Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00492

 

  


      2024         03           13                         210/МА2024/00492


Б.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00001 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н-д холбогдох, гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов. 
 
ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “Миний бие нь Хан-Уул дүүргийн **-р хороо, Э хотхоны ***-р байрны ** тоотод амьдардаг. 2022 оны 01 сарын 05-ны өдөр Г.Н нь өш хонзонгийн сэдэлтээр хаалгыг сэвтээж гэмтээсэн. Г.Н-ын энэхүү үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2022 оны 04 сарын 24-ний өдөр шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1-д зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Өнөөдрийг хүртэл манай гэрийн хаалга сэвтэж гэмтсэн байдалтай байна. Иймд Г.Н-ын буруутай үйлдлийн улмаас манай гэрийн бүргэд хаалганд зураас үүсгэж, хохирол учирсан тул хаалганы үнэ 850,000 төгрөгийг гаргуулна” гэжээ. 

2.    Хариуцагч хариу тайлбартаа: “Миний бие “З” СӨХ-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Б.Н нь *** байрны ** тоот оршин суудаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу СӨХ-ны төлбөрөө төлдөггүй. Байцаагч очоод төлбөрөө нэхэхээр айлгах, дарамтлах үйлдэл гаргадаг. Тиймээс байцаагч нэхэмжлэлээ хаалган дээр нь наагаад явсан. Гэтэл хувь хүний өмчид халдлаа гэх нэрийдлээр манай байгууллагыг цагдаад өгч торгуулийн арга хэмжээ авахуулсан. Шийтгэврийн хуудсаар арга хэмжээ авахуулсан гэдгээр хаалга эвдсэн гэж үзэхгүй. Бас СӨХ-ны төлбөрөө төл гэж бичсэн мэдэгдэл нь үнэ бичдэг жижиг наалт байдаг бөгөөд наалт наасан төдийд бүтэн хаалга төлүүлэх гэж байгаа шунахай, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

3.    Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Н-д холбогдох, гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4.    Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 
4.1.    Би 2023 оны 12 сарын 06-ны өдөр “Хаалганы хохирлын үнэлгээ болон хаалганы зах зээлийн үнэлгээ хийх компанийг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, нотлох эрхийг хаасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу энэ нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй юм.
4.2.    2022 оны 01 сарын 05-ны өдрийн Г.Н-ын үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж Э хотхоны ***-р байрны 1-р орцны ** тоот хаалгыг сэвтээж гэмтээсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэл, бусад нотлох баримтаар нотлогдсон. Манай гэрийн хаалгыг сэвтээж гэмтээснээ хариуцагч Г.Н Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасны дагуу хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан. 
4.3.    Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон бүх зүйл нотлох баримттайгаа хавтаст хэрэгт авагдаж, цагдаагийн байгууллагаас нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн байхад шүүх ямар учраас дээрх баримтыг үнэлэхгүй “энэ бол цаас” гэж хэлсэн үгээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалгүй, хэрэгт хамааралгүй хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр хэлсэн үг, 2023 оны 12 сарын фото зургийг үнэлж байгаа нь ойлгомжгүй. Цагдаагийн байгууллагаас иргэний хувийн өмч хөрөнгөд хохирол учруулсан гэж тогтоосон байхад шүүх үгүйсгэн шийдвэрлэж байгаа нь ямар хуулийг үндэслэж байна вэ. 
4.4.    Миний бие 2022 оны 01 сарын 05-ны үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож, шүүхэд хандсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд 2022 оны 01 сарын 05-ны өдрийн үйл баримтыг шүүхээс хэлэлцсэн үйл баримт байхгүй, гагцхүү 2023 оны 12 сарын байдлаарх хаалганы фото зураг болон хэрэгт хамааралгүй баримтуудад үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, дээрх хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч миний тухай илтэд худал мэдээллийг шүүгч нарт хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа.
4.5.    Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаарын 3-р мөр, 5 дугаарын 2-р мөр, 7 дугаарын 3-р мөрт нэхэмжлэгч миний огт дурдаагүй, хэлээгүй “цаас” гэсэн үгийг нэхэмжлэгч намайг хэлсэн мэт нийт 3 удаа дурдаж оруулсан. Санамсаргүй нэг удаа оруулсан байж болох хэдий ч хүний хэлээгүй үгийг 3 удаа оруулсан нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй, эсвэл тухайн хэргээ нарийн судалж, уншиж ойлгоогүй гэж дүгнэхээр байна. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдэх хэдий ч эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсанд дурдсан үгийг нотлох баримтаар үнэлэхгүй, хариуцагчийн хэлж ярьсан үгийг ямар нотлох баримтыг үндэслэж үнэлсэн нь тодорхойгүй, ихэд эргэлзээ бүхий гэж үзэж байна.
4.6.    Шүүх хурлын тэмдэглэл 2024 оны 01 сарын 25-ны өдөр бэлэн болж нэхэмжлэгч миний бие 2024 оны 01 сарын 26-ны өдөр шүүх хурлын тэмдэглэлд ороогүй дор дурдсан үгийг оруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй болно. Үүнд: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б М-ын хэлсэн үг: Та бол ер нь СӨХ-ны төлбөр төлөх ёстой, Хохиролтой холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх ёстой, Цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудас бол зүгээр л торгосон гэсэн цаас гэж, шүүгч Д.Х-гийн хэлсэн үг: Анхнаасаа ийм нөхцөл байдалд хүрэхгүй байж болоогүй юм уу?, Танай хаалга яг одоо юу нь эвдэрч гэмтчихээд байгаа юм?, Хаалга гэмтэх хүртэлхи хугацааны элэгдэл хорогдол мэдээж тооцогдоно./хх52/ Миний бие 2024 оны 02 сарын 07-ны өдөр шүүгчийн туслахыг орлож байгаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э-аас хэргийн 53-р хуудсанд хавсаргасан зүйлийн тухай асуухад “Б.М шүүгчийн туслах Х.Х нь шүүх хуралдааны бичлэгийг дахин сонссон ба, таны хэлсэн зүйл байхгүй байсан” гэж хэлсэн. Нэхэмжлэгч миний бие шүүх хуралдаанд шүүгч нарын хэлсэн үгийг нэг бүрчлэн бичиж авсан тул шүүгч нарын хэлсэн үгний утга санааг нь зөөлрүүлж, өөрчилж найруулсан гэж үзэж байна. Мөн миний хэлсэн “Нэхэмжлэгч миний гэрийн хаалгыг сэвтээж гэмтээснээ хариуцагч Г.Н Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан” гэсэн үгийг шүүх хурлын тэмдэглэлд оруулаагүй. Миний зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиргаанд 2023 оны 12 сарын 25-ны өдөр “2023 оны 12 сарын 21-ний шүүх хурлын дууны бүрэн бичлэгийг нэхэмжлэгчид хуулбарлаж CD юм уу зөөврийн төхөөрөмжид хуулбарлаж өгөх, боломжгүй бол [email protected] имэйл хаяг руу илгээх” хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй.
4.7.    Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 5-д нэхэмжпэгч миний зүгээс гаргаж өгсөн гэрийн хаалганы фото зураг гэсэн үгийг оруулаагүй. Мөн Тодорхойлох хэсгийн 6-д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 28-ны 183/ШШ2022/03120 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч миний зүгээс шүүхэд гаргаж өгсөн атал хариуцагчийг гаргаж өгсөн гэж баримтжуулсан.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5.    Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд үндэслэлийг дурдаагүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Нэхэмжлэгч талаас хаалганы үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгч өөрөө хаалганы үнэлгээг тогтоолгох боломжтой гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хууль зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарласан гэж үзэж байна. Б.Н нь Г.Н-ыг иргэний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Н нь СӨХ-ны захирлын ажлыг гүйцэтгэдэг, СӨХ-ны нэрийн өмнөөс СӨХ-ны төлбөрийг нэхсэн цаасыг Б.Н-ын хаалган дээр жижигхэн эрхий хурууны хэмжээтэй цавуутай цаасаар нааж тогтоосон. Үүний улмаас Б.Н манай хаалга сэвтсэн, гэмтсэн гэж бүтэн хаалганы үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Б.Н нь Цагдаагийн байгууллагаас СӨХ-г торгож, арга хэмжээ авсан шийтгэврийн хуудсыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байна. Тэр шийдвэр нь “...та нар бусдын хаалга дээр цаас наасан байна” гэдгээр СӨХ-г торгохдоо захирал нь очиж торгуулсан. Үндсэндээ төлбөр нэхэх хуудсыг СӨХ-ны ажилтан, байцаагч наасан. Энэ нь хариуцагч Г.Н-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт одоогийн байдлаар 5-6 байгууллагад СӨХ-д холбогдуулан гомдол гаргасан. Б.Н өс хонзонгийн сэдэлтэй СӨХ-г буруутгаж байна” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.    Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2.    Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...СӨХ-ны төлбөрийг төлөх тухай нэхэмжлэхээ байцаагч хаалга дээр нь наагаад явсан, наалт наасан төдийд бүтэн хаалганы үнэ шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 26/ 

3.    Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн Хэсгийн байцаагч, цагдаадийн дэслэгчийн 2022 оны 04 сарын 24-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”-аар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.    Г.Н нь 2022 оны 01 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн **-р хороо, ***-р байрны ** тоот хаягт байршилтай Б.Н-ын гэрийн хаалган дээр цавуутай хуулга наасан; /хх 4, 38/
3.2.    Дээрх үйлдэлд эрх бүхий албан тушаалтнаас Г.Н-ыг Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. /хх 4, 38/

4.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.Н нь “...бүргэд хаалганы үнэ гэж 850,000...” төгрөг шаардаж байх ба хэрэгт авагдсан фото зургуудыг харьцуулан үзвэл бүргэд хаалгыг бүтнээр нь солих шаардлагатай гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх 29-32/
Иймд хариуцагч Г.Н-д холбогдох, гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ын гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.  

5.    Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах боломжгүй. 
5.1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хаалганы хохирлын үнэлгээ нь зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтад хамаарахгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн холбогдох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. /хх 18, 19/ 
5.2.    Анхан шатны шүүх “шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хаалганы фото зургийг дурдаагүй”, “шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болсон даруйд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй”, “шүүх хуралдааны дуу бичлэгийг нэхэмжлэгчид хуулбарлан өгөөгүй” гэх нөхцөл байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарахгүй.

6.    Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 24,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХБАЯР


                     ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД 


                                                                               Д.НЯМБАЗАР