Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн 1822002950014 тоот  хэргийг  2019 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овгийн Д.Х

 

Шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.У-ийг  2018 оны 02 дугаар сарын 25, 2018 оны 07 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна гэв.

2.Яллагдагч Д.Х-ын: “...би эхнэрээ зодож гэр бүлийн  хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.  Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.  Би дахин  энэ гэмт хэргийг үйлдэхгүй. Би эхнэртэйгээ 2018 оны 09-р сарын эхээр хамт амьдрахаа больсон. Би гэр бүлдээ ажил хийж олсон мөнгөө өгч байгаа. Би хотод их сургуульд сурч байгаа оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг талыг нь өгөөд байгаа. Одоогийн  байдлаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийн 1.600.000 төгрөгийг төлчихөөд байгаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн  хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/ 

3.Хохирогч А.У-ийн: “...2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шөнө манай нөхөр Х гэртээ архи ууж согтуу ирээд намайг  гуталтай хөлөөрөө миний хоёр хөлийн шилбэ рүү нилээд өшиглөж зодож, сүүлдээ над руу хутга шидсэн. Би тэр хутганаасаа нь бултсан тулдаа оногдоогүй. Тухайн үед би гэрт ажилгүй байж байхад Х архи уусан үедээ гэртээ согтуу ирээд шалтгаангүй уурлаад надад хандаж чамайг харахаас уур хүрээд байна. Гэрээс зайл гээд элдэв янзаар харааж зүхэж байсан. 2018 оны 02 сарын 25-нд зодуулснаас болоод миний шагайн гадна хэсэгт цууралт үүссэн байсан. Рентген зураг авахуулсан чинь саяхан Х шатаасан. Тухайн үед Энхзориг эмчид үзүүлсэн. Тэр эмчид би юман дээрээс ойчсон гэж хэлсэн. 2018 оны 07 сарын 28-ны шөнө гэртээ байхад Х ирээд зодсон. Тэр үед цагдаад мэдэгдээгүй. Маргааш нь согтуу ирээд агсараад байхаар нь цагдаад бариулсан. Тэгээд би цагдаад  мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй, Х-аас тусдаа амьдармаар байна гээд хэргийг хаалгасан. Тэрнээс хойш би Мандалын 9-3 тоотод дүү нарынхаа хашаанд гэрээ  бариад тусдаа амьдрах болсон. Тэгтэл 2018 оны 09 сарын 03-ны өдөр Х над руу яриад Мандалын 12-р гудамжинд миний иргэний үнэмлэхийг аваад ир гэсэн. Тэгээд очтол Х согтуу байдалтай  гартаа шилтэй архи барьчихсан байсан ба тухайн үед надад юм хэлэхгүй байснаа хуучин байсан Мандалын 12-31 тоотод  очиж архи ууна гэсэн. Би Х-ыг дагаад очсон. Х архиа ууж дуусаад би чамайг гүйцээнэ, ална гэж хэлээд миний хоёр гарын бугалганд гараа зангидаж байгаад цохьсон, мөн толгой руу гараа зангидаж байгаад цохьсон. Тэр үед хажууд гэрч байгаагүй. Тэр хашаанаас зугатаагаад гэртээ ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/

4.Насанд хүрээгүй гэрч Х.Н-ийн: “...Өнгөрсөн зун би гэрийн гадаа тоглоод сууж байсан чинь манай аав Х гаднаас согтуу ирээд гэрт ээжтэй маргалдаад байсан. Тэгээд аав, ээж хоёр гэрт маргалдаад байхаар нь би орсон  чинь аав Х манай ээжийг  гараараа баруун  хацарт нь цохиж байсан. Би тэр хоёрыг салгах гээд чадааагүй. Тэгээд аав, ээжийг өшиглөөд зодсон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13/

5. Гэрч А.Н-ийн: “...Өнгөрсөн зун би хашаандаа мотоцикль янзлаад байж байсан чинь хашааны хаалгаар манай эгч нүүр, нүд нь хавдчихсан, хөдөлж чадахгүй орж ирсэн. Тэгсэн нөхөр нь болох Х зодсон байсан. Тэгээд цагдаагаар шалгуулсан. Урьд өмнө Х манай эгч У-ийг зоддог байсныг  нь мэддэг байсан. Гэхдээ тэр хоёрын хооронд дүү бид хоёр огт ордоггүй байсан. Тэр зун зодуулсан асуудал бол арай хэтэрсэн асуудал байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15/

6. Гэрч А.У-ийн: “...Би тэр үед гэртээ байж байгаад хажуу гэртээ орсон чинь манай том эгч У уйлчихсан, Х-т гар утсаа хэмхлүүлсэн гэж хэлээд Х-ыг засарсан юм байх гэж бодоод очсон чинь хэвээрээ байна лээ гэж хэлж байсан. ...маргааш өдөр нь Уранчимэг эгч гар хөдөлж болохгүй байна гэж байсан. Тэгтэл эгчийн нэг гар нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.09.07-ны өдрийн №180200282 тоот дүгнэлтэд: А.У-ийн биед баруун хацарт сорви, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хацарт үүссэн сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх баруун хацарт үүссэн сорви гэмтэл нь эрүүл мэндийг  сарниулахгүй тул шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй. Баруун бугалганы зөөлөн эдийн  няцрал, зүүн  бугалга,  зүүн  гуяны гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. /хх-ийн 19/

8. Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.У-ийг  2018 оны 02 дугаар сарын 25, 2018 оны 07 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус тус зодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна .

 

Хохирогч А.У-ийн биед 2018 оны 09 сарын 03-ны өдөр зодуулсны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2018.09.07-ны өдрийн №180200282 тоот дүгнэлтэээр тогтоогдож байна.

 

Хохирогч А.У нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “”2018 оны 02 сарын 25-ны өдөр зодуулсаны улмаас миний шагайн гадна хэсэгт цууралт үүссэн байсан” гэж мэдүүлсэн  боловч  энэ нь гэрч Э.Энхзоригийн “Би олон хүн үзсэн болохоор энэ хүнийг санахгүй байна. Эмчлүүлэгчийн картан дээр бичсэн онош бол зөөлөн эдийн гэмтэл гэж  байна. Энэ бичиг миний бичиг мөн байна” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 190200016 дугаартай “А.У-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй ”  гэх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Мөн шүүгдэгч Д.Х нь 2018 оны 07 сарын 28-ны өдөр эхнэр А.У-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан болох нь 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 117 дугаартай шийтгэврийг хуулбараар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай байна  гэж үзлээ.

 

Дээр дурдсан нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хохирогч А.У нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг тус тус дурдав.

 

Хохирогч А.У нь өөрт учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч  өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Х-аас  нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Д. Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн  Д.Х-т 320 /гурван  зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн  хуулийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийн  ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.У  нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Х-аас  нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

5.Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч А.У нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ