Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0149

 

 

 

 

Ё.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ё.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.Н-г Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2018 оны 10 дугаар сарын 18 хүртэлх 11 сар 25 хоногийн цалингаас 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийн мөнгийг хасч нийт 8 /найм/ сар 25 хоногийн цалинд 8.776.757 /найман сая долоон зуун далан зургаан мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх долоон сар зургаа хоногийн ажиллаагүй хугацааны цалин хөлс болох 6.963.684 /зургаан сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/401 дүгээр захирамжийг үндэслэсэн.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 48-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” гэжээ. Хууль болоод онолын хувьд “Хууль бус захиргааны акт” нь эрх зүйн зөрчилтэй акт байхыг ойлгоно.

Энэхүү тушаал нь эрх зүйн зөрчилгүй акт тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм. Энэхүү акт нь эрх бүхий албан тушаалтнаас эрх хэмжээний хүрээнд процесс ажиллагаа зөрчөөгүй хуулийн хүрээнд гарсан нь нотлох баримтаар нотлогддог. Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчээс гомдол саналгүй гэсэн тайлбар бичгээр авсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд дээрх маргаан бүхий Тамгын газрын даргын 2017 оны Б/65 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал тул анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ё.Н нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, уг нэхэмжлэлийн шаардлагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 128/ШЗ2017/7761 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрлөө өөрчилсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрлөө тодорхойлон гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй байхаар хуульд заажээ.

Тиймээс нэхэмжлэгчийн анх гаргасан болон нэмэгдүүлсэн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зөв юм.

Харин нэхэмжлэгч “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрлөө өөрчилсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан хугацааг шүүх шалгах учиртай.

Өөрөөр хэлбэл, “захиргааны актыг хууль хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрлөө нэхэмжлэгч тодорхойлон гаргасан нөхцөлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулах ажиллагааг шүүх хийх ёстой.

Зүй нь, нэхэмжлэгчийн “илт хууль бус болохыг тогтоох”-оор гарсан нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байлаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрлөө нэхэмжлэгч өөрчилсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодруулахаар хуульд зохицуулжээ.

Гэтэл “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын төрлөө өөрчилсөн байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулалгүй, энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн буруу.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ё.Н-г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/253 дугаар тушаалыг нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сард мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 тушаалыг 2017 оны 01 дүгээр сард мэдсэн” гэсэн тайлбар, мөн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал”-ыг уг өдөр нь мэдсэн болох нь нэхэмжлэгч Ё.Н-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Э-д 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “мэдэгдэл”, маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гарсныг Төрийн албаны зөвлөлөөс хянан үзээд “...дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул таны өргөдөлд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1197 дугаар албан бичгээр өгсөн зэргээс нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ё.Н-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР