Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00399

 

 

 

 

 

     

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/03919 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, 234,310,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь М ХХК-тай 2013 оны 07 сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Н ХХК-ийн оффисын зориулалттай 335 м.кв талбайтай, 2 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Нийт 5 удаагийн төлөлтөөр 234,310,000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулагдсанаар барилгын ажил хийгдэж эхэлсэн ч хариуцагч компани 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш ямар ч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч компанид нэмэлт хугацаа тогтоож өгөхийг хүссэний дагуу 2019 оны 09 сар буюу нэхэмжлэл гаргах хүртэл ажлаа гүйцэтгэхийг хүлээсэн. Манай компаниас үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид хэд хэдэн удаа сануулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цахим шуудангаар албан бичиг явуулж үүргээ гүйцэтгэх хугацаа олгосон ч хариуцагч үүргээ гүйцэтгэх, үүргийн зөрчлөө засах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүйгээс харахад дахин нэмэлт хугацаа олгосон ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй болох нь илт болсон. 2019 оны 06 сард хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан ч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шинжээчийн дүгнэлт гараад жил болж байна. Энэ хугацаанд ямар ч хүсэлт, үүнтэй холбоотой гомдлоо гаргаж байгаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 234,310,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тухайн газар 2 жил ажил хийсэн. Сэлэнгэ рүү би вагонаар очоод цаашаа Цагаан нуур руу нийтийн тээвэр явдаггүй учраас яаж явдгийг мэдэхгүй байхад шинжээч яаж мэдэж яваад байгаа юм. Барилгын зургийг бүрэн эхээр нь авчирч өгсөн. Барилгын актууд эх хувиараа байгаа. Төсвийнхөө хүрээнд юмнуудаа гаргаж өгье гэхээр гурван тал байлцаж байж уулзахгүй бол болохгүй, нэг талтай нь уулзвал би хэрэгт орно гээд надтай уулзаагүй. Иймэрхүү байдлаар дутуу гаргасан. Барилгын зүйлийг би бага зэрэг мэднэ. Зэрэглэл гэдэг зүйлийг төсөв дээр бичихдээ зэрэглэлийг буруугаар бичвэл их зөрүү гардаг. 142 м.куб шороог 2262 экскаватор ухаж тавина гэсэн төсөв гаргасан байгаа. Зэрэглэлийг нь хамгийн доод хэмжээгээр гаргасан байсан. Хохирол шаардаад байна уу, тухайн байшингийн үнийг нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй. Үнийг нэхэмжилж байвал өмнө баригдсан байшин яах вэ, гэдэг асуудал яригдана. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2014 оны 11 сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ёстой. Тухайн хугацаа дуусаад 8, 9 жил болж байна. Өмнө нэхэж байсан албан бичгүүд 2019 оны албан бичгүүд байдаг. Хэрвээ хохирол учирсан бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлээд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байх ёстой гэжээ. 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 234,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,329,500 төгрөгөөс илүү төлсөн 1,050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,328,450 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсөнд 3,005,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд" зөвлөмжид ямар тохиолдолд гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах талаар тайлбарласан. Аливаа гэрээг цуцалснаар тухайн гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, харилцан шилжүүлсэн эд хөрөнгө, төлбөрийн гүйцэтгэл нь үгүйсгэгдэхгүй буюу буцаагдахгүй бөгөөд энэ хүртэл хугацаанд гүйцэтгэгдсэн ажлын эрх зүйн үндэс нь уг гэрээ хэвээр байдаг. Тиймээс гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажил болон зарцуулсан бараа материалын үнийг оруулан тооцох ёстой. Хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 сарын 29-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны 2023 оны 05 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байхад шүүх шинжээчийн 2 дүгнэлтийг үнэлж чадаагүй байна. Хэрэв шүүх шинжээчийн 2 дүгнэлтийг тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл зөрүүтэй дүгнэлт гаргасан гэвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасны дагуу нэмэлт, эсвэл дахин шинжилгээ хийлгэж болно. Хариуцагч гэрээний дагуу хийх ёстой ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй боловч шинжээчдийн дүгнэлтээр 117,589,001 төгрөгийн зардал гаргасан гэж тогтоосон нь түүнийг ямар ч ажил хийгээгүй буюу гүйцэтгээгүй биш гэдгийг нотлохын зэрэгцээ мөн нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу нийт 251,250,000 төгрөгөөс гэрээний 5.2, 5.3-т зааснаар ажлын хөлс шилжүүлсэн нь гэрээнд ...барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн үед барилга угсралтын болон холбогдох бичиг баримтыг үндэслэн захиалагч тал хөлс төлнө гэснээр төлсөн нь мөн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн цахим захидал зэргээр хариуцагч талыг ажил хийсэн гэдгийг давхар нотолж байна.

4.2.  Гэрээний хугацаа 2013 оны 10 сарын 20-ны өдөр дууссан, 2014 оны 10 сарын 20-ны өдөр хариуцагч компани ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлын гүйцэтгэл 70 хувьтай гэдгийг мэдсэнээс хойш 5 жилийн дараа буюу 2019 он хүртэл хүлээсэн гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Учир нь 2,000,000 төгрөг биш 234,000,000 төгрөг зарцуулчихаад хариуцагч талыг хараад байсан нь бодит байдалд нийцэхгүй. Харин ч ажлын явц, гүйцэтгэлийг байнга хяналт тавьж, барилга байшин нь ямар хэмжээнд хийгдэж байгааг хянах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 05 сарын 05-ны өдрөөр огноолсон шаардлага хүргүүлэх тухай гэж өөрсдийн албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байгааг шүүх анхаарч үзэлгүй зөвхөн нэмэлт хугацаа тогтоосон гэдэг нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрээр хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримт бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

4.3.  Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүй учраас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар 2014 онд ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон үед гэрээг цуцлаагүй, 5 жилийн дараа гэрээ цуцлах асуудлыг тавьж, ажил хийж гүйцэтгэсэн 117,589,001 төгрөгийн зардал гарсныг гүйцэтгэгчид өгсөн 234,310,000 төгрөгөөс хасаж тооцолгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлын агуулгаас үзэхэд тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ёстой барилгаа дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Гомдолдоо 2 шинжээчийн дүгнэлтийг харьцуулж үнэлээгүй гэж дурдсан. Иш татаж буй шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн төлөөлөгч тухайн үед эс зөвшөөрч байсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Гэтэл гомдолдоо уг дүгнэлтийг баримтлах ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас 2014 оны 10 сарын 20-ны өдөр ирүүлсэн э-мэйлийн дагуу нэмэлт хугацаа тогтоосон. Нэгэнт тухайн ажлыг гүйцэтгэж эхэлсэн, тухайн барилга дээр өөр хүн оруулах гэхээр хариуцагч тал маргах учир хариуцагч талыг хүлээгээд холбоо барих гэж хугацаа алдсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2014 оны 10 сарын 20-ны өдрийн хүсэлтийн дагуу нэмэлт хугацаа тогтоосон. Энэ талаарх үйл баримтад хариуцагч маргаагүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу хохирол шаардах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь ажлын үр дүн байдаг. Дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв. 

2.   Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 234,310,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28, 195-204/ 

3.   Талууд 2013 оны 06 сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд оффисын зориулалттай, 11.5 х 14.55 хэмжээтэй, 2 давхар, нийт 335 м.кв талбайтай барилгын ажлыг хийж гүйцэтгэх, Н ХХК нь ажлын хөлс 251,250,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.  

4.   Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

4.1.  Захиалагч Н ХХК нь 2013 оны 07 сарын 03-ны өдөр 123,750,000 төгрөг, 2013 оны 08 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2013 оны 09 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2013 оны 09 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2013 оны 10 сарын 22-ны өдөр 50,560,000 төгрөг, нийт 234,310,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч М ХХК-д шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй. /хх 157-159/

4.2.  Харин ажил гүйцэтгэгч М ХХК нь барилгын ажлыг 2013 оны 10 сарын 20-ны өдөр барьж ашиглалтад оруулж, захиалагч Н ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

5.   Хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1.  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр ...модон хийцүүд усны нөлөөнөөс эвдрэл гэмтэл үүссэн, эрдэс хөвөн дулаалга усанд идэгдсэн, барилгын ажлыг бүрэн дуусгаагүй зэргээс тухайн барилгыг ашиглах боломжгүй... болох нь, мөн Барилгын төсөвчдийн холбооны 2023 оны 05 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...олон жил хамгаалалтгүй байсны улмаас урагдаж өгөршсөн, дотор хана, шалны OSB хавтан ус чийгэнд идэгдэн үйрсэн байдалтай, зарим өрөөний гипсэн тааз уч чийгэнд идэгдэн хуурч унасан байдалтай, үүдний гонх, террасны модон багана, дам нуруу нь ус чийг, нар салхинд хэврэгшсэн байдалтай... болох нь тус тус тогтоогдсон. /хх 51-53, 72-81, 96-98, 113-131/

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр ажил гүйцэтгэгч М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Барилгын төсөвчдийн холбооны 2023 оны 05 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон барилгын ажилд зарцуулагдсан 117,589,001 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 234,310,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч талын гаргасан ...барилгын ажилд зарцуулагдсан 117,589,001 төгрөгийг хасч тооцох ёстой... гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.2.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 06 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлд барилгын ... ажлыг ... 2013 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл гүйцэтгэх гэж заасан тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан зохицуулалтад нийцнэ. Ийнхүү тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 сарын 20-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 07 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, дараа нь 2019 оны 09 сард шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан, улмаар цагдаагийн байгууллага хариуцагчийн хаягийг 2020 оны 09 сард олж тогтоосон байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. /хх 16-17, 18, 19/

Иймд хариуцагч талын гаргасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.   Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт нөхцөл байдал тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагч М ХХК-иас шаардах эрхтэй.  

7.   Дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас 234,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/03919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 1,329,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР