Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/03548/И |
Дугаар | 04752 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 04752
2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/04752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 24-р байрны 41 тоотод оршин суух, Мон арвин ХХК-д менежер ажилтай, регистр УО68032612, Анчин Лодог овогтой Гончигийн Арвинбилэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 22-р байрны 11 тоотод оршин суух, эрхэлэн ажилгүй, регистр УК62042121, Оточ овогтой Гувираагийн Чимэгмаад холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Арвинбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва /үнэмлэх 0912/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Арвинбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гарга сан тайлбартаа: Би 2008 оны 10-р сарын 15-ны өдөр Т.Нармандахаас Y-2205011940 дугаартай Баянгол дүүргийн 17-р хороо, 22-р байрны 11 тоот 54 м.кв 2 өрөө байрыг худалдан авсан. Тухайн үед тэр байранд эгч нь болох Г.Чимэгмаа амьдарч байсан боловч Т.Нармандахаас “энэ байрыг авч байгаа” гэдгээ хэлсэн. Тэгэхд Г.Чимэгмаа нь “би мэдэхгүй, захиран зарцуулах эрх нь зөвхөн Нармандахад байдаг” гэж бичгээр зөвшөөрөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл гарсангүй. Би гэрээгээ нотариатаар батлуулсан, Т.Нармандах нь тухайн үед эмнэлэг барьж байсан, бид хоёр танилууд учраас тохирсон. Надад байрыг 2014 оны 9-р сарын 01-нд суллаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Намандахын эгч Г.Чимэгмаа нь шүүхдээд аваарай л гэсэн. Иймд Г.Чимэгмаа, түүний гэр бүлийг тус байрнаас чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нармандах нь орон сууц бэлэглэх гэрээг Нолжинсүрэн, Чимэгмаа, Маргад-Эрдэнэ, Болор-Эрдэнэ нартай нотариатаар орж хийсэн байдаг. Тус бэлэглэлийн гэрээнд “зээл аваад буцааж өгнө” гэсэн зорилгоор 2008 оны 5-р сарын 17-ны өдөр авсан байдаг. Нармандахаас Чимэгмаад байр бэлэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч хэнд хэдэн төгрөг өгч энэ байрыг худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй. Нармандах нь Г.Арвинбилэгтэй худалдах худалдан авах гэрээгээ 1 000 000 төгрөгөөр хийсэн байдаг. Энэ гэрээг Нармандах нь анхнаасаа хуурч бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Арвинбилэг нь Г.Чимэгмаад холбогдох Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 22-р байрны 11 тоот сууцнаас нүүлгэн гаргахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205011940 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 22-р байрны 11 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгчөөр Гончигийн Арвинбилэг бүртгэгдэж, түүнд 000063138 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 4/ олгогдсон, өмчлөгч байна.
Талуудын хооронд Нармандахын эгч Г.Чимэгмээ, түүний гэр бүлийнхэн байрыг чөлөөлж өгөөгүй, хариуцагч нь байрыг хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан гэж маргаж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.
Өмчлөгч Г.Арвинбилэгийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэл үнэн зөв бөгөөд өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Г.Чимэгмаа, түүний гэр бүл нь Г.Арвинбилэгийн өмчлөлийн байрыг чөлөөлөх үүрэгтэй байна.
Өмчлөгч нь өөрийн өмчөө эзэмших, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хуулиар хязгаарласнаас бусдаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гончигийн Арвинбилэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205011940 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 22 дугаар байрны 11 тоот 2 өрөө сууцыг Гүриваагийн Чимэгмаа, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Чимэгмаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА