| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00021/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн
Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М-д холбогдох эрүүгийн 1822002220018 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..........................., ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г овгийн Р.М гэв.
Шүүгдэгч Р.М нь эрүүгийн 1822001370051 дугаартай Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу Д.У-аас 2018.04.26-ны өдөр, Ц.Б, Т.Х нараас 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг, Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл, мөн Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас болон яллагдагчаар авсан мэдүүлэг, 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрчүүдийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн. Мөн Б-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн 60/88 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хувийн ашиг сонирхол байхгүй. Б-ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор аав, ээжийг нь дуудуулсан. Б-ээр дамжуулж бас дуудуулсан. Хөдөө айлд ямаа самнаж байна гээд ирэхгүй байсан. Утсаар ярихаар утсаар авчихаж болохгүй юм уу гээд байсан...” гэв.
2. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1822001370051 тоот хэргээс хуулбарласан баримтууд /хх-ийн 11-146/
3. Гэрч Ц.Б-ын: “...Би Р.М-ыг сайн танихгүй, сумын хэсгийн мөрдөгч гэдэг утгаар нь мэднэ. Р.М нь надаас огт мэдүүлэг авч байгаагүй, ер нь огт мэдүүлэг өгч байгаагүй. 2018 оны 05 сарын 20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгт бичигдсэн зүйлс худал байна. Манай охин Б.Балданцэрэн нь дээрээ 1 ахтай Г.У, 2 эгчтэй Г.Г, Г.Г, нэг эрэгтэй дүүтэй Х.О, би таван хүүхэдтэй. Г.У, Г.Г, Г.Г нар нь миний өмнөх нөхөр Д.Г-ийн хүүхдүүд, Б.Б, Х.О нар нь миний одоогийн нөхөр Т.Х-ийн хүүхдүүд. Б.Б-ийн төрсний гэрчилгээг авах үед надаар овоглож байсан юм. Харин Ерөнхий боловсролын сургуульд байхдаа захиргааны арга хэмжээ авхуулж байсан удаа бий, тэр хэсэг нь бол үнэн. Мөн миний гарын үсэг биш байна, би гарын үсгээ өөрөөр зурдаг. Р.М надаас мэдүүлэг авахаар дуудаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/
4. Гэрч Т.Х-ийн: “...Би Р.М-ыг сайн танихгүй, би Р.М-д огт мэдүүлэг өгч байсан удаа байхгүй. 2018 оны 05 сарын 20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгтэй танилцлаа. Уг мэдүүлэгт дурьдагдсан зүйлс худал байна. Б.Б бол миний төрсөн охин, Б.Б-г төрөх үед Ц.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор ээжээрээ овоглож байсан. Мөн Ц.Б бид хоёр 1995 оноос хойш хамт амьдарч байгаа. Бас би гарын үсгээ дармалаар бичдэггүй. Р.М нь мэдүүлэг авахаар дуудаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/
Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Өчигдөр орой 12:00 цагийн үед Р.М нь албан өрөөндөө буюу энэ өрөөнд намайг дуудаад Авлигатай тэмцэх газраас мөрдөгч ирээд мэдүүлэг авбал гарын үсгээ ингээд зураад өгчих гээд миний нүдэн дээр одоогийн энэ цаасан дээрх бичгийг буюу эхнэр бид 2-ын нэрийг бичээд, бичсэн хэсгээ ураад, үүнтэй ижил гарын үсгээ зураарай гэж хэлээд өгсөн. Тэгээд охин Б.Б-ийн шүүхээс авсан торгуулийн мөнгийг би төлье гэж хэлсэн. Уг мөнгө нь 450,000 төгрөг юм. Би тэгээд өчигдөр эхнэртээ Р.М мөрдөгч ингэж хэлж байна гэхэд юу ярьж байгаа юм, үнэн зөвөөр нь л байна ш дээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/
5. Гэрч Б.Б-ийн: “...надад холбогдох хэрэг буюу найз нартайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэг найзыгаа хутгалж биед нь гэмтэл учруулсан асуудлыг мөрдөгч Р.М шалгаад прокурорт шилжүүлсэн байдаг ба энэ хугацаанд би хэргийн матераилтай огт танилцаагүй, намайг хэргийн материалтай танилц гэж Р.М мөрдөгч хэлж мэдэгдэж байгаагүй. Анх дээрх хэрэг болсны дараа надаас нэг удаа мэдүүлэг аваад тэрнээс хойш огт мэдүүлэг авч байгаагүй. Тэгээд прокуророос надад хэргийг шүүх рүү шилжүүлэх гэж байгаа гээд яллах дүгнэлт танилцуулаад хавтаст хэргийн материалтай давхар танилцуулахад миний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан материалууд байсан. Өчигдөр манай аавд мөрдөгч Р.М “Х, Б” гэсэн бичигтэй жижиг цаас өгөөд гарын үсгээ ингэж бичээрэй гэж хэлсэн гэсэн. Уг цаасыг нь гэрт орхичихсон байхаар нь би сая аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/
6. Гэрч Д.Ууганбаярын “Р.М-тай ганц удаа л уулзаж байсан. Тэр нь өнгөрсөн 2018 оны зун надтай уулзаж аймагт очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлж байсан ба би аймгийн цагдаагийн газарт очиж цагдаагийн хошууч цолтой байцаагчид Б-тэй холбоотой асуудалд мэдүүлэг өгч байсан. Өөрөөр Р.М-тай уулзаж байгаагүй. Дээр хэлсэнчлэн би Р.М-д мэдүүлэг өгч байгаагүй. Мэдүүлгийг уншихад миний гэрийн хаягийг “5-р баг” гэж буруу бичсэн байна. Мөн миний гарын үсэг биш байна. Бусад тэмдэглэгдсэн Б-тэй холбоотой болсон асуудлын талаар үнэн бичигдсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 232-233/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.12.28-ны өдрийн №6088 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн 1822001370051 дугаартай хавтаст хэргийн 28,29, 30, 33, 35, 36, 38, 39, 40, 68, 114, 115 гэж дугаарласан хуудсуудад байх шинжилж гар бичмэлүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Р.Мын гэх бичгийн хэвийн 1 хуудас туршилтын загвар, Т.Хүүхэндүүгийн бичгийн хэвийн 1 хуудас туршилтын загвар, Ц.Бүжинлхамын гэх бичгийн хэвийн 1 хуудас туршилтын загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна. Учир нь харьцуулах загвар нь тоон болон чанарын үзүүлэлтээрээ адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй болно.
- Шинжилгээнд ирүүлсэн “1822001370051” дугаартай хавтаст хэргийн 35, 36, 39, 40, 68 гэж дугаарласан хуудсанд авагдсан шинжилж буй гарын үсэг, гар бичмэлүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн.
- Шинжилгээнд ирүүлсэн “1822001370051” дугаартай хавтаст хэргийн 28, 29, 30, 33, 35, 36, 39, 40, 68 гэж дугаарласан хуудсуудад байх шинжилж буй гарын үсгүүд болон 119х87 мм хэмжээтэй цаасны тасархай дээр байх шинжилж буй гарын үсгүүд нь Р.Мын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна.
- Харин 114, 115 гэж дугаарласан хуудсанд авагдсан шинжилж буй гарын үсгүүд нь Р.Мын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна.
- Шинжилгээнд ирүүлсэн “1822001370051” дугаартай хавтаст хэргийн 28 гэж дугаарласан хуудсанд авагдсан баримтанд байх шинжилж буй гарын үсэг, гар бичмэл нь 114, 115 гэж дугаарласан хуудсанд авагдсан шинжилж буй гарын үсгүүдтэй тохирохгүй.
- Шинжилгээнд ирүүлсэн “1822001370051” дугаартай хавтаст хэргийн 38 гэж дугаарласан хуудсанд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” гэсэн баримт дээрхи шинжилж буй гарын үсэг, гар бичмэл нь Б.Б-ийн бичгийн хэв, гарын үсгийн чөлөөт туршилтын загваруудтай тохирч байна гэжээ. /хх-ийн 180-183/,
8. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, /хх-ийн 37-38-рт/
9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Р.М нь Б.Б-д холбогдох эрүүгийн 1822001370051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу Д.У-аас 2018.04.26-ны өдөр, Ц.Бүжинлхам, Т.Х нараас 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг, Б.Балданцэрэнд Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл, мөн Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас болон яллагдагчаар авсан мэдүүлэг, 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд Р.М нь тухайн үед Дундговь аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр буюу мөрдөгчөөр ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Б/279 дугаартай тушаалаар / хх-ийн 204/ тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Р.М-ыг эрүүгийн 1822001370051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “яллагдагч Р.М нь энэ хэргийг хувийн ашиг сонирхолын үүднээс үйлдээгүй тул түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Р.М нь урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байгаа боловч, түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Дээр дурдсан нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Р.Мад Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хүүхэндүү, Бүжин” гэх бичиглэл бүхий 119*87 мм-ийн хэмжээтэй цаасыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн 38 дугаар хуудсанд хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гэцэл овгийн Р.М-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэцэл овгийн Р.М-д 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан “Х, Б” гэх бичиглэл бүхий 119*87 мм-ийн хэмжээтэй цаасыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн 38 дугаар хуудсанд хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ