Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 313

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт оршин суух Зузаан овогт Батнямын Оюуны “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Б.Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн мал эмнэлэгийн аптекийн эрхлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс болоод улсад ажилласан жил маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюун нь 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн мал эмнэлэгийн аптекийн эрхлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар тус тус ажиллаж байсанболох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай,1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай тушаалууд, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 650 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Мижиг, С.Мөнхтуяа, Б.Ринчинмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                                ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Зузаан овогт Батнямын Оюуныг 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн мал эмнэлэгийн аптекийн эрхлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                             

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА