Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00191

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03685 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.А*******, Б.С******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 190,423.55 ам доллар буюу 665,892,112 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У*******, хариуцагч Х.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, түүний өмгөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Х.А*******, Б.С******* нартай 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 100,000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн.

1.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 36 дугаартай барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, дугаар хороолол, гудамж, байр, од байрлах 181.40 м.кв, 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

1.3. Зээлдэгч нар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай зээлийн гэрээний хугацааг 48 сараар сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээний хугацааг 48 сараар сунгасан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээл 20,976.13 ам.доллар, зээлийн хүүд 56,323.39 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 8,888.89 ам.долларыг тус тус төлсөн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

1.4. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 79,023.87 ам.доллар, зээлийн хүүд 97,558.54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 13,841.14 ам.доллар нийт 190,423.55 ам.долларыг төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний үүрэг болох 190,423.55 ам.долларыг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан 3,496.90 төгрөгийн ханшаар тооцон 665,892,112 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагч Х.А*******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцоолсон нь тодорхойгүй. Учир нь ******* ХХК 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 36 тоот зээлийн гэрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлгийг үндэслэл болгож, гэрээ байгуулсан. Гэтэл ******* ХХК нь дээрх хуулийг зөрчиж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож авсан байна.

Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно. 21.3 дахь хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж тус тус заажээ.

2.2. Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан дараах аргачлалаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолдог. Дээрх тооцооллыг ашиглаж нэхэмжлэлд дурдсан төлбөрийг тооцоолж үзэхэд хэт зөрүүтэй байна.

******* ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 100,000 ам долларын зээлийг сарын 2.5% хүүтэй, жилийн 30% хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг cap бүрийн 25-ны өдөр төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан.

Зээл олгосон өдрөө зээлийг ашиглаж эхлээгүй байхад зээлийн хүүгийн төлбөрт 333.33 ам.доллар суутгаж авсан. Төлбөрийн хуваарийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 28 хоногийн хүүгийн төлбөр 2,301.36 ам долларын зээлийн хүү хуримтлуулсан нь зээлийн дансны хуулга дээр харагдах байсан. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хүүг хуримтлуулаагүй.

Би 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1,617.93 ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 965.40 ам.доллар, нийт 258.33 ам.доллар төлсөн. Мөн 7 дугаар сарын 28-ны өдөр 333.33 ам.доллар төлсөн. 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 28 хоногийн хүү 2,301.37 ам доллар, 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 4 хоногийн хүү 328.77 ам.доллар, 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 хоногийн хүү 82.19 ам.доллар, нийт 2,712.33 ам.долларын хүү төлөхөөр харагдаж байна.

Гэтэл ******* ХХК нь 2,916.66 ам.доллар зээлийн хүүгийн төлбөрт авсан байна. Эндээс харахад 8 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрөөс 204,33 ам.доллар илүү авсан.

Дараагийн сарын буюу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй. Тухайн сард 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны хооронд 26 хоногийн хүү 2,135.90 ам.доллар хуримтлуулах байсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2,498.73 ам.доллар төлсөн. Гэтэл 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хүү 2,135.90 ам.доллар, 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртлэх 1 хоногийн хүү 82.15 ам.доллар, нийт 2,218.05 ам.долларын зээлийн хүүгийн төлбөр авах ёстой байтал 2,498.73 ам.доллар зээлийн хүүгийн төлбөр авсан. 9 дүгээр сарын зээлийн хүүгийн төлбөрөөс 280.68 ам.доллар илүү авсан.

Дараагийн сарын буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй. Тухайн сард 29 хоногийн хүү 2,382.32 ам.доллар хуримтлуулах байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,416.67 ам.доллар төлсөн. Гэтэл 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хүү 2,382.32 ам доллар, 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 1 хоногийн хүү 82.15 ам доллар, нийт 2,464.47 ам.долларын зээлийн хүүгийн төлбөр авах ёстой.

Тухайн сард 47.80 ам.доллар дутуу төлсөн. Гэхдээ өмнөх 2 сард нийт 484.98 ам.доллар илүү төлсөн байгаа. ******* ХХК нь зээлийн дансны хуулга дээр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 165.22 ам.доллар зээлийн хүү хуримтлуулсан. Дараагийн сарын буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн зээлийн хүү хуримтлуулаагүй.

Тухайн сард 31 хоногийн хүү 2,546.62 ам.доллар хуримтлуулах байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 2,498.70 ам.доллар хуримтлуулсан. Зээлийн гэрээнд сар бүрийн 25-ны өдөр төлбөр төлөхөөр тусгасан боловч, гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрийг хуримтлуулж төлбөр аваагүй байна.

Мөн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5,002.76 ам.доллар төлсөн. Тус төлбөрөөс 671.87 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,330.89 ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан. Гэтэл нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүйгээр 671.87 ам.доллар авсан байна.

Учир нь гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 10,000 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,175 ам долларыг тус тус төлөх байсан.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан 10,000 ам.доллар төлөөгүй учир 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30 хоногийн нэмэгдүүлсэн хүү 49.32 ам.доллар хуримтлуулах байсан. Гэтэл нэмэгдүүлсэн хүү хуримтлуулаагүй. Мөн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,175 ам.доллар төлөх байсан ч төлөөгүй. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 53.06 ам.доллар хуримтлуулж, төлбөрийн гүйлгээ хийх байсан боловч хийгээгүй. Тухайн хугацаанд үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүү нийт 102.38 ам.доллар байхад 671.87 ам.долларын нэмэгдүүлсэн хүү авсан.

Эндээс харахад нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 569.49 ам.доллар илүү авсан. Тухайн өдөр төлсөн 5,002.76 ам.доллароос 671.87 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үлдсэн 4,330.89 ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт авсан.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2,500 ам.долларын төлбөр төлсөн. 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,232.23 ам.доллар, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 2,546.62 ам.доллар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 410.74 ам.доллар, нийт 4,189.59 ам.доллар зээлийн хүү хуримтлуулах ёстой байхад, гэрээний дагуу зээлийн хүү хуримтлуулаагүй.

Мөн нэмэгдүүлсэн хүүгийн дахин буруу тооцоолж 547.49 ам.доллар авсан. Тухайн хугацаанд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 49.78 ам.доллар, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 156 ам.доллар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 34.10 ам.доллар, нийт 239.85 ам.доллар нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан байсан. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307.64 ам.доллар илүү авсан. Үлдсэн 1,952.51 ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрөөс хассан.

2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,889.42 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,546.62 ам.доллар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,464.47 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,464.47 ам.доллар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2,628.76 ам.доллар зээлийн хүү тус тус хуримтлагдсан. Нийт 11,993.74 ам.доллар байна.

Мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 156.88 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 267.44 ам.доллар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 314.60 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 371.63 ам.доллар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 458.92 ам.доллар нэмэгдүүлсэн хүү тус тус хуримтлагдсан. Нийт 1,569.47 ам.доллар болж байна.

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 40,000 ам.доллар төлснөөс 20,923.24 ам.доллар зээлийн төлбөрт 16,236.68 ам.доллар зээлийн хүүгийн төлбөрт, 1,998.96 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 39,158.88 ам.долларын төлөлт хийсэн байна.

841.12 ам.доллар яасан нь тодорхойгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрөөс хүүгийн төлбөрт 1,631.20 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429.47 ам.доллар тус тус илүү авсан байна.

******* ХХК нь төлбөр төлөх тоолонд илүү зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр авсан нь тооцооллоос тодорхой харагдаж байна. Илүү авсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн хүүгийн төлбөр илүү авсан зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт тус тус шилжүүлбэл нэхэмжлэхийн хэмжээ 170,002.75 ам.доллар болж байна.

Энэ нь үндсэн зээлийн төлбөр 76,629.86 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 88,905.41 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,467.47 ам.доллар байна.

2.3. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгохыг хүссэн. Учир нь тухай үед зээл авахдаа 60,000 ам долларыг Х.А*******, үлдсэн 40,000 ам.долларыг Б.С******* авсан. Авсан зээлийг бид 2 тус тусдаа бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан.

Хамтран зээлдэгч Б.С******* нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4,166 ам.доллар, 2017 оны 3 дугаар сард 5,000 ам.доллар.

2017 оны 7 дугаар сард 2,000 ам.доллар, нийт 11,166 ам доллар төлсөн болно. Дээрх 11,166 ам.долларыг Х.А******* төлсөн төлбөрт орж тооцогдоогүй байна.

2.4. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш зээлийн төлбөрийг нэг ч удаа шаардаж байгаагүй бөгөөд энэ цаг үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдал байсан хэдий ч бид зээлийн төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байсан. Зээлийн төлбөрт 60,000 ам.доллараас тооцож, 50,549.56 ам.долларыг төлөхөд татгалзахгүй.

3. Хариуцагч Б.С*******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Бид өөрсдийн эрхэлдэг бизнесээ дэмжих эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн хороо үйлдвэр-2 дугаар хороолол, гийн гудамж байр хаягт байрлах, 181.4 м.кв, 5 өрөө орон сууцыг барьцаалж, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 36 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулж, 100,000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэн авсан.

3.2. Тухайн үед Х.А******* дарга бидний хооронд өмнөх зээлийн асуудал байсан бөгөөд манай байрыг барьцаалж, зээл авахаар тохиролцсон бөгөөд миний хувьд 40,000 ам.долларын зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь үнэн.

3.3. Хамтран зээлдэгч Х.А******* нь зээлийн гэрээг 48 сарын хугацаатайгаар сунгуулах хүсэлт гаргаж, зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээг хийсэн ба 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан.

3.4. Бид зээлийн төлбөрөөс 86,188 ам.долларыг төлсөн, үлдэгдэл зээлийн төлбөр 79,023 ам.доллар байхад нэмж хүүгийн төлбөрт 97,558.5 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,841.5 ам.доллар нийт 111,400 ам.долларыг зээлийн төлбөрөөс гадна нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

3.5. Манай хувьд орон сууцаа алдахгүйн тулд зээлийн төлбөрөөс 47,325 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд Ковид цар тахлын үе таарч дэлхий нийтээрээ хямралд орсон. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.

3.6. 2023 оны 1 дүгээр сард нэг удаа зээлийн төлбөр төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн гэж хэрэгт өгсөн байдаг. Энэ баримт нь ирээгүй, нэг ч удаа мөнгөө төл гэж шаардаагүй хэрнээ их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй.

3.7. Хариуцагч нараас хэд, хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа тул шүүх хариуцагч нарт зээлийн төлбөрийг тодорхой ногдох хэсгээр шийдвэрлэсэн шийдвэрийг гаргаж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг суллаж өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А*******, Б.С******* нараас зээлийн гэрээний үүрэгт 240 675 191.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 216 920.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А*******, Б.С******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Зээлийн барьцааны гэрээнд заасан хариуцагч Б.С*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, хороолол, гудамж, байр, од байрлах 181.40 м.кв бүхий таван өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,557,611 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.А*******, Б.С******* нараас 1,361,326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримт, тэдгээрт хамаарах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

5.2. Талууд анх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай зээлийн гэрээг байгуулан 100,000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн тус өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 36 дугаартай барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, од байрлах 181.40 м.кв бүхий таван өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

5.3. Зээлдэгч Б.С*******, Х.А******* нар нь 2017-07-28-ны өдөр "*******" ХХК-д хандан 36 дугаартай зээлийн гэрээний хугацааг нэмж 48 сараар сунгах тухай хүсэлтийг гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36/А дугаартай "зээлийн гэрээний хугацааг сунгах тухай" гэрээгээр 48 сараар сунгасан.

5.4. Хариуцагчидтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 79,023.87 ам.доллар, зээлийн хүүд 97,558.54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 13,841.14 ам.доллар нийт 190,423.55 ам.долларыг төлөх үүрэгтэй байсан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ зээлдэгч Х.А*******, Б.С******* нараас гэрээний үүрэгт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 68,825.3 ам.доллар, зээлийн хүү 80,778.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 10,485.07 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 5,849.47 ам.доллар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 5,833.33 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцов гэсэн атлаа тогтоох хэсэгтээ хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 240,675,191.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 425,216,920.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хариуцагч нараас нийт 160,088.58 ам.доллар буюу 559,813,755.402 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн байх боловч тогтоох хэсэгтээ зөвхөн үндсэн зээл болох 68,825.3 ам.доллар буюу 240,675,191.57 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг ямар үндэслэлээр хасаж, зөвхөн үндсэн зээлийг олгуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

5.5. Мөн анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...талуудын байгуулсан гэрээний 6.1.1-т "гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй" гэж, 6.2.4-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй" гэж заасан хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагч нарыг зээлийн гэрээний хугацаанд, гэрээ дууссанаас хойш үүргээ биелүүлэхгүй байгаа талаар үүргээ биелүүлэхийг шаардаж байснаа нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтыг ирүүлээгүй ба нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сар өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэнд хариуцагч тал маргаж байна. Шүүх нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, уг хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муу болсон байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлж, зээлээ төлөхийг шаарддаг байсан бөгөөд энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Шүүхээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж байгаа боловч хариуцагч нар зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 5,849.47 ам доллар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 5,833.33 ам долларыг үндсэн зээл буюу 79,023.87 ам доллараас хасаж тооцсон байна. Гэтэл тухайн төлөлтүүд нь хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс төлсөн төлөлт байхад үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэлгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03685 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч Х.А*******ын төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1-т шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг зөрчсөн байвал гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч зөвхөн үйл баримтад үндэслэж гомдол гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хариуцагч талын 11 дэх заалтыг яагаад хангаагүй талаар дурдсан. Тухайн зээлдэгч зээлээ 2 сар болон түүнээс дээш хугацаанд төлөөгүй байхад ноцтой зөрчсөн гэж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад 2023 оны 2 дугаар сар хүртэл нэхэмжлэл гаргалгүйгээр хариуцагч нарыг хохироосныг шүүгч зөв дүгнэсэн.

6.2. Мөн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Түүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь зөв. Бидний зүгээс зээлийн төлбөрийг төлөх саналтай байсан болохоор зээлийн хүү тооцооллыг гаргаж өгсөн. Шүүгч хүү тооцооллын хүснэгт буруу, шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэргийг буцаах нөхцөл байдал үүссэн. Бид төлөх хүсэлтэй байсан тул тооцоолол дээр маргасан.

6.3. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 5,849.47 ам.доллар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 5,833.33 ам.долларыг хасаж тооцсон гэдгийг нэхэмжлэгч тал ойлгохгүй гомдол гаргасан байна.

6.4. Нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлсэн, гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй гэж байна. Цар тахлын үед Монгол улс даяар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоож байсан. Хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохгүйгээр нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Хариуцагч нараас хүү авахын тулд хугацаа авсан. Хариуцагчид шаардлага хүргүүлж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хууль зүйн туслалцаа үзүүлэх газраас нь шаардлага хүргүүлсэн баримт байдаг.

Иймд хариуцагч нарын эрх ашиг хөндөгдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Хариуцагч Б.С******* давж заалдах гомдол тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь Х.А*******, Б.С******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 665,892,112 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндсэн төлбөрийг зөвшөөрнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн тооцоолол буруу, хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой бус гэж маргажээ.

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.1. ******* ХХК болон Х.А*******, Б.С******* нар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 36 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 100,000 ам.долларыг, сарын 2,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.А*******, Б.С******* нар гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөх, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /I-хх-ийн 17-18 дугаар тал/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн хороо, үйлдвэр 2 дугаар хороолол, гудамж, байрны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 181.4 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлсэн байна. /I-хх-ийн 20-22 дугаар тал/

3.3. Талууд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ-г байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай зээлийн гэрээний хугацааг 48 сарын хугацаагаар сунгажээ. /I-хх-ийн 24 дүгээр тал/

3.4. ******* ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 100,000 ам.долларыг зээлдэгч нарт шилжүүлэн өгч, үүргээ биелүүлсэн болон хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаангүй. /I-хх-ийн 1-2, 54-55, 70-72 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

4.1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан талуудын тохиролцоо гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нар зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс нэмэгдүүлсэн хүү төлөх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрх бүхий этгээдээс баталсан банкны хүү бодох аргачлалын дагуу хүүг зөв тооцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дуусгавар болгосон, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

4.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн субъектив эрх бөгөөд энэхүү эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригт хамаарна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

5. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нарын төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн үүрэг, хүү гэсэн дарааллаар суутган тооцох нь хуулийн зохицуулалтад нийцнэ.

Ингэж тооцоход 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 7,019.37 ам доллар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 7,000 ам долларыг хасаж хариуцагч нар нь үндсэн зээлд 65,004.5 ам.доллар, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүү 42,277,77 ам доллар, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны хүү 54,194.55 ам доллар, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацааны хүү 6,628.35 ам доллар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүү 16,936.78 ам доллар нийт хүү 120,037.45 ам доллараас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8,333 ам доллар, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 8,333 ам долларыг хасаж хүү 103,371.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 20,747.15 ам доллараас 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,667 ам.доллар, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 1,667 ам долларыг хасаж 17,413.15 ам доллар нийт 185,789.10 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 3,496.90 төгрөгөөр тооцож, нийт 649,685,903 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Х.А*******, Б.С******* нараас 649,685,903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,634.45 ам доллар буюу 16,206,209 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны дүгнэлт зөв, энэ гэрээний талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

7. Зээлийн гэрээгээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх тохиролцоо хийгээгүй байх тул анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэг нь зээлдэгч нарын хамтран хүлээх үүрэг гэж тодорхойлж, хариуцагч нараас бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцнэ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж, 240,675,191.57 төгрөг гэснийг 649,685,903 төгрөг гэж, 425,216,920.43 төгрөг гэснийг 16,206,209 төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, хариуцагч Х.А*******, Б.С******* нараас 1,361,326 төгрөг гэснийг хариуцагч Х.А*******, Б.С******* нараас 3,476,579 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,284,035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

Т.ГАНДИЙМАА