Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 140

 

Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Болдбаатарт холбогдох 201601070267 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Батболдын Болдбаатар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зурагзүйн багш мэргэжилтэй, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуульд зурагзүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СЮ91091711/,

Б.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 24 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны баруун талд Ж.Дөлгөөнтөрхтэй маргалдан улмаар Ж.Дөлгөөнтөрхийн шанаа руу гараар нэг удаа цохиж, газар унахад түүнийг хоёр удаа газар мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Б.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Болдбаатар нь хохирогчид 2.500.000 төгрөгийн эмчилгээний зардал төлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Болдбаатарын цагдан хоригдсон 11 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Б.Болдбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Б.Болдбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Дөлгөөнтөрхийн эцэг Р.Жамсранг тогтоосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ” гэж заасан байтал Ж.Дөлгөөнтөрх нь эрх зүйн чадамжгүй болсон эсэхийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3 дахь хэсэгт сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцохыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Ж.Дөлгөөнтөрхийн сэтгэцийн дүгнэлтийг гаргахдаа мэдүүлэг өгөх чадваргүй гэжээ. Мэдүүлэг өгөх чадваргүй байх, эрүүгийн эрх зүйн чадамжгүй байх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Мөн Ж.Дөлгөөнтөрхийн сэтгэцийн дүгнэлтийг гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 167/265 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлан шинжилгээний заавар”-ыг зөрчсөн байна. Энэ зааврын 1.1-д “шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлан шинжилгээг сэтгэцийн нарийн мэргэжлийн 3-аас доошгүй шинжээч эмч хариуцан хийнэ” гэсэн байхад дүгнэлтийг сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар гаргаагүй. Ж.Дөлгөөнтөрх нь одоогийн байдлаар ой санамж нь сэргэж байгаа талаар эцэг Р.Жамсран нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үздэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ж.Дөлгөөнтөрхийн биед гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлийн улмаас “тархины хүнд гэмтлийн дараах ойгүйдэлтэй” эмчлэгдэж байгаа талаар түүний эмчлэгч эмч А.Мөнхжаргалын мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жамсрангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...хүү маань гэмтэл авсан үеэ бодвол биеийн байдал сэргэж байгаа боловч хэрэг болсон өдрийг болон хэрэг болсон газрыг огт санахгүй байгаа юм. Миний хувьд тухайн өдрийг сануулах гэж хэрэг болсон газар нь хүртэл очиж “энэ газрыг санаж байна уу, миний хүү энд бэртсэн” гэж хэлсэн боловч үйл явдлыг санахгүй байгаа тухайгаа хэлсэн” гэх мэдүүлэг, мөн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь тархины гэмтлийн дараах хам шинж, өмнөх хойтох ойгүйдэл, зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн эмгэг өвчтэй байна. Уг сэтгэцийн өвчин нь хэргийн бодит байдлын талаар мэдүүлэг өгөхөд нөлөөлнө. Хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно” гэх дүгнэлт зэргээр Ж.Дөлгөөнтөрхийн хувьд хэргийн талаар бодит үнэнийг мэдүүлэх чадваргүй болох нь тогтоогддог бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрхийг түүний гэх бүлийн гишүүн болох төрсөн эцэг Р.Жамсран нь төлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Хохирогч Ж.Дөлгөөнтөрхийн биед учирсан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Гэрэлцэцэг, сэтгэц эмгэг судлалын эмч Байгальмаа, Оюунгэрэл нар мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Дээрх эмч нарын гаргасан дүгнэлт эмч А.Мөнхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жамсран, хохирогчийн ээж Ч.Ганцэцэгийн гэрчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг бүх талаар нь хянан хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул үүнийг зөвтгүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ” гэж тодорхой заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсноос бусад тохиолдолд гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийг заавал хохирогчоор тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, харин хохирогч хэргийн талаар мэдүүлэг тайлбар өгөх боломжгүй байгаа бол энэ талаар тодорхой ажиллагааг /мэдүүлэг авах, үзлэг, туршилт хийх гэх мэт/ хийж, мэдүүлэг тайлбар авах боломжгүй болсон талаар холбогдох тэмдэглэлийг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах ёстой байжээ.     

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хувьд хохирол хүлээсэн Ж.Дөлгөөнтөрхийг хохирогчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан “...өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж  өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд   давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж  тайлбар гаргах” зэрэг хуулиар хамгаалагдсан эрхийг мөрдөн байцаалтын шатанд эдлүүлэх, тийм эрх эдлэхийг тайлбарлаагүй нь буруу байна.

            Иймд Ж.Дөлгөөнтөрхийг хохирогчоор тогтоож, хууль заасан эрх үүргийг нь эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

            Мөрдөн байцаалтын шатанд Ж.Дөлгөөнтөрхийн сэтгэцийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэрэгт хавсаргасан байх бөгөөд /хэргийн 113-115 дахь тал/ дүгнэлтэд сэтгэцийн эмч С.Байгалмаа гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх заалтыг зөрчсөн байх тул уг дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч Ш.Энхмаагийн “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт дээрх ажиллагаануудыг хийж байцаан шийтгэх ажиллагааны зөрчлүүдийг засуулахаар Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Болдбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багануур дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ