Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00167/И |
Дугаар | 0206 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 0206
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р баг, Рашаант дөхөм гудамж 1-4 тоотод оршин суух Бэсүд Эрдэнээгийн Түвшинжаргал /РД:МК86021826/-ын хүсэлттэй, Гэлэгпилийн Баасансүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр бие биенээ бага байхаасаа мэддэг байсан. Холбоогүй байж байгаад 2011 оноос холбоотой болоод 2012 оны 08 сард хүүхдээ төрүүлсэн. Жирэмсэн үеийн эхний нэг сар хагастай байхад зан нь хувираад салсан. Харьцаагүй байж байгаад хүүхэд төрсний дараа утсаар нэг удаа хүүхдээ асуусан. Тэрнээс хойш бид хоёртой холбоо бариагүй... Сэлэнгэ аймгийн Орхон сумд аав ээж нь байдаг. Өөрөө шилжсэн гэж хүнээс сонсоод хаягийг нь олж чадахгүй байгаа. Юу хийдэг талаар нь ч мэдэхгүй байна... Эцэг нь Гэлэгпил гэж хүн байдаг... Хуучин Орхон сумын Засаг дарга хийж байсан. Одоо тэтгэвэртээ гарсан... Би найз нөхөд нь гэж хүн танихгүй. Хамаатаных нь дүү гээд хүүхэд байдаг, гэрийх нь хаягийг мэдэхгүй гээд утасны дугаар өгсөн... ах, эгч нь байдаг, бүгдээрээ хотод амьдардаг гэсэн... Одоо байгаа Засаг даргаас нь асуухаар шилжсэн гээд хаягийг нь хэлж өгөхгүй байгаа. Хүнээр асуулгаад олдохгүй байгаа... Хүүхэд 4 настай, Г.Баасансүрэн 1986 оны 09-р сарын 03-нд төрсөн. Аймгийн заан цолтой....” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Түвшинжаргал нь Гэлэгпилийн Баасансүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Э.Түвшинжаргал, Г.Баасансүрэн нар нь 2011 оноос 2012 оны хооронд эр эмийн харьцаатай байсан бөгөөд 2012 оны 08-р сарын 16-ны өдөр хүү Т.Энх-Амгалан төрсөн байна. Г.Баасансүрэн нь хүүхдээ төрснөөс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй хаяг тодорхойгүй байгаа болох нь Э.Түвшинжаргалын “...намайг жирэмсэн болсноос хойш зан нь өөрчлөгдөж, хүүгээ төрснөөс хойш нэг удаа ирсэн. Түүнээс хойш хаана байгаа мэдэхгүй байгаа...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Г.Баасансүрэн нь хариуцагч байх боломжтой болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Баасансүрэнгийн эцэг Гэлэгпил нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, 99153673 дугаарын, төрсөн эгч Г.Алтантуяа 88100903 дугаарын, төрсөн ах Г.Баасандагва 99999686 дугаарын утастай, Г.Баасансүрэн нь 1986 оны 09-р сарын 03-ны өдөр төрсөн, аймгийн заан цолтой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Баасансүрэнг эрэн сурвалжлаж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Гэлэгпилийн Баасансүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаар гүйцэтгүүлсүгэй.
2.Баасансүрэнгийн эцэг Гэлэгпил нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, 99153673 дугаарын, төрсөн эгч Г.Алтантуяа 88100903 дугаарын, төрсөн ах Г.Баасандагва 99999686 дугаарын утастай, Г.Баасансүрэн нь 1986 оны 09-р сарын 03-ны өдөр төрсөн, аймгийн заан цолтой болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА