Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4, 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А-д холбогдох 1822004030010 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Ш.А: 1990 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, боловсролгүй, бичиг үсэг  мэдэхгүй, ам бүл 2, эцгийн хамт Дэлгэрхангай сумын төв дээр оршин суух Үйзэн овгийн Ш.А гэв.

 

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг  “Босго” гэх газраас И.Б-ны өмчлөлийн мал услах зориулалт бүхий төмөр онгоцыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын  21-ний өдөр Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн  нутаг “Хөтлийн хүрэн” гэх газраас Б.И-ийн 6 тооны ямааг /ишиг/ хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  1 дүгээр багийн нутаг “Булгантолгой” гэх газраас Ц.Г-ийн 4 тооны ямааг  хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Мэргэн” гэх газраас Г.Б-ын 2 тооны ямааг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг  өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Настай аавыгаа хараад амьдардаг. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

 А. Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

1. Хохирогч И.Б-ны: “...Манайх Дэлгэрхангай сумын 4-р баг  Төгрөгийн  говь гэх газарт нутаглаж  Босго, Зүүн төгрөг гэх нэртэй худгаас малаа усалж амьдардаг. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр малаа Босго гэх худагт услаад 29-ний өдөр буюу маргааш өдөр нь адуугаа услах гэсэн чинь худгийн онгоц алга болсон  байсан. Би тухайн үед худаг дээгүүр гарсан  ул мөр үзэхэд дан дугуйтай машины мөр байсан. Өөрийн алдсан онгоцоо хүлээж авсан, ямар нэгэн санал гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

2.Гэрч Ц.Г-ын: “...Ш.А  нь Орго гэх худаг  дээр 2018 оны 10-р сард онгоц авчирсан байсан. Би хэзээ авчирсныг мэдээгүй байтал манай хүргэн ах Эрхэмбаяр надруу залгаад Босго гэх худаг дээр байсан онгоцоо хулгайд алдчихлаа гэж ярьсан. Би Агаас чи яагаад Эрхэмбаяр ахын онгоцыг зөвшөөрөлгүй авч байгаа юм гэж хэлтэл надад үг дуугараагүй. Гэтэл Эрхэмбаяр ах надруу залгаад манай онгоц танай наад усан дээр чинь байна гэхээр нь би хариуд нь А  авчирсан талаар  хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 17/

 

3.Гэрч Д.А-ын:  “...Би Атай 2018 оны 5 дугаар сараас хойш хамтран  амьдарч байна.  ...Манай нөхөр А нь мал услах зориулалттай онгоцыг Г гэх хүргэн  ахынхаа машинаар ганцаараа яваад аваад ирсэн.  Тухайн  үед хаанаас ямар онгоц авчирсныг  мэдээгүй. Гэтэл сүүлд Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн  малчин  Баярсайхан мал услах зориулалттай онгоцоо хулгайд алдчихлаа гэж яриа гарсан. Бид нар А-г онгоц хаанаас авсан талаар асуутал Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн  Босго гэх худаг дээрээс авсан  гэж хэлсэн.  Удаагүй байтал Орго гэх худгаас малаа усладаг  Б гэх айл Оргын усан дээр онгоц авчирсан  юм. Бид нар А-г  Босго гэх газраас авсан Баярсайхан гэх айлын  онгоцыг  уучлалт гуйгаад, хүргэж өгөө гэж хэлж байсан  боловч хүргэж өгөөгүй өдийг хүрсэн  юм...Би сумын төв дээр байж байгаад 7 хоногийн  хагас бүтэн сайны амралтаар нөхөр А  дээр буюу Агийн хүргэн  ах Ганболдынд очсон юм. Би 2018.10.05-ны өдөр очсон юм. Намайг  очсоны маргааш 2018.10.06-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад А худгийн  онгоц олж ирнэ гээд өөрийн  хүргэн  ах Ганболдын эзэмшлийн 84-41 УБЛ улсын  дугаартай машиныг унаад гэрээс зүүн хойд зүгт хөдлөөд ганцаараа явсан  юм. Тэр өдрийн орой 21 цаг болж байхад А машинтайгаа хүрээд ирсэн, тэгээд хаачаад ирснийг  нь асуухад худгийн онгоц авчраад худаг дээр буулгачихаад ирлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

4.Гэрч М.О-ны: “...84-41 УБЛ дугаартай “Тояато калдина” маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг.  Би 2018 оны 09 сарын үеэр Г гээд нөхрийнхөө таньдаг хүнд зарсан. Тэгээд манай нөхрийн  хамаатан, таньдаг, мэддэг дээрээс нь хөдөөний хүн  байсан болохоор  нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан.  Би машинаа 2500.000 төгрөгөөр тооцож мал авахаар тохиролцсон байсан. Төлбөр тооцооны  асуудал дууссан. Манайх машиныхаа үнэ өртөгийг авчихсан  байгаа...” гэх мэдүүлэг  /хх-ийн  21/

 

5.Гэрч Ш.М-ын: “...Тэгээд бид мал услах онгоцны үнэ асууж сураглаж байтал манай дүү А  2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр мал услах онгоц олж ирэхээр манай ногоон  өнгөтэй тээврийн  хэрэгслийг унаад явснаа хуучин  хэрэглэж байсан шинжтэй төмөр онгоц авчран Орго гэх нэртэй худаг дээр тавьсан. Би тухайн үед Агаас хаанаас онгоц аваад ирэв гэж асуутал надад хариу хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

6.Гэрч М.Э-ын: “...Манайх Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг Зараа гэх газарт нутагладаг юм.  Тэгээд манайх бөөдий гэх малын хөл,  уланд шааж үрэвсүүлдэг ургамал гарахаар нь нутагладаг  газраасаа 2018 оны 10 дугаар сард урагш нүүгээд Төгрөгийн говийн урд гарч буусан юм. Гэтэл манай нэг  усны ах болох Баярсайхан  надад утсаар  Босго гэх манай хоёр гэрийн  уудаг  худаг дээр байсан  мал услах зориулалттай онгоц хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би олчих санаатай амихандаа хүмүүст хэл дуулгаж байтал манай хүргэн Ганболд гэх хүн  залгаад манай эхнэрийн  дүү  А Оргын худаг дээр хаанаас авчирсан  нь мэдэгдэхгүй онгоц тавьчихлаа ирж үз гэж хэлсэн.  Тэгээд онгоцоо хаана  аваачсаныг мэдсэн юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24/

 

7. Яллагдагч Ш.Агийн “...2018 оны 10 дугаар сард би өөрийн эгч Мөнхжаргалд худгийн  онгоц олж ирье гэж хэлээд өөрийн  хүргэн  ах Г-ын  эзэмшлийн “Caldina” маркийн 84-41  УБЛ улсын дугаартай машиныг унаад сумын төв рүү хойд зүгт явж байгаад Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Босго гэх газар нутагладаг Б гэх айлынх худаг дээрээ онгоцоо орхиод өөр нутагт нутаглаж байгааг  гэнэт санаад тэдний онгоцыг очиж авъя гэж шийдээд, Дэлгэрхангай сумын 4-р баг Босго гэх газар байх худаг руу шууд явж очиход худаг дээр 3 м орчим урттай төмөр онгоц байсныг авч машиныхаа арын  суудлыг хэвтүүлж байгаад машиндаа ачиж хөдлөөд Оргын худаг дээр аваачиж тавьсан  юм.  Би худгийн онгоцыг авахдаа эзэмшигч нь болох Б-д хэлж мэдэгдээгүй,  би онгоцыг  нь түр хэрэглэж байгаад буцаагаад тавьчихна гэж бодож байсан юм. Би Б гуайг сайн  танина, нэг  нутагт нутаглаж байсан  юм. Би худгийн онгоцыг  2018.10.28-ны өдөр аваад 2018 оны 12 дугаар сарын  сүүл хүртэл хэрэглэж байгаад Баярсайхан  гуайд буцаан  өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 40/

 

  8.Хохирогч И.Б-д худгийн онгоц хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

  9. Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссийн акт /хх-ийн 26-27/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Б. Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

 

1.Хохирогч Б.Итгэлтийн: “...Манайх Дэлгэрхангай сумын 1 дүгээр баг “Хөтлийн хүрэн” гэх газар мал маллаж амьдардаг юм.Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр малаа тоолоход 239 ямаа байсан. Манайх дан ямаа малладаг айл байгаа юм. Тухайн үед би гэртээ ганцаараа малаа маллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хамаатан А-д малаа захиж үлдээгээд Хулд сумын жоншин дээр ажиллахаар явсан  юм.  Гэтэл манай малыг  2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тоолоход 7-н ямаа дутлаа ирж малаа бүртгэ гэж хэлсэн . Би тухайн  өдөр Хулд сумаас ирээд малаа бүртгэхэд 7-н тооны ямаа дутсан.  Манай ямаа зөв талын чихний им араас ухам. Би алдсан  малаа бүрэн  хүлээж авсан. Надад ямар нэгэн  гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 52/   

 

2.Хохирогч Ц.Г-ийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр малаа тоолоод тэмдэг тавьтал манайхаас 4-н тооны ямаа дутсан юм.  Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орчимд манай алдсан 4-н тооны ямааг  манай нутгийн  А гэх залуу олж Элгэн гэх газарт байх өөрийн  хашаанд аваачиж хашсан байсан. Тэгээд би А-ын гэрт сууж байхад манай алдсан ямааг худалдаж аваад алдчихлаа гээд сумын төвөөс Бөмбөр гэх залуу ирж таарсан  юм. Тэгээд би алдсан ямаагаа Ш.А гэх хүүхэд Бөмбөр ченжид худалдсан болохыг мэдсэн.  Манай малын им нь зөв чих  урдаасаа ганзага, буруу чих эрхээс чихлээстэй. 4-н тооны улаан зүсмийн эм ямаа байсан. Надад гомдол санал байхгүй, би өөрийн  алдсан малаа буцааж авсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 78/

 

3.Хохирогч Г.Бат-Уянгын: “...Манайх Дэлгэрхангай сумаас урагш  Толь бригадын  төвийн ойр орчмоор нутагладаг юм. Тэгээд манайх малаа 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тоолоход 2 тооны ямаа дутсан.  Манай малын им буруу талын чих шоргоолж чихлээстэй, зөв тал нь араасаа эрхээс чихлээстэй. Алдсан малаа төлүүлж авч байгаа...” гэх мэдүүлэг  /хх-ийн 106/

 

4.Гэрч Д.Батбаярын: “...2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр А надруу залгаад би танай малд 6 тооны ишиг  аваачиж тавьмаар байна,  эхийгээ хөхөөд байгаа юм. Манай эхнэр Амаржаргалыг их гэрээс ирсэн ишиг байгаа юм гэж хэлсэн. Тэгээд чи мотоциклтойгоо хүрээд ирээч 2-уулаа дүүрээд аваачъя гэж хэлсэн.  Би хариуд нь би зав байхгүй чи өөрөө авч ир гэж хэлсэн.  Тэгээд 2018 оны 12 дугаар сарын  3-ны өдөр би ах Мөнхбаатарынд мал нядлахаар явж байхад А  манай мал руу ишгээ туугаад нийлүүлж байгаа харагдсан. Улаан зүсмийн ишигнүүд байсан. Зөв талын чих өмнөөсөө ганзага,  араасаа ухам,  буруу талын  чих нь хагалбар чихлээстэй,  мөн  2 эврийг  нь битүү ногоон  будгаар будсан байсан.  Мөн сэрвээ хэсэгт нь их бүдэгхэн цэнхэр  будаг байх шиг  байсан. Агийн  малын им 2 талын чих хагалбар чихлээстэй. А  манай хадам талаас ирсэн гэсэн  болохоор  би итгэсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн  54/

 

5.Гэрч Д.А-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дэлгэрхангай сумын  төвөөс хөдөө гэрт өөрийн нөхөр Агийнд очиход манай малд 6 тооны улаан зүсмийн ишиг байсан, би им чихлээсийг нь хараагүй. Би А-гаас ямар учиртай ишиг юм бэ гэж асуутал надад ямар нэгэн  зүйл хэлээгүй.  Гэтэл 2018 оны  12 дугаар сарын  03-ны өдөр нөгөө улаан  ишигнүүдийг айлын хотонд аваачиж тавина, 1 дүгээр багийн иргэн  Батбаярын малд нийлүүлнэ гээд малаас ялгаж чадахгүй байхаар нь би ялгаад үлдээсэн. Чи юун  ишиг авч яваад айлын малд нийлүүлнэ гээд байгаа юм бэ гэж хэлтэл би Батбаярын малд нийлүүлэхдээ танай аавынхаас ирсэн  гээд хэлчихье гэсэн. Би чи битгий аавын нэрийг хорлоод бай гээд уурлаж хэлж үзсэн.Тэгээд А надтай хэрэлдчихээд туугаад явсан. Би ирсэн  орой нь сумын  төвд хүргүүлээд үлдсэн.  Уг 6 тооны ишиг өөр имтэй байсан.  Мөн мал захалж яваад байсан учир анзаарсан. А уг ишгийг  өөрийн  малтай адилхан  эврийг нь ногоон будгаар будаад цусыг нь гоожуулаад чихлэчихсэн байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 55/

 

6.Гэрч Ш.М-ын: “...манай дүү  А  нь 2018 оны 8 дугаар сард малаа туугаад манайд ирээд манай малд 116 тооны хонь,  ямаа нийлүүлсэн юм.  Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө манай аав Ш-ын бие өвдөөд би Дундговь аймаг Улаанбаатар хотоор яваад 20 орчим хоноод 2018 оны 12 дугаар сарын эхээр гэртээ ирсэн. Намайг эзгүй байхад манай дүү  Толь бригадад гэрээ авчраад малаа манайхаас авсан байсан. Өөр мал нийлүүлж салгасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/

 

7.Гэрч Ц.Г-ын: “... манай эхнэрийн дүү А  нь 2018 оны 8 дугаар сард малаа туугаад манайд ирээд манай малд 116 тооны хонь,  ямаа нийлүүлсэн юм.  Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө манай аав Шаншуузын бие өвдөөд би өөрийн  эхнэр М-ын  хамтаар Дундгвь аймаг,  Улаанбаатар хотоор 20 орчим хоноод 2018 оны 12 дугаар сарын эхээр гэртээ ирсэн юм, эхнэр бид хоёрыг эзгүй байхад А нь малаа манай малаас салгаад бригадын төвийн дэргэд буусан байсан. Манай мал тусдаа болсон  байсан.  Мөн тоо ёсоороо 225 тооны бог мал байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 57/

 

8.Гэрч Б.А-ын: “ ...манай хүргэн  ах Итгэлт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хулд сумын жоншин дээр хэд хоног ажил хийж байгаад ирье гэж хэлээд надад 239 тооны ямаа захиж үлдээгээд явсан юм. Тэгээд би ахын ямааг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлчээр дээр нь тоолоход 7-н тооны ямаа дутаад байсан. Тэгээд би ах руу залгаад мал чинь дутаад байна  гэж хэлсэн. Мөн манай ахын гэрийн зүүн  урд 20 орчим метр газар дан дугуйтай машины мөр байсан болохоор хүний мал хулгайд алдчихсан байх вий гэж бодсон. Зөв талын чих урдаасаа ганзага, араасаа ухам чихлээстэй, эвэр хэсэгт нь улаан шар будагтай байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн  58/

 

9.Гэрч Д.А-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хадам аав Шаншуузын бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт байсан юм. Тэгээд А Бөмбөр ченжээс 5-н ямаа өгнө гээд 275,000 төгрөг зээлээд яаралтай Улаанбаатар хотруу явсан. Тэгээд сүүлд нь манай нөхөр А нь сумын төвийн ченж хийдэг хүн болох Бөмбөр гэх хүнд шөнө ирж 4 ямаа зарсан талаар Бөмбөр хэлээд, авчирсан  ямааг  нь алдчихлаа гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа А нь Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн иргэн Г гэх айлын малаас хулгайлж авч  Бөмбөр ченжид мал борлуулсан гэх яриа гарсан. Надад хэлээгүй, би энэ талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/

 

10.Гэрч Ц.Ц-ийн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А  аавынх бие Улаанбаатар хотод муудсан, мөнгө зээлээч ирж байгаад 5 тооны ямаа өгье гэж хэлээд надаас 275,000 төгрөг  зээлээд авч явсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орчимд шөнийн 22 цаг болж байхад А жижиг  саарал өнгийн  машинаар 4-н тооны улаан зүстэй эм ямаанууд амьдаар нь авчирч өгсөн. Тэгээд надад дараа нь нэг  ямаа авчирч өгнө машинд багтсангүй гэж хэлсэн. Тэгээд би худалдаж авсан малаа сумын  баруун захад бөөгнүүлж өдөрт нь малладаг байсан юм. Гэтэл 4 орчим хонож байтал А-гаас авсан ямаануудаа алдчихсан юм. Би Дэлгэрхангай уулаар 2 хоног  хайж байгаад А гэх айлын гадаа хашаатай байхад нь таарч очсон. Гэтэл Гансүх гэх хүн  А-ын гэрт ирчихсэн миний алдсан ямааг  манай ямаа байна гэж хэлсэн. Тэгээд би А-г хүний мал авчирч өгсөн гэдгийг мэдсэн. 1 ямаа тус бүрийг 55,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 81/

 

11.Гэрч Б.Т-ийн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны орчимд манай сумын мал мах авдаг ченж залуу Бөмбөр буюу Ц нь Агаас худалдаж авсан 4-н тооны улаан  ямааг алдсан, сураг гарвал хэлээрэй  гэж захисан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр А бид 2 мал хайж уулаар явж байгаад Бөмбөрийн  захисан ямааг  олсон. Тэгээд утсаар Бөмбөрөөс ямааг  чинь олсон гэж хэлэхэд аваачаад хашчих, би очиж авъя гэж хэлсэн. Тэгээд ямааг хашаад байж байхад Гансүх гэх манай нөхрийн нагац ах ирсэн. Гэтэл Бөмбөр ченж бас сумаас машинтай ирээд ямааг ачих гэж байхад Гансүх ах гарч хараад өөрийн  ямаагаа таньсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 82/

 

12.Гэрч Б.А-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны орчимд манай сумын мал мах авдаг ченж залуу Бөмбөр буюу Ц нь Агаас худалдаж авсан 4-н тооны улаан  ямааг алдсан, сураг гарвал хэлээрэй  гэж захисан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэр Т бид 2 мал хайж уулаар явж байгаад Бөмбөрийн  захисан ямааг  олсон. Тэгээд утсаар Бөмбөрөөс ямааг  чинь олсон гэж хэлэхэд аваачаад хашчих, би очиж авъя гэж хэлсэн. Тэгээд ямааг хашаад байж байхад Гансүх ах маань ирсэн. Удалгүй араас нь Бөмбөр ченж ирээд гэрт цай ууж байгаад Бөмбөрийн  ямааг ачиж өгөх гээд гартал манай ах Г-ийн  чихлээс шиг санагдаад ахад орж хэлсэн. Гэтэл Гансүх ах гарч ирээд ямаа тоолоход дутаад байсан  юм гэж хэлээд Бөмбөрөөс хэн чамд өгсөн  юм гэж асуусан. Гэтэл Бөмбөр ахад хандан Шаншуузын А  авчирч өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

 

13.Гэрч Д.А-ын: “...манай нөхөр А 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой Дэлгэрхангай сумын  төвд намайг гэрт байхад ирээд,  хөдөө мал хийгээд бэлэн болсон, хоёулаа аавын машинтай аймаг орж борлуулчихаад гэртээ тавилга аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 сумын төв дээр байсан манай хадам аав Ш-ын эзэмшлийн саарал өнгийн Криста маркийн 11-20УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аваад Дэлгэрхангай сумын  1 дүгээр баг  Толь бригад гэх газар гэртээ очсон юм. Гэтэл манай нөхөр 4-н ямааны гулууз бэлдээд орхичихсон байсан. Бид 2 өглөө нь мах арьсаа ачаад 2018.10.19-ний өглөө Дундговь аймагруу явсан. Тэгээд Бэрхээ ченжид махаа 4000 төгрөгөөр бодоод өгсөн. Ямааны арьсаа захад 28000 төгрөгөөр өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ тавих авдар аваад харьсан. Өөрийн малаас хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108/

 

14.Гэрч Ш.М-ын: “...манай нөхөр бид хоёр Толь бригадаас баруун тийш 2 км орчим зайтай гэртээ байсан  чинь манай дүү А мал хийж аймаг явах гэсэн юм. Та манайд очоод гэдэс арилгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд өөрийн нөхөр Г-ын хамтаар бригадын төвийн хажууд байх дүүгийндээ очиход бригадын төвийн хорооны пүнзэнд 4 тооны ямаа хашсан байсан. Тэгээд би гэдсийг нь арилгаж өгөөд явсан. Им чихлээсийг хараагүй, А-гийн мал 2 тал нь цуулбар чихлээстэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109/

 

15.Гэрч Ц.Г-ын: “...манай эхнэр бид хоёр Толь бригадаас баруун тийш 2 км орчим зайтай гэртээ байсан  чинь өдрийн  11 цагийн орчимд манай дүү А мал хийж аймаг явах гэсэн  юмаа гэхээр нь эхнэр бид хоёр гэрт нь очсон.  Тэгээд худаг дээр мал ирчихээр нь би мал услахаар явсан. Эхнэр М,  А нар мал хийгээд үлдсэн.  Намайг  худаг дээрээс ирэхэд хүрэн халзан  ямаа, хамар цагаан улаан ямаа нядалчихсан байсан. Би хар ямаа, улаан зүсмийн ямаа нядлалцсан. Манай эхнэр малын гэдэс арилгаж өгсөн. Тухайн үед би Бат-Уянгын малын  чихлээс байгааг анзаараад асуухад,  би Б наймаа хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 110/

 

16.Гэрч Ш-ын: “...цагдаад баригдсанынх нь дараа сонсоход нилээн хэдэн хулгай хийсэн гэж сонсогдсон. Би Агаас өөрөөс нь юу болсныг асуухаар юм дуугардаггүй юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би 2018 оны 4-р сард өөрийн дүү  Ц-аас Тоёото каймри маркийн 11-20 УБХ улсын дугаартай автомашиныг 2.000.000 төгрөгөөр авахаар тохирч мөнгөнд нь 15 ямаа өгөхөөр тохирч авсан. ...миний хүү багаасаа их эрх өссөн, дураараа зантай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 114/

 

17. Гэрч Э.Ц-ийн : “...Би өөрийн  аав Эрдэнэсүрэнд машинаа өгсөн. Аав л хүнд зарчихсан гэсэн.  Тэр хүнтэй  ямар нэгэн  тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 115-116/

 

18. Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссийн актууд /хх-ийн  61-63, 86-87, 118-119/

 

19. Яллагдагч Ш.А-гийн “...би 2018 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын төвд эхнэртэйгээ хамт байж байгаад хөдөө гэрлүүгээ өөрийн  аав Ш-ын эзэмшлийн 11-20 УБХ улсын дугаартай машиныг  жолоодож ганцаараа явсан юм.  Гэрлүүгээ явж байх замд Дэлгэрхангай сумын 1-р багийн  Хөтлийн хүрэн гэх газар нутаглах И гуайн ямаа нь гэрийнхээ урд хотолчихсон, гэрт нь хүн байхгүй байхаар нь мал дээр нь очоод 6 тооны ишиг хулгайлж машиндаа ачаад өөрийнхөө хотонд аваачиж тавьсан. Улаан зүсмийн 6 ишигний 2 эврийг нь ногоон будгаар будаад, зөв талын чих урдаасаа ухам, ардаасаа ганзага имтэй байсныг өөрчилж буруу талын чих хагалбар имтэй болгоод өөрийн малдаа хэд хонуулаад 2018.12.03-ны өдөр саахалт айл Б-ын малд манай эхнэр А-ын гэрээс ирсэн  мал байгаа юм, эхийгээ хөхөөд байгаа юм танай хотонд тавьчихъя гэж хэлээд тууж аваачиж малд нь нийлүүлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 69/

 

20. Яллагдагч Ш.А-гийн: “... би 2018 оны 11 дүгээр сард сумын төв орчихоод гэртээ харихаар өөрийн  аав Ш-ын эзэмшлийн 11-20 УБХ улсын  дугаартай автомашинтай ганцаараа явж байх замдаа Дэлгэрхангай сумын 1 дүгээр баг Булгантолгой гэх газар нутаглах Г-ийн хажуугаар гартал гэрийнх нь өмнө тэдний хонь хотолж байсан, тэдний хониноос 4-н тооны улаан зүсмийн  эм ямааг машиндаа ачаад буцаж Дэлгэрхангай сумын төв ороод Бөмбөр ченжид өгсөн. Би Бөмбөр ченжээс өмнө нь 275,000 төгрөг  зээлсэн  байсан,  зээлсэн мөнгөнийхөө оронд 5-н ямаа өгнө гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93/

 

21. Яллагдагч Ш.А-гийн: “... 2018.10.15-ны өдөр Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын 1-р багийн Оргын  усан дээр малаа усалж байхад манай малтай саахалт айл Б  мал ирж нийлсэн.  Би тэдний малыг  өөрийнхөө малаас ялгаж байхдаа улаан халзан,  улаан зүсмийн  2 тооны эр ямааг  өөрийнхөө малдаа авч үлдсэн.  2018.10.18-ны өдөр Б-ын малнаас хулгайлсан 2 тооны ямааг , өөрийнхөө малнаас хар зүсмийн эр ямаа, улаан зүсмийн  эр ямааг  барьж хашчихаад өөрийн  эгч М,  хүргэн  ах Ганболд нарыг  дуудаж хамт хийсэн.  Дараа нь эхнэрээ сумын  төвөөс очиж аваад буцаж гэртээ очиж аавын 11-20УБХ улсын  дугаартай машинд малын  махаа ачаад аймгийн  төв орж Туяа гэх ченжид 4 ямааны махаа зарсан.  Ямааныхаа арсийг зах дээр зогсож байсан 2 хүнд 28,000 төгрөгөөр өгсөн. Хүргэн ах Г ямаа хийлцэж байхдаа энэ Бат-Уянгын чихлээстэй мал байна,  ямар учиртай юм гэж асуухаар нь би Б-тай наймаа хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 128/

 

22. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

В. Гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ш.А нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг  “Босго” гэх газраас И.Баярсайханы өмчлөлийн мал услах зориулалт бүхий төмөр онгоцыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, 2018 оны 11 дүгээр сарын  21-ний өдөр Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн  нутаг “Хөтлийн хүрэн” гэх газраас Б.Итгэлтийн 6 тооны ямааг /ишиг/ хулгайлсан, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Булгантолгой” гэх газраас Ц.Гансүхийн 4 тооны ямааг  хулгайлсан, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Мэргэн” гэх газраас Г.Б-ын 2 тооны ямааг хулгайлсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.А-гийн И.Б-ы өмчлөлийн мал услах зориулалт бүхий онгоцыг тээврийн хэрэгсэл ашиглан авсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 2-ын  2.4 дэх хэсэг,  Б.И, Ц.Г, Г.Б нарын нийт 12 тооны малыг 3 удаагийн үйлдлээр авсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.А-г  тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр бусдын 12 тооны ямааг буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр зүйлийн  2-ын 2.4 дэх хэсэгт  зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон шүүгдэгч Ш.А-д  оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ш.А-д Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг 1 хоногийн хорих ялаар тооцож   нэмж нэгтгэн  шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрхи үйлдлүүдийн улмаас хохирогч И.Б-д 350,000 төгрөгийн, хохирогч Б.И-д 240,000 төгрөгийн, хохирогч Ц.Г-д 240,000 төгрөгийн, хохирогч Г.Б-д 240,000 төгрөгийн  хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх  зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн  улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.А-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2 тээврийн  хэрэгсэл нь  бусдын өмчлөлийнх тул 1 тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах санал” гаргасныг хүлээн авах боломжгүй гэж  үзлээ.  Учир нь: Шүүгдэгч Ш.А нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Ц.Г-ын эзэмшлийн 84-41 УБЛ улсын дугаартай автомашиныг,  мал хулгайлах 2 удаагийн үйлдэлдээ өөрийн аав Ш-ын өмчлөлийн 11-20УБХ дугаартай автомашиныг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх  боловч дээрхи автомашинууд нь шүүгдэгчийн өмчлөл, эзэмшилд байгаагүй  болох нь хэрэгт  авагдсан  баримтуудаар тогтоогдож байх тул улсын орлого болгох үндэслэлгүй байна гэж  үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Үйзэн овгийн Ш.А-г тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, 3/гурван/ удаагийн үйлдлээр бусдын 12 /арван хоёр/ тооны мал /ямаа/  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.А-д Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр зүйлийн  2-ын 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун  хорин/  цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн  хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4-д зааснаар оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэмж нэгтгэн  шүүгдэгч Ш.А-гийн  биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ