Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч С.Оюунжаргал,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа,

          Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Н.Жамъян /ҮД:0572/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох 1903 00054 0091 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2,  эхнэрийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-ын 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Эийн О /..................................../,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Э.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн урд замд нийтийн тээврийн “ДЮЦ” ХХК-й эзэмшилийн Hyundai Aero Citу-540 маркийн 37-61 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-д “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж заасныг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлсэнээс 44 настай зорчигч Г.Отгонбаярмаа автобуснаас унаж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Их засаг олон улсын их сургуулийн автобусны буудлаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Тухайн буудал дээр хүнээ буулгаад хөдлөхөд өөдөөс зам тосоод жаахан охин гүйж ирсэн. Тэр охиныг авахаар түр зогссон. Араас нь нэг халамцуу хүн орж ирсэн. Автобус хөдлөхөд сүүлд суусан халамцуу хүн хойшоо савж унасан. Би энэ үйлдэлдээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс нь уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяагийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөгүүр манай хүн над руу “ажил хойшилсон, гэртээ харилаа” гэж ярьсан. Тэгээд 13 цагийн үед над руу дахин залгаж “танидаг хүн таарч, амарна гэхэд нэг шил архи авч өгөөд, хамт уусан юм, удахгүй харилаа” гэж хэлсэн. Гэтэл удалгүй цагдаагийн газраас танай нөхөр ухаангүй эмнэлэгт байна гэж хэлсэн. Намайг сэхээн амьдруулах тасагт очиход манай нөхөр ухаангүй байсан. Эмч нар хагалгаанд ороод найдваргүй гэж хэлсэн. Би ар гэрийнхээ хүмүүсийн хамт нөхрөө 3 өдөр сахисан. Бичлэгээс үзэхэд Их засаг олон улсын их сургуулийн урьд өндөр хурд сааруулагч дээр автобусны урд хоёр дугуй огцом дээшлээд тэр үед манай хүн картаа гаргаж таараад гар алдаж, хойшоо савж унасан байсан. Оршуулгын зардал 16.800.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч надтай уулзаж, шүүгдэгчийн ар гэрийн байдлын хэлж, хохирлоос хасах боломж байна уу гэж асуусан. Би нэхэмжилсэн төлбөрөөс 1.800.000 төгрөгийг хасч 15.000.000 төгрөгийг авсан. Одоо надад гомдолгүй байхгүй. Гэхдээ 15.000.000 төгрөгийг аваад гомдолгүй гэж хэлж байгаа зүйл биш. Шүүгдэгч залуу хүн учир амьдрал болон түүний ар гэрийн хүмүүсийг бодсон. Нөхөр маань миний амьдралын утга учир, юугаар ч солихгүй хүн маань байсан. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг, мөн их авъяастай хүн байсан. Надад цаашид амьдрахад хүнд байна, өнөөдөр шүүх хурал дээр ирэх хүсэл ч байгаагүй. Гурван хүүхдээ харахаар тэр тусмаа 5 настай бага хүүүгээ харахаар юугаа ч мэдэхгүй аавыгаа асуухад хэцүү санагдаж байна...” гэх мэдүүлэг,

3ам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.7-14/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх.15/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-23/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай: “... Талийгаач Г.Отгонбаярмаагийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн болон баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн ар хэсэг, бага тархины баруун тал бөмбөлгийн эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, хатуу хальсны дээрх дагзны баруун хэсэг, хатуу хальсны доорх их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун тал бөмбөлөг, их тархины зүүн тал бөмбөлгийг нилэнхүйд хамарсан цусан хураа, дагзны баруун хэсэг дэх хуйхны шарх, зулгаралт зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, толгойд үүссэн гэмтэл, зүүн сарвууны цус хуралт нь тус бүрдээ нэг удаагийн үйлдэлээр, 3-5 хоногийн өмнө үүсэх боломжтой. Толгойн гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсэг дэх хуйхны шарх, зулгаралт нь толгойн дагзны баруун хэсгээр савж унаснаас үүссэн байхаар байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн 00503 дугаартай өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь 2019-01-14-ний өдрийн 2200 цагт нас баржээ...” гэх дүгнэлт /хх.67-70/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 002391 дугаартай дүгнэлт /хх.77-80/,

          Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 131 дугаартай: "Х.Аеросити-540 маркийн 37-61 УБД улсын дугаартай автобусыг жолоодож явсан Э.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-д “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.82-83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяагийн өгсөн: “... тэгээд 14 цаг өнгөрч байхад “нөхөр чинь авто осолд орчихсон ГССТҮ-д ухаангүй байна яаралтай ир” гэж цагдаагаас хэлсэн, өөрөөр авто ослын талаар мэдэх зүйл байхгүй, манай гэрт ажил хийдэг хүн байхгүй, 3 хүүхэдтэйгээ цаашид амьдрахад нилээд хэцүү болж байна. Манай гэрийг ганц авч явдаг хүн маань байсан, одоо би болон манай хүүхдүүд маш хүнд, амьдрахад хүртэл маш хэцүү байна. Дээрээс нь сэтгэл санааны гүн шоконд орсон, иймээс гомдолтой байгаагаа хэлмээр байна. Сэтгэл санаа болон эд материалын хувьд маш их хохирлоо, авто ослоос болж гарсан эмчилгээний зардал, оршуулгын зардал, охиныхоо төлбөр зэрэг зүйлүүдийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх.33-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чулууны өгсөн: “... би тэр өдөр хүүхдийнхээ гэрт очих гээд автобусанд урдаасаа 3 дахь суудал дээр суугаад явж байтал ... бараан хувцастай 40 гаран насны согтуу бололтой эрэгтэй хүн орж ирээд куртикныхээ халаас руу гараа хийж байх шиг байснаа хойшоо саваад газарт унасан, тэгтэл автобус хаалгаа онгойлгохоор нь би автобуснаас буугаад хартал нөгөө эрэгтэй газар толгойгоороо унасан байдалтай баруун чихнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жаргалсайханы өгсөн: “... тэр охины араас бараан өнгийн хувцастай туранхайвтар 40 орчим насны эрэгтэй хүн автобусанд маш хурдан орж ирж байгаа харагдсан, тэгээд хойшоо эгцээрээ саваад унасан, би автобусны урдаасаа хоёр дахь суудал дээр сууж явсан учир надад бүх үйл явдал ойроос тодорхой харагдсан. Тэр эрэгтэй автобуснаас уначихаар нь зорчигч нар бүгд автобуснаас буусан, буугаад хартал зам дээр тархиараа саваад уначихсан байдалтай ухаангүй байсан. Нэг талынх нь чихнээс цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК-й төлөөлөгч О.Болормаагийн өгсөн: “Манай байгууллагын зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.56/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.94/,

          Хувийн байдлын талаарх баримтууд /хх.95-99, 106-111/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяагийн хүсэлт /хх.197/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Э.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн урд замд нийтийн тээврийн “ДЮЦ” ХХК-й эзэмшилийн Hyundai Aero Citу-540 маркийн 37-61 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-д "Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж заасныг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлсэнээс 44 настай зорчигч Г.Отгонбаярмаа автобуснаас унаж амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

3ам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.7-14/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх.15/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-23/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаартай: “... Талийгаач Г.Отгонбаярмаагийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн болон баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн ар хэсэг, бага тархины баруун тал бөмбөлгийн эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цусан хураа, хатуу хальсны дээрх дагзны баруун хэсэг, хатуу хальсны доорх их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины баруун тал бөмбөлөг, их тархины зүүн тал бөмбөлгийг нилэнхүйд хамарсан цусан хураа, дагзны баруун хэсэг дэх хуйхны шарх, зулгаралт зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, толгойд үүссэн гэмтэл, зүүн сарвууны цус хуралт нь тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр, 3-5 хоногийн өмнө үүсэх боломжтой. Толгойн гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсэг дэх хуйхны шарх, зулгаралт нь толгойн дагзны баруун хэсгээр савж унаснаас үүссэн байхаар байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн 00503 дугаартай өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач нь 2019-01-14-ний өдрийн 2200 цагт нас баржээ...” гэх дүгнэлт /хх.67-70/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 002391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.77-80/,

          Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 131 дугаартай: "Х.Аеросити-540 маркийн 37-61 УБД улсын дугаартай автобусыг жолоодож явсан Э.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-д “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.82-83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Д.Туяагийн өгсөн: “... тэгээд 14 цаг өнгөрч байхад “нөхөр чинь авто осолд орчихсон ГССТҮ-д ухаангүй байна яаралтай ир” гэж цагдаагаас хэлсэн..." гэх мэдүүлэг /хх.33-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чулууны өгсөн: “... автобусанд урдаасаа 3 дахь суудал дээр суугаад явж байтал ... бараан хувцастай 40 гаран насны согтуу бололтой эрэгтэй хүн орж ирээд куртикныхээ халаас руу гараа хийж байх шиг байснаа хойшоо саваад газарт унасан, тэгтэл автобус хаалгаа онгойлгохоор нь би автобуснаас буугаад хартал нөгөө эрэгтэй газар толгойгоороо унасан байдалтай баруун чихнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жаргалсайханы өгсөн: “... бараан өнгийн хувцастай туранхайвтар 40 орчим насны эрэгтэй хүн автобусанд маш хурдан орж ирж байгаа харагдсан, тэгээд хойшоо эгцээрээ саваад унасан, би автобусны урдаасаа хоёр дахь суудал дээр сууж явсан учир надад бүх үйл явдал ойроос тодорхой харагдсан. Тэр эрэгтэй автобуснаас уначихаар нь зорчигч нар бүгд автобуснаас буусан, буугаад хартал зам дээр тархиараа саваад уначихсан байдалтай ухаангүй байсан. Нэг талынх нь чихнээс цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяагийн өгсөн: “... Бичлэгээс үзэхэд Их засаг олон улсын их сургуулийн урьд өндөр хурд сааруулагч дээр автобусны урд хоёр дугуй огцом дээшлээд тэр үед манай хүн картаа гаргаж таараад гар алдаж, хойшоо савж унасан байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Э.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Э.О нь хохиролд 15,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК, гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.О нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Э.О нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн боловч хүний амь нас хохирсон хор уршигийг арилгах боломжгүй учир, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн BCD ангиллын 619428 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Эийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Э.О нь хохиролд 15,000,000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн BCD ангиллын 619428 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Э.От оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК, гэм буруутай этгээд болох Э.О нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР