Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 144 766 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Машин хууль бусаар барьцаалж байгааг тогтоолгох, чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Хгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ХХХ” ХХК нь олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Япон улсаас Монгол Улсад автомашин оруулдаг бизнес эрхлэгч нар бүгд аль нэг тээвэр зуучийн компаниас үйлчилгээ авдаг. “ХХ” ХХК нь тэдний нэг бөгөөд манай компаниас үйлчилгээг авсаар ирсэн. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа нь, ялангуяа Япон улсаас машин тээвэрлэлт зохион байгуулах үйлчилгээний онцлог, нөхцөл байдлаас хамаарч талууд бичгээр гэрээ хийдэггүй нийтлэг талтай. “ХХ” ХХК-ийн захиалгаар тээвэр зуучлалын үйлчилгээг “ХХХ” ХХК олон удаа үзүүлсэн ба эхэн үедээ тарифийн дагуу үйлчилгээний төлбөрийг цаг тухайд нь төлж байсан.

Харин 2014 оны сүүлчээс тус компани төлбөрийн үлдэгдэлтэй байсныг эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбон ойлгож, хүлээцтэй хандаж байсан. Ингээд нягтлан бодогч нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл тооцоог баталгаажуулахад тээврийн хөлсний үлдэгдэл 30 060 ам.доллар байсан.

Улмаар “ХХ” ХХК 2015 онд ч үйлчилгээ авсан боловч тээврийн хөлсний үлдэгдэл нь нийт 40 347,50 ам.доллар болоод байгаа юм. Үүнийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулж, төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан ч төлбөрөө бүрэн барагдуулахгүй, гаалийн талбайгаас автомашинуудаа чөлөөлж авахгүй өнөөдрийг хүрсэн.

Япон улсаас тээвэрлэн авчрахдаа БНХАУ-ын “ХХХХХХ” ХХК-ийн нийт 15 ширхэг чингэлгээр тээвэрлэсэн. Чингэлгүүдийг Улаанбаатарт ирснээс хойш 6 дахь хоногоос эхлэн хоног бүрт тодорхой төлбөр гарч байдаг ба чингэлгүүдийг бүрэн суллаж автал энэ төлбөр тооцогдсон. Улмаар чингэлэг түрээсийн төлбөрийг “ХХХХХХ” ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн нийт 26 710 ам.долларыг хоёр хувааж буюу 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд төлсөн.

Иймд “ХХХ” ХХК-иас “ХХ” ХХК-д үзүүлсэн тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болох 40 347,50 ам.доллар буюу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханшаар тооцож 80 400 060 төгрөг, чингэлэг түрээсийн төлбөр 26 710 ам.доллар буюу Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан ханшаар тооцож 53 264 013 төгрөг, талбайн хадгалалтын төлбөр 11 102 000 төгрөг, нийт 144 766 073 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани “ХХХ” ХХК-иас тээвэр зуучийн үйлчилгээг авч Япон улсаас автомашин импортлон оруулж Монголын зах зээлд борлуулдаг юм. Бид хэлэлцэн тохиролцсоны дагуу “ХХХ” ХХК-иар автомашинуудаа тээвэрлүүлсэн. Харин тээвэрлэлтийн төлбөр төлөгдөөгүй үед автомашинуудыг барьцаа болгож өгөхгүй байх, алданги нэхэх, улмаар автомашин хадгалсан зардал нэхэх талаар тохиролцоогүй. Гэтэл 2014 онд эдийн засгийн хүндрэлтэй үед тээвэрлэлтийн хөлсөө хожимдуулахад “ХХХ” ХХК нь автомашинуудыг барьцаа болгон авч, тээвэрлэлтийн зардлаас гадна алданги болон хадгалалт, хамгаалалтын зардал гэх их хэмжээний мөнгө нэхсэн. Уг шаардлагыг нь үндэслэлгүй гэж маргахад, нэхэж буй мөнгөнөөс давсан үнэлгээ бүхий 20 машиныг маань барьцаалж, дарамталсан.

Үүнээс шалтгаалж манай бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бөөндөж зарагдах боломжтой байсан захиалгын машинууд зарагдахгүй болж улмаар бид олох байсан орлогоор хохирсон. Өөрөөр хэлбэл, нилээд хэдэн машин бөөнөөр авах захиалга манайд орж ирсэний дагуу тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөрөө төлж машинуудаа авахыг хүсэхэд тээвэрлэлтийн зардлаас гадна дээр дурдсан алданги болон хадгалалт, хамгаалалтын зардал гэх их хэмжээний мөнгө нэхэгдсэн.

Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 14-нд 17 680 000 төгрөг төлөхөд 5 машиныг бидэнд суллаж өгсөн. Одоо болтол 15 машиныг үндэслэлгүйгээр барьцаалж хохироосоор байна. Бид тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөр болох 40 347,50 ам.долларыг төлөхгүй гэж маргаагүй боловч дээрх дүнгээс төлсөн 17 800 000 төгрөгийг хасч тооцох, үүрэг үүсэх үеийн ханшаар ам.долларыг тооцуулах хүсэлтэй байгаа бөгөөд тээвэр зуучлалын үйлчилгээний хөлсөнд үлдсэн 58 414 410 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Харин “ХХХХХХ” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн 26 710 ам.доллар нэхэмжилж буйг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зохигч талуудан хооронд чингэлэг түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Анхнаасаа чингэлэг түрээсийн төлбөрийн талаар амаар болон бичгээр тохиролцоогүй. Гэрээний нэг тал биш байтлаа “ХХ” ХХК нь чингэлэг түрээсийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Үндэслэл болгосон тооцоо нийлсэн актыг үйлдэхдээ нэхэмжлэгч тал шахаж, шаардан дарамталж байгаад борлуулалтыг менежер ХХХХХХХээр гарын үсэг зуруулсан учир уг  актыг үндэслэж чингэлэг торгуулийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хадгалалтын зардлын тухайд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа нь хадгалалтын зардал нэмэгдэхэд маш ихээр нөлөөлсөн. Иймд хадгалалтын зардал нь тээвэрлэлтийн хөлсөө хугацаанд нь төлөөгүйгээс үүдэж гарсан учраас 50 хувийг буюу 5 551 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манайх тээвэр зуучийн үйлчилгээг авч нийт 20 автомашин Японоос тээвэрлүүлсэн, орж ирсэн даруйд нь тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүй машинуудаа авч чадахгүй байсан. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаалийн болон “ХХХ” ХХК-ийн зөвшөөрөлтэй бүх чингэлгүүдийг суллахаар очтол тус байгууллага суллахыг зөвшөөрөөгүй. Иймд манай компани “ХХХХХХХХ” ХК-иар тээвэрлүүлж ирсэн 6 чингэлгийг суллаж, гаалийн хяналтын талбайд байрлуулсан. Үүнээс болж маргаан үүссэн.

Машин бөөнөөр зарагдах захиалга орж ирэхэд бид машинуудаа авахаар очиход өгөхгүй байснаас гадна дээрх асуудлаас үүссэн торгууль болон хадгалалтын зардал нэхэгдсэн. Анхнаасаа ингэж тохиролцоогүй тул шаардсан төлбөрийг төлөхөөс татгалзаж тээвэрлэлтийн зардлыг төлж машинуудаа авахыг хүссэн. “ХХХ” ХХК биднээс торгууль 12 000 ам.доллар, хадгалалтын зардал 8 000 000 төгрөг нэхэж машинуудыг жил гаруй хугацаанд барьцаалсан.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 680 000 төгрөг “ХХХ” ХХК-д төлж 5 машинаа суллуулсан бөгөөд одоо 15 машиныг барьцаалсан хэвээр байгаа. Бид олох байсан ашиг орлого алдаж хохирсноос гадна нэг худалдан авалтаас дараагийн борлуулалт хүртэл хэвийн явагддаг бизнесийн үйл ажиллагаа алдагдсан. Гэвч олох байсан орлогоо одоогоор нэхэмжлэхгүй, харин “ХХХ” ХХК манай машинуудыг хууль бусаар барьцаалж байгаа болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “ХХ” ХХК-иас 73 822 060 төгрөг гаргуулж “ХХХ” ХХК-д олгож, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 680 000 төгрөг төлснийг дурдаж, 53 264 013 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК “ХХ” ХХК-ийн 15 автомашиныг хууль бусаар барьцаалж буйг тогтоон, чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 615 460 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 157 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 881 780 /1 039 730 -157 950/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

“...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талууд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны өглөг авлагын тооцоог 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нийлж, тээврийн хөлс 40 347,50 ам.доллар, чингэлэг түрээсийн төлбөр 12 430 ам.доллар, талбайн хадгалалтын хөлс 8 974 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн акт үйлдэж байжээ.” гэж нотлох баримтыг дурдсан атлаа нэхэмжлэгчийн чингэлэг түрээсийн төлбөр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн тооцоо нийлэх актаар хариуцагч нь чингэлэг түрээсийн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх ямар үндэслэлээр энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд ямар чингэлэгүүд түрээслэсэн болон хэдий хэмжээний төлбөр төлсөн талаараа шүүхэд хангалттай нотлох баримт гаргасан байхад шүүх уг нотлох баримтуудыг үнэлэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн 53 264 013 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-иас тээвэр зуучлалын үйлчилгээтэй холбогдох зардалд 144 766 073 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч “ХХ” ХХК эс зөвшөөрч “машин хууль бусаар барьцаалсан болохыг тогтоолгож, чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн маргааныг  тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа гэж үзсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК нь нэхэмжлэгч “ХХХ” ХХК-иар Япон улсаас автомашиныг тээвэрлүүлэхээр харилцан тохиролцон, тээвэрлэлийн хөлс хуримтлагдсан байсан, үүний улмаас 20 ширхэг автомашин барьцаалагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 800 000 төгрөгийн тээврийн хөлсийг төлж 5 автомашиныг чөлөөлсөн, тээврийн зардалд 40 347.50 ам.доллар буюу 80 400 060 төгрөг болон хадгалалтын тооцооны үлдэгдэл байгаа зэрэг үйл баримтад талууд маргаагүйг шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас тээвэрлэлтийн хөлс 62 720 060 төгрөг, уг төлбөрийг төлөөгүйгээс талбайн хадгалалтын зардал 11 102 000 төгрөг, нийт 73 822 060 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, чингэлэг түрээсийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь чингэлэг түрээсийн төлбөр 26 710 ам доллар буюу 53 264 013 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй гэж давж заалдах гомдолд дурдсан байна.

 

Анхан шатны шүүх дээрх төлбөрийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ нэхэмжлэгч нь хариуцагч талд чухам ямар чингэлэг түрээслэж байсан нь мэдэгдэж нотлогдоогүй, мөн тухайн чингэлэгийг чөлөөлж, автомашиныг хадгалах талбайд гаргах боломжтой байсан, нөгөө талаар хадгалалтын талбайн хөлс, чингэлэг түрээсийн төлбөртэй давхар тооцогдсон” гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хийсэн шүүхийн дүгнэлт нь Ачааг барьцаалах тээвэрлэгчийн эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан 15 автомашиныг хууль бусаар барьцаалсныг тогтоож, тэдгээрийг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА