвийн гадаа зодуулчихлаа, чи хаана байна гэж ярихаар нь гараад очсон чинь С.Б өөрөө машинтайгаа хүрээд ирсэн. ... Цагдаа зодсон хүнд хуулийн хариуцлага өндөр байдаг гэхэд Б.О яадаг юм пизда, тэгвэл би зайлъя, тэр шоронд чинь явчихаад ирье гээд ширээн дээр байсан эмчийн савыг хана руу шидсэн. Манай хэсгийн байрны хаалга дотор талаасаа онгойдог. Тэрийг шууд цаашаа түлхэж унагаагаад гараад явсан. Би шүүгээнээс гав аваад араас нь гарсан. Гарахад Ж.Чтай зууралдчихсан зогсож байсан. Би араас нь татахад Ж.Чг Б.О цааш нь мөргөсөн. Эргэж хараад намайг барьж авсан. Бид хоёр барилцаж байгаад Б.О намайг хавирч унагаасан. Би ойчихдоо явган хүний замын чулуун боржуур өвдөглөөд унасан. ... Ийм л зүйл болсон. Удалгүй аймгаас бүрэлдэхүүн ирээд гавыг нь тайлаад аваад явсан гэж мэдүүлэг,

- Хохирогч С.Бын мөрдөн байцаалтад өгсөн:  2018 оны 12 сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Луус сумын төвд албан үүрэг гүйцэтгэж байхад сумын цагдаа С.Б шаардлага биелүүлээгүй Б.О гэгчийг хэсгийн байранд авч ирсэн. Тухайн үед С.Бийн нүдний доод талаас цус гарч байсан. С.Б эмч дуудсан байсан болохоор сумын Д.Амгалан-Энх, Т.Оюунтуяа гэдэг хоёр эмч ирээд цусыг нь цэвэрлэж байхад Б.О агсамнаж босож ирэх гээд байхаар нь гарнаас нь бариад суулгаад “дуугай бай агсамнахаа боль” гэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй “С.Бийг чи ингэх болоогүй шүү гээд хамаатан садан гээд л агсагнаад гэнэт босож ирээд түргэн тусламжийн хайрцагтай юмнуудыг дээш нь авч шидээд хэсгийн байрны өрөөний хаалгыг гараараа цохиод нугасаар нь салгаад зугтаахаар нь би араас гүйж гараад гарнаас барьсан, бас нэг Ж.Ч гэдэг залуу гарнаас барьж байхад гэрлийн шонг өшиглөж сууриар нь салгасан. Тэгээд нөгөө Ж.Ч гэдэг залуу Б.Огийн гарнаас тавьсан байхад намайг хавираад гарнаас татахад би өвдгөөрөө явган хүний замын цементэн дээр унаад тэгээд бид хоёр зууралдаад дээр доороо орж байхад С.Б ирж салгаад бид хоёр Б.Ог гавласан. Тэгээд явах гэсэн чинь өвдгөөр евдөөд байсан юм. Хэсгийн байранд ороод байж байхад Б.О догшин авирлаад байсан болохоор С.Б дарж байгаад нүдний доод талын шалбарсан шархнаас нь цус гараад байсан болохоор цэвэрлэх гээд намайг дарж бай гэхээр нь би цээжин дээр нь дарж байхад Б.О өндийгөөд намайг хажуу тал руу биедээ түрж газар унагаасан юм. Тэгээд аймгийн төвд ирж үзүүлсэн чинь өвдөгний тойг бяцарсан байна гэж хэлсэн. Миний зүүн талын хөлний өвдөгний тойг яс хугарсан. Тухайн гэмтлийг би хэсгийн байрны гадаа явган хүний зам дээр өвдгөөрөө унасанаас болж гэмтсэн. Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу, тавьсан шаардлага биелүүлэхгүй агсам тавьсан” гэх мэдүүлэг /хх-9-10/

- Гэрч Т.Оюунтуяагийн: Би 2018 оны 12 сарын 28-ны өдөр Луус сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ээлжтэй байх үед 22 цаг өнгөрч байхад цагдаагийн кабонд дуудаад байна гэхээр нь очсон. Тэгэхэд Б.О согтуу сууж байсан. С.Бийн биед үзлэг хийхэд баруун талын нүдний доод хэсэгт хавдсан шалбарсан цус гарч байхаар нь цэвэрлээд боолт хийж байхад Б.О босож ирээд түргэний хайрцгийг авч унагаахаар нь би шалан дээрээс юмнуудыг түүж аваад хартал Б.О хаалгыг өшиглөөд цааш нь түлхэээд нугасаар нь салгаад гараад явсан. Тэгсэн араас нь төлөөлөгч С.Б гараад явсан. Бас С.Б араас гараад явсан удалгүй Б.Ог гавлаад ороод ирсэн. Тэгэхэд С.Б гаднаас орж ирэхдээ хазганаад орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-17-18/

- Гэрч Д.Амгалан-Энхийн: Би 2018 оны 12 сарын 28-ны өдөр Луус сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ээлжтэй байхад цагдаагийн хэсэгт дуудлага өгөөд байна гэхээр нь эмч Т.Оюунтуяагийн хамт цагдаагийн хэсэгт орж ирсэн чинь цагдаа С.Бийн баруун талын нүдний доод талд хавдартай, цус гарч байхаар нь түргэний цүнхээ нээгээд цусыг нь цэвэрлэж байхад С.Б согтуу өндөр биетэй залууд хандаж “олон нийтийн газар тамхи татлаа шаардлага биелүүлсэнгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд тэр залуу уурлаж байсан. Тэгээд С.Бийн цусыг цэвэрлэж байхад түргэний хайрцаг дотор байсан хайрцагтай тариаг авч шидээд тэгснээ хаалгыг өшиглөөд цааш нь нугасаар нь салгаад гараад явсан. С.Б араас нь гүйгээд гарсан, тэгсэн бас нэг залуу гараад явсан, араас нь С.Б гарсан. Тэр согтуу залуу ууттай тарианы зүү, систем аваад гарсан болохоор нь араас нь гартал согтуу залуу доод талд нь гавтай байсан. С.Б, С.Б хоёр тэр залууг босгоод цагдаагийн хэсгийн байр руу авч орсон. Тэгэхэд С.Бын зүүн талын хөл нь доголсон байсан. Төлөөлөгч С.Б, цагдаа С.Б, бас өндөр нэг залуу, Банзрагч, бас согтуу өндөр залуу, надтай хамт ирсэн эмч Т.Оюунтуяа байж байсан” гэх мэдүүлэг /хх-19-20/

- Гэрч Ж.Чгийн: Би 2018 оны 12 сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Луус сумын соёлын төвийн гадаа байхад нэг согтуу залуу ирээд тамхи татаад соёлын төв рүү орсон. Удалгүй эргээд гараад ирсэн. Араас нь С.Б цагдаа гарч ирээд “олон хүний газар тамхи татлаа” гэсэн чинь тэр согтуу залуу “болдоггүй юм уу”  гээд тамхины утаагаа өөдөөс нь үлээгээд байсан. Тэгсэн С.Б “согтуу залууг машинд суучих хэсэг дээр очъё гэж хэлсэн чинь тэр залуу би яахаараа машинд суух ёстой юм гээд суухгүй байсан чинь С.Б цагдаа хүчээр машинд суулгаад явахаар нь би машинд суугаад хэсэг дээр ирэхэд сумын төлөөлөгч С.Б байж байсан. Тэгээд 2 эмч ирээд С.Бийг үзэж байхад нь тэр согтуу залууг С.Б гарнаас нь бариад шалан дээр суулгаж байхад тэр согтуу залуу агсамнаад босож ирээд эмнэлгийн хайрцгийг авч хаяад өрөөний хаалгыг нугасаар нь салгаад гараад зугтаасан чинь араас нь төлөөлөгч С.Б бид хоёр гарч очоод гараас нь барихад тэр залуу гадаа гэрлийг шууд өшиглөөд сууриар нь салгасан. Тэгснээ С.Б цагдааг хавирч унагаасан. Тэр хоёр дээр доороо ороод байж байх үед С.Б цагдаа гарч ирээд С.Быг босгож аваад тэр согтуу залууг гавлаад хэсэг рүү оруулсан. Тэгэхэд С.Б цагдаа доголоод зүүн талын өвдгөө бариад байсан” гэх мэдүүлэг/хх-21-22/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг болсон гэх газар нь Дундговь аймгийн Луус сумын 1-р багт байх цагдаагийн хэсгийн байр байв. Уг байр нь гадна талаараа төмөр хашаатай, хашаанд зүүн урд талд шаргал өнгийн төмөр жорлон, хойд хэсэгт цагдаагийн хэсгийн байр, урагш харсан баруун талын буланд Ханан 106 тоот гэсэн хаягтай. Цагдаагийн хэсгийн байрны урд талд явган хүний замтай замын урд талын үзүүр дээр хар өнгийн төмөр шонтой гэрэл цементэн суурьтай байх ба гэрлийн гадна тал нь хагарсан. Явган хүний замын урд талд төмөр шонтой гэрэл байсан гэх газар нь ухагдсан шороотой байлаа. Хэсгийн байрны зүүн талд хүн амьдардаг 2 байр байв. Мөн байрны ажпын хэсгийн хаалга хүрэн өнгийн төмөр хаалгатай хаалгаар ороход коридор, коридорын баруун талд төмөр хаалгатай жижиг өрөө, урагш харсан хүрэн өнгийн 2 хаалгатай, баруун талын хаалга нугасаар салсан, хаалганы шилбэнд дээд талд нугас нь шруптэйгээ, доод талын нугас нь брус модтой салсан байлаа” гэжээ /хх-3/

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/

- Согтуурал шалгасан магадлагаа: Б.О 1.28 хувийн согтолттой гэжээ /хх-6/

- Шинжээчийн 2019.01.02-ны өдрийн 190200029 тоот дүгнэлтэд: С.Бын биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэллээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэжээ / хх- 27/

- Эд зүйл үнэлгээ хийсэн актад “ Модон хаалга-200000 төгрөг, гадна гэрэлтүүлгийн гэрэл - 100000 төгрөг” гэжээ /хх-29/ зэрэг баримт хамаарч байна.

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

2/ Хэргийн зүйчлэлийн талаар:

 

               Прокурорын 2019.02.25-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн байранд тус сумын хэсгийн мөрдөгч С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн ба уг гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын хэсгийн мөрдөгч С.Быг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж биед нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-93-95/

               - Улсын яллагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: Шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэсэн нөхцөл шаардлага тавигдсан байдаг. Тухайн үед хохирогч С.Б нь Луус сумын хэсгийн мөрдөгчөөр ажиллаад хоёр долоо хонож байсан. Шүүгдэгч нь хохирогчийг ажлын байран дээрээ албан үүргээ биелүүлж, албан чиг үүргээ хэрэгжүүлж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн цагдаа С.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэсгийн байранд хүргэгдэж ирсэн. Улсын яллагчийн зүгээс уг үйлдлийг үргэлжилсэн үйлдэл байна гэж үзэж байгаа. Цагдаа С.Бийн үйлдлийг эсэргүүцсэн үйлдэлд зөрчлийн арга хэмжээ авагдсан. Улмаар уг үйлдэл нь үргэлжилж хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Уг гэмт хэргийг үйлдэхдээ хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж буюу цагдаагийн албаны өрөөний хаалгыг нугасаар нь салгаж гэмтээн, гарч хэсгийн мөрдөгч С.Бтай зууралдах үедээ гэрлийн шон өшиглөж унагаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн шинжийг хангаж байгаа. Мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ албаны барилга, байгууламж, тоног төхөөрөмжид халдсан үйлдлүүд нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч гарч зугтаагаад араас хоёр хүн гараад ирсэн гэж мэдүүлдэг. Ингэхдээ хэсгийн мөрдөгч С.Быг хавирч унагаасан үйлдэл хийсэн байдаг. Уг хавирч унагаасан үйлдэл нь шүүгдэгчээс гаргаж байгаа идэвхтэй үйлдэл. Энэхүү үйлдлийн улмаас хохирогч явган хүний замын боржуур хэсэгт өвдөгнийхөө тойг хэсгээр унаж уг гэмтэл учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заахдаа энэ гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэсэн. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.9 дэх хэсэгт эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж гэж заасан. Тухайн үед хохирогч нь албан үүргээ биелүүлж байсан. Хохирогчийн зүгээс өөрийн албан үүргээ биелүүлж зүй ёсны шаардлага тавьсан. Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинж байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

               Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн байранд тус сумын хэсгийн мөрдөгч С.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаасан, ийнхүү зугтаах явцдаа албан өрөөний хаалгыг нугасаар нь эвдэртэл түлхэж гарсан, мөн түүнийг саатуулах гэсэн иргэн Ж.Ч, хэсгийн төлөөлөгч С.Б нарыг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа гадна гэрэлтүүлгийн шонг өшиглөж унагасан, хэсгийн төлөөлөгч С.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн зарим шинжийг агуулж байгаа боловч тухайн зүйл, хэсгийг хэрэглэхэд эргэлзээтэй дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1. а/ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн Энэ гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга байгууламжид халдаж үйлдсэн бол...” гэжээ.  Энэ гэмт хэргийн объект нь хууль сахиулагчийн хэв журам сахиулах хэвийн үйл ажиллагаа байдаг. Тухайн тохиолдолд хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга байгууламж нэмэгдэл объект болно. Объектив тал нь хууль сахиулагчийн албан үүргээ хэвийн явуулахыг эсэргүүцсэн, хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан буюу хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүрэгт нь илтэд харш үйлдэл гүйцэтгүүлэхээр тулган шаардсан[1] үйлдэл, эс үйлдэхүй байна. Үйлдэл нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх тавьсан шаардлагыг биелүүүлэхгүйн тулд эсрэг ухуулга, сурталчилгаа явуулах зэргээр илэрнэ. Эс үйлдэхүй нь тавьсан шаардлагыг нь үл биелүүлэх байдлаар илэрнэ. Гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр байна. Энэ гэмт хэргийн зорилго нь нэр бүхий этгээдүүдээс нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах ажиллагаанд нь саад хийх, энэхүү үйл ажиллагааг нь зогсоох, өөрчлөх, эсхүл танхайн болон өс хонзонгийн сэдэлттэй байж болно[2]

Монгол хэлний Их тайлбар тольд “халдах” гэх үгийн утгыг:  Түрэмгийлэх, хүчлэх, түрэх, эзэрхэх - Хан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? /Монголын нууц товчоо/;  халдан өнгөлзөх (түрэмгийлэн эзэрхийлэхийг хүсэх); халдан довтлох (зүй бусаар хүч түрэн хил хязгаар, эрх чөлөөнд нь халдах) - Хэрвээ монгол хүн төрсөн нутаг усаа хамгаалж, хятад хаадын халдан довтлохыг барьж зогсоогоогүйсэн бол энэ их хэрэм бүр манай нутгийн хойд захаар, тэр ч байтугай түүнээс хойш гарах байсан юм гэнэ билээ /Ш.Нацагдорж. Мандхай цэцэн хатан/;  халдан түрэмгийлэх (халдан довтлох);  хилд халдах (хил рүү довтлох);  улсад халдах (улс руу довтлох, түрэмгийлэх); аминд халдах (аминд хүрэх);  биед халдах(биед хүрэх, биед хүч хэрэглэх);  халдвал хар халзандаа [зүйр цэцэн үг] (а. Байгаа ганцыгаа, сайныг нь; б. Буруутгавал мэддэг, таньдгаа гэсэн санаа); өдөх халдах [хоршоо] (бусдыг элдэвлэн оролдох) гэж тайлбарласан байна.

 

Шүүгдэгч Б.О нь өөрийн гаргасан хууль бус үйлдлийн хариуцлагаас зайлсхийх  зорилгоор хаалганы нугасыг хэмх түлхэн гарч зугтаасан болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн “...очоод гавлуулаад байж байгаад тухайн үед ерөөсөө миний буруу болоод ирэхээр нь маргааш эрүүл, саруулдаа учраа олъё гэж бодоод хаалга шууд түлхээд ширээн дээр байсан юмнуудыг авч шидчихээд гараад зугтаасан” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд уг мэдүүлэг нь хохирогч С.Б, гэрч  Ж.Ч, С.Б, Т.Оюунтуяа, Д.Амгалан-Энх нарын мэдүүлгээр /хх-9-10, 17,-18,19-20, 21-22/ батлагдаж байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.О нь Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн байранд хэв журам зөрчсөн үйлдлийн улмаас хүргэгдэн ирсний дараа тухайн цагдаагийн хэсгийн байрны ажлын өрөөний хаалга эвдлэн гарч зугтаасан үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийн зарим шинжийг хэлбэрийн төдий агуулж байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээр дурьдсанаар хууль сахиулагчийн хууль ёсны шаардлага, хүлээлгэвэл зохих хариуцлагаас зайлсхийж зугтааж байгаа үйлдлийг хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаад тооцож болох боловч ийнхүү эсэргүүцэхдээ хууль сахиулагчид өөрт нь  хүч хэрэглээгүй, замдаа таарсан эд зүйлийг эвдэлж гэмтээн зугтаасан үйлдлийг хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, улмаар ийм зорилгоор хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсанд тооцох боломжгүй юм.

б/ Барилгын тухай хуулийн[3] 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно” гэж, мөн хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.25-д “гадна тохижилтын ажил” гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж  тус тус заажээ. 

Хуулийн энэ заалтаар Дундговь аймгийн Луус суман дахь цагдаагийн хэсгийн байр нь хууль сахиулах байгууллагын албаны барилга байгууламжид хамаарна. Харин гадна суурилуулсан гэрэлтүүлгийн шон нь дээрхи хуульд заасны дагуу гадна тохижилтонд хамаарах ба “барилга байгууламж” гэх ойлголтод хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

Дээрх хуульд зааснаар “Барилга байгууламж” гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт байх бөгөөд барилгын доторхи өрөө тасалгааг тусгаарлах зориулалттай дотоод хийцийн элемент болох модон хаалгыг эвдэлснийг /тухайн хаалганы нугас нь салж эвдэрснээс өөр гэмтэл учраагүйг анхаарах хэрэгтэй/ барилга байгууламжид халдсан мэтээр авч үзэх нь учир дутагдалтай, шүүгдэгч Б.Ог хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг “хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн” гэх шинж хангалттай тогтоогдохгүй байна.

2. Шүүгдэгч Б.О нь цагдаагийн хэсгийн байрнаас зугтаах замд нь түүнийг саатуулах гэсэн иргэн Ж.Ч, хэсгийн төлөөлөгч С.Б нарыг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн хэсгийн байрны гадна гэрэлтүүлгийн шонг өшиглөж унагасан, хэсгийн төлөөлөгч С.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Б.Огийн  “...хойноос С.Б гарч ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хоёр хүн хойноос зууралдаад байсан. Тэгээд гадаа нэг хэсэг хөрвөөлдөж байгаад буцаад ороод ирсэн” гэх мэдүүлэг,

- Хохирогч С.Бын “... би араас нь гүйж гараад гарнаас нь барьсан, бас Ж.Ч гэдэг залуу гарнаас нь барьж байхад гэрлийн шонг өшиглөж сууриар нь салгасан. Тэгээд Ж.Ч гэдэг залуу Б.Огийн гарнаас тавьсан байхад намайг хавираад гарнаас татахад би өвдгөөрөө явган хүний замын цементэн дээр унаад тэгээд бид хоёр зууралдаад дээр доороо орж байхад С.Б ирж салгаад бид хоёр Осоржинг гавласан” гэх мэдүүлэг/хх-9-10/

- Гэрч Ж.Чгийн “араас нь төлөөлөгч С.Б бид хоёр гарч очоод гараас нь барихад тэр залуу гадаа гэрлийг шууд өшиглөөд сууриар нь салгасан. Тэгснээ С.Б цагдааг хавирч унагаасан. Тэр хоёр дээр доороо ороод байж байх үед С.Б цагдаа гарч ирээд С.Быг босгож аваад тэр согтуу залууг гавласан. Хэсгийн байрны гадаа тэр согтуу залуу С.Быг хавирч унагаад, дээр доороо ороод байсан тэгж байхдаа С.Быг гэмтээсэн, босож ирээд доголоод байсан юм. Тэрнээс өмнө С.Б зүгээр алхаж гишгэж явж байсан” гэх мэдүүлэг /хх-21-22/

              - Гэрч С.Бийн “...Б.О өрөөний хаалгыг түлхээд нугасаар нь салгаж эвдээд гараад явсан араас нь төлөөлөгч С.Б гараад явсан. Тэгээд би араас нь гадаа гараад очтол С.Б, Б.О хоёр зууралдаад хэвтэж байхаар нь би очоод С.Быг салгаад С.Б бид хоёр Б.Ог гавлаад хэсгийн байранд оруулж ирсэн. Тэгэхэд төлөөлөгч С.Бын хөл нь доголсон байсан. Дараа нь гадаа гараад харж байхад гадаа гэрлийн шон сууриараа салсан, гэрэл нь хагарсан байсан. Б.Ог гавлаад байранд ороход С.Бын хөл нь доголсон байсан. Б.Отой гадаа байхдаа хөлөө гэмтээсэн. Өмнө хэсгийн байранд байхад зүгээр байсан юм” гэх мэдүүлэг /хх-15-16/

              - Шинжээчийн 2019.01.02-ны өдрийн 190200029 тоот : С.Бын биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэллээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт / хх- 27/ зэрэг баримт хамаарна.

              Дээрх баримтаар шүүгдэгч Б.О нь цагдаагийн хэсгийн байрнаас гарч зугтаах явцдаа түүнийг саатуулах гэсэн С.Быг хавирч унагасан үйлдлийн улмаас С.Бын зүүн тойг яс хугарсан нь нотлогдож байх ба Б.Огийн түүнийг саатуулах гэсэн хүнийг хүч хэрэглэн эсэргүүцсэн санаатай үйлдэл, С.Бын бие махбодид  учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

              Шүүгдэгч Б.Огийн энэхүү үйлдэл нь цаг хугацааны хувьд түүнийг цагдаагийн хэсгийн байрнаас зугтан гарсны дараа буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдэл төгссөний дараа болсон байна.

              Шүүгдэгч Б.О нь түүнийг саатуулж, зогсоох гэсэн хэсгийн төлөөлөгч С.Быг хавирч унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх заалтад хамаарахгүй, тусдаа,  бие даасан гэмт хэрэг байх тул улсын яллагчийн “хууль сахиулагчийг эсэргүүцэх  үйлдэл нь үргэлжилж, хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

              Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, мөн хуулийн  10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг   заасан байна.

Энэ хэргийн хохирогч С.Б нь Дундговь аймгийн Луус сумын хэсгийн мөрдөгчөөр ажилладаг болох нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2019.03.15-ны өдрийн 40/602 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь хууль тогтоомж, болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мөн гэрээний үндсэн дээр тухайн этгээдэд олгосон бүрэн эрхийг хууль ёсоор биелүүлж байгаатай нь холбогдуулан хохирогчийн гүйцэтгэж байгаа албаны үйл ажиллагааг нь зогсоох, түүнд саад болох, түүнчлэн энэхүү үүрэгтэй нь холбогдуулан амь нас, эрүүл мэндэд нь халдаж байгаа санаатай үйлдэл байх ёстой.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.О нь хохирогч С.Быг Дундговь аймгийн Луус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн мөрдөгч гэх албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна.  Харин түүний зугтаах үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч С.Бын үйлдлийг няцаах зорилгоор С.Быг хавиран унагаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон байна. Мөн энэ хэрэгт хийвэл зохих бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн, нэмж ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалт, мөн хуулийн  2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалт, мөн “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлан зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал:  улсын яллагчаас шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллаж байгааг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

3/ Хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг шүүгдэгч Б.О хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч С.Б шаардах эрхтэй байна.

Хохирогч С.Бын бие махбодид “зүүн тойг ясны хугарал” гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-27/, хохирогч С.Б нь Дундговь аймгийн Луус сумын хэсгийн мөрдөгчөөр ажилладаг, сарын үндсэн цалин нь 1156333 төгрөг болох нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2019.03.15-ны өдрийн 40/602 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Хэргээс үзэхэд хохирогч нь “эмчилгээний зардал, мэс засал хийлгэсэн төлбөр нийт 485428 төгрөг /хх-74-87/, шүүхийн хэлэлцүүлэгт 182736 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Эдгээр баримтаар хохирогчид бодитоор учирсан хохирол нийт 668164 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.

 Хохирогч С.Бын ХААН банк дахь дансанд ”С.Осоржингоос гэсэн 300000 төгрөг, 600000 төгрөг, 2500000 төгрөг, 500000 төгрөг” гэсэн утгатай нийт 3900000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Огийн эвдэлсэн гэх модон хаалгыг 200000 төгрөгөөр үнэлсэн, харин гадна тохижилтын элемент болох гэрэлтүүлгийг 100000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэргийн 29-р талд авагдсан эд зүйлд үнэлгээ  хийсэн актаар тогтоогдож байна. 

Мөн иргэний нэхэмжлэгч байгууллагын 2019.03.18-ны өдрийн 40/606 тоот албан бичигт “ тус цагдаагийн газрын Луус суман дахь цагдаагийн кобаны эвдэрсэн хаалга, гэрлийг иргэн С.Осоржингооор бүрэн төлүүлж дуусгасан тул ямар нэгэн гомдол, саналгүй” гэжээ.

Дээрх нөхцөл байдлыг болон хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байдлыг харгалзан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч Б.О биелүүлсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа асуудал биш тул шаардлагатай гэж үзвэл хохирогч С.Б нь нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор өөрийн оршин байгаа газрын, эсхүл шүүгдэгч Б.Огийн оршин байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан, бусдад төлбөргүй болсонд тооцох үндэслэлтэй байна.

 

4/  Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорыг сайн дураараа нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь Дундговь аймгийн Цагдаагийн хэсгийн өмчлөлийн 300000 төгрөгийн эд зүйлийг эвдэлж гэмтээсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул эрх бүхий байгууллагад зөрчил хянан шалгах ажиллагаа явуулахыг даалгах нь зүйтэй байна.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Од Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Охүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгч Б.Од оногдуулсан 2 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 13, 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эмчилгээ хийлгэсэн зардал, цалингийн зээл нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.О нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.Огоос нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7.  Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө  хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч С.Бт 3900000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О нь Дундговь аймгийн Цагдаагийн хэсгийн өмчлөлийн 300000 төгрөгийн эд зүйлийг устгаж гэмтээсэн үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Хохирогч С.Бын амбулаторын картыг хуулбарлан  авч, эх хувийг хохирогч С.Бт эгүүлэн олгохыг шүүгчийн туслах Н.Б-д даалгасугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С

 


[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоол

[2] Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар. Улаанбаатар хот. 2010 он

[3] Барилгын тухай хууль (2016 оны 2 сарын 5-ны өдөр)  Шинэчилсэн найруулга Төрийн мэдээлэл 2016 №09