Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00234

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03626 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК болон ******* ХК нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 142 дугаартай Эвлэрлийн гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32022/08523 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур бага үнээр үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, гудамж, хаягт байрлалтай үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 864 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зөвхөн гадна каркас, бетон суурь, сэндвич хавтан дээвэр зэрэг барилгын хийц, бүтээц, мөн дотор засал хэмээн ерөнхий нэрлэн бетон шал, вакум цонх зэргийг үнэлсэн.

1.4. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор тусгайлан дотоод засалдаа халаалт болон сантехникийн засал, цахилгаан монтаж, дотор засал гэх мэт ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэн тохижуулсан байтал тус ажлыг үнэлэлгүй орхигдуулсан. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8523 дугаар захирамжаар ******* ХХК, Г.М, Ц.Э нараас 211,494,023 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, , гудамжны од байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Сонсголон, төв цэвэрлэх байгууламжийн урд байрлах, 10000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт битүүмжилж, хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдлийг талуудад өгсөн боловч үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгүүдийг нийт 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн.

2.4. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2023 оны 4-239/10473, 10474, 10475, 10476 тоот албан бичгүүдээр танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн хамт анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч төлбөр төлөгч талаас шүүхэд гомдол гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Сонсголон 18131, гудамжны од байрлах, 864 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Сонсголон /төв цэвэрлэхийн урд/ 10,000 м.кв талбайтай газар зэргийг 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтийг нотлох баримтын хамт тус шүүхийн rэх цахим хаягт явуулсныг харгалзан үзээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагын хууль ёсны эрх ашгийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалуулах үүднээс өмгөөлөгчийн хамт шүүх хуралд орох төлөвлөгөөтэй байсан боловч өмгөөлөгч Ё.Т******* нь уушгины хатгаа өвчний улмаас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр оношлогдсон тул тус өдөр шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон. Иймд өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжтой болох хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт цахим хаягт явуулж, шүүгчийн туслах нарт утсаар мэдэгдсэн.

Гэвч шүүхийн зүгээс хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэж, хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцож, төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах эрхийг зөрчиж шийдвэр гаргасан.

4.2. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т тусгагдсан шүүх хуралд биечлэн оролцож, хууль ёсны эрхийг мэтгэлцэх зарчмын хүрээнд хамгаалах эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмын хүрээнд өөрийн байр сууриа илэрхийлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Дээр дурдсанчлан тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 болон 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч тус шүүх хуралд өөрийн баримталж буй байр сууриа бүрэн илэрхийлж чадаагүй. Иймд шийдвэрийг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тайлбар бичих үндэслэлгүй хэмээн үзэж байна.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/03626 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/08523 дугаар захирамжаар ******* ХХК, Г.М, Ц.Э нараас 211,494,023.06 төгрөг гаргуулж ******* ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг ******* хороо, Сонсголон 18131, гудамж, 61/7 тооод байрлах, 864 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Сонсголонгийн Төв цэвэрлэхийн урд 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /I-хх-ийн 58-61 дугаар тал/

3.2. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо Сонсголон 18131 гудамж, хаягт байршилтай, 864 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн.

 3.3. Улмаар битүүмжлэгдсэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг талууд тохиролцоогүй үндэслэлээр зах зээлийн үнэлгээг тогтоох үнэлгээчнээр Ж.Уг томилж, үнэлгээчин дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1,581,120,000 төгрөгөөр тогтоожээ. /I-хх-ийн 69-75, 87, 92-121 дүгээр тал/

3.4. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4-239/10473, 4-239/10474, 4-239/10475 дугаартай мэдэгдлүүдээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч нар мэдэгдлийг хүлээн авсан байна. /I-хх-ийн 122-124 дүгээр тал/

4. Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч өвчтэй байгаагийн улмаас өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтүүдийг хангаж 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулан, түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхээр хангасан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй байна.

Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг өвчтэй байгаагийн улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэж эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байх ба уг магадлагааг шүүх Эмнэлгийн магадлагаа олгох журамд нийцээгүй гэж үзэн шүүх хуралдаан хойшлуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх зарчмын хүрээнд өөрийн байр сууриа илэрхийлэх эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА