| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00003/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох 1822003780163 тоот хэргийг 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын 4-р баг Улаанбургас гэх газарт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, .......................... ажилтай, ................................................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, дугаартай, Молхы овогт Б.Т.
Шүүгдэгч Б.Т 2018 оны 11 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалын сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр бид нар шөнө Улаанбаатар хотоос Баянжаргалан суманд ирсэн. Бид хоёрыг ирэхэд Баянзул, Г хоёр согтуу байсан. Гадаа гараад өрмөө янзалж байгаад орж ирэхэд хоол хийгээгүй байсан. Хоол хий гэж Ганбат ахад хэлээд бид нар гараад явсан. Дахиж орж ирэхэд хоол хийгээгүй байсан. Тэгээд ганц, хоёр цохиод өшиглөөд зодсон гэв.
- Хохирогч Г.Гын “...Би ................................ ажилтай. 2018 оны 11 сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Б Ти нар сэлбэг авч ирэхдээ Баянзул бид хоёрт нэг шил 750 грамм Улаанбаатар архи авч ирж өгсөн. Бид хувааж уугаад, талыг нь өглөө уусан...Тэгээд байж байтал Б.Т орж ирээд зүгээр сууж байж хоол хийхгүй яасан юм бэ гэхээр нь миний уур хүрээд чадахгүй гэтэл Б.Т уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Баянзул, Бямбадорж хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
-Гэрч Ж.Бямбадоржийн “...Би ажлаа хийж байгаад байрандаа ортол Б.Т, Г.Г, Баянзул нартай муудалцаад барилцаад авсан байсан. Би салгах гээд очтол Б.Т Г.Гын нүүр рүү 2, 3 удаа цохиод авсан. Бас өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би салгахад Баянзул гарсан, Б.Т бас араас нь гарсан. Би нилээд халамцуу байсан болохоор юу болсон бэ Баянзул ах аа гээд шатнаас буух гэтэл хөл алдаад баруун мөрөөрөө дарж унаад эгмээ гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
-Гэрч Г.Баянзулын “...Бямбадорж бид хоёр Б.Тийг хорьж байтал тэр Г-ын нүүр рүү 2-3 удаа цохиод авсан, бас өшиглөсөн байх. Тэгэхээр нь би байрнаас гартал шатан дээр хальт гишгээд газар унаад нүүрээ халцалсан. Гадаа байж байтал Б.Т гараад яваад өгсөн. Б гарч яваад цагдаад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 180200347 дугаартай “...Г.Г-ын биед баруун дээд 1-р шүд уналт, тархи доргилт, баруун дээд 2, 3, 4, 5-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хацар, уруулд зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруу, дух, эрүү зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 5 хувиар бууруулна...” гэх дүгнэлт /хх-ийн 21/
-Яллагдагч Б.Т-ийн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Г миний өөдөөс уурлаад, чадахгүй гээд байхаар нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Хөл рүү нь 2 удаа өшиглөөд автал Баянзул ах болон Бямбадорж нар Г бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Т 2018 оны 11 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалын сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Г-тай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 180200347 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М овогт Б.Т-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ