Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 206

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.О-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монголын Хуульчдын холбоонд холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Г.О-г 924 тоот хуульчийн гэрчилгээ эзэмшигч болохыг тогтоож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Ө аймгийн Х сумын харъяат Г.О /РД:********/ миний бие 1998-2001 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуульд сурч эрх зүйч мэргэжил эзэмшсэн.

2001-2003 онд Х Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хорих *** дугаар ангид ээлжийн дарга хийж байгаад 2004 онд Хуульчдаас сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн дагуу А аймагт шалгалтанд орж тэнцэн, улмаар Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор 924 дугаартай хуульчийн гэрчилгээ авсан.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, 2004-2013 онд Ө аймгийн Х, У хотод өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сард авто зам засвар арчлалтын “Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ үед өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлэх хүсэлтээ Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны бичиг хэргийн ажилтан эмэгтэйд өгсөн боловч миний хүсэлт  олдохгүй байгаа. Хүсэлт ирээгүй гээд түдгэлзүүлээгүй байсан. 

2013-2016 онд “Х”, “Э” ТӨХК-иудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард чөлөөлөгдсөн юм.

2013 оны 07 дугаар сард Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсны дагуу хуульчийн шинэчилсэн бүртгэлд бүртгэх үед дээрх ажлын ид ачааллын үе таарч, бүртгүүлж амжилгүй хожимдсон учир 2013 оны 8, 9, 10 дугаар сард У хотод ажлаар орж ирэх бүртээ Хуульчдын холбооны ерөнхийлөгчтэй танилын хувиар уулзаж бүртгүүлэх талаар асууж байсан, бүртгэлээс хоцорсон тул шалгалт өгөхөөс аргагүй гэж хэлж байсан. Энэ талаар бичгээр өргөдөл гаргаж байгаагүй, амаар асууж, амаар хариу авч байсан. 

2014 оны 11 дүгээр сард хуульчдын сонгон шалгаруулах шалгалтанд орсон ба сорилын шалгалтанд нь тэнцээд дараагийн шатанд тэнцээгүй. 

Хуульчдын холбоо нь 2013 оны намраас хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар шинэчилсэн бүртгэлээс хоцорсон гэх хуульчдыг хэд хэдэн удаа бүртгэж хуульчийн гэрчилгээ олгосон байдаг. Би хөдөөнөөс хаяа нэг У хотод орж ирдэг, мэдээллээс хол, ажил ихтэй байсан тул бүртгүүлж чадаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хүн сурч боловсрох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Би Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуульд сурч эрх зүйч мэргэжил эзэмшсэн, хуульчийн шалгалтанд орж тэнцсэн хуульчийн гэрчилгээ эзэмшигч бөгөөд өмгөөлөгч мэргэжлийг сонгон ажиллаж байхад хууль гарган миний эрхийг зөрчиж, хуульчаас хасч байгаад миний бие гомдолтой байна. Би эхнэр, 3 хүүхэдтэй, эзэмшсэн мэргэжлээрээ өмгөөлөл хийн, амьдрал ахуйгаа авч явж, үр хүүхдээ тэжээн тэтгэж, бусдад өчүүхэн тус хүргэх чин хүсэлтэй. 

Иймд миний 924 дүгээр хуульчийн гэрчилгээ эзэмшигч болохыг тогтоож хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлд бүртгүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн Г.О-н нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргахаар заасан. Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу гэрчилгээ авсан хуульч нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байхаар заасан.

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 15-ны хооронд нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг явуулсан. Хуульд заасан хугацаанд нийт 4478 хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг зохих журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байдаг.

Хуульчийн шинэчилсэн бүртгэл хийх мэдээллийг олон нийтийн мэдээллийн  хэрэгсэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны /тухайн үеийн/ вэб сайтаар хангалттай мэдээлэл гаргаж байсан. Мөн гадаадад болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа хуульчдыг цахимаар бүртгүүлэх боломжийг ханган ажилласан болно. Орон нутагт төрийн алба хаших нь мэдээлэл авахгүй байж болох хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Өдөр тутмын хэвлэл, телевизийн мэдээгээр энэ талаар хангалттай мэдээлсэн.

Иргэн Г.О нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчдын шинэчилсэн бүртгэл явагдах үед бүртгүүлэх хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлд дурьдсан 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор олгогдсон 924 дүгээр хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон байна. 

Тус холбоог байгуулагдсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр нэр бүхий олон иргэдээс хүсэлт ирүүлсэн.

Монголын Хуульчдын холбооны дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус холбооны Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй бусад иргэдийг хүсэлт гаргах эрхээр хангах хугацааг 30 хоногоор тогтоон, хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийж, холбогдох нотлох баримтыг үндэслэн эцэслэн шийдвэрлэх эрхийг Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчид олгосон. Мэдээллийг http://jurists.gov.mn/, http://www.legalinfo.mn/, http://www.legalinstitute.mn/, цахим хуудас болон бусад өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн.

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх 167 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, нотлох баримтыг үндэслэн 148 иргэнийг нэгдсэн бүртгэлд бүртгэн, эцэслэн шийдвэрлэсэн. Г.О 2013 оны 8 дугаар сараас хойш Монголын Хуульчдын холбоонд дараа бүртгүүлэх хүсэлт гаргасан тухай дурьджээ.

Монголын Хуульчдын холбоо 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан. Г.О Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ анх удаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байна. Тус холбооноос 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохих хариуг өгч байсан болно.

Нэхэмжлэгч Г.О Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн тухай дурьдсан ч түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр эрх бүхий байгууллагаас гараагүй байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байхаар хуульчилсан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Г.О-н 924 дугаартай хуульчийн гэрчилгээ болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүйд тооцогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан “Г.О намайг 924 тоот хуульчийн гэрчилгээ эзэмшигч болохыг тогтоож, хуульчдын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.О нь Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор 924 дугаартай хуульчийн гэрчилгээ, Хууль зүйн сайдын 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар тушаал -аар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус авч, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад, Төрийн өмчийн хорооны 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолоор “Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, “Т” ТӨХК, “Э” ТӨХК-иудын төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол  -оор “Э” ТӨХК-ийн захирлаар тус тус томилогдсон бөгөөд “Т” ТӨХК, “Э” ТӨХК-иудын төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол -оор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013 оны 03 дугаар сард “Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох үедээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн гэх боловч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1-4/852 тоот албан бичгээр “Г.О нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 137 дугаар тушаалаар олгосон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй байна” гэж тодорхойлсон байх тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэж үзэхээргүй байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.2-т зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээдийг хуульч гэх бөгөөд мөн хуулийн 3.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5-д зааснаар хуульд заасан шаардлага хангасан этгээд хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хуульчдын заавал гишүүнчлэл бүхий Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж бүртгэгдэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно. Ийнхүү мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлд зааснаар хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно. Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Монголын Хуульчдын холбоо нь 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөс өмнө хуульчийн гэрчилгээтэй байсан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан хуульчдыг хуульчдын нэгдсэн бүртгэлд хэрхэн бүртгэх асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тусгайлан зохицуулжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” /цаашид “хуульчийн гэрчилгээ эзэмшигч” гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна”, 1.2-т зааснаар “Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно.”, 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргана.” 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Энэ хуулийн 2.1-д заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно.”, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байна” гэж тус тус хуульчилжээ. 

Гэтэл нэхэмжлэгч Г.О нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүйн дээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дээрх заалтын дагуу хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хууль зүйн яаманд хуулиар тогтоосон хугацаанд гаргаагүй, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байх тул өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх түүний тусгай зөвшөөрөл 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр хүчингүй болжээ.

Түүний Монголын Хуульчдын холбоонд гаргасан өргөдөл болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/156 тоот албан бичигт дурьдсанаар Г.О нь 2014 онд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцсон хэдий ч тэнцээгүй байна. 

Монголын Хуульчдын холбооны дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д “Хуульчдын холбоо заавал гишүүнчлэлтэй байх бөгөөд хуульч бүр гишүүн нь байна”, 2.2.2-т “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гишүүнээр элсэх өргөдөл гаргаагүй этгээд хүндэтгэн үзэх шалтгаан нь арилснаас хойш 30 хоногийн дотор хүсэлт гаргасан тохиолдолд Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүнээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу Хуульчдын холбооны зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаад 23 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх асуудалтай холбоотой өргөдөл, хүсэлтүүдэд зохих судалгаа хийж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх асуудлаар хүн нэг бүрээр дүгнэлт гарган, Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхийг Тамгын газарт даалгаж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдыг өргөдөл гаргах эрхээр хангах хугацааг 30 хүртэл хоногоор тогтоон, Хуульчдын холбоонд хүсэлтээ гаргах боломжоор хангах ажиллагааг зохион байгуулахыг Тамгын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдын хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авахаар Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 30 хоногийн хугацаа тогтоож,  энэ талаарх мэдээллийг http://jurists.gov.mn/, http://www.legalinfo.mn/, http://www.legalinstitute.mn/ цахим хуудас болон өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд нийтлүүлж, өргөдөл өгөх боломжийг хангасны үндсэн дээр Хуульчдын холбооны зөвлөлийн хуралдаанаар 165 хүний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сард Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсны дагуу хуульчийн шинэчилсэн бүртгэлд ажлын ачааллын үе таарч, бүртгүүлж амжилгүй хожимдсон гэх ба 2013 оны 8, 9, 10 дугаар сараас хойш Хуульчдын холбооны ерөнхийлөгчид бүртгүүлэх талаар удаа дараа амаар хандсан гэх хэдий ч энэ талаар болон хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлсон хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй,   Монголын хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ анх удаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр гаргаж Монголын Хуульчдын холбооны 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2/81 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу авсан байна. 

Хууль зүйн яам, Монголын Хуульчдын холбооноос хуульчийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх талаар, мөн  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдын хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авахаар 30 хоногийн хугацаа тогтоосон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн байхад нэхэмжлэгчээс “хөдөө ажиллаж байсан тул мэдээлэл авч чадалгүй хоцорсон” гэж тайлбарлаж буй нь "хүндэтгэн үзэх шалтгаан"-д хамаарахгүй. 

Ийнхүү Г.О нь хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хууль зүйн яаманд хуулиар тогтоосон хугацаанд гаргаагүй, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй,  хуульчдын нэгдсэн бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй талаар хүсэлтээ Монголын Хуульчдын холбоонд тогтоосон хугацаанд мөн гаргаагүй, бүртгүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Монголын хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан “924 дүгээр хуульчийн гэрчилгээ эзэмшигч болохыг тогтоож, хуульчдын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О-с Монголын хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан “Г.О-г  924 тоот хуульчийн гэрчилгээ эзэмшигч болохыг тогтоож, хуульчдын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА