Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00426

 

 

 

 

     

 

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХК-д холбогдох, эдийн бус гэм хорын хохиролд 252,138,670 төгрөг гаргуулах, цаашид сар бүр 1,194,970 төгрөг олгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г ХК нь намайг ноолуурын хялгас ялгадаг машин дээр ажиллуулж байгаад 2005 оны 11 сарын 02-ны өдөр үйлдвэрийн осол гарч, миний баруун гарыг тохойноос нь урдуур тастаж, намайг насан туршийн тахир дутуу болгож, хөдөлмөрийн чадварыг 70 хувиар тогтонги алдсан, гэмтлийн хүнд зэрэг учирсан. Үйлдвэрийн осол гарсан шалтгаан, гэм бурууг тогтоохоор Хан-Уул дүүргийн мөрдөн байцаах тасаг 20527671 тоот хэрэг үүсгэн шалгаж, Г ХК нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар баталсан журамд заасан найдвартай аюулгүй ажиллагааг нь ханган баталгаажуулсан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулаагүй, олон жил ашиглагдаж сэв хялгасаа авч чаддаггүй болсон суурь машинаар үйлдвэрлэл явуулж, суурь машины гэрэлгүй харанхуй, зөөврийн болон автомат унтраалгагүй, онцгой эрсдэлтэй бункер дотор машин дээр ажиллагсдыг оруулж, гараар нь сэв хялгасыг хамуулж, технологийн горим зөрчиж ажиллаж байсан гэм буруутай үйлдлүүд нь тогтоогдсон. Хөдөлмөрийн чадваргүй болгосноос ажил хийж авч байсан цалингаа авч чадахгүй болсны зөрүү сар тутам 248,281 төгрөгөөр тогтоож өгсөн, одоо авч байгаа. Эмчилгээ сувилгаа, протез хийлгэх зэрэгт мөнгөөр гарсан эд мөнгөний хохирлыг нотлох баримтаар шүүх шийдвэрлэн өгч барагдуулсан. Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгана гэж заасан байдаг. Г ХК-ийн буруутай үйлдлээр 27 настай залуу гараа тастаж, сэтгэл санааны байнгын гутралд орж, амьдралын баяр баясгалангүй болгож хохироосон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу гэм хорын хохирол хариуцан арилгах үүрэг бүхий Г ХК-иас сар бүр 1,194,970 төгрөгийг гаргуулан надад учруулсан эдийн бус гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжилнэ. Ажил олгогч Г ХК 2006 онд 9 сарын дундаж цалинтай тэнцэх 1,194,970 төгрөгийн мөнгөн төлбөрийг ганц удаа өгсөн, дахин өгөөгүй. Иймд үйлдвэрлэлийн ослын улмаас миний хөдөлмөрийн чадварыг 70 хувиар тогтонги алдуулж хохироосон нөхөн төлбөрийг 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 1,194,970 төгрөгөөр тооцон 2005 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нөхөн төлбөр 252,138,670 төгрөгийг гаргуулж, цаашид сар тутам 1,194,970 төгрөг олгуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн утга бүрэн ойлгогдохгүй байна. Г ХК нь Г.О-тэй холбоотой шүүхийн өмнөх бүх шийдвэрүүдийг бүрэн биелүүлсэн ба биелүүлээгүй гэж үзэж байвал нэхэмжлэгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрх нь нээлттэй. Г ХК нь Г.О-тэй шүүхийн шийдвэрийн дагуу хэлцэл хийж өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсээр байгаа, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 507 дугаар зүйлийн 507.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХК-д холбогдох гэм хорын хохирол буюу 2005 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нөхөн төлбөр 252,138,670 төгрөгийг гаргуулах, мөн цаашид сар тутамд 1,194,970 төгрөг олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.  

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Г ХК буруутай үйлдлээрээ үйлдвэрлэлийн осол гаргаж миний 27 настай гарыг тасдаж, тахир дутуу болгож, хөдөлмөрийн чадварыг 70 хувиар хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр алдагдуулж, эдийн бус гэм хорын хохирол учруулсан. Мөн энэ хохирлын улмаас эмчилгээ, эм тариа, протез хийлгэх зэрэгт надаас гарах ёсгүй мөнгөн зардлууд гаргаж хохироосон. Энэ мөнгөн зардлуудыг шүүх шийдвэрлэн өгч барагдуулсан. Харин миний гарыг тасдаж, тахир дутуу болгож хохироосон эдийн бус гэм хорын хохиролд ганц төгрөгийн ч нөхөн төлбөр төлж өгөөгүй хохироосоор байна. Иймд үйлдвэрлэлийн осол гарсан тухайн үеийн хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадварыг 51-70 хүртэлх хувиар алдаж хохирсон ажилтанд 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч төлнө гэж заасан.

4.2.  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 227.3-т эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан бол гэм хориг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 58.4.3-т гэм хор учруулсан төлбөрийг тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд төлнө гэж заасан. Мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д хохирогч хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж хуульчилсан. Иймд Г ХК үйлдвэрлэлийн ослоороо миний гарыг тасдаж, хөдөлмөрийн чадварыг 70 хувиар алдагдуулсан эдийн бус гэм хорын үдсэн хохирлоо нэг удаа биш сар бүр мөнгө төлж барагдуулах хуультай байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д эд мөнгөний хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөөр төлж барагдуулна гэж заасан.

4.3.  Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2007 онд намайг ХБНГУ-д явж эмчлүүлэхэд протезын үнэ 16,638 евро, онгоцны тийз 1,222 евро, визний хураамж 67,5 евро, даатгал 70 евро, зочид буудал 1,800 евро, эмнэлэгт сахисан сахиур 739,410 төгрөг, бүгд 30,828,562 төгрөг шийдвэрлэж олгосон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 онд захирамжаараа 1,100,000 төгрөг шийдвэрлэж олгосон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд шийдвэрээрээ дутуу авсан цалин хөлс 248,289 төгрөг шийдвэрлэн олгосон. Эдгээр эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлуудыг шүүх шийдвэрлэн олгосныг миний гарыг тасдаж, хөдөлмөрийн чадвар алдагдуулсан эдийн бус гэм хорын хохирлоо Г ХК арилган өгч, намайг хохиролгүй болгосон гэж шүүх буруу ойлгосон. Мөн эдийн ба эдийн бус гэм хорын хохирлыг ялгаж үзээгүй. Г ХК миний эдийн бус гэм хорын хохирлыг арилгаж өгсөн ганц ч нотлох баримт байхгүй байхад миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй.

4.4.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний хохирлоо арилгуулгахаар нэхэмжилсэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 19.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 508 дугаар зүйлийн 508.4.3, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг үйлчлүүлээгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэхэд огт хамааралгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 507 дугаар зүйлийн 507.1-д заасныг хэрэглэн, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэж, гэм буруутанд хууль завшуулж, хохирогч намайг гэм хорын хохирлоо дахин нэхэмжлэх эрхийг хааж хохироолоо.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг гэм хорын хохирлоо дахин нэхэмжлэх эрхийг сэргээж, миний эрүүл мэндэд учруулсан эдийн бус гэм хорын хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн утга бүрэн ойлгогдохооргүй байх тул нэхэмжлжлийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Г ХК нь Г.О-тэй холбоотой шүүхийн бүх шийдвэрүүдийг бүрэн биелүүлсэн ба биелүүлээгүй гэж үзэж байвал нэхэмжлэгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрх нь нээлттэй. Мөн Г ХК нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсээр байгаа ба үүргийн зөрчил гаргаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 252,138,570 төгрөгийг хариуцагч компани төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв. 

2.   Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Г ХК-д холбогдуулан эдийн бус гэм хорын хохиролд 252,138,670 төгрөг гаргуулах (9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 1,194,970 төгрөгөөр тооцон 2005.12.01-2023.07.01 хүртэлх хугацааны), цаашид сар бүр 1,194,970 төгрөг олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж ирсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 56, 181-184/ 

3.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1.  Г.О нь Г ХК-д ажиллаж байхдаа 2005 оны 11 сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, баруун гараа тасдуулан хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар тогтонги алдсан; /хх 4-10, 11-16, 17-24/

3.2.  Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт-аар Г.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар хугацаагүй тогтоосон; /хх 39/

3.3.  Дээрх үйлдвэрлэлийн осол нь Г ХК-ийн гэм буруугийн улмаас гарсан болох нь тогтоогдсон; /хх 4-10, 11-16, 17-24/

3.4.  Г ХК нь шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу эмчилгээнд гарсан зардалд 30,828,562 төгрөгийг, эм тарианы зардалд 1,100,000 төгрөгийг төлсөн, мөн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүнд 248,281 төгрөгийг сар бүр төлдөг. /хх 4-10, 11-16, 17-24, 25-31, 60, 61-165/

Дээрх үйл баримтын тухайд зохигч талууд маргаагүй.

4.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

4.1.  Ажил олгогч Г ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д зааснаар ажилтан Г.О-д 2006 онд 1,194,970 төгрөгийг нэг удаа олгосон ба дээрх нөхөн төлбөрийг нэгээс дээш удаа олгох эсэх нь ажил олгогч Г ХК-аас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилчидтай байгуулсан хамтын гэрээгээр зохицуулагдах асуудалд хамаарах бөгөөд Г ХК нөхөн төлбөрийг нэгээс дээш хэдэн удаа олгох үүрэг хүлээсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

4.2.  Нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо дурдсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зохицуулалтууд нь хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалт тул уг үндэслэлээр гэм хорын төлбөрийг хариуцагч Г ХК-аас гаргуулах үндэслэлгүй.

4.3.  Өмнө дурдсанчлан, хариуцагч Г ХК нь сар бүр нэхэмжлэгч Г.О-д хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдсон төлбөр болох 248,281 төгрөгийг сар бүр төлдөг байх тул Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д заасныг үндэслэн төлбөр гаргуулах боломжгүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Г.О-ийн хөдөлмөрийн чадвар цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багассан буюу Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

4.4.  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой зохицуулалт нь 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт бөгөөд шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй болно.  

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддсөг болохыг дурдсугай.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР