Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 302

 

   

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар 

сарын 11-ний өдөр                             Дугаар    302                                       Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд оршин суух /РД:ЛД60021607, утасны дугаар 98664496/, Улаан овогт Лувсанчүлтэмийн Долгорсүрэнгийн

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 07-р сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Улаан овогт Лувсанчүлтэмийн Долгорсүрэн  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад үхэр сүргийн туслах малчин, саальчнаар 1976-1990 оныг дуустал ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч гарын үсэг олон янзаар бичигдсэн, тамга, тэмдэг дутуу учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1976-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн үхэр сүргийн Баянцагаан бригадад үхэр сүргийн туслах малчин, саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Улаан овогт Лувсанчүлтэмийн Долгорсүрэн нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад үхэр сүргийн туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Л.Долгорсүрэн нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад үхэр сүргийн туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 03-р сарын 19-ний 63/15 тоот лавлагааны хуулбар, 1982 оны 04 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Л.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

           - гэрч Тэгш магнай овгийн Жамбын Дашийн; “Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэл насаараа ажилласан. Л.Долгорсүрэн нь 1976-1990 оныг дуустал үхэр сүрэг хариулж, саальчнаар ажиллаж байсан. 1991 онд нэгдэл тарахад бид тарсан. Л.Долгорсүрэнтэй 1991 он хүртэл хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

          -гэрч Боржигон овгийн Цэрэндоржийн Наранчимэг /РД: ЛД64083102/-ийн; “Би 1983 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумийг мал зүйчээр төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд дүн бүртгэгч, зоо техникчээр ажилд орсон. 1986 оны 3 дугаар сард “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад зоо техникчээр очиход Л.Долгорсүрэн нь малчнаар ажиллаж байсан. Тэгэхээр надаас өмнө “Гайхамшигт” нэгдэлд ажиллаж байсан байх. Би Л.Долгорсүрэнтэй 1986-1991 хүртэл хамт ажиллаж байсан.  Л.Долгорсүрэн нь өвөлдөө үхэр хариулж, зундаа тасаг дээр саальчин хийдэг байсан” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Л.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Улаан овогт Лувсанчүлтэмийн нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад үхэр сүргийн туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ