Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Зд холбогдох эрүүгийн 1822002910136 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй,  ам бүл 5, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 55 тоот, /одоо Дундговь аймгийн Хулд сумын 1-р багт/  оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Г.З гэв.

 

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 9 сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хойд эцэг Ю.Б-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Г.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хриулна.  Би хийсэн буруу үйлдлээ ойлгож байгаа. Торгуулийн ялыг хувааж төлөх саналтай байна гэв.

 

2. Яллагдагч Г.Згийн: “...Би сонсгосон  ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 сарын  02-ны өдөр Сайнбаярыг жоншин  дээр гэрт нь буулгаад би жоншин  дээрх гэртээ ирсэн. Тухайн  үед 16 цаг  өнгөрч байсан байх, гэрт талийгаач Ю.Б, ээж А, О нар сууж байсан. Ээж адууны мах чанасан байсан. Би ерөнхийдөө нилээн согтуу гэрт орж ирсэн  байна лээ. Удалгүй би О ахыг та жонш битгий хулгай хийгээд бай дарга нар намайг  загнаад байна гэсэн чинь талийгаач Ю.Б хажуунаас чамд ер нь ямар хамаатай юм гээд өөдөөс О ахыг өмөөрөөд уурлаад байсан. Би талийгаачийн  өөдөөс уурлаад бид 2 гэрт дотор нэг  нэгийгээ заамдалцаад барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэр үед О хамт гэрээс гараад шууд мотоциклоо унаад яваад өгсөн. Гэрийн гадаа талийгаач Ю.Б бид хоёр хэрэлдээд заамдалцсан. Талийгаач миний өмсөж явсан куртикны захаар хоолой шахсан би гарыг нь тавиулах гэтэл гараа авахгүй байхаар нь зүүн гараараа баруун нүд хэсэгт нь нэг удаа цохисон чинь миний хоолойг шахаж байсан гараа тавьсан, намайг гэрийн гадаа цохиогүй. ...тэгээд ахиад талийгаач Ю.Б бид хоёр барьцалдаж зууралдаад гэрлүү ороод бид хоёр ахиад зодолдсон юм шиг байна лээ би их согтсон  болоод зарим болсон  асуудлыг санахгүй байгаа юм. Гэрийн дотор баруун хэсэгт байсан униний хугархайг бариад талийгаач аль хөлийг нь санахгүй байна шилбэ хэсэгт нь нэг удаа цохисоноо санаж байна. ...маргааш өглөө нь босоход талийгаач Ю.Б-ийн баруун нүд хөхрөөд хавдчихсан, хамрын дээд хэсэгт нь урагдсан байсан. Энэ өдрийн  дараа 2018 оны 09 сарын  06-ны өглөө гэртээ унтаж байтал ээж А З миний хүү босоорой аав нь сонин болчихлоо гэхээр нь орноосоо босоод талийгаачийг  хартал амнаас нь шүлс гараад нүүр царай нь сонин  болоод хөхөрчихсөн  байсан.  Ээж наймаг  И-ийг  дууд гэхээр  нь би гэрээсээ гараад И ахыг гэрийн  гадаа машин дотор унтаж байхаар нь дуудаж сэрээгээд гэрлүү оруулж ээжтэй хамт үлдээгээд сумын төв орж эмч дуудах гэж яваад удалгүй би Манал гэх эмчийг авчираад үзүүлтэл нас барсан байна гэж хэлсэн.  Миний цохиж зодсон асуудлаас болж хөнгөн зэргийн хохирол тогтоогдсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нас барах шалтгаан нь өөр хүчин зүйл, өвчнөөс нас барсан  гэсэн  дүгнэлттэй танилцсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр бид хэд ажил хийж байгаад 17 цагийн үед ирсэн. Ирэхэд З-гийн гэрт ах байгаагүй, энэ хүн ээжтэйгээ нэлээн согтуу байж байсан. Би орж ирээд ахыгаа сурахад танайх руу явсан гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Гэртээ нэлээн зодолдсон бололтой хамаг юм нь эмх замбараагүй болсон байсан. Тэгж байтал ах хүрч ирээд чи Золоог юу гэж хэлсэн юм бэ гэхэд Золоо аав буруу ойлгоод байна, өвгөнийг өмөөрөөд байгаа гэж хэлсэн. Юун өвгөн та нар яасан юм бэ гэхэд жонш хулгай хийдэг өвгөн гэхээр нь та нарын хийх ажил биш хэлэх ёстой хүн нь хэлбэл хэлнэ биз гээд бид хэд хоорондоо жоохон маргасан. Тэгээд байж байтал Золоо, ах хоёр гэр рүү ороод хоёулаа барилцаж авсан. Авдарны  өмнө заамаар ахын хоолойг нь арагш нь түлхээд байж байхаар нь би орж салгасан. Тэгээд унь аваад цохьсон. Хаана нь цохьсоныг тухайн үед би хараагүй. Талийгаач ах гарч ирээд цагдаа дууд гэж хэлсэн. Би Хулд сумын төлөөлөгчийг дуудсан. Хулд сумын төлөөлөгч ирэхэд ах минь тайвширсан, за яах юм, дүү нь бас хэрэгт холбогдчихоод байгаа юм, энэ бид хоёр учраа олно, зүгээр гэж хэлсэн. Хулд сумын төлөөлөгч таны хамран дээр хавдартай, цохьсон байна, эвгүй харагдаад байна үзүүлье гэхэд зүгээр би үзүүлэхгүй, маргааш өглөө хүүгээ аваад хүрээд очъё гээд үлдсэн. Маргааш нь энэ хоёр Хулд сумын төлөөлөгч дээр очиж уулзаад ах минь хэлсэн байсан. Дүү нь бас хэрэгт холбогдчихсон, мөнгийг төлөх гээд зовж байна гэж хэлсэн. Би ч бас хэлсэн. Мөнгөөр битгий торгоорой, өөрт нь хэдэн үг хэлээд сануулж орхиорой гэж гуйсан. 2 өдөр ах намайг дагаж ажил хийсэн. 3 дахь өдөр орой нь гэртээ эрүүл орж явсан. Өглөө 4 цаг өнгөрч байхад ах чинь эвгүй болоод байна гэж Итгэлт гэж хүн хүрч ирж хэлсэн. Тэгээд би хүрч очсон. Тухайн үед ахыгаа нас барсан байна гэж мэдээгүй, ухаан алдсан юм байна гэж бодсон. Ах маань З-тай муудалцсаны улмаас тайвширч чадахгүй байж байгаад  нас барсан. Гомдолтой байна. Згаас талийгаачийн оршуулгын зардалд 6800.000 төгрөгийг нэхэмжилнэ. Баримтыг нь бүрдүүлсэн  боловч авч ирээгүй тул дараа нэхэмжилнэ гэв.

 

               4.Гэрч Ц.А-ийн “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед талийгаач Б, О, З нар гэрээс муудалцаад гарсан. Би тэр гурвыг болиулах гээд гартал О мотоциклио унаад явж байсан. Харин З, талийгаач Б хоёр муудалцаад барьцалдаад байж байсан. Тэр үед талийгаачийн баруун нүдний дээд хэсэгт улайгаад цус гарах гэж байгаа юм шиг харагдаж байсан. Яг намайг гэрээс гараад ирэх үед нэг нэгнийгээ цохиж байгаа харагдаагүй. Ямар ч л байсан талийгаачийн нүд нь улаан болоод хавдартай харагдаж байсан. Харин О, Э хоёрыг ирсэн үед гэрт муудалцаад нэгнийгээ цохиж, зодолдож байх үед хамарны дээд хэсэгт нь урагдаад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

               5. Гэрч Л.Э-ны “...Талийгаач, З хоёр хоорондоо муудалцаад, барьцалдаад гэр рүүгээ хамт орсон. Би гадаа мотоциклио үзэж шалгаад байж байсан. Тэгсэн гэр дотор хэрэлдээд зодолдоод байх шиг байсан. Тэгээд гэрт ортол талийгаачийн баруун нүд хэсэгт улайсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

               6. Гэрч О-ийн “...2018.09.02-ны өдөр Хулд сумын жоншин дээр талийгаач Ю.Б-ийн гэрт 15 цагт очиход эхнэр нь мах чанасан байсан, мах идээд Ю.Б-тэй ярьж байтал гаднаас З согтуу орж ирсэн. Тэгээд намайг жонш хулгайлдаг гээд  уурлаад агсраад байсан чинь талийгаач Ю.Баттөр намайг өмөөрөөд, чи боль,  жоншийг чинь хүн болгон л авч байгаа шүү дээ, ганц энэ хүн хулгайлаад байгаа юм уу гэж Зд хэлсэн. З намайг гэрээс гар гээд хөөж, гэрт байсан гутал өөдөөс шидэж, намайг  заамдаж авсан, цохьсон асуудал байхгүй. Би боссон чинь талийгаач Баттөр намайг өмөөрч  боль гэсэн чинь З Б рүү дайрч заамдаж  авсан,  Б бас өөдөөс нь заамдаж авсан. Тэр хоёр гэрт нэг нэгнийгээ цохиогүй, зууралдаад гарсан. Би дагаад гарсан. А гэрт үлдсэн. Тэр хоёр гадаа зууралдаж, нэг нэгийгээ харааж зүхээд байсан. Би мотоциклоо унаад хурдан яваад өгсөн.  Тэр хоёр гадаа үлдсэн. Гадаа гарах хүртэл Б-ийн нүд улайсан зүйл харагдаагүй, бие биенийхээ хоолойг боосон зүйл харагдаагүй. Хувцасных нь  захнаас барьсан байдалтай гэрээс гарсан, гадаа ч нэг нэгнийхээ хоолойг шахаж муужруулсан,  боосон зүйл харагдаагүй үлдсэн. Намайг явах хүртэл тэр хоёр нэг нэгийгээ цохиж харагдаагүй. З нилээн согтуу байсан, хөлөн дээрээ гуйваад, болсон үйл явдлын талаар мэдэж байгаа юм уу гэхээр л харагдаж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 21 /

               7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн №180200063 дугаартай “...Ю.Б-ийн цогцост хийсэн шүүх эмнэлийн задлан шинжилгээгээр биед зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, дух, хамар, шилбэнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шууд үхэлд хүргэхгүй. Ю. Б-ийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Ю. Б нь 0( I) бүлгийн цустай байжээ. Ю. Б нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 44/

               8. Шинжээч М.Б-ийн : “...Архаг өвчин гэдэг нь 6 сар буюу түүнээс дээш хугацаанд аажимдаа үүсдэг эмгэг өөрчлөлт, бие эрхтэнд бага багаар аажмаар илэрдэг юм. Зодуулсан цаг хугацаатай уг өвчин шалтгаан хамааралгүй, тухайн хүний биед байсан өвчин нь хууч өвчин, удаан хугацаагаар аажмаар илэрч үүсдэг өвчин, уг зодуулснаас болж 3 юмуу 4 хоногийн хугацаанд үүсэх боломжгүй. Зүрхний үйл ажиллагааны алдагдал, зүрхний томрол нь дасан зохицох ээнэгших байдлаар  явагдаж байдаг ба энэ нь хэдэн  сараас хэдэн жилээр үүсч байдаг онцлогтой. Нэг  удаа юмуу хоёр гурван  удаагийн  уурнаас болж үүсдэг өвчин  биш юм. Доод тал нь 6 сараас илэрч эхэлдэг өвчин юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 121

               9. Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

               Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Г.З  2018 оны 9 сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хойд эцэг Ю.Б-тэй маргалдаж  түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 09 сарын 06-нд хохирогч Ю.Б нас барсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.З нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу өөрийн хойд эцэг Ю.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан боловч түүний  үйлдэл нь  гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй,  тохиолдлын шинжтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн байна.

 

Хохирогч Ю.Б нь дээрхи үйл явдал болсны дараа буюу 2018 оны 09 сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд нас барсан шалтгаан нь түүний эрүүл мэндэд шүүгдэгч Г.З хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй, зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.З-ийн хохирогч Ю.Б-ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

 

Шүүгдэгч Г.З тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

 

Дээр дурдсан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О нь талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан 6.800.000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулна гэж нэхэмжилж байх боловч  энэ талаархи баримтаа  шүүхэд ирүүлээгүй тул эрүүгийн хэргийн хамт эцэслэн шийдвэрлэх  боломжгүй  байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О-ийн  6.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Харчин овгийн Г.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Г.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг  тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О-ийн оршуулгын зардалд 6800.000 /зургаан сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ