Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Өсвөр насны шүүгдэгч О.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Отгонзул, өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0250/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч О.Эд холбогдох 1906 00333 0291 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 14 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 9Д ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 103 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Оын Э /РД: .................../,

 Өсвөр насны шүүгдэгч О.Э нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 168 дугаар цэцэрлэгийн эмч Н.Зундуйн өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс, бэлэн 320.000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 638.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Зундуйн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 45 минутын үед ажил дээрээ ирсэн. Тэгээд ажлынхаа өрөөнд ороод хүүгийнхээ хувцасыг сольж өгчихөөд өөрийн цүнхээ өөрийн ажлын өрөөний сандал дээр тавьж орхиод хүүгээ ангид нь оруулж өгөх гэж өрөөгөө цоожлолгүй хаалгыг нь хааж гараад хүүгээ оруулж өгчөөд өрөөндөө орж ирсэн чинь миний сандал дээр байсан цүнх байхгүй болохоор нь цагдаад хандаж байна... миний алдсан хар өнгийн жижгэвтэр гадна талаараа дөрвөлжин цэцгэн хээтэй эмэгтэй хүний гар цүнх байсан. Дотор нь миний өөрийн бүх бичиг баримт, гар утасны цэнэглэгч, бэлнээр биет 320,000 төгрөг, бор өнгийн гэртэй саарал өнгийн Самсунг жи-3 маркийн гар утас, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл байсан... миний бүх зүйлийг хүлээлгэн өгсөн. Надад одоо учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед гэртээ байж байтал нэг цагдаа орж ирээд Э гэх хүүхэд байна уу гэхээр нь би байна гэж хэлтэл Э нь хулгай хийсэн байна гэхээр нь би итгээгүй. Тэгээд Эгаас болсон зүйлийн талаар асуутал Нийслэлийн 168 дугаар цэцэрлэгт дүүгээ хүргэж өгчихөөд эмчийн өрөөнөөс цүнхийг хулгай хийгээд цүнхний дотор талд байсан гар утас, бэлэн 320,000 төгрөг, бичиг баримтыг аваад хоосон цүнхийг Нийслэлийн 168 дугаар цэцэрлэгийн хажуу талын хашаа давуулаад шидчихсэн гэхээр нь би цүнхийг нь хайж байгаад олж гар утас, бичиг баримтыг гэртээ нуусан байсныг аваад хохирогч эмэгтэйд хүлээлгэн өгсөн. Мөн 320,000 төгрөгөөс гэртээ 36,000 төгрөгний зүйл авсан байсныг би дэлгүүрт буцаагаад мөнгийг аваад хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Нас тоолсон баримт /хх.24/,

          Эд зүйлийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээ /хх.29-30/,

          Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.20-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч О.Эгийн өгсөн: “... Тэгсэн уг өрөөний хажуу талд байрлах эмчийн өрөөний хаалга онгорхой байхаар нь тэр цүнхийг аваад өрөөнөөс гарсан... цүнхний ар талын халаасанд бэлэн 320,000 төгрөг, Самсунг Жи-3 маркийн гар утас дөрвөлжин цэнхэр өнгийн савтай бичиг байсан. Тэгээд мөнгө, гар утас, бичиг баримтыг аваад халаасандаа хийгээд үлдсэн зүйлсийг нь цэцэрлэгийн хажуу талын хашаа давуулаад шидчихсэн... Би өөрийн үйлдсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О Э нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 168 дугаар цэцэрлэгийн эмч Н.Зундуйгийн үйл ажиллагаа явуулдаг өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс, бэлэн 320,000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 638,300 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Зундуйгийн өгсөн: “... Тэгээд ажлынхаа өрөөнд ороод хүүгийнхээ хувцасыг сольж өгчихөөд өөрийн цүнхээ өөрийн ажлын өрөөний сандал дээр тавьж орхиод хүүгээ ангид нь оруулж өгөх гэж өрөөгөө цоожлолгүй хаалгыг нь хааж гараад хүүгээ оруулж өгчөөд өрөөндөө орж ирсэн чинь миний сандал дээр байсан цүнх байхгүй болохоор нь цагдаад хандаж байна... миний алдсан хар өнгийн жижгэвтэр гадна талаараа дөрвөлжин цэцгэн хээтэй эмэгтэй хүний гар цүнх байсан. Дотор нь миний өөрийн бүх бичиг баримт, гар утасны цэнэглэгч, бэлнээр биет 320,000 төгрөг, бор өнгийн гэртэй саарал өнгийн самсунг жи-3 маркийн гар утас, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл байсан... миний бүх зүйлийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын өгсөн: “... Тэгээд Эгаас болсон зүйлийн талаар асуутал Нийслэлийн 168 дугаар цэцэрлэгт дүүгээ хүргэж өгчихөөд эмчийн өрөөнөөс цүнхийг хулгай хийгээд цүнхний дотор талд байсан гар утас, бэлэн 320,000 төгрөг, бичиг баримтыг аваад хоосон цүнхийг Нийслэлийн 168 дугаар цэцэрлэгийн хажуу талын хашаа давуулаад шидчихсэн гэхээр нь би цүнхийг нь хайж байгаад олж гар утас, бичиг баримтыг гэртээ нуусан байсныг аваад хохирогч эмэгтэйд хүлээлгэн өгсөн. Мөн 320,000 төгрөгөөс гэртээ 36.000 төгрөгийн зүйл авсан байсныг би дэлгүүрт буцаагаад мөнгийг аваад хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Эд зүйлийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээ /хх.29-30/,

          Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.20-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч О.Эгийн өгсөн: “... Тэгсэн уг өрөөний хажуу талд байрлах эмчийн өрөөний хаалга онгорхой байхаар нь тэр цүнхийг аваад өрөөнөөс гарсан... цүнхний ар талын халаасанд бэлэн 320,000 төгрөг, Самсунг Жи-3 маркийн гар утас дөрвөлжин цэнхэр өнгийн савтай бичиг байсан. Тэгээд мөнгө, гар утас, бичиг баримтыг аваад халаасандаа хийгээд үлдсэн зүйлсийг нь цэцэрлэгийн хажуу талын хашаа давуулаад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч О.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч О.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.Зундуй нь гомдолгүй, санал хүсэлтгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч О.Эг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч О.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Улмаар өсвөр насны шүүгдэгч О.Эд ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эх С.Отгонзулд даалгах нь зүйтэй.

          Өсвөр насны шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч О.Эд сануулж байна.

          Өсвөр насны шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Оын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 8.7 дугаар зүйлд тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч О.Эд ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний эх С.Отгонзулд даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч О.Эд сануулсугай.

          5. Хохирогч Н.Зундуй нь гомдолгүй, санал хүсэлтгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР