Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00312/И |
Дугаар | 312 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 312
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 25 дугаар байр 153 тоотод оршин суух Өгөөмөр овогт Дашхүүгийн Энхтүвшингийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 16-177 тоотод оршин суух Монгол овогт Бямбасүрэнгийн Ариун-Эрдэнээс “Гэм хорын хохирол 5981000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, иргэдийн төлөөлөгч Ч.Амарзаяа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ариун-Эрдэнэ нь миний эзэмшлийн Корролла Спайсио маркийн 88-21УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Түмэнжаргалын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Хохирогч Түмэнжаргал уг хэргийн мөрдөн байцаалтын шатанд байхад Б.Ариун-Эрдэнээс 6842000 төгрөгийн төлбөр нэхэмжилснээс миний бие 3421000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчид төлсөн. Б.Ариун-Эрдэнийн үйлдсэн зам тээврийн ослоос болж миний машин эвдэрч түүнийг засварлахад 860000 төгрөг зарцуулсан. Б.Ариун-Эрдэнээс болж миний бие өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, эрхэлсэн байсан ажлаа алдаж хохирсон. Дээрх зам тээврийн ослоос болж байцаалт өгөхөөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу удаа дараа ирж байснаас болж ажлаасаа халагдсан. Энэ зам тээврийн ослыг Б.Ариун-Эрдэнэ үйлдсэн хэрнээ хохирогчид төлбөр өгөхгүй, хохирлыг надаас нэхэмжилсэн. Мөн хохирогч Түмэнжаргалд хохирлын мөнгө гэж 1700000 төгрөг төлсөн. Иймд Б.Ариун-Эрдэнээс гэм хорын хохирол нийт 5981000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдон Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгагдаж хохирогч Г.Түмэнжаргалд эмчилгээний зардалд 3421000 төгрөг төлж хохирогчтой эвлэрч прокуророос хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Миний зүгээс хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 4626000 төгрөг төлсөн. Д.Энхтүвшингийн нэхэмжлэлд хохирол төлөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Энхтүвшин надаас машин угаалгаад өг гэхээр нь би машиныг нь аваад угаалгын газар очсон буцаж яваад зам тээврийн осол гаргасан. Д.Энхтүвшингийн хүсэлтээр туслах гэж яваад ийм байдалд орсон. Тэр үед надад ямар ч машин унаж хэрэглэх шаардлага байгаагүй. Хэрэг болсноос хойш нэг биш удаа Д.Энхтүвшин намайг заналхийлж бүдүүлэг зан авир гаргаж байсан. Надаас нэхэмжилсэн гэм хорын хохирол гэх 4281000 төгрөгийг би төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед бүх зүйл хуулийн дагуу шийдэгдсэн гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь Б.Ариун-Эрдэнэд холбогдуулан “Гэм хорын хохирол 5981000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн шүүхэд гаргасан “Гэм хорын хохирол 5981000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь иргэн Түмэнжаргалыг 88-21УНО улсын дугаартай Тоёото Королла Спайсио маркийн автомашинаар дайрч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Энхтүвшин нь Түмэнжаргалд учирсан гэм хорын хохирол болох 3421000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар, нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлийн засварт 860000 төгрөг зарцуулсан болох нь Да хүрээ ХХК-ны 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 371 дугаартай зарлагын баримт, Цацран мандах ХХК-ний 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, Ган авто шил ХХК-ний 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Энхмандалын 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан 10 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь бусдын эрүүл мэндэд хор учруулсантай холбогдуулан төлсөн төлбөрөө гэм буруутай иргэнээс шаардах, мөн хуулийн 510 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөнд учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Монгол овгийн Бямбасүрэнгийн Ариун-Эрдэнээс 5981000 /таван сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр овгийн Дашхүүгийн Энхтүвшинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 125596 /нэг зуун хорин таван мянга таван зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125596 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Д.МӨНХТУЯА