Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох 1922000000033 тоот хэргийг 2019 оны 03 сарын 15-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 сарын 18-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эгч, хоёр дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг “Босго” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЗЕ99041819 регистрийн дугаартай, Ц овогт Г.Б гэв.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 02 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг,  Боржигоны  12 дугаар гудамжинд С.Б-ийн биед халдаж, зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.

 

2. Хохирогч С.Б-ийн “...Тэгтэл тэр машинтай залуучууд бид гуравын урд ирж машинтайгаа хашиж зогсоод өмнө нь автомашины баруун талд зогсож байсан  хоёр залуугийн  нэг  нь бууж ирээд бид гуравт хандаж дуудаад байхад чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж хэлээд шууд миний нүүрэнд гараараа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалах гэж тэр залууг хоёр гараараа тэврээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

             3.Гэрч О.М-ын “...Би хоёр найзтайгаа аймгийн  төв чигт явж байсан  чинь 15-59 ДУЭ улсын  дугаартай машинтай танихгүй хэдэн  залуучууд хүрч ирээд манай найз Бат-Эрдэнийг  цохиод авсан.  Манай найз цохиулсан залуугаа тэвэрч аваад нэг хэсэг  зууралдсан. Бат-Эрдэнэ цохиулсан залуугаасаа салангуутаа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

 

4.Гэрч Т.Дашзэвгийн “...Тэр машинаас нэг хүрэн ягаан  өнгийн үстэй дээлтэй залуу ганцаараа бууж ирээд дуудаад байхад ирдэггүй юмуу гэж хэлээд манай найз Бат-Эрдэнийг цохиод авсан.  Бат-Эрдэнэ тэр танихгүй залууд хашаанд шахагдаад ар нуруугаараа хашаа налсан байж байгаад Бат-Эрдэнэ цохиулсан залуугаа тэвэрч нэг хэсэг зууралдаж байгаад салцгаасан ...”гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 190200067 дугаартай “...С.Б-ийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн доод зовхины дотор буланд зулгаралт, зүүн  нүдний алимны эвэрлэгт цус хуралт, зүүн  нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн  эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Хамрын таславчийн  муруйлт, зүүн доод зовхины дотор буланд зулгаралт,  зүүн  нүдний алимны эвэрлэгт цус хуралт, зүүн  нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн  эдийн  няцрал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хатуу, мохоо хүчин  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ...”  гэх  дүгнэлт  /хх-ийн 17/

 

6. Яллагдагч Г.Б-ийн: “...би тэр залууд хандаж харваас бацаан  байна гэж хэлээд би духаа тэр залуугийн толгойд нь хүргэсэн. Тэгтэл тэр залуу намайг цохих гэж оролдохоор нь гарыг нь хаагаад нэг гараараа зөрүүлээд цохьсон. Тэгээд тэр залуутай зууралдсан. Тэгээд тэр залуугаас салаад байж байсан чинь бас нэг намхан, дээлтэй залуу хажууд ирчихсэн яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Би тэр хүний өөдөөс хэрэлдэж байгаад машиндаа суугаад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 02 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг,  Боржигоны 12 дугаар гудамжинд С.Б-ийн биед халдаж, зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, уг үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 190200067 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг  нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

 

Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн 15-р хуудсанд авагдсан  насанд хүрээгүй гэрч С.И-ийн  мэдүүлгийг нотлох  баримтаар шинжлэн судалсан бөгөөд уг мэдүүлгийг он, сар, өдөр нь зөрүүтэй, өөрөөр хэлбэл хэрэг учрал болохоос өмнө буюу 2018 оны 02 сарын 09-ний өдөр гэсэн  байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч С.Б-д 288,000 төгрөг төлсөн,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.7, 36.8, 36.10,  36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цагаан-Овоо овгийн Г. Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан насанд хүрээгүй гэрч С.И-ийн  мэдүүлгийг нотлох  баримтаар үнэлээгүй болохыг  дурдсугай. 

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч С.Б-д 288,000 төгрөг төлсөн,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ