Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00236

 

*******, С.Э******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03369 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, С.Э******* нар

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нарт холбогдох

Гэм хорын хохиролд 3,310,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч С.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, Р.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн хороо 63 дугаар гудамжны 845-1 тоотод 2014 оноос хойш ******* миний бие хүү С.Э*******, охин С.А******* нарын хамт амьдарч байна. Дүүргийн засаг даргын 2014 оны А/335 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан

1.2. 2017 оны 10 дугаар сард манай газраас хойш буюу хорооны 64 дүгээр гудамжинд хөрсний ус нэвчиж хорооны Засаг дарга Г.Д******* нь 64 дүгээр гудамжнаас 52 дугаар гудамж руу үерийн суваг шуудуу ухаж, лотки тавих ажлыг хийсэн. Ингэхдээ холбогдох зураг төсөлгүй, мэргэжлийн байгууллагын оролцоогүй тэр хавийн иргэдийг татан оролцуулж буруу хийсний улмаас манай хашаа шар усны үерт автсан бөгөөд үүнээс хойш бороо орох бүрт үерт автдаг болоод өдийг хүрлээ.

1.3. Үүнээс өмнө манай хашаа үерт автаж байгаагүй, энэ үйл явдлаас болж биднийг үерийн аман дээр буусан мэтээр үзэж тухайн газраас нүүх шаардлагыг Сүхбаатар дүүргийн газрын алба, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс өгч эхэлсэн. Уг газар нь үер ус, гол горхи, булаг шандны ам биш бөгөөд суурьшлын бүс гэж дүүргийн Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бидэнд олгосон.

1.4. Энэ хугацаанд хавар цас хайлах болон бороо орох бүрт хөрсний ус зайлуулах зорилгоор хийгдсэн сувгаас доош урссан гадаргын ус сувгаасаа хальж манай хашаа тогтмол үерт автдаг болоод байна. Үүнээс болж гэр, гэрийн шал, гэрийн тавилга бүрэн хөгзөрч ашиглах боломжгүй, гэрийг буулгавал дахин барих боломжгүй, хэвэнд орохгүй болсон, мөн эрүүл мэндийн хувьд маш их хохирч байна.

1.5. Манай газар үерт автдаггүй байсан бөгөөд бусдын буруутай үйл ажиллагааны улмаас ийм нөхцөл байдал үүссэн. Энэ талаар холбогдох байгууллагуудад хандаж хариуг аваад байна. Хууль тоггоомжийн хүрээнд үер усны хамгаалалт, далан барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрх хэмжээ нь Дүүргийн Засаг даргын эрх хэмжээ байтал хорооны Засаг дарга Г.Д******* дур мэдэн ямар нэг тооцоо судалгаа, зураг төсөлгүй, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр уг ажлыг буруу гүйцэтгэснээс ийм зүйл болсон байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн байгууллага шалгаад шинээр шуудуу ухсаны улмаас манай газар, гэр үерт автаж байгаа талаар тогтоосон.

1.6. Дээрх ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгээгүйгээс хөрсийг цугт нь хуулж авсан асуудал гарсан, үүнээс болоод хөрс нь усаа шингээхгүй байгаа, үүний дараа 3 дугаар сард цас, мөс гэссэнтэй холбоотой уулын ус, шар усны үер бууж хөрс байхгүй, усаа шингээж чадахгүйгээс болоод 2018 оны 3 дугаар сард тэр хавийн айлууд дахиад үерт автсан. Энэ үерээр хороо, дүүрэг ажиллаж эхэлсэн, 2018 оны 3 дугаар сард Дүүргийн Засаг даргын гаргасан хоёр захирамж, тэдгээр актын үйлчлэл болон үр дагавартай огт маргаагүй. Тэгэхээр захиргааны акттай биш, захиргааны акт гарахаас өмнө болж байсан хорооны Засаг даргын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэм хорын журмаар маргаж байгаа гэдгийг тодотгох ёстой.

1.7. Иймд Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг дур мэдэн хэрэгжүүлж, зураг төсөв, тооцоо судалгаагүй үерийн шуудуу, лотки хийсний улмаас манай хашаа, гэр үерийн усанд автаж байгаа тул Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол, үнэлгээний зардалд нийт 3,310,600 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн уулын цас хайлснаас үүдэн 15-20 дугаар хороодын нутаг дэвсгэрт шар усны үер болж айл өрхүүдийн бохирын цооног усанд автсанаас иргэдийн гомдол мэдээлэл дүүргийн Онцгой байдлын хэлтэст ихээр ирэх болсон.

2.2. Үүний хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/70 дугаартай захирамжаар хорооны 63, 64 дүгээр гудамжны шар усны үерийн усанд автагдсан айл өрхүүдийн гэр, хашаанд орсон усыг зайлуулах үүднээс хөлдсөн мөсийг ховхолж экскаватор техник ашиглан суваг шуудуу ухуулах ажлыг ******* ХХК-иар, мөн ус зайлуулах бетон хоолой суурилуулах зайлшгүй шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн тул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/73 дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж, үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу 76 ширхэг ус зайлуулах бетон хоолой худалдан авч хорооны нутаг дэвсгэрт суурилуулах ажлыг ХХК-иар тус тус гүйцэтгүүлсэн. Дээрх ажил нь онцгой нөхцөл буюу гамшгийн үед нийтийн эрх ашгийг хамгаалан дүүргийн Засаг даргаас авсан арга хэмжээ юм.

2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо дүүргийн Засаг даргын гамшгийн эрсдэлийг даван туулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авсан захиргааны акттай маргаагүй болно хэмээн дурджээ. Мөн дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид ямар гэм хохирол учруулж, хэрхэн хохироосныг, гэм буруутай этгээд нь хэн болохыг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2017 оны 11 дүгээр сард тус хорооны гийн 62 дугаар гудамжны айлаас булаг дэлбэрч нийт 40 гаруй айлын хашаа усанд автаж дүүргийн зохих байгууллага, алба, хэлтсүүдтэй хамтран яаралтай суваг татаж, хуучин үерийн сувагт нийлүүлэх ажлыг 16 иргэний оролцоотой хийсэн. Тэр үед *******ын хашаа, гэрт ус орсон бөгөөд онцгой байдлын хэлтэс үүнийг гамшгийн байдалд биш гэж үзсэн. Гэрт ороход гутлын улаар байсан, соруулах хэмжээний байгаагүй.

3.2. 2018 оны 3 дугаар сард мөс хайлах үеэр дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 900 метр суваг ухаж, лотки суурилуулсан, суваг шуудууг бүрэн цемент болгох төсвийг суулгаж 2019 онд хийгдсэн, тус хороонд үерийн суваг 3 байршлаар хийгдсэн, ингэснээр үерт автах байдал 70 хувь буурсан.

3.3. *******, С.Э******* нар нь тус хороонд 2015 онд зөвшөөрөлгүй үерийн сувгийн хажууд ирж буусан, тэр үед бууж болохгүй гэж асуудал болж байсан, дүүргийн газрын албанаас нүүх шаардах хуудас удаа дараа өгсөн.

3.4. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт уулын цас хайлснаас үүдэн 15-20 дугаар хороодын нутаг дэвсгэрт шар усны үер болж айл өрхүүдийн бохирын цооног усанд автсанаас иргэдийн гомдол мэдээлэл дүүргийн Онцгой байдлын хэлтэст ихээр ирэх болсон. Үүний хүрээнд иргэд, оршин суугчдыг аврах ажлын хүрээнд олон ажил хийсний нэг болох хорооны 63, 64 дүгээр гудамжны шар усны үерийн усанд автагдсан айл өрхүүдийн гэр, хашаанд орсон усыг зайлуулах үүднээс хөлдсөн мөсийг ховхолж экскаватор техник ашиглан суваг шуудуу ухуулах ажлыг дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/70 дугаар захирамжаар Мятрашгүй жонон ХХК-аар 950,000 төгрөгийн төсвөөр хийлгэсэн.

3.5. Тухайн цаг хугацаанд цаг агаарын байдлаас болж, шар усны үерийн усанд автагдсан айл өрхүүдийг аврах ажилд ус зайлуулах бетон хоолой суурилуулах салшгүй шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн тул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Үнэлгээний хороо байгуулагдаж, үнэлгээний хорооны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн дагуу ХХК-иас 16,720,000 төгрөгийн үнэ бүхий 76 ширхэг ус зайлуулах бетон хоолой худалдан авч, хорооны нутаг дэвсгэрт ажиллуулах ажлыг ХХК-иар гүйцэтгүүлсэн байдаг.

3.6. Дээрх ажил нь онцгой нөхцөл буюу гамшгийн үед нийтийн эрх ашгийг хамгаалан дүүргийн Засаг даргаас авсан арга хэмжээ бөгөөд нэхэмжлэлд дурдсан хорооны Засаг даргаас дур мэдэн хийсэн ажил биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг даргаас нийт 3,310,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, С.Э******* нарт олгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******, С.Э******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 67,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, С.Э******* нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. *******, С. Э******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурал 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон бөгөөд миний бие нь дүүргийн Засar даргын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/449 дүгээр захирамжаар Цэрэг татлагын товчооны гишүүн-ээр томилогдсон. Цэрэг татлагын товчооны байранд тус өдөр үүрэг гүйцэтгэж ажилласан.

5.2. Товчооны гишүүнээр томилогдон ажиллах болсон тухай болон шүүх хурал хойшлуулах хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүгч С.Хын туслахад нотлох баримтын хамт хүргүүлсэн байхад тухайн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийн оролцогчийн эзгүйд өөрийн тайлбарыг зөвтгөх болон мэтгэлцэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. 2022 оны 12 дугаар сард иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэд хэдэн удаа шүүх хуралдаан товлогдсон боловч хойшлуулсаар байгаад хамгийн сүүлийн шүүх хуралдаан болоход хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цэрэг татлагатай гээд ирээгүй. Оролцох төлөөлөгч нар нь ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Цэрэг татлагатай холбоотой захирамжид нэр нь байгаагүй.

6.2. Шүүхийн зүгээс хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзээд шүүх хуралдааныг хийсэн. Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга өөрөө Цэрэг татлагын товчооны гишүүнээр ажиллаж байсан гэх давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. .

6.3. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчдыг удаа дараа биечлэн оролцох эрхээр хангасан тухай дурдсан. Анхан шатны шүүхийн 8 удаагийн шүүх хуралдаан ганц ч удаа биечлэн оролцоогүй, 1 удаа цахимаар оролцож байсан. Гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Шүүх хуралдааны талаас илүү хувь нь нэхэмжлэгч талаас шалтгаалж хойшилж байсан. Хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын зүгээс тухайн өдөр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаатай холбоотой захирамжийг нотлох баримтаар өгсөн

7.2. Батлан хамгаалах тухай хуулийн зүйлд бүх шатны Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжид Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд Хууль эрх зүйн хэлтсийн даргын хувьд намайг мөн томилсон байсан, мөн бүх хорооны Засаг даргын эрх, үүргийн талаар заагаад Цэрэг татлагын товчооны гишүүн гэж явдаг.

7.3. Тухайн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг манайхаас давхар гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна. Шүүх хуралдаанд хэргийн нөхцөл байдлын талаар тайлбарлах боломжоор хангаагүй нь процессын алдаа гэж үзэж байна.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй /зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр/ хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, С.Э******* нар нь хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,310,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Засаг дарга тухайн ажил гамшгийн үед нийтийн эрх ашгийг хамгаалан авсан арга хэмжээ бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд хийгдсэн ажлыг тусгай зөвшөөрөлтэй компаниудаар гүйцэтгүүлсэн, гэм буруутай этгээд нь хэн болохыг, хэрхэн хохироосныг нэхэмжлэлдээ дурдаагүй гэж, Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга гамшгийн үед нийтийн эрх ашгийг хамаалан дүүргийн Засаг даргаас авсан арга хэмжээ бөгөөд дур мэдэн хийсэн ажил биш, мөн нэхэмжлэгч нар тус хороонд зөвшөөрөлгүй үерийн сувгийн хажууд ирж буусан гэж тус тус маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

3.1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2306 дугаар прокурорын тогтоолоор тус дүүргийн хорооны 64 дүгээр гудамжны 890А тоот хашааны газраас булаг задарч хөрсний ус нэвчиж үүссэн илүүдэл усыг зайлуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нь 64-52 дугаар гудамж хүртэл үерийн суваг, шуудуу ухаж, лотки тавих ажлыг иргэдийн оролцоотой гүйцэтгэсэн, үүний улмаас бороо орох үед 63 дугаар гудамжны 845-1 тоот хашаа усанд автах нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон боловч энэ үйлдэл Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /1-хх-ийн 25-26 дугаар тал/

3.2. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02-15/105 дугаартай албан бичгээр ...*******аас тус хорооны Засаг дарга ус зайлуулах шуудуу ухсанаас гэр, орон сууц нь усанд автаж, ...гомдол ирүүлсэн. Гомдлын дагуу газар дээр нь очиж үзэхэд 63 дугаар гудамж 63-845-1 тоот орчимд шар ус урсаж тогтсон, дээрх иргэний амьдарч буй гэр нь чийг ихээр үнэртсэн, 63 дугаар гудамж дагуу хийсэн ус зайлуулах шуудуу нь мөстөж усны урсах байдал алдагдсан болохыг дурдаж, дээрх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг даалгажээ. /1-хх-ийн 20 дугаар тал/

3.3. Талууд нэхэмжлэгч нарын хашаа, гэр усанд автсан үйл баримтад маргаагүй, ийм нөхцөл байдалд хүрсэнд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь буруутай болох асуудлаар маргасан байх бөгөөд үнэлгээний байгууллагын дүгнэлтээр нэхэмжлэгч нарын гэр, тавилгад учирсан хохирлыг 3,138,000 төгрөг гэж тогтоож, нэхэмжлэгч нар ажлын хөлс 172,600 төгрөгийг төлжээ. /1-хх-ийн 7-14 дүгээр тал/

3.4. Мөн хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын нотлох баримтаар гаргаж өгсөн 2017-2019 онуудад гийн гудамжинд үерийн уснаас хамгаалсан лотки суурилуулсан ажлын явц гэсэн тайлбартай зургаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тогтоогдсон гэжээ. /1-хх-ийн 44, 116 дугаар тал/

4. Шүүх дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргыг Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн, уг зөрчлийн улмаас үүсэх үүргийг арилгах үүрэгтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт нийцнэ.

5. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/70, А/73 дугаартай захирамжаар тус дүүргийн хорооны 63, 64 дүгээр гудамж шар усны үерийн усанд автагдсаны улмаас үүсэж тогтсон мөсийг ховхолж, ачуулах ажлыг Мятрашгүй жонон ХХК-иар, газар шороо тэгшлэх, нягтруулах, суваг татах ажлыг ХХК-иар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлсэн гэх баримтуудыг хариуцагч нар нотлох баримтаар гаргаж өгсөн, үүнд дурдсанаар дээрх ажлыг 2018 оны 3 дугаар сард шар усны үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахтай холбоотой гүйцэтгүүлсэн байна. Тухайн ажил нэхэмжлэлд дурдсан үйл баримтад хамааралгүй болох нь тогтоогдсон, энэ үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Сүхбаатар дүүргийн хороо, 63 гудамж 845-1 тоот хаягт байршилтай, 169 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрийг үндэслэн зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай, мөн 2022 оноос эхлэн гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр С.Э*******т гэрчилгээ олгосон байх ба тус газарт нэхэмжлэгч нар амьдардаг болох нь тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч нар зөвшөөрөлгүй үерийн сувгийн хажууд ирж буусан гэсэн хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын тайлбар үгүйсгэгдэнэ.

7. Түүнчлэн айлын хашааны газраас булаг задарсны улмаас хуримтлагдсан илүүдэл усыг зайлуулах суваг, шуудуу ухах, лотки тавих ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээгүй явдалд хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргыг буруугүй гэж үзэх ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзаж буй тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

8. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг үнэлгээний байгууллагын дүгнэлт болон ажлын хөлсний хэмжээгээр нийт 3,310,600 төгрөг гэж тодорхойлсон нь зөв бөгөөд хохирлын хэмжээний асуудлаар хариуцагч гомдол гаргаагүй.

9. Иймд анхан шатны шүүх гэм хорын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр П.Б*******д, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.Золзаяад тус тус итгэмжлэл олгосон, төлөөлөгч нар нь 4 удаагийн шүүх хуралдаанд оролцсон, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрөө цахимаар шүүх хуралдаанд оролцсон байна.

Тэрээр цэрэг татлагын товчооны гишүүнээр томилогдсон үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/449 дугаартай Цэргийн албаны ээлжит татлагыг зохион байгуулах тухай захирамжийг хавсарган ирүүлжээ. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргыг цэрэг татлагын товчооны гишүүнээр томилоогүй байна. Иймд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн түүний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

11. Анхан шатны шүүхээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүйтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг оролцуулах-аар заасан, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ирээгүй боловч шүүх хуралдааны оролцогчид /хэргийн оролцогчид/ иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйг буруутгахгүй.

13. Дээрх үндэслэлээр хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА