Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00537

 

 

 

 

 

     

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03446 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,010,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2019 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийг бэлэн бусаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу зээл олгосон. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2021 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 8.2.1-д заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2022 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,946,502 төгрөг, хүү 4,214,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,970 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 9,010,320 төгрөгийг гаргуулна гэжээ.  

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Т ХХК-аас 2019 оны 06 сарын 26-ны өдөр зээл авсан нь үнэн. Зээлийн үндсэн төлбөр анх 7,500,000 төгрөг байснаас үндсэн зээлээс 3,553,498 төгрөг хасагдаж, хүүнд 3,101,502 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөрт 3,946,502 төгрөг үлдсэнийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед авсан зээлээ хийж байсан бизнесийн орлогоос төлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас бизнес орлогогүй болж ажил зогсонги байдалтай болсон. Зээлийн хүү өндөр тул төлөх чадвар байхгүй өнөөдрийг хүрлээ. Цар тахлын энэ үеийг харгалзан үзэж үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж эвлэрэх хүсэлтэй байна. Үндсэн зээл 3,946,502 төгрөг, хүү 1,553,498 төгрөг нийт 5,500,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.А-гаас гэрээний 6,481,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,528,909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-гаас 118,653 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан нь нэхэмжлэгчийн нийт нэхэмжилж байгаа дүнгээс 50 хувь буулгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Ковидын үеийн нөхцөл байдал сайжирч, бизнес 2022 онд бүрэн сэргэсэн байхад зээлээ огт төлөхгүй, төлөх тухай өөрөөс нь тодруулж удаа дараа залгахад бизнес сайжирч, орлого орж ирж байгаа тухай мэдэгдэж байсан.

4.2.  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч зээлээ хугацаандаа төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 05 сарын 03-ны өдрөөр хүүг зогсоож хариуцагчаас нэхэмжилсэн.

4.3.  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний үүрэг шаардсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,946,502 төгрөг, зээлийн хүү 4,214,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,970 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 9,010,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 5,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож төлбөрийн чадваргүй болсон, зээлийн хүү өндөр... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 31/

3.   Талууд 2019 оны 06 сарын 26-ны өдөр 019060132095 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч А.А- нь 7,500,000 төгрөгийг нэг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан, улмаар үндсэн зээлд 3,553,498 төгрөг, зээлийн хүүнд 2,886,057 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 243,445 төгрөг, нийт 6,663,000 төгрөгийг зээлдүүлэгч Т ХХК-д төлсөн, 2021 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 3,946,502 төгрөг, зээлийн хүү 4,214,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,970 төгрөг, нийт 9,004,320 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 6-7, 16, 17, 18, 31/

4.   Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,528,909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4.1.  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар буюу нарийвчилсан зохицуулалтаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээнэ. Уг зохицуулалтад хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар тусгаагүй байна.

4.2.  Зээлдэгч нь ...Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг тайлбарлан хэрэглэсэн нь буруу.

4.3.  Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгчийн зээлийн хүүг зогсоох, буруулах талаар, мөн зээлдэгчид хөнгөлөлт үзүүлэх талаар зохицуулалт тусгагдаагүй болно.  

5.   Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч А.А-гаас 9,010,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.А-гаас 9,010,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, 118,653 төгрөгийг... гэснийг ...144,319 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 55,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР