| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0074/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч М.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овгийн Б.Ч-д холбогдох эрүүгийн 1711010240178 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллагдагч нарын биеийн байцаалт:
Б овгийн Б.Ч, 1966 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-7390 тоотод түр оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 10 сар 17 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзаж суллагдсан, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-677 тоотод Ш.Энхжаргалын гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, ямар хэрэгт холбогдож байгаагаа сайн мэдэж байна. Гэм буруугаа ойлгож байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүгдэгчээс 3.000.000 төгрөг, Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаач Ш.Энхжаргал нь надтай цуг амьдардаггүй, миний дунд хүүхэд байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Нармандахын 88997130 дугаарын утас руу танихгүй хүн залгаад танай дүү Ш.Энхжаргал эмнэлэгт хүнд гэмтэлтэй ирсэн байна. Одоо түргэн дуудаад өгчлөө шүү гэж хэлсэн. Тэгээд найз Мөнхтэлмэнд нь хэлээд гэмтлийн эмнэлэг, цэргийн төв эмнэлэг зэргээр очиж хайж байгаад Дэнжийн-1000-д байдаг найз Алтанчимэгийн гэрт нь очсон. Талийгаач Алтанчимэгийн гэрт дөнгөж орж ирсэн байдалтай, хөл нь өвчтэй, явах чадваргүй, өвдөлттэй сууж байсан. Тэгэхээр нь өвчин намдаах эм уугаад зүгээр болохгүй байхаар нь "чи яаж энэ хүртэл явсан юм бэ" гэхэд найз Болороогийн машинаар эмнэлэг рүү явсан гэж байсан. Тэндээс охин Ш.Энхжаргалыг авч яваад Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн. Жижүүрийн эмч Нямдорж эмчид үзүүлээд үзлэг хийлгээд, боолт хийгээд учир явдлыг хэлээд "хүүхэд маань 3 хоногийн өмнө хөлдөө хутгалуулсан байна. Тэгээд цус их алдсан, толгой нь эргээд байна, хөл нь их хүйтэн байна" гэхэд эмч Нямдорж шинжилгээ аваад хариуг нь харж байгаад болъё гэж хэлсэн. Тэгээд шинжилгээний хариу гарсны дараа "бүх юм зүгээр байна, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, гадуур эмчилгээ хийлгээд бичиж өгсөн эмийг уугаад дүүргийнхээ эмнэлгээр яваад боолт хийлгээд явчих, одоо явж болно" гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад байж байгаад шөнө дунд биеийнх нь байдал муудаад болохгүй болохоор нь 103 дуудаад эмч ирэхээс өмнө охин маань нас барсан...” гэжээ /хх-22-25/.
Гэрч Т.Болоржаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 16, 17-ны үеэр байхаа найз Алтанчимэг залгаад Хүрлээгийнд хүрээд ир гэхээр нь Дэнжийн 1000-д очиход Хүрлээгийн гэрт Алтанчимэг, Энхжаргал Хүрлээ нар шартсан байдалтай байсан. Энхжаргал хутгалуулсан байдалтай байсан. Би Энхжаргалаас хэн хутгалсан бэ? гэхэд Энхжаргал Хүрлээ бид хоёр энэ дээр байдаг Чука гэдэг хүний 20.000 төгрөгөөр архи авчихсан юм. Тэгээд мөнгөө нэхээд байхаар нь өшиглөчихсөн чинь ханцуйнаасаа хутга гаргаж ирээд миний гуя руу хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд гайгүй юу гэхэд зүгээрээ ингээд доголоод л явж байна гэж байсан. Би шархыг нь харахад зүүн гуя нь нэлээн том болоод хавдчихсан байсан. Тэгээд Энхжаргалаас зүгээр үү гэхэд зүгээрээ л гээд байсан. Тэгээд байж байтал гаднаас Баска найзтайгаа ирээд манай гэрт очиж архи ууя гэхээр нь Энхжаргал бид 2 найзтай нь хамт гараад Зурагтад байдаг Баскаагийн гэрт очиж архи уугаад тэндээ хоносон. Замаараа Зам гүүрийн баазын эмийн сан руу орж хөвөн перкись аваад Баскаагийн гэрт Энхжаргалын шархыг нь цэвэрлээд боож өгсөн. Ингээд маргааш өглөө нь Энхжаргал бид 2 Бааскаагийн гэрээс гараад такси бариад Энхжаргалыг буцааж Хүрлээгийн гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ харьсан. Би талийгаачаас эмнэлэг рүү явах уу түргэн тусламж дуудах уу гэхэд зүгээр болох байх гээд өөрөө тоохгүй байхаар нь би ч гэсэн гайгүй байх гэж бодоод орхисон юм...” гэжээ /хх-27/.
Гэрч П.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт би, Алтанчимэг, Энхжаргал, Баяраа бид 4 байсан. Тэгээд Энхжаргал, Баяраа бид гурав Чукагийнд очиход Чука надад 20.000 төгрөг өгсөн. Ингээд 2 шил 0.75 граммын Их Монгол нэртэй архи аваад гэртээ ирээд бид дөрөв авсан хоёр шил архиа уугаад дууссаны дараа Баяраа яваад өгсөн. Тэгээд Энхжаргал, Алтанчимэг бид гурав сууж байтал Чука нэг залуугийн хамт гартаа хутга бариад орж ирсэн. Чука надаас 20.000 төгрөг нэхээд хэрүүл хийгээд байсан. Би тэгэхээр нь ажил хийж байгаа, мөнгийг чинь өгчихнө гээд хэрэлдээд байж байтал Энхжаргал намайг өмөөрөөд дундуур ортол Чука гартаа байсан хутгаараа Энхжаргалын гуя руу хутгалсан. Энэ үед гаднаас Мөнх-Эрдэнэ орж ирээд Чукаг болиулаад гэр лүү нь явуулсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ архинд яваад ирэхэд Мөнх-Эрдэнэ цагдаа дууд гэж хэлж байсан. Тэгээд орой болж манай найз Баа ирж Энхжаргалыг гэр рүүгээ дагуулж явсан. Маргааш нь буюу 17-ны өглөө Энхжаргал ганцаараа ирсэн. Тэгээд өдөр Болороо ирээд Энхжаргалыг гэр рүүгээ дагуулж явсан. Маргааш нь буюу 18-ны өдөр Энхжаргал Болороо 2 ирсэн. Болороо Энхжаргалын хөл аймаар болчихлоо, би боолт хийсэн гэж ярьсан. Тэгээд Болороо гэр рүүгээ яваад өгчихсөн, орой нь Энхжаргал хаачсаныг бүү мэд айлд хоноод маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Энхжаргал манайд ирээд байж байхад Энхжаргалын ээж, нөхөр нь болох Тэлмэнтэй ирээд аваад явсан. Талийгаач архи уугаад хөлийнхөө өвчнийг мэдэхгүй яваад байсан байх гэж бодож байна. Ямар ч байсан эмнэлэг яв, үзүүл гэж хэд хэд хэлсэн ч тоохгүй, гайгүй болчихноо гэдэг байсан...” /хх-37, 108-109х/.
Гэрч Ч.Алтанчимэг мэдүүлэхдээ: “...Хүрлээгийн хоймрын орон дээр бид гурав сууж байтал Чука гэх залуу танихгүй залуугийн хамт гаднаас хутга барин орж ирсэн. Чука Хүрлээгээс 20.000 төгрөг нэхээд хэрүүл хийгээд байсан. Би тэр үед орон дээр хөнжил нөмрөөд хэвтээд өгсөн. Тэгтэл Энхжаргал миний хөл рүү хутгалчихлаа гэхээр нь би босч Чука гэх залуутай хэрэлдэж намайг зодох гээд дайртал гаднаас Мөнх-Эрдэнэ ороод иртэл Чука гэнэт болиод гэрийн үүдэнд очоод зогсчихсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ дэлгүүр рүү архинд явсан, Чука хамт ирсэн залуутайгаа гараад явчихсан. Тэгээд орой манай найз Баа ирж Энхжаргалыг гэр рүүгээ дагуулаад явсан. Маргааш нь буюу 17-ны өглөө Энхжаргал ганцаараа ирсэн. Тэгээд Болороо ирээд Энхжаргалыг аваад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 18-ны өдөр Болороо Энхжаргал хоёр ирсэн. Болороо Энхжаргалын хөл нь хавдаад аймаар болчихлоо би боолт хийсэн гэж ярьсан. Тэгээд Болороо гэр рүүгээ яваад өгсөн, орой нь Энхжаргал хаачсаныг мэдэхгүй, айлд хоноод маргааш нь буюу 2017 оны 10 сарын 19-ний өглөө Энхжаргал ирээд байж байтал Хүрлээгийнд Энхжаргалын ээж Тэлмэнтэй ирээд аваад явсан. Энхжаргал хөлөндөө хутгалуулсан талаар цагдаад огт хандаагүй, согтуу, архи уугаад тоохгүй яваад байсан чинь л ийм зүйл боллоо...” /хх-39, 106х/.
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ: “...Задлан шинжилгээ хийхэд талийгаач нь зүүн гуяны гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархтай, байсан ба шархыг нээж үзэхэд шөрмөс, судас, мэдрэлийн багцууд гэмтээгүй, хавсан шарх байсан бөгөөд уг шархнаас үрэвслийн шингэнтэй байсан. Шархны хэсэг дэх булчин болон бусад эд эрхтнээс авч, эд эсийн шинжилгээнд дамжуулахад үжил, дэлүү, уушгины цулцангийн эдэд бактерийн илрэл, бичил судсуудад цагаан эсийн бөөгнөрөл зэрэг үжлийн илрэлүүд гарсан байсан. Тийм учраас талийгаач нь уг гуян дахь халдварлагдсан шархны улмаас үжлээр хүндэрч нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаач нь уг шархыг аваад эмнэлгийн тусламж хурдан хугацаанд авсан бол ингэж халдварлагдаж. үхэлд хүрэхгүй байсан. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь нээлттэй байгаа нь эмнэлгийн тусламж авч оёулж битүүлээгүйгээс бохирлогдож халдварлагдаж хүндэрсэн байна гэсэн үг юм.Уг гэмтлийг авсан хүн шарх орчмоор өвдөлт өгөх, хөл бадайрах, доголж явах зэрэг шинж тэмдэг илрэх ба 2-3 хоног хөл дээрээ хазганаж, доголж явах боломжтой. Мөн архи уусан үед өвдөлт зовуурийг бага мэдрээд явах боломжтой...” /хх-57/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №2077 дугаартай дүгнэлт:
“1. Талийгаач Ш.Энхжаргалын биед зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн халдварлагдсан шарх, гуя шилбэнд цус хуралт, шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн халдварлагдсан шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд шарх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь учрах үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Талийгаачид учирсан гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүсгэгдсэн гэмтлүүд байна.
4. Талийгаачийн биед задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач АВ/IV/ бүлгийн цустай байна.
6. Талийгаачийн цусанд архи согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй.
7. Талийгаач нь зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн халдварлагдсан шарх бүхий гэмтлийн улмаас үжлээр хүндэрч улмаар биеийн ерөнхий хордлого болон олон эрхтнүүдийн дутагдалд орж бас баржээ.” /хх-48-50х/.
Ш.Энхжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Цэргийн төв эмнэлэгт үзүүлсэн тухай "Яаралтай тусламжийн хуудас" /хх-77х/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-677 тоотод Ш.Энхжаргалын гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэгийн “...Талийгаач Ш.Энхжаргал нь надтай цуг амьдардаггүй, миний дунд хүүхэд байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Нармандахын 88997130 дугаарын утас руу танихгүй хүн залгаад танай дүү Ш.Энхжаргал эмнэлэгт хүнд гэмтэлтэй ирсэн байна. Одоо түргэн дуудаад өгчлөө шүү гэж хэлсэн. Тэгээд найз Мөнхтэлмэнд нь хэлээд гэмтлийн эмнэлэг, цэргийн төв эмнэлэг зэргээр очиж хайж байгаад Дэнжийн-1000-д байдаг найз Алтанчимэгийн гэрт нь очсон. Талийгаач Алтанчимэгийн гэрт дөнгөж орж ирсэн байдалтай, хөл нь өвчтэй, явах чадваргүй, өвдөлттэй сууж байсан. Тэгэхээр нь өвчин намдаах эм уугаад зүгээр болохгүй байхаар нь "чи яаж энэ хүртэл явсан юм бэ" гэхэд найз Болороогийн машинаар эмнэлэг рүү явсан гэж байсан. Тэндээс охин Ш.Энхжаргалыг авч яваад Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн. Жижүүрийн эмч Нямдорж эмчид үзүүлээд үзлэг хийлгээд, боолт хийгээд учир явдлыг хэлээд "хүүхэд маань 3 хоногийн өмнө хөлдөө хутгалуулсан байна. Тэгээд цус их алдсан, толгой нь эргээд байна, хөл нь их хүйтэн байна" гэхэд эмч Нямдорж шинжилгээ аваад хариуг нь харж байгаад болъё гэж хэлсэн. Тэгээд шинжилгээний хариу гарсны дараа "бүх юм зүгээр байна, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, гадуур эмчилгээ хийлгээд бичиж өгсөн эмийг уугаад дүүргийнхээ эмнэлгээр яваад боолт хийлгээд явчих, одоо явж болно" гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад байж байгаад шөнө дунд биеийнх нь байдал муудаад болохгүй болохоор нь 103 дуудаад эмч ирэхээс өмнө охин маань нас барсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №2077 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-677 тоотод Ш.Энхжаргалын гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч Б.Чад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг нь талийгаач Ш.Энхжаргалын оршуулгын зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүртэл 30 хоног, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл 123 хоног буюу нийт 153 хоног цагдан хоригдсон байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Чад холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг нь хохирогч /талийгаач/ Ш.Энхжаргалын оршуулгын зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт нийт 153 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН