Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 04681

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04681

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Япон улсын Ёкохама хот, Канагава муж, Минамай Нака дүүрэг, Ямашита-Чо “Прайм тауэр” 89-6-6 тоот, “Автоком жапан корпораци”-г төлөөлж  Баянгол дүүргийн 4-р хороо, 64-р байр 601 тоотод байрлах, “Автоком Карс” ХХК-ний гаргасан  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн-Ард Аюуш 7-р гудамж, 203 тоот оршин суух, регистр УК91100839, Боржигон овогт Батбаатарын Мягмардолжинд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 024 182 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Автоком жапан карс” ХХК нь хэрэглэгчдийнхээ захиалгын дагуу Япон улсаас автомашин худалдан авч Монгол улсад оруулж ирэх бизнес эрхэлдэг. Б.Мягмардолжин нь манай компаниар дамжуулан Япон улсаас автомашин худалдан авахаар захиалга хийсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ZVW30-5211680 гэсэн арлын дугаартай 2010 оны toyoto pruis 20 маркийн автомашиныг 678 000 иенээр худалдан авахаар тохиролцож тухайн үедээ 272 500 иенийг төлж, 405 500 иений үлдэгдэлтэй үлдсэн байдаг. Б.Мягмардолжин нь 2015-11-09-ны өдөр өөрийн биер тус компанид баталгаа гаргаж өгсөн ба 2015 оны 11-р сарын 25-нд 81 100 иен, 2015 оын 12 дугаар сарын 25-нд 81 100 иен төлсөн ба графикийн дагуу үлдэгдэл төлбөр 243 300 иенийг төлж барагдуулаагүй байна. Мөн бидний зүгээс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс хариуцагч Б.Мягмардолжин нь Япон улсаас зээлээр худалдан авсан автомашины үлдэгдэл Монгол мөнгөөр 4 024 182 гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Мягмардолжин шүүхэд гаргасан тайлбартаа: Автоком жапан корпораци танай шүүхэд их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автоком  жапан корпорацитай анхнаасаа ингэж тохироогүй. Намайг хууран мэхэлсэн байна. Миний бие гомдолтой байна. Намайг хууран мэхэлж худал зүйл бичиж шүүхийн байгууллагат хандаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Автоком жапан корпараци” ХХК-иас хариуцагч Б.Мягмардолжин нь ерөөсөө машин авч байгаагүй ба гэрээн дээр гарын үсэг зураагүй. Хавтаст хэрэгт авагдсан 7,8,9 дэх хуудсанд тооцоо нийлсэн акт, гарафикийн дагуу мөнгө төлсөн зэрэг дээр гарын үсэг зурж байгаагүй, нотариат дээр бас очоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  “Автоком жапан корпораци” ХХК нь Б.Мягмардолжинд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 024 182 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Япон улсын “Автоком жапан корпораци” нь 2015 оны 9-р сарын 15-ны өдөр “Автоком карс” ХХК-д корпорацийг төлөөлж үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээр хийх, үйлчилгээ үзүүлэх, хуулийн байгууллагат төлөөлөх, корпорацийг төлөөлсөн бүх ажлыг гүйцэтгүүлэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг /хх 5/, 2016 оны 05-р сарын 25-ны өдөр итгэмжлэлийг дахин /хх 22-27/   олгожээ. “Автоком карс” ХХК-ний захирал Т.Батмөнх  нь 2016 оны 04-р сарын 22-ны өдөр Б.Мягмардолжинд холбогдох нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг Н.Золжаргалд олгосон /хх 6/ байх ба энэ итгэмжлэлээр 2016 оны 5-р сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин 2016 оны 5-р сарын 3-ны өдөр тус компаний захирлаар Н.Цэвээнцэцэг бүртгэгдсэн, улмаар 2016 оны 6-р сарын 8-ны өдөр итгэмжлэлийг дахин олгосон /хх 29/ байна.

 

            Автоком карс ХХК-ний захирлаар Б.Батмөнх 2016 оны 1-р сарын 26-нд, Н.Цэвээнцэцэг 2016 оны 5-р сарын 3-ны өдөр тус тус бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан /хх 28/, өөрөөр хэлбэл, итгэмжлэл олгох цаг хугацаанд хэн аль нь компанийг төлөөлөх эрхтэй байжээ. Автоком жапан корпораци, Автоком карс ХХК-ний итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

            Б.Мягмардолжин нь Автоком карс компаниар дамжуулан 2015 оны 3-р сарын 5-ны өдөр Япон улсаас ZVW30-5211680 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Prius маркийн машиныг 678 000 иенээр худалдан авч 272 500 иенийг төлж, 405 500 иений үлдэгдэлтэй, 2015 оны 11-р сарын 09-ний өдөр дээрх төлбөрийг төлөх баталгаа гаргаж төлөх хуваарь тогтоосон нь тооцоо нийлсэн акт, баталгаа зэрэг баримтаар /хх 7-9/  тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гарсан шүүгчийн захирамжид гаргасан гомдолд “...Б.Мягмардолжин би нэхэмжлэгчийн шаардаж буй 4, 024, 182 төгрөгийг төлнө. Энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн би нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэн эвлэрэх хүсэлтэй байгаа...” гэсэн нь хариуцагчийн өөрийнх нь хүсэл зориг, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

              Нөгөө талаас, хариуцагч “...их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Автоком  жапан корпорацитай анхнаасаа ингэж тохироогүй” гэх татгалзал нь төлөх төлбөрийн хэмжээг маргасантай холбоотой байх ба машин худалдаж аваагүй гэж маргаагүй байна..

 

            Нэхэмжлэгчийн ZVW30-5211680 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Prius маркийн машиныг худалдан авсан гэх тайлбар, хэргийн 8 дахь хуудасны “баталгаа”-нд бичигдсэн хариуцагчийн хүлээн авсан машины арлын дугаартай тохирч байгаа, Эс би логистикс ХХК-д тээврийн зардалд 1 288 600 төгрөг төлж машинаа авсан, Автоком жапан корпорацид 207 500 иен төлсөн баримтуудыг  /58-60/ хариуцагчийн төлөөлөгч няцаагаагүй байна.

 

            Тээврийн хэрэгслийн лавлагаагаар Б.Мягмардолжингийн өмчлөлд ZVW30-5211680 арлын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй нь машиныг аваагүй гэх үндэслэл болохгүй.

 

            Худалдан авагч худалдан авсан тээврийн хэрэгслээ өөрийн өмчлөлд бүртгүүлэх эсэх, бусдад захиран зарцуулах эсэх нь Б.Мягмардолжингийн эрх байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Батбаатарын Мягмардолжингоос 4 024 182 /дөрвөн сая хорин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулж Япон улсын “Автоком жапан корпораци”-д олгосугай.   

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 336 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмардолжингоос 79 336 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА