Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                   

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 1922000000013 тоот хэргийг 2019 оны 01 сарын 15-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын  1 дүгээр баг “Улаан худаг” гэх газар оршин суух, бие эрүүл, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй хэрэг хариуцах чадвартай, Ганжуур овогт Б.Г.

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 10-р гудамжны 9 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.У-ын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манай найзууд “Адуучин” тэмцээнд оролцоод манай баг түрүүлж цом авсан.  Тэгээд ууж, идээд орой нь “Цоглог” дэлгүүр дээр Ууганбаяр, Галаа хоёртой таараад манайд очицгоосон. Ууганбаяр манайд очоод унтаад өгсөн. Би найзтайгаа муудалцаад, зодолдсон. У-ыг босч ирснийг мэдээгүй, унтаж байгаад босч ирж хорьсон юм билээ. Тэр үед би нилээд согтсон байсан.  Хутга, шөвөг  барьснаа мэдээгүй. Хажуугаар нь гарахдаа араас нь цохичихоод яваад өгсөн гэсэн.  Би өөрөө хутгалъя гэсэн санаа байгаагүй. Нэг мэдсэн чинь үүдний амбаарт  хутга бариад явж байснаа санаж байна.   Цагаан сар болох гээд аав ганцаараа хөдөө байгаа.  Адуу мал Луусаас цааш  явчихсан сурагтай байгаа. Адуундаа явах хэрэгтэй байна. Хийсэн хэргээ хүлээж, гэмшиж бүрэн ухамсарлаж байна. Ахиж архи дарс уухгүй. Торгуулийн ял оноож өгнө үү гэв.

 

- Хохирогч М.У-ын: “...2018 оны 12 сарын 25-ны орой гэрлүүгээ алхаад явж байгаад “Цоглог” дэлгүүрийн  хойд талд Г, Г гэдэг хүмүүстэй тааралдсан. Ингээд бид нар нийлээд “Цоглог” дэлгүүрийн хойд талаас такси бариад Мандалын 10-09 тоотод Гунгаадоржийн гэрт нь очсон. Тэнд Г-ийн эхнэр, хүүхэд 2 танихгүй залуу байсан. Тэгээд тэнд архи, пиво ууцгаасан. Тэгээд би согтоод гэрийнх нь зүүн орон дээр гар утсаараа хүнтэй ярьж байгаад унтсан байсан. Нэг мэдсэн чинь гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд хартал гэрт Гунгаадорж хамт арх уусан залуучуудын нэгэнтэй нь зодолдож байсан. Тэгээд би тэд нар дээр очоод Г-ийн араас тэвэрч аваад хойш нь татаад ардаа гаргасан. Тэгтэл Г гэрийнхээ зүүн урд хэсэгт байх эргэнэгнээс хутга аваад миний хажуугаар гарангуутаа миний ар нуруунд гартаа барьсан байсан хутгаараа дүрсэн. Гунгаадорж тэр хутгыг ирнээс атгаад барьсан байсан. Би эмчилгээний төлбөр, хоол унд унааны төлбөрт 1.000.000 төгрөгийг  Гунгаадоржоос ХААН банкаар дамжуулж дансаар авсан. Одоо надад гомдол санал, байхгүй. Би 2018.12.30-ны өдрөөс Улаанбаатар хотруу яваад Цэргийн төв эмнэлэгт очиж эмчлүүлсэн.  Одоо би шархандаа Цэргийн төв эмнэлэгт шарлага хийлгэж байгаа. Г-д одоо ямар нэгэн санал гомдол байхгүй байна. Шарх бүрэн гүйцэд эдгээгүй байгаа. Одоо ахиж эмчилгээний зардал гарах нь гайгүй байх гэж бодож байна. Эхний ээлжинд шарлага хийлгэж байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

-Гэрч Н.Э-ийн: “...Манай хүү У шөнийн 03:40 минутанд гэртээ халамцуу байдалтай орж ирээд надад хандаж ээж миний ар нурууг арчаадах гэж хэлсэн. Би ар нурууг нь харсан чинь ахар сүүлний дээд талаас нь цус гарчихсан, цус нь урсаад өмдрүү нь орсон  байсан. Би юу болсон талаар асуухад би Мандалд хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Хаана, хэнд хутгалуулснаа мэдэхгүй байсан. Тэгэхээр нь цагдаад хэлэлгүй гэртээ унтацгаасан. Өглөө болсон чинь хамаг бие нь өвдөөд цус нь нэвтрээд шарх нь хавдсан байсан. Тэгэхээр нь эмнэлэгт очоод үзүүлсэн чинь шарханд 3 оёдол тавиад, эмнэлгээс цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

            -Гэрч Г.Т-гийн: “...би айгаад хүүхдээ аваад гэрээсээ гараад байж байсан чинь манай нөхөр Гунгаадорж гэрээс гарч ирээд намайг хүүхэдтэй хамт гэрт оруулсан. Тэгээд би гэрт ороход гэрт байсан хүмүүс гэрэл асаасан байсан. Гэрт Чунаа, тэгээд махлагдуу биетэй шар ах байсан. Сүүлд гэрт ирсэн байсан өндөр биетэй залуу алга байсан. Тэгээд Г, Чунаа хоёр эвлэрээд унтсан.  Өөр үйл явдал болоогүй. Өглөө нь гэрийн үүдэнд шалан дээр шар иштэй хутга байхаар нь би гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 15/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 190200024 дугаартай “...М.У-ын биед нуруунд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алталтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”  гэх дүгнэлт  /хх-ийн 21/

 

-Яллагдагч Б.Гийн: “...Ц бид хоёр дахиад муудалцсан. Тэр хооронд би гартаа шар иштэй хутга барьчихсан гэрийн  үүдний тамбарт явж байсан. Тэгээд би тэр хутгаа үүдний тамбарт хаясан. Тэгээд би гэртээ буцаж ороод Ц-тай эвлэрсэн. Тэгээд тэр хооронд манай гэрээс У гэдэг залуу явсан  байсан. У гэдэг залууг манай гэрээс явсныг би мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч  Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 10-р гудамжны 9 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.У-ын нуруун тус газар нь хутгалсан үйл явдал болсон , уг үйлдлийн улмаас хохирогч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 190200024 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

Шүүгдэгч Б.Г нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай /2015.08.11-ний/ хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасч, үлдэх 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн  болох нь  хэрэгт авагдсан  шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгчид 260 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс Б.Г нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хөдөө аавтайгаа хамт малаа малладаг учир Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал  тус тус гаргаж байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 1.450.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч М.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26,5 см урттай, шар өнгийн бариултай, цагаан өнгийн металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ганжуур овогт Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 700 нэгжээр буюу 700.000 /долоон зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан  торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянган / төгрөг төлсөн ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ