| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/02120/И |
| Дугаар | 210/МА2024/00398 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00398
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК, О.С нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 222,999,638 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.Сийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Л, хариуцагч О.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А ХХК, О.С нар 2021 оны 05 сарын 24-ний өдөр Х ХК-тай ЗГ/202146216489 тоот зээлийн болон БГҮ/202146246489 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 350,000,000 төгрөгийн Репо санхүүжилтийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд О.Сийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Мөн 2021 он 05 сарын 24-ний өдөр Зээлийн батлан даалтын сан, А ХХК, Х ХК нар 3 талт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Зээлийн батлан даалтын сан 60 хувийн баталгаа гаргасан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй байсан. Банкны зүгээс зээлийн батлан даалтын санд хандахад 2023 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 210,000,181 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,109,134 төгрөг, нийт 222,949,638 төгрөг төлсөн. Банк нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 139,999,819 төгрөг, зээлийн хүү 77,031,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,918,404 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 222,999,638 төгрөгийг зээлдэгч А ХХК, О.С нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК, О.С нараас зээлийн гэрээний үүрэгт 222,999,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК, О.С нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, иргэн О.С-ийн өмчлөлийн Г-2201013802 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Баруун туруун 15 гудамж, 4 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Э-2201000017 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21-р дүгээр хороо, Баруун туруун 15, 4а хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, газар, гэр, орон сууцны хашаа, Ү-2201056033 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21-р Баруун туруун 15 гудамж, 4а тоот хаягт байршилтай 91 м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууц, Ү-2201056032 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Баруун туруун 15 гудамж, 4а тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай үл хөдлөх агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,049 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, О.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,343,049 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч О.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Х ХК-иас миний бие өөрийн А ХХК-иар дамжуулан 2021 оны 05 сарын 24-ний өдөр жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 350,000,000 төгрөг зээлж авч, БГҮ/202146216489 тоот барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Баруун туруун 15 гудамж, 4 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 4а тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны газар, 4а тоот хаягт байршилтай 91 м.кв талбай бүхий үл хөдлөх хувийн сууц, 4а хаягт байршилтай 50 м.кв талбай бүхий үл хөдлөх агуулах зэргийг барьцаалсан. Улмаар 2021 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрөөс 35,000,000 төгрөг, хүүнд 18,626,707 төгрөгийг төлсөн. Ковид цар тахлын нөлөөний улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож тухайн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Зээлийн батлан даалтын сангаас 2021 оны 05 сарын 24-ний өдрийн БД/2021461689 дугаартай батлан даалтын гэрээний дагуу 209,999,729 төгрөгийг банкинд төлсөн. Банкны зүгээс 2023 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 210,000,181 төгрөг, зээлийн хүүнд 16,109,134 төгрөг төлсөн талаар маргахгүй боловч тооцооллын хувьд зөрүүтэй мэдүүлдэг. Хэдийгээр манайх хариу тайлбар нотлох баримт өгөөгүй боловч шүүх нотлох баримтын хүрээнд үнэн бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. 2022 оны 06 сарын 15-ны өдрийн Х ХК-иас зээлийн батлан даалтын санд хүргүүлсэн 5124/195 тоот албан бичгээр манайхыг 2021 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл зээлийг хэвийн төлсөн талаар дурддаг. Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2021 оны 05 сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 сары 25-ны өдөр хүртэл 6 сарын төлөлт нийт 18,626,712 төгрөг төлөхөөр хувиартай байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын албан тоотоор дээрх хугацааны төлөлт дээр маргаагүй буюу дээрх төлөлт нь үндсэн төлбөрөөс хасагдахгүй зээлийн хүүгийн төлбөрөөс хасагдах буюу зээлийн нийт хүү 58,112,755 төгрөг байгаа. Мөн тухайн зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар гэрээний хугацаа дуусахаас өмнө 2023 оны 04 сарын 17-ны өдөр нийт зээлийн үнийн дүнгээс 210,000,181 төгрөгийн төлөлт хийгдэж, улмаар гэрээг цуцлан тухайн үед шүүхэд хандсанаар 2023 оны 04 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн тул зээлийн хүүг 2023 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл төлөх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааны хүү 54,230,385 төгрөг байх тул үүнээс төлсөн 18,626,712 төгрөгийг хасаж 35,603,673 төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр байна. Үндсэн зээл 350,000,000 төгрөгөөс манай төлсөн 35,000,000 төгрөгийг, зээлийн батлан даалтын сангаас төлсөн 210,000,181 төгрөгийн хамт хасаж 104,999,819 төгрөгийг төлөхөөр байх ба нэмэгдүүлсэн хүүг яаж бодсон нь тодорхой бус байгаагаас гадна зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
4.2. Шүүх хэргийг эргэлзээгүй тал бүрийн нотлох баримт цугларсны дараа хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх ёстой. Үүнээс гадна шаардлагатай нотлох баримт бүрдээгүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар хуралдааныг нэг удаа хойшлуулж шаардлагатай ажиллагааг хийж болох эрх зүйн зохицуулалттай. Мөн шүүх нэг талыг баримталж бус, тэгш эрхийн зарчимд тулгуурлаж шийдэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хариуцагч зээлийн 70 орчим хувийг төлж барагдуулсан. Анх барьцаа тавьж зээл судлуулахад 100 хувийн төлөлт буюу нийт зээлийн барьцаанд тавьсан. Энэ тохиолдолд шүүх маргаангүй хэн нэгний эрх ашгийг хөндөхгүйн үүднээс тухайн барьцааны эд хөрөнгөд шинжээч томилж зээлийн төлөөгүй үлдсэн хэсэгт ногдох хэсгээр барьцаа хөрөнгийг хангуулж шийдэх нь зөв юм.
4.3. Мөн шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж хуралдаанд оролцуулах ба 2023 оны 12 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд А ХХК итгэмжпэгдсэн төлөөлөгчөө явуулсан боловч хуралд очих замдаа Зам тээврийн осолд орсны улмаас хуралд очиж амжихгүй талаар хурлаас өмнө шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж и-мэйлээр итгэмжлэлээ хүргүүлсэн. Гэтэл түүнийг харгалзан үзэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэрэгт шаардлагатай нэмэлт ажиллагаа хийж, хариуцагчийн оролцоо, мэтгэлцэх нөхцөл бололцоогоор хангаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тооцоог зөв тооцоолох буюу хууль шүүхийн өмнө тэгш эрх эдлэх, шударга байх нөхцөлөөр хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс хэрэгт зээлийн гэрээний төлбөр төлөлтийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алинд нь тооцож суутгасан талаарх баримтыг гаргаж өгсөн. Энэ нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдана. Давж заалдах гомдолд дурдсан 35,000,000 төгрөг төлсөн талаарх баримт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 удаа хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хариуцагч талын хүсэлтийг тухай бүрт нь хангаж шийдвэрлэж байсан. 2023 оны 12 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн. Гэтэл хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч А ХХК, О.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 139,999,819 төгрөг, зээлийн хүү 77,031,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,918,404 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 222,999,638 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ. /хх 1-3/
3. Хариуцагч тал 2023 оны 05 сарын 02, 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 91, 93/
Иймд хариуцагч А ХХК, О.С нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар тэдгээрт холбогдуулан гаргасан Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
4. Талууд 2021 оны 05 сарын 24-ний өдөр ЗГ/202146216489 тоот Зээлийн гэрээ болон БГҮ/2021462216489 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж, Х ХК нь 350,000,000 төгрөгийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлдүүлэх, А ХХК, О.С нар уг мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан олгох, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд О.Сийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Баруун туруун 15 гудамж, 4 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 4а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 91 м.кв талбайтай хувийн сууц, 50 м.кв талбайтай агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 15-18, 19-33, 55-65/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээний харилцаа гэж тус тус зөв тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Х ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 05 сарын 24-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 350,000,000 төгрөгийг А ХХК, О.С нарын эзэмшлийн Х ХК дахь 5124054256 тоот данс руу шилжүүлсэн, Зээлийн батлан даалтын сан нь 2021 оны 05 сарын 24-ний өдрийн БД/202146216489 тоот Батлан даалтын гэрээ, БД/202146216489 тоот Батлан даалтын гурван талт гэрээ, АБГ/202146216489 тоот Авлага барагдуулах гурван талт гэрээ-ний дагуу 209,999,729 төгрөгийг А ХХК, О.С нарын өмнөөс Х ХК-д төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 66-68, 69-70, 71-72, 73, 74, 76, 85/
6. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг нотлох зорилгоор зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл бүртгэлийн карт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Өмнө дурдсанчлан, хариуцагч тал хариу тайлбар гаргах хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй гэж үзнэ.
Иймд хариуцагч талын гаргасан ...шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шинжээч томилж хэргийг шийдвэрлэх ёстой байсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтад нийцжээ. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг мөн адил хангахгүй.
8. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулсныг дурдах нь зүйтэй.
9. Иймд хариуцагч А ХХК, О.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 222,999,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг О.Сийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад тус тус нийцсэн гэж үзнэ.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 29-ний өдөр төлсөн 1,207,949 төгрөг, 2024 оны 02 сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 1,278,149 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР