Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00158/И |
Дугаар | 0205 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 0205
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг, Номгон төв хэсэг, гудамж, 35 тоотод оршин суух Шангас Тогтохын Лхамсүрэн /РД: ПК55080315/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 05-р сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гарагч Т.Лхамсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1976 оны 08-р сарын 01-нээс 1988 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумд, “Алтайн Оргил” нэгдэлд ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь энэ 12 жилийг хасчихсан. Тэгээд танайхаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан... Тус нэгдлийн уурын зууханд сантехникч, механикч хийж байсан... “Алтайн Оргил” нэгдэл задраад бичиг баримт бүгд устаад архивт байхгүй, олдохгүй байгаа... Заавал ажилд авсан, халсан тушаалаа авч ир гээд байгаа юм. Тушаал нь байхгүй учраас энэ 12 жилийг хасчихсан байгаа... 1976 оны 08-р сарын 01-нээс, 1988 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл, нийт 12 жил тогтоолгох гэсэн юм... Би тэтгэвэр авч байгаа. Энэ хасагдсан жилүүдээ тогтоолгож дээр нь нэмүүлэх гээд байгаа юм...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч Т.Лхамсүрэн нь Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд сантехникч, механикчаар 1976 оны 08-р сарын 01-нээс 1988 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд
Т.Лхамсүрэн нь Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд 1978 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сантехникч, механикчаар ажиллаж байсан болох нь:
Гэрч З.Өлзийдашийн шүүхэд өгсөн: “...Би 1980 онд Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдлийн нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орж 1980 оноос 1993 он хүртэл Т.Лхамсүрэнтэй хамт ажиллаж байсан. Тухайн үед Т.Лхамсүрэн нь слесарь, механикчаар ажиллаж байсан. Би Т.Лхамсүрэнтэй хамт ажиллаж байхдаа уурын зууханд слесарь хийж байсан. 1990 оны үед сургуулийн уурын зууханд ажиллаж байгаад хоёр уурын зуух нэгдэхэд ахуй үйлчилгээнд шилжсэн. Нэгдэл 1993 онд тарсан. Нэгдэл тарах хүртэл хамт ажиллаж байгаад Т.Лхамсүрэн нь шилжиж явсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,
Гэрч Т.Бавуудаагийн шүүхэд өгсөн: “...Т.Лхамсүрэн нь Ховд аймгийн “Алтайн оргил” нэгдэлд ажиллаж байсан. Т.Лхамсүрэн бид хоёр... нэгдлийн ахуй үйлчилгээнд 1978 оноос 1990 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Т.Лхамсүрэн нь 1978 оноос эхлэн слесарь, механикчаар ажиллаж байсан. Би Т.Лхамсүрэнтэй ажиллаж байхдаа уурын зууханд машинист /галч/ хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/ болон Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, №385291, 1978 оны 07-р сарын 20-ны өдөр эхлэсэн, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988 оныг хүртэлх жилүүдийн 01-р сараас 12-р сарын хугацааны цалингийн бичилтүүд /хх-н 19-20/ зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Лхамсүрэн нь 1976 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1978 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэрч М.Буянтогтохоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйл сануулсан баримт дээр З.Өлзийдаш гэж бичсэн, 1984 оны 04-р сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр Тогтохын Лхамсүрэнгийн ажилласан жилийг нөхөн бичсэн бөгөөд энэ дэвтэр нь зөрчилтэй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шангас Тогтохын Лхамсүрэнг Ховд аймгийн Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд 1978 оны 01-р сарын 01-нээс 1988 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1976 оны 08-р сарын 01-нээс 1978 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Лхамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч Т.Лхамсүрэн нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Лхамсүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА