Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00207

 

М.Б*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03354 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Б*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, М.Н*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 593 дугаар тогтоолоор М.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт 88,816,438.36 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс томилсон шинжээчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдсан Хан-Уул дүүргийн хороо, ******* гудамж, ны В1 давхарын од байрлах 13,5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай автозогсоолыг 42,255,018 төгрөгөөр, В2 давхарын 31 тоотод байрлах 27 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай автозогсоолыг 48,510,036 төгрөгөөр, В1 давхарын 62 тоотод байрлах 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаатай автозогсоолыг 32,340,024 төгрөгөөр, В1 давхарын од байрлах 13,5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2200048750 дугаартай автозогсоолыг 24,255,018 төгрөгөөр, В2 давхрын 6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай автозогсоолыг 10,780,008 төгрөгөөр, В2 давхарын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай автозогсоолыг 32,340,024 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/5784 тоот Үнэлгээний мэдэгдэл-ээр надад мэдэгдсэн.

1.2. Ийнхүү үнэлсэн явдал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох М.Б******* миний хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хамаарах ба олон нийтэд илэрхий байдаг зарын сайт, сонин зэргээс үзэхэд хэрхэвч ийм бага үнээр үнэлэх боломжгүй болох нь тодорхой бөгөөд энэ мэт хөрөнгөө зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэх явдал иргэн надтай бишгүй олон удаа тулгарч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй.

1.3. Иймд дээрх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тайланг судалж үзэхэд тухайн орон сууцыг үнэлэхдээ нийтийн орон сууцны зориулалттай төмөр бетон арагт бүтэцтэй гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлдэгдэж буй хөрөнгөтэй ижил төстөй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зах зээлийн үнийн мэдээлийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө, үзэмж, элэгдэл хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. Үнэлэхдээ www.Unegui.mn сайтын үнэ ханшийг сонгон үнэлгээг жишиж шинжлэн бодит үнэлгээг тухайн авто зогсоолуудыг тус бүр м.кв талбайнаас хамаарч үнэлж гаргасан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 204,820,152 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хөрөнгө үнэхлэх талаар тодорхой хуульчилж өгсөн бөгөөд ингэж үнэлэхдээ хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэгч М.Б*******гийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Бүрэн финанс ББСБ нь М.Б*******тай 2018 онд зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас 2020 онд шүүхэд хандаж, 2022 онд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээ байгуулагдаад 5 жил, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М.Б*******гийн хувьд шүүхийн шийдвэрт заасан шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэний үндсэн дээр энэхүү үнэлгээ хийх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу үнэлгээ хийх ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Төлбөр төлөгч М.Б*******гаас санал болгосон тухайн үеийн үнэлгээ нь 7 хөрөнгийг нийтэд 250,000,000 төгрөгөөр үнэлье гэж байсан. Тухайн үнэлгээг метр квадратаар бодоод үзэхэд 2,200,000 төгрөг болж байна. Энэ нь хаана ч байхгүй үнэлгээ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, үнэлгээг хууль бус явагдсан гэх баримтаар тогтоогдохгүй байх тул нэмэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай М.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч М.Б*******гийн өмчлөлийн автозогсоолын зориулалттай нийт 7ш үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй.

2023 оны 03-р сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай 03/77 дугаар тогтоолын дагуу шинжээч Г.Оын хөрөнгийн үнэлгээний тайланд ижил 3 автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг жишиж үзсэн байдаг.

Бодит байдал дээр төлбөр төлөгч М.Б*******гийн Хан-Уул дүүрэг 11-р хороо ******* гудамж, 48 дугаар байранд байх 42, 62, зогсоолууд нь В1 давхарт, 31, 6, 3, 30 тоот зогсоолууд нь В2 давхарт тус тус байршилтай бөгөөд автозогсоол нь аль давхарт байгаагаасаа шалтгаалж зах зээлийн үнэ нь өөр байдаг. Гэтэл шинжээч Г.О нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ энэ нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр үнэлгээ гаргасан. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэг бүрийн шинж байдлыг харгалзалгүйгээр бүгд ижил мэт үзэж, 7ш автозогсоолыг нэг ижил мэт үзэж харьцуулан үнэлгээ гаргасан нь шинжээчийн дүгнэлт бодит нөхцөл байдалтай огт нийцээгүй байхад анхан шатны шүүхээс тус хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн автозогсоолын үнэ цэнэ нь тухайн автозогсоол бүхий барилгад нийт хичнээн айл өрх, албан байгууллага байгаагаас шалтгаалж өөр үнээр үнэлэгддэг. Жишээ нь: нэхэмжлэгч М.Б*******гийн өмчлөл бүхий 7 автомашины зогсоол нь оршин суугчдын тав тухтай байдлыг хангасан дээд зэрэглэлийн хотхон юм. Гэтэл үнэлгээ хийхдээ ашигласан 3ш үл хөдлөх хөрөнгийн зургийг харвал цөөн айлтай, жижиг байранд байрлах автомашины зогсоол байхад тэдгээрийг хооронд нь харьцуулах боломжгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр үнэлгээний тайлан нь Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай Сангийн сайдын тушаал"-ын 4.7-д ... үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэд шаардлагатай ижил буюу жишиж болох төстэй үл хөдлөх хөрөнгийн арилжааны мэдээлэл байгаа тохиолдолд хэрэглэнэ гэж заасныг зөрчиж тухайн үнэлгээг үнэлгээний обьектын шинж байдал, онцлогт үндэслээгүй гэж үзэхэд хүргэж байна.

5.2. Автозогсоол нь улирлын шинжтэй үнэ нь өөрчлөгдөж байдаг онцлогтой үл хөдлөх хөрөнгө юм. Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний тайлангууд нь 2023 оны 3-р сарын 22-ны өдөр хийгджээ. Автозогсоол бүхий үл хөдлөх хөрөнгө нь Монголын эрс тэрс уур амьсгал, цаг агаарын байдлаас шалтгаалж намар, өвлийн улиралд эрэлт нь ихсэж зах зээлийн хуулиараа үнэ нь нэмэгдэж байдаг бол, хавар, зуны улирлад үнэ нь буурч байдаг онцлогтой. Хэрвээ шүүхийн зүгээс тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд нэхэмжлэгч М.Б*******гийн өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа өвөл болохоор байна. Гэтэл үнэлгээчин Г.О нь үнэлгээ хийж буй обьектынхоо дээрх шинж чанарыг харгалзалгүйгээр тогтсон нэг үнэтэй байдаг мэтээр нэг үнэ тогтоож, тухайн үнээр худалдан борлуулах гэж байгаа нь "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн 4.1.4-д заасныг зөрчжээ. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, өмчлөх эрхийг зөрчиж буйд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлгээчин Г.О нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ ...өртгийн, орлогын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх... гэж үзсэн. Гэтэл үнэлгээчин Г.О нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд ямар хэмжээний бараа материал орсон, ажиллах хүчний зардал хэрхэн гарсан зэрэг үл хөдлөх хөрөнгийн өртгийг санхүүгийн анхан шатны баримт дээр огт хийгээгүй атал "өртгийн, орлогын" арга хэрэглэж үнэлгээ гаргасан мэт үндэслэлгүй шийдвэр гаргаж байна.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн. Нэхэмжлэгч М.Б******* эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ" заасныг ноцтой зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023. оны 10-р сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03354 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тайланг судалж үзэхэд нийтийн орон сууцны зориулалттай, төмөр бетон бүтэцтэй орон сууцыг зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгүүдтэй ижил төстэй хөрөнгүүдтэй үнэлж, зах зээлийн үнийн ханшийн судалгаа болон зах зээлийн үнийн мэдээллийг уг хөрөнгийн ашиглалтад өнгө үзэмж болон элэгдэл, хорогдол, чанар байдал зэргийг харьцуулан үнэлсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 204,820,152 төгрөгөөр үнэлсэн нь зэх зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгө үнэлэх талаар тодорхой хуульчилж өгсөн бөгөөд ингэж үнэлэхдээ хөрөнгийг орон нутгийн, зах зээлийн, тухайн үеийн ханшаар үнэлэгдээ хуульчилж өгсөн.

6.2. Түүнчлэн нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж байгаа боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй учраас шүүх хурал 2-3 удаа хойшилсон. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Зах зээлийн хандлагаар шинжээч үнэлгээ хийхдээ тухайн байрны B1 давхарт байрлалтай 18 м.кв зогсоолтой харьцуулсан бөгөөд тухайн зогсоолыг 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр тооцож, 30,000,000 төгрөгөөр зарахаар зар тавьсан. Тиймээс хөрөнгийг хэт доогуур үнэлээгүй.

7.2. Маргаан бүхий хөрөнгөний ойролцоо оффис болон орон сууц байхгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд улирлаас хамаарч үнэлгээ тооцох аргачлал байхгүй. бөгөөд өртгийн хандлагаар тооцсон үнэлгээг үнэлгээ бүрийн 10 дугаар хүснэгтэд дэлгэрэнгүй гаргасан.

7.3. Анхан шатны шүүхэд шүүх хурал 3 удаа товлогдсон. Эхний 2 товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал огт ирээгүй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг хангах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. 3 дахь удаа товлогдсон хурлын товыг М.Б*******гийн өөрийн утсаар мэдэгдсээр байтал нэхэмжлэгч тал хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

3.1. Шүүх уг хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 89086187, 89086190 утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэх тэмдэглэгээ хийгдээгүй. /II-хх-ийн 90 дүгээр тал/

3.2. 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Э оролцсон байх боловч түүнд нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй. Иймд шүүх хуралдааны товыг Б.Эад мэдэгдсэн нь шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж заасан. Хэрэгт нэхэмжлэгчээс хэн нэг этгээдийг өмгөөлөгчөөр оролцуулах талаар амаар болон бичгээр илэрхийлсэн хүсэлт авагдаагүй буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэж тодорхойлох этгээд байхгүй байхад түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

3.4. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн утсаар ярьсан тухай тэмдэглэлд нэхэмжлэгч М.Б*******д хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн байх ба 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх тэмдэглэл хийгдээгүй байна. /II-хх-ийн 91 дүгээр тал/

3.5. Хэрэгт нэхэмжлэгч М.Б*******гийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон Өмгөөлөгчөөс татгалзах тухай бичгээр гаргасан хүсэлт авагдсан байх ба уг хүсэлтэд өмгөөлөгч Б.Э, н.Э, н.Л нар итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөр итгэмжлэлийн дагуу явж байснаас би бүгдэнгээс нь татгалзаж байгаагаа мэдэгдэж байна гэжээ. Энэхүү хүсэлтийг шүүх 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны өмнө хүлээж авснаар хэрэгт хавсаргасан боловч тухайн хүсэлтийг хэлэлцсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байхад түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдал, шүүх хуралдаанд биечлэн оролцох, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. 

Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03354 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА