Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 494

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дт холбогдох 1906 01407 0547 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд туслах сувилагч ажилтай, ам бүл 4, эх, эгч, ахын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчины 4а гудамжны 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялд өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Сын Д /РД: .................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Д нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Баясгаланг түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баясгалангийн өгсөн: “... Дийн эгчийн караокед хүрээд ир гээд нэг найз залгахаар нь би 16 дугаар хороололд байдаг Дийн эгч ажиллуулдаг караокед ороход найзуудтайгаа ууж байсан. Би хэсэг зуур суухад хэл амаар намайг доромжлоод “Зайлаач” гээд байхаар нь явъя гэж бодоод тэдний гэрт ороод 2 цүнхтэй хувцасаа аваад гараад иртэл автомашины зогсоол дээр зогсож байсан. “Хаачих гэж байгаа юм” гэхээр нь “Явлаа” гэхэд явуулахгүй татаж чангаан, өмсөж байсан хувцас ураад хэрүүл хийсэн. Тэгтэл миний цээж рүү хүчтэй түлхэхэд газар унасан. Тэгээд дөрвөн хөллөөд газар байж байхад нааш, цааш нь татаж чангаасан. Тэгээд намайг цементэн дээр чирэхэд миний дух, нүүр, шалбарч, зүүн өвдөг хавдаж шалбарсан. Тэгээд би зугтаагаад машиндаа суугаад яваад өгсөн. Одоо Д “Чи намайг барихын завдалгүй унасан” гээд байгаа. Тэнд бүдрэхээр юм байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.7-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2597 дугаартай: “... Г.Баясгалангийн биед дух, зүүн хацар, уруул орчим, хамрын нуруу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр би 20 цагийн орчим найзуудтайгаа уулзсан. Тэгээд 16 дугаар хороололд байдаг нийтийн караокед ороод 1 шил 0,750 граммын архи уусан. Тухайн үед манай найз Майнбаяр эхнэрийн хамт Нараа гэх найз манай найз хүүхэн Баясгалан бид 5 байсан. Уг караокед орохоосоо өмнө би Майнбаярын гэрт уучихаад очсон учир уг авсан архинаас бага уусан. Баясгалан нэлээн уугаад байсан тэгж байтал Баягалан гэнэт алга болчихсон байсан би гайхаад араас нь гартал манай байрны орцноос цүнхтэй эд зүйлээ барьчихсан уйлаад гараад ирсэн. Уг караокений харалдаа хойно одоо манай амьдарч байгаа байр байдаг. Би явуулахгүй гээд Баясгалан явна гээд уйлаад байсан. Тэгж байх явцад Баясгалан газар унаад нүүрээ халцалсан. Тэр үед тэр хавиар явж байсан 4 залуу “чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм гэж хэлээд хоёр нь над руу дайраад байсан. Би зодоогүй гэж тайларлах гээд зууралдаж байх хооронд Баягалан явчихсан байсан. Караоке дотор Баягалан миний машины түлхүүр карт булаах гээд байхаар нь би ширээ рүү шидсэн чинь түүнд уурласан. Баягалан явах гээд би явуулахгүй гээд түүнээс болж муудалцаад байсан. Би архи уусан байж машин бариад явна гээд, дээр нь манай гэрт хамт байж байгаад хувцасаа аваад явлаа гэхээр нь би явуулахгүй гээд ноцолдож байгаад түлхээд унагаачихсан. Санаатай гэмтээе гэж бодоогүй. Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан, миний түлхэж унагааснаас үүссэн гэмтэл мөн. Би явуулахгүй гэж зууралдах явцдаа л унагаасан. Түүнээс газар санаатай унагаая гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх.28-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Д нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Баясгаланг түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баясгалангийн өгсөн: “... Тэгтэл миний цээж рүү хүчтэй түлхэхэд газар унасан. Тэгээд дөрвөн хөллөөд газар байж байхад нааш, цааш нь татаж чангаасан. Тэгээд намайг цементэн дээр чирэхэд миний дух, нүүр, шалбарч, зүүн өвдөг хавдаж шалбарсан... Тэнд бүдрэхээр юм байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.7-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2597 дугаартай: “... Г.Баясгалангийн биед дух, зүүн хацар, уруул орчим, хамрын нуруу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дийн яллагдагчаар өгсөн: “... Би архи уусан байж машин бариад явна гээд, дээр нь манай гэрт хамт байж байгаад хувцасаа аваад явлаа гэхээр нь би явуулахгүй гээд ноцолдож байгаад түлхээд унагаачихсан... Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан, миний түлхэж унагааснаас үүссэн гэмтэл мөн...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

С.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Баясгалан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч С.Дийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Дийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Дт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Сын Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Дт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Дт сануулсугай.

5. Хохирогч Г.Баясгалан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, С.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР