Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч Н.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч М.Бат мөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ат холбогдох 1806 09628 0229 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Жаргалант суманд 1981 оны 03 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “Дорнод хүнс групп” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, Баатархайрханы 2б хэсгийн 1503 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Уийн А /РД:........................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр Н.Эрдэнэдэлгэрийн толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Аын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Эрдэнэдэлгэрийн өгсөн: “... Тухайн өдөр нөхөр, бид хоёр Думаа эгчийн гэрт очиж, архи уусан. Тэгээд гэр лүүгээ харьж байх үед толгойноос цус гарсан. Би манай нөхөр миний толгой руу цохичихлоо гэж бодсон. Би тухайн үед согтуу байсан тул хашаа руу уначихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эрдэнэдэлгэрийн өгсөн: “... Би нөхөр У.Аын хамт найз Дулмаагийн гэрт очиж тэндээ бид гурав 0,750 граммын шилтэй Ерөөл архи хувааж уугаад орой 14 цагийн үед Дулмаагийн гэрээс гарч хажуу талын айл болон Огоогийн гэрт орсон. Тэгэхэд Огоо, манай нөхөр Аыг дагуулж гараад буцаж орж ирэхдээ Огоо, манай нөхөр хоёр нэлээд согтуу орж ирсэн, би тэр хоёрыг хаана архи уусаныг бол мэдэхгүй байна. Аыг согтсон болохоор нь гэр лүүгээ авч явах санаатай Огоогийн гэрээс гараад хашааны хаалган дээр очиход А гэнэт гараараа миний толгой хэсэгт нэг удаа хүчтэй цохисон, нэг л мэдэхэд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан, нэг сэрэхэд Огоогийн хашааны үүдэнд хоёр цагдаа ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11,12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 514 дугаартай: “... Н.Эрдэнэдэлгэрийн биед хуйхны өнгөц шарх, хуйхны няцрал, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр бид 2 манай найз Дулмаагийн гэрт очиж 0,750 граммын хараа архи хувааж уугаад өдрийн 16 цагийн үед харих гээд гэрээс нь гараад хашааны үүдэнд бид маргалдсан тэгээд би эхнэр Эрдэнэдэлгэрийг гараараа түлхсэн чинь эхнэр унахдаа хашааны хаалга мөргөж унасан түүнээс хойш юу болсоныг санахгүй байна, тухайн үед эхнэр бид 2 нилээн согтуу байсан. Би эхнэр Эрдэнэдэлгэрийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлийг би учруулсан нь үнэн, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.14, 35-36/,

Гэрлэлтийн баталгаа /хх.21/,

У.Аын ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 4 хүүхдийн төрсөний гэрчилгээ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр Н.Эрдэнэдэлгэрийн толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эрдэнэдэлгэрийн өгсөн: “... А гэнэт гараараа миний толгой хэсэгт нэг удаа хүчтэй цохисон нэг л мэдэхэд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11,12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 514 дугаартай: “... Н.Эрдэнэдэлгэрийн биед хуйхны өнгөц шарх, хуйхны няцрал, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... тэгээд би эхнэр Эрдэнэдэлгэрийг гараараа түлхсэн чинь эхнэр унахдаа хашааны хаалга мөргөж унасан, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.14, 35-36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Эрдэнэдэлгэрийн өгсөн: “... Тухайн өдөр нөхөр, бид хоёр Думаа эгчийн гэрт очиж, архи уусан. Тэгээд гэр лүүгээ харьж байх үед толгойноос цус гарсан. Би манай нөхөр миний толгой руу цохичихлоо гэж бодсон. Би тухайн үед согтуу байсан тул хашаа руу уначихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

У.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.Эрдэнэдэлгэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир У.Аыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

У.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.Аын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг 135 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135.000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасах нь зүйтэй.

У.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Уийн Аыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, У.Аын цагдан хоригдсон 9 хоногийг 135 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135.000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, У.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ат сануулсугай.

6. Хохирогч Н.Эрдэнэдэлгэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч У.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                                С.ӨСӨХБАЯР