Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд  хаалттай хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч М.Х, Д.Н, Ц.Ж, Б.Ж

Хууль ёсны төлөөлөгч Л.Б, А.А, Н.Э, С.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М.Х, Д.Н, Ц.Ж, Б.Ж нарт холбогдох 1822003320144 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгч Ц.Ж: 2001 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Төв аймгийн Баянцагаан сумын 4-р баг “Онгон хоолой” гэх газарт оршин суух, Булга овогт Ц.Ж / гэв.

2.Шүүгдэгч М.Х:2004 оны 6 сарын 27-ны өдөр төрсөн, Дундговь аймгийн  Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг Цантын 1-6 тоотод оршин суух, Боржигон овогт М. Х гэв.

3.Шүүгдэгч Д.Н: 2004 оны 8 сарын 17-ны өдөр төрсөн, Дундговь аймгийн Дэрэн сумын ерөнхий боловсролын 9-р ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Хөх хошуу” гэх газарт оршин суух, Тайж овогт Д.Н гэв.

4.Шүүгдэгч Б.Ж: 2003 оны 1 сарын 7-ны өдөр төрсөн, Дундговь аймгийн Дэрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Халгайт” гэх газарт оршин суух, Сул овогт Б. Ж гэв.

 

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 09 сард М.Х, Ц.Ж нартай бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан, мөн 2018 оны 09 сард 14 насанд хүрээгүй хүүхдүүдтэй бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багт байрлах “Цантын хишиг” хүнсний дэлгүүрт нэвтэрч  эд зүйл хулгайлсан,

 

Шүүгдэгч М.Х нь 2018 оны 09 сард Д.Н, Ц.Ж нартай бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 09 сард М.Х, Д.Н нартай бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 06 сард 14 насанд хүрээгүй хүүхдүүдтэй бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Х-нд цэнэглэгч авах гээд очиж хоносон. Би гар утсаа оролдоод байж байхад энэ хэд хулгай хийх талаар ярьж байсан. Тэгээд бид хэд хулгай хийхээр болоод мотоциклио унаж яваад хашааны наана тавьсан. Би мотоцикль дээрээ үлдсэн, энэ хэд цааш орсон гэв.

 

2.Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 сарын 21-ний шөнө П ах /Ж/ манайд цэнэглэгч авах гээд ирж хоносон. Тэгсэн чинь Т, Очироо хоёр цуг ирээд, Т хулгай хийх санаа гаргасан. Очир бид хоёр зөвшөөрөөд хулгай хийхээр баруун лагерьт байдаг тамхины цэг рүү П ахын мотоцикльтой явсан. П ах мотоцикльтойгоо гудамжны үзүүрт үлдээд Т бид хэд тамхины цэгийн цонхыг нь онгойлгож ороод тамхи аваад буцаж ирээд П ахын мотоцикль дээр сундалж яваад авсан тамхиа жалганд авч очиж булсан гэв.

 

3.Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 сарын 21-нд Ж, Х, Т бид хэд Х-нд байсан. Т хулгай хийх санаа гаргаад Х бид хоёр зөвшөөрөөд хулгай хийхээр болсон. Ц /Ж/ ахтай хамт явж тамхины цэг дээр очоод П наад буланд нь мотоцикльтойгоо үлдээд Т, Х бид гурав цааш явсан. Тамхины цэгийн цонхыг нь эвдэж онгойлгоод тамхи авсан. Цэрэнпунцаг ах дээр ирээд бүгдээрээ мотоцикль дээр сундалж яваад жалганд очиж тамхиа булсан. 9 сарын 20 хэднээр Л, Т бид гурав байж байгаад хулгай хийх санаа гаргаад орой нь хулгай хийх гээд дэлгүүр лүүгээ явсан.  Дэлгүүр дээр очоод цоожийг нь эвдэж онгойлгоод дотроос нь мөнгө авсан гэв.

 

4.Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 сарын 8-нд би дүүтэйгээ гэртээ байж байтал Н ирсэн. Дараа нь О, Х, Л нар ирсэн.  Манайд байж байгаад наадмын талбай орсон. Наадмын талбай дээр байж байгаад баруун урд лагерь орсон. Тэгээд тамхины цэгээс тамхи авсан. Хоёр нь цонх эвдээд гурав нь хүн харж байсан. Х дотор нь орж тамхи авсан. Тамхиа авч яваад дөрөв дөрвөөр нь хувааж авсан. Тэр орой манайд хоночихоод маргааш нь тарсан гэв.

 

5. Хохирогч И.Б-гийн: “...2018.09.22-ны өглөө 10.00 цагийн үед дэлгүүрээ онгойлгохоор иртэл манай дэлгүүрийн  хаалганы цоож онгойсон  цүүндээ өлгөөтэй байсан.  Тэгээд цоожоо авч дотор талын хаалганы цоож хартал байхгүй байсан.  Дотогшоо ороод дэлгүүрийн  бараагаа харж урьд өдрийн  орлогын  мөнгөө,  мөнгө хийдэг хайрцагт үзтэл байхгүй байсан. Миний мэдэж байгаагаар Алпин  голд шоколад, Макс нэртэй шоколад 4 ширхэг алга болсон  байсан. Дэлгүүрийн  голын шилэн лангуунд шоколаднуудыг өрсөн байдалтай байсан. Мөнгө нь дэлгүүрийн  зүүн  лангууны доод хэсэгт цаасан хайрцагтай байдаг юм.  Тэндээс алга болсон.  Хиам хөргөгчин дотор, бэлэн гоймон хананы хэсэгт байх лангуунд байсан.  Манай дэлгүүрээс макс нэртэй шоколод 4 ширхэг алга болсон тус бүрийн үнэ нь 4500 төгрөг, Алпин голд нэртэй шоколад хэдэн ширхэг  алга болсон  гэдгийг нь мэдэхгүй байна. Орлогын мөнгө 100.000 гаран төгрөг байхгүй байсан.Дэлгүүрийн цоожийг юугаар яаж эвдсэн гэдгийг нь мэдэхгүй,  цоож нь түгжээнээсээ мултарсан өлгөөтөй байсан. Манай дэлгүүр хяналтын камергүй. Эзэн холбогдогчийг нь олж хохирол, гомдлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17, 19/

 

6. Хохирогч Г.А-ийн:”...2018.06.15-ны өдөр архи худалдан борлуулдаггүй өдөр байсан. Тэр өдөр би дэлгүүрээ онгойлгодоггүй юм. Манай охин Цолмон дэлгүүрээс будаа авъя гэхээр нь би хамт очиж онгойлгож өгсөн. Тэгээд дэлгүүртээ ороод ойр зуурын хүнсний зүйл авч байтал гадаа зогсож байсан Б гэх сумын  хүн  орж ирээд танай дэлгүүрийн  цонх чинь хагарсан  байна шүү дээ гэсэн. Тэгээд очоод хартал дэлгүүрийн  зүүн  талын 2 давхар цонхыг давхраар нь нэвт хагалаад дотор талд нь шидсэн чулуу нь уначихсан  байсан.  Тэгээд алдсан  эд зүйлээ бүртгэхэд мөнгө хийдэг лангууны  шургуулганд байсан  58,000 төгрөг,  баруун талд нь байсан  сагстай хилийн  чихэрнээс авсан  бололтой нилээн хонхойсон, доогуур унагасан  байсан.  Надад мэдэгдсэн  эд зүйлс ийм байсан.  Манай нөхөр нас бараад ажил явдал нь дуусаагүй,  охин  маань дэлгүүрт сууж байсан. Тэгээд би охиндоо өгсөн  бараагаа тоолж үзэхэд дансаар 2 шил 0.75 граммын соёрхол архи,  ерөөл архи 1 шил, сэрүүн  пиво 2 литртэй 1 ширхэг  алга болсон  байсан. Манай дэлгүүрээс алга болсон зүйлсийн  үнэлгээ Соёрхол архины 0.75 грамм нь 17.500 төгрөг, Ерөөл архины 0.75 грамм нь 12.000 төгрөг,  Сэрүүн пиво 2 литртэй нь 7000 төгрөгийн  үнэтэй. Хохирлоо гаргуулж хагарсан  цонх зэргийг  засуулж янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  22-23/

 

7. Хохирогч Д.Н-н: “...2018.09.26-ны өдөр  би Улаанбаатар хотруу нөхрийн хамт яваад 2018.10.01-ний орой 20:00 цагийн  үед Дэрэн  сумын  төв Хайлаастын  2-2 тоотод гэртээ ирэхэд манай тамхины ТҮЦ-д хулгай орсныг мэдсэн.  Намайг ирж мэдэхээс өмнө баруун  талын  хашааны хүн Эрдэнэжав утсаар надруу залгаж ТҮЦ-д чинь хулгай орсон  байна  гэж  хэлсэн.  Би явахдаа тамхийг  минь зарж байгаарай гээд Эрдэнэжавт үлдээгээд явсан байсан  юм. Ирээд тамхиныхаа ТҮЦ-ийг үзэхэд цонх нь рамаараа байхгүй байсан  ба дотор талын хаалганы цүүг цоожтой нь хамт мултлаад гадаа хаячихсан  байдалтай орхиод доторхи эд зүйлийг  нь онгичоод тамхийг нь хулгайлаад аваад явсан  байсан.  Манай тамхины цэгт байсан Бонд-2, клаб ЛД-2, нарийн ЛД-4, нарийн  улаан  шинхор-7, саарал ЛД-2, эссэ-3, ченж эссэ-4, парламент-3 палчиж тамхинууд алдагдсан.  Мөн 6 ширхэг  түмний ундаа 2 литртэй алга байсан. Бонд-2 палчик тус бүрийнх нь үнэ 25.000 төгрөг,  нийт 50.000, клаб ЛД -2, нийт 60.000 төгрөг,  нарийн ЛД-4 палчик нь 112.000 төгрөг тус бүрийнх нь үнэ 28.000 төгрөг, нарийн  улаан шинхор 7 палчик тус бүр нь 26.000 төгрөг, нийт 182.000 төгрөг, саарал ЛД-2, палчик тус бүр нь 28.000 төгрөг,  нийт нь 56.000 төгрөг,  эссэ 3 палчик нь 105.000 төгрөг, тус бүрийнх нь үнэ 35.000 төгрөг, ченж эссэ 4 палчик нь 160,000 төгрөг,  тус бүрийн  үнэ нь 40.000 төгрөг,  парламент 3 палчик нь 141.000 төгрөг, тус бүрийнх нь үнэ 47.000 төгрөг, бохим-2 палчик нь 60.000 төгрөг,  тус бүр нь 30.000 төгрөг,  ундаа 6 ширхэг ундаа 19.800 төгрөг, тус бүрийнх нь үнэ 3300 төгрөг, нийт гарсан хохирол нь 945800 төгрөг болж байгаа. Эзэн холбогдогчийг  нь олж хохирол гомдлоо барагдуулмаар байна. Мөн тамхи худалдан борлуулдаг ТҮЦ-ний хаалга цонхыг эвдэлсэн байсан, тэрийг  засварлуулах асуудал байна.  Урд нь манай ТҮЦ-ний цонхыг удаа дараа эвдэлж хагалж байгаа тухайн үед би эд зүйлс алдагдсан эсэхийг  мэдэхгүй байсан  учраас тоохгүй орхиж байсан. Энэ асуудал 4 дэх удаагийн асуудал болж байна. Өмнө нь ТҮЦ-ний хаалга эвдэж байсан  асуудлыг  давхар шалгаж өгнө  үү...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 26-27/

 

8.Насанд хүрээгүй гэрч Э.Т-ийн: “...2018.09.20-ны өдөр Д гэх ахын гэрт Н бид 3 байж байтал Д ах заал авч тоголлоо гээд явсан. Н бид 2 гэрт үлдээд хоол хийж идэх гээд байж байтал гаднаас Л орж ирээд 3-уулаа Б эгчийн дэлгүүрийг ухах уу гэхээр нь бид 2 зөвшөөрөөд явсан. Явахаасаа өмнө Н хашаанаас урт төмөр, машины данхраад аваад дэлгүүр дээр очсон. Н хаалганы цоожийг хөшиж эвдэн Н, Л 2 дотогшоо орсон, намайг хүн хараад зогсож бай гэсэн. Тэгтэл зүүн талын Төрийн банкны эгч банкнаас гарч ирэхээр нь би зугатаачихсан. Тэр 2 дотор хаалгаа гаднаасаа хаагаад үлдсэн. Тэр үед банкнаас гарч ирсэн хүн анзаарахгүй яваад өгсөн. Тэгээд бид 3 дотогшоо ороод би шоколад тэр 2 бэлэн гоймон, ундаа, хиам, мөнгө авсан. Тэдгээрийг аваад буцаад гараад иртэл барилга дээр ажиллаж байсан казак хүн юу хийж байгаа пизда вэ гэхэд нь би юу ч хийгээгүй ээ гээд зугатаачихсан. Тэндээсээ Д ахын гэрт нь очоод байж байтал нөгөө 2 араас удалгүй ороод ирсэн. Бид 3 тэндээ ундаа, хиам, гоймон зэргийг идэж уугаад гэр гэрлүүгээ явсан. Д гэх хүн биднийг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй, бид нар гоймон идээд байж байхад хаанаас гоймон  авч ирсэн юм гэхэд Лхагвадорж бид 3 ТҮЦ яваад тэндээс гоймон авсан  юм гэж хэлсэн.  Б гэх хүний дэлгүүрээс гоё жүүс 1 ширхэг, доширак 4 ширхэг, алпинголд шоколад 6 ширхэг байсан, макс нэртэй шоколад 2 ширхэгийг  авсан, жижиг гонзгой хиам 1 ширхэгийг авсан. Надад 9000 төгрөг өгсөн, нийт 27000 төгрөг байна гэсэн байх. Л буцаж дэлгүүр яваад үлдсэн мөнгийг нь авч ирээд уутанд хийгээд байшингийн доогуур хийсэн. Лхагвадорж анх бид 2-ыг хулгай хийе гэсэн. Тэгээд тэдний дэлгүүрт баахан 20000 төгрөгийн  дэвсгэрт байна лээ очиж авъя гээд уурлаад байсан. Тэгээд мөнгө авах зорилгоор хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58/

 

9.Насанд хүрээгүй гэрч Б.Л-ийн “... 2018 оны 09 сарын 21-ний өдөр байх Н миний чихэнд Б эгчийн дэлгүүрийг  ухья гэсэн. Тт би хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд Т, Н бид гурав хашаанаас төмөр аваад очоод цоожнуудыг нь төмрөөр хөшиж онгойлгоод  орж бэлэн гоймон, ундаа, хиам, зайрмаг сайра, бэлэн мөнгө зэргийг аваад буцаж Даваажав ахын гэрт очсон. Тэндээ юмаа идчихээд мөнгөө хувааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80/

10.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13/

11.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 14/

12.Дэрэн сумын  үнэлгээний комиссын 2018.10.09-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт / 1-р хх-ийн 90, 92, 94/

 

13.Нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 234, 238, 240, 241/

 

14.Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 06 сарын 08-ны өдрийн орчим Б.Ж, Д.Н, Б.О, М.Х, Ө.Л нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан, уг үйлдэл болох үед Д.Н, Б.О, М.Х, Ө.Л нар нь 14 насанд хүрээгүй байсан, 2018 оны 06 сарын 15-ны өдрийн  орчим М.Х, Б.О,  Б.Б нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын төвд байрлах Г.А-ийн эзэмшлийн дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан, уг үйлдэл болох үед М.Х, Б.О, Б.Б нар нь 14 насанд хүрээгүй байсан, 2018 оны 09 сарын 20-ны өдрийн орчим Д.Н, Э.Т, Б.Л нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын төвд байрлах И.Б-ийн эзэмшлийн дэлгүүрт  нэвтэрч эд зүйл хулгайлсан, уг үйлдэл болох үед Э.Т, Б.Л нар нь 14 насанд хүрээгүй байсан, 2018 оны 09 сарын 21-ний өдрийн  орчим М.Х, Д.Н, Ц.Ж, Э.Т нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан, уг үйлдэл болох үед Э.Т нь 14 насанд хүрээгүй байсан  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн  хуулийн Эрүүгийн  хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  заалтан нийцсэн байна.

 

Гэмт хэрэгт холбогдох үедээ шүүгдэгч Ц.Ж нь  16 нас 10 сар, шүүгдэгч Б.Ж  15 нас 5 сарын,  шүүгдэгч Д.Н  нь 2 удаагийн гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 1 сар, шүүгдэгч М.Х  нь 1 удаагийн гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 2 сарын настай байсан болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн  хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 насанд хүрсэн байсан байна.

 

Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2018 оны 09 сард шүүгдэгч Д.Н, М.Х, Ц.Ж нар бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Д.Н нь 2018 оны 09 сард 14 насанд хүрээгүй хүүхдүүдтэй бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багт байрлах “Цантын хишиг” хүнсний дэлгүүрт нэвтэрч  эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 06 сард 14 насанд хүрээгүй хүүхдүүдтэй бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутаг Хайлаастын 2-2 тоотод байрлах тамхины дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарт  Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ныг 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн агуулах саванд нэвтэрч, шүүгдэгч М.Х, Ц.Ж, Б.Ж нарыг бусадтай бүлэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

               Шүүгдэгч  нар нь  тохиолдлын  шинжтэй  нөхцөл  байдлын  улмаас  анх  удаа гэмт хэрэг  үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял  хөнгөрүүлэх  нөхцөл болох ба шүүгдэгч нар нь энэ  гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь  хэсэгт заасан  ял  хүндрүүлэх  нөхцөл  болж  байна.

 

Шүүгдэгч Д.Н, М.Х, Б.Ж нар нь 16 насанд хүрээгүй, шүүгдэгч  Ц.Ж нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт  хэрэгт холбогдсон байх тул тэдний  нас, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал зэргийг  харгалзан Эрүүгийн  хуулийн  8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн  хуулийн  17.1 дүгээр  зүйлийн  2-ийн 2.1 дэх хэсэгт  заасан  хорих  ялыг  оногдуулахгүйгээр  хүмүүжлийн  чанартай албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь зүйтэй гэж  үзлээ.

 

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг  оногдуулсан  нөхцөлд  хүүхдүүдээ хараа хяналтандаа байлгах  хүсэлтийг  шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийг хараа хяналтандаа байлгах үүргийг эх Н.Эт, шүүгдэгч Д.Н-ыг хараа хяналтандаа байлгах үүргийг эх А.Ад, шүүгдэгч М.Х-ыг хараа хяналтандаа байлгах үүргийг эх Л.Б-д, шүүгдэгч Б.Ж-г хараа хяналтандаа байлгах үүргийг эцэг С.Бд тус тус даалгах нь зүйтэй байна.

Дээрхи үйлдлийн улмаас хохирогч И.Бямбасүрэнд 130500 төгрөгийн, хохирогч Д.Н-д  945800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх  зүйлгүй гэсэн  тайлбарыг шүүхэд гаргасан байх тул  шүүгдэгч  нарыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн  улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайж овгийн Д.Н-ыг 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Булга овогт Ц.Ж, Боржигон овогт М.Х, Сул овогт Б.Ж нарыг нэг удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр  агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн 8.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н, Ц.Ж, М.Х, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийг хараа хяналтандаа байлгах үүргийг эх Н.Э-т, шүүгдэгч Д.Н-ыг хараа хяналтандаа байлгах үүргийг эх А.А-д, шүүгдэгч М.Х-ыг хараа хяналтандаа байлгах үүргийг эх Л.Бд, шүүгдэгч Б.Ж-г хараа хяналтандаа байлгах үүргийг эцэг С.Б-д тус тус даалгасугай. 

4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 5. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ