| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0481/Э |
| Дугаар | 487 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гад холбогдох 1906 00890 0477 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 18 дугаар гудамжны 825 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Эын Г /РД:........................./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны өмнөх ТҮЦ-нд Б.Дамдинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн: “... Намайг тухайн өдөр ажлаа хийх үед манай ТҮЦ-д гаднаас хохирогч орж ирсэн. Кимбаб худалдаж аваад амсаж үзсэнээ будаа нь түүхий байна гэж хэлсэн. Би мөн амсаж үзэхэд будаа нь болсон байсан. Би хохирогчид хандаж “танд мөнгийг чинь буцаагад өгье” гэхэд хохирогч лангуун дээр байсан чанасан өндөгөөс авч, ширээн дээр суусан. Тухайн үед ТҮЦ хаах цаг дөхсөн байсан учир хохирогчид “манай ТҮЦ хаалаа” гэж хэлэхэд хохирогч “би энэ өндөгийг 3 цаг иднэ” гэж хэлсэн. Би хохирогчийн тохойноос нь татаж, гаргах гэхэд хохирогч гараа мултаж аваад намайг цохисон. Би зөрүүлээд хохирогчийн хацар луу цохиод ТҮЦ-ээс гаргаж хаалгаа хаасан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дамдины өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 14-ний 22 цагийн үед Офицеруудын ордны өмнөх ТҮЦ-ээс кимбаб, өндөг авч идэхэд кимбабны будаа түүхий байсныг худалдагч залууд хэлсэнээс болж маргалдсан ... миний толгой руу цохиж газарт унагаагаад хөлөөрөө толгой цээж рүү өшиглөсөн. Би гараараа нүүрээ дараад хэвтсэн... намайг гар, манайх хаалаа гэхээр нь би өндөгөө идэж байж гарна гэхэд миний куртикнээс татаж байгаад урсан... татаж унагаад нилээн олон удаа нүүр цээж рүү өшиглөсөн. Тэгээд ТҮЦ-ээс гараад явахад миний нүүр толгой цус болсон байсан... тархи, цээжний томографийн зураг авахуулж зардалыг шийдвэрлүүлмээр байна, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх.9-10, 16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1579 дугаартай: “... Б.Дамдины биед зүүн чихний дэлбэнд зулгаралт зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гын яллагдагчаар өгсөн: “... 12 цаг хүртэл байж байгаад аргаа бараад гар гээд тохойноос нь татахад гараа мулталж аваад намайг зүүн шанаа руу гараараа цохисон. Би зөрүүлээд 1 цохиод, 2 удаа өшиглөөд гаргасан. Тэгээд миний утас гэхээр утсыг нь өгөөд хаалгаа түгжсэн. Удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх.34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны өмнөх ТҮЦ-нд Б.Дамдинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дамдины өгсөн: “... миний толгой руу цохиж газарт унагаагаад хөлөөрөө толгой цээж рүү өшиглөсөн... миний курткнээс татаж байгаад урсан... татаж унагаад нилээн олон удаа нүүр цээж рүү өшиглөсөн. Тэгээд ТҮЦ-ээс гараад явахад миний нүүр толгой цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.9-10, 16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1579 дугаартай: “... Б.Дамдины биед зүүн чихний дэлбэнд зулгаралт зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гын яллагдагчаар өгсөн: “... 12 цаг хүртэл байж байгаад аргаа бараад гар гээд тохойноос нь татахад гараа мулталж аваад намайг зүүн шанаа руу гараараа цохисон. Би зөрүүлээд 1 цохиод, 2 удаа өшиглөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх.34/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн “... Би хохирогчийн тохойноос нь татаж, гаргах гэхэд хохирогч гараа мултаж аваад намайг цохисон. Би зөрүүлээд хохирогчийн хацар луу цохиод ТҮЦ-ээс гаргаж хаалгаа хаасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Э.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Дамдины нэхэмжилсэн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 30.000 төгрөг, унааны зардал 131.307 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, нийт 169.307 төгрөгийг шүүгдэгч Э.Гаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Гад оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Эын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гад 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Гад сануулсугай.
4. Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гаас 169.307 төгрөг гаргуулж хохирогч Б.Дамдинд олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР