Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00425

 

 

 

     

 

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00013 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С-дод холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 23,266,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Ж.С-д нь Х ХК-тай 2017 оны 10 сарын 13-ны өдөр ЗГ/201743257792 тоот зээлийн гэрээ, 201743257792 тоот барьцааны гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Ж.С-д зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 17,457,511 төгрөг, зээлийн хүүнээс 9,464,618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49,319 төгрөг нийт 26,971,450 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, банкны зүгээс шаардсан, зээлийн төлбөр хийгдээгүй. Иймд 2023 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,542,488 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,856,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 867,454 төгрөг, нийт 23,266,071 төгрөгийг гаргуулна гэжээ.  

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Х ХК-иас авсан зээлийг М ХХК нь үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор авсан. 2017 оны 10 сарын 13-ны өдөр Х ХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Миний бие хүүгийн төлбөрт 26,971,450 төгрөгийг төлсөн. М ХХК нь 2019 оны 04 сарын 09-ний өдөр энэ зээлийг бүрэн төлж барагдуулах тухай А-19/54 тоот албан бичгийг банкны Тусгай актив, зээл төлүүлэлтийн газарт өгсөн. М ХХК-иас шалтгаалан банкнаас зээл авч, хүүнд төлбөр төлж хохирсоор байгаа тул зээлийг авч хэрэглэсэн М ХХК нь зээлийн үүргийг хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ж.С-доос 22,780,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлээс 485,260 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-доос 271,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 485,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар зөвхөн барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлдэгч нь 2021 оны 01 сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдсөн. Гэтэл барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлдэгч нарт хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 01 сараас 2023 оны 01 сар хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон 485,260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2.  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д заасны дагуу Х ХК нь 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болно.

4.3.  Талууд 2023 оны 12 сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед зээлийн гэрээний хүү, эргэн төлөлт хийсэн мөнгөн дүн, хүүгийн тооцоололд маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2.   Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ж.С-дод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,542,488 төгрөг, зээлийн хүү 9,856,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867,454 төгрөг, нийт 23,266,071 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...зээлийн мөнгөн хөрөнгийг М ХХК авч, үйл ажиллагаандаа зарцуулсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 31/  

3.   Талууд 2017 оны 10 сарын 13-ны өдөр ЗГ201743257792 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХК нь 30,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.С-д нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 10-14/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.  

5.   Зээлдүүлэгч Х ХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр зээлдэгч Ж.С-дын өмчлөлд шилжүүлэн өгсөн, зээлдэгч Ж.С-д нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 17,457,511 төгрөг, зээлийн хүүнд 9,464,618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49,320 төгрөг, нийт 26,971,450 төгрөгийг зээлдэгч Х ХК-д төлсөн, улмаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 12,542,488 төгрөг, зээлийн хүү 9,856,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867,454 төгрөг, нийт 23,266,071 төгрөгийн үүрэг үлдсэн байгаа талаар хариуцагч маргаагүй. 

6.   ...Зээлийн гэрээний үүргийг М ХХК хариуцах ёстой... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

ЗГ201743257792 тоот Зээлийн гэрээ-г Х ХК болон Ж.С-д нар байгуулсан, гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг Х ХК нь Ж.С-дын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х ХК нь ЗГ201743257792 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг гэрээний нөгөө тал болох Ж.С-доос шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, , 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

7.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч Х ХК-ийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон боловч Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл, уг зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүгээс 485,260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Тодруулбал, гэрээний талууд дээрх хууль, тогтоолд заасны дагуу Зээлийн гэрээ-нд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх нөхцөлийг харилцан тохиролцоогүй байхаас гадна Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч талыг нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 451.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.С-доос зээлийн гэрээний үүрэгт нийт 23,266,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...271,854 төгрөгийг... гэснийг ...274,280 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 15,208 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР